Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2016/00782

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Булган аймаг Булган сум 4 дүгээр баг шүүхийн цагаан байр оршин суух, Боржигон овгийн Баянсангийн Батням /ФА78021918/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Найдвар-Од Аудит” ХХК-д хариуцагдах

“Үнэлгээг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Батням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Батням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-11-05 тоот 2 өрөө байрыг 67 100 000 төгрөгөөр үнэлсэн байгаа үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Үнэлгээг 67 100 000 гэж бодсон чинь дүгнэлт дээрээ 71 600 000 гэж бичсэн юм байна. Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр 39,0 сая төгрөг төлөх шүүгчийн захирамжийн дагуу төлөлт хийж явж байгаад 2 жил төлөөгүй юм. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-11-05 тоот 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулна гээд үнэлгээ хийлгэсэн. Монгол банк 80,0 сая төгрөгөөр үнэлээд байхад “Найдвар-Од Аудит” ХХК уг орон сууцыг 71 600 000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үеийн ханш 80,0 сая төгрөг байхад 71 600 000 төгрөгөөр үнэлээд байгаа нь үндэслэлгүй байна. Зурагтаар яваад байгаа зартай тохирохгүй байна. Тухайн үед зарын дагуу зарагдаж байсан байрнууд 80,0 сая төгрөгийн ханштай байсан. Иймд “Найдвар-Од Аудит” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-11-05 тоот 2 өрөө орон сууцыг 71 600 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Батням шүүхэд гаргасан хүсэлтдээ манай байгууллагын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 67 100 000 төгрөгөөр үнэлсэн гэжээ. Манай 2015 оны 06 сарын 24-ний өдрийн 01 тоот үнэлгээний тайлангаар 71 600 000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2011.11.29-ны өдрийн 51/5 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-11-05 тоот 2 өрөө орон сууцыг үнэлүүлэх шинжээч томилсон тогтоолын дагуу уг байрыг 57 800 000 төгрөгөөр тухайн үед үнэлж байсан. Тэр үед бол засваргүй байсан. Дараа нь 2015.06.24-ны өдрийн 51/02 дугаартай тогтоолын дагуу үнэлгээ хийхэд бага зэрэг засвар хийсэн байсан. Ингээд бид Монгол Улсын хууль, заавар журам, стандартыг үндэслэн шинжээч үнэ тогтоосон. 2014 оны эхний хагас жилээс өмнө бол орон сууцны үнэ нэг хэсэг өссөн байсан. Уг байрыг манай компани 71 600 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшид тулсан үнэ гэж үзэж байна. 2015 онд бол орон сууцны үнэ маш их буурсан. Харин ч эдний байрыг өндөр үнэлсэн гэж үзэж байгаа. Үнлэгээг тогтоохдоо  Монгол Улсын хууль, заавар журам, стандарт, мөн Засгийн газрын 336 тоот тогтоолыг бид ханш уналттай барьж хийдэг гэжээ.

Зохигчидын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Батням нь “Найдвар-Од Аудит” ХХК-д холбогдуулан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-11-05 тоот орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 01 дугаартай 71 600 400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, 37.2.2.төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд шинжээчийн саналыг үндэслэн тогтооно. Шинжээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж тус тус заажээ.

            Нэхэмжлэгч Б.Батням “...Монгол банк 80,0 сая төгрөгөөр үнэлээд байхад “Найдвар-Од Аудит” ХХК, уг орон сууцыг 71 600 400 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үеийн ханш 80,0 сая төгрөг байхад 71 600 000 төгрөгөөр үнэлээд байгаа нь үндэслэлгүй байна. Зурагтаар яваад байгаа зартай тохирохгүй байна. Тухайн үед зарын дагуу зарагдаж байсан байрнууд 80,0 сая төгрөгийн ханштай байсан” гэж тайлбарласан.

            Хариуцагч “Найдвар-Од Аудит” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилсон тогтоолын дагуу дүгнэлт гаргасан. Дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээдийн хуульд заасан журмын дагуу томилсон шийдвэрээр тогтоосон шинжээчийн буюу “Найдвар-Од” Аудит ХХК-ийн үнэлгээг юуг үндэслэн үндэслэлгүй гаргасан гэж үзэж байгаагаа нэхэмжлэгч нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, “Найдвар-Од Аудит” ХХК Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6 дугаар хороолол 11 дүгээр байрны 05 тоот орон сууцыг 2015 оны зах зээлд зарагдаж буй 2 өрөө байрны үнээс доогуур 71 600 400  төгрөгөөр үнэлсэн нь зүйд нийцэхгүй байна гэж байгаа боловч 2015 оны 06 дугаар сарын байдлаар нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа “...тухайн үед 2 өрөө байр 80,0 сая төгрөгийн ханштай зарагдаж байсан, Монгол банк 80,0 төгрөгөөр үнэлсэн гэсэн” тайлбараа нотлоогүй. Тухайн үед үл хөдлөх хөрөнгө ямар үнэ ханштай байсныг, жишиг болгохуйц зах зээлийн үнэ, ханшийг тодорхойлох нотлох баримт хэрэгт авагдаагүй тул “Найдвар-Од Аудит” ХХК-ийн үнэлгээг үндэслэлгүй гаргасан гэж дүгнэх боломжгүй байна.

            Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх ба нэхэмжлэгчийн үнэлгээтэй холбоотой шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.          

            Иймд дээрх үндэслэлүүдээр Б.Батнямын нэхэмжлэлтэй “Найдвар-Од Аудит” ХХК-д холбогдох 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 01 дугаартай 71 600 400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар 37.3-д заасныг баримтлан Б.Батнямын нэхэмжлэлтэй “Найдвар-Од Аудит” ХХК-д холбогдох “Үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ХИШИГДАВАА