Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01609

 

 

 

 

 

 

 

 

2023 08 16 210/МА2023/01609

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/01960 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Х ХХК,

Хариуцагч: А УТҮГ-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 149,363,997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Анир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтанзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Х ХХК нь 2017 оноос эхлэн А УТҮГ-ын 1 давхарт байрлах 25 м.кв талбайтай, 1 өрөөг эмийн сангийн зориулалтаар түрээслэн Төрийн Өмчийн Хороо болон А УТҮГ-тай гурвалсан гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулсан.

1.2 Хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дуусгавар болсон талаар бидэнд мэдэгдээгүй тул тодорхой бус хугацаагаар гэрээ сунгагдсан гэж ойлгож байгаагаа холбогдох албан тушаалтнуудад хэлсэн. Гэтэл 3 сарын дараа сонгон шалгаруулалтыг зарласан ба нэхэмжлэгч нь уг сонгон шалгаруултад оролцсон боловч хариуцагч нь хууль бусаар Дэлгэр хэлт Кэйр ХХК-ийг ялуулсан. Энэхүү сонгон шалгаруулалт хууль бус явагдсан, талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар хариуцагчид урьдчилан мэдэгдсэн боловч тус төвөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манай үйл ажиллагааг хүчээр зогсоож, хаалгыг лацдаж, эм тариа болон бусад бараа бүтээгдэхүүнийг авах боломжгүй болгосон.

1.3 Хариуцагч нь сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулж, нэхэмжпэгчийн эрхийг зөрчсөн болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 146 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 118 дугаар тогтоолоор тогтоосон.

Иймд хариуцагчийн дээрх хууль бус шийдвэрийн дагуу хариуцагчаас манай үйл ажиллагааг хүчээр зогсоож, хаалгыг хууль бусаар лацдаж, эм тариа болон бусад бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар барьцаалснаас болж эм, тарианы ашиглалтын хугацаа дууссаны улмаас учирсан хохирол 7,325,936 төгрөг, мөн 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 07 дугаар cap хүртэл тухайн салбар эмийн санд ажиллаж байсан 2 ажилтанд сул зогсолтын олговор цалин хөлсөнд олгосон 24,611,636 төгрөг, нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 1,717,075 төгрөг, үйл ажиллагааг зогсоосноос болж 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд олох ёстой байсан ашиг 108,709,350 төгрөг, хэрэг хянан шийдвэрлүүлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 7,000,000 төгрөг, нийт 149,363,997 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, А УТҮГ, Х ХХК-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээний 1.4-т гэрээний үргэлжлэх хугацааг 1 жил буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал байхаар тусгасан.

Гэрээний 11.5-д талууд гэрээний биелэлтийг хангалттай гэж дүгнэсэн нөхцөлд түрээсийн гэрээг мөн нөхцөлөөр 1/нэг/ жилээс илүүгүй хугацаагаар хоёр удаа сунгаж болно гэж заасны дагуу гэрээний талууд түрээсийн гэрээний сунгалтын хуудас гэх баримтыг үйлдэж 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар, мөн түрээсийн гэрээний сунгалтын хуудас гэх баримтыг дахин үйлдэж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацааг сунгаж, нийтдээ гэрээнд заасны дагуу уг гэрээг 2 удаа сунгасан.

2.2. Хариуцагч нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 01/21 дугаар албан бичгээр Х ХХК-д гэрээний хугацаа дуусгавар болсныг мэдэгдэж, түрээсийн талбайг суллаж өгөхийг шаардсан. Улмаар 04 сард хаалгыг нь лацдаад, 10 сард нэхэмжлэгч түрээсийн өрөөг суллаж өгсөн бөгөөд хариуцагчийн зүгээс 08 сар хүртэл эд зүйлээ авах талаар нэхэмжлэгчид мэдэгдэл өгч байсан.

2.3. Хариуцагч нь түрээслэгчийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, тус шалгаруулалтад нэхэмжлэгч Х ХХК оролцож шалгаргаагүй атлаа түрээсийн талбайг суллаж өгөхгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш 11 сарын дараа буюу 2020 оны 11 дүгээр сард талбайг суллаж өгсөн.

Гэрээний хугацаа дууссанаар түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүргийн хэрэгжилт зогсож, талууд өөрийн эд хөрөнгийн өмчлөл, ашиглалтыг хариуцдаг тул нэхэмжлэл үндэслэлгүй. Нэхэмжлэгчид дээрх хохирол, зардал гарахад хариуцагчийн гэм буруугүй буюу нэхэмжлэгчид гэм хор учруулсан үйлдэл байхгүй.

2.4. Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдсэн маргаан нь Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээний хугацаа дуусаж, цуцлагдсантай холбоотой бус түрээслэгчийн нээлттэй сонгон шалгаруулалтын үнэлгээтэй холбоотой маргаан тул шүүхийн уг шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

3.1. Х ХХК эмээ салбар эмийн сан руу шилжүүлээд худалдсан бол хохирохгүй байсан тул энэ талаарх нэхэмжлэл үндэслэлтэй. Харин өмгөөлөгчийн хөлсийг Х ХХК хариуцах ёстой гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А УТҮГ-аас нийт 7,190,786 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хан өндөр хайрхан ХХК-д олгож, үлдсэн 101,518,564 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хан өндөр хайрхан ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 905,481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 130,002 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хан өндөр хайрхан ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан гэж үзэх буюу бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хариуцлага ногдуулахад юуны өмнө гэм хор учруулагчийн гэм буруу байгаа эсэх, гэм буруу нь учирсан гэм хортой шалтгаант холбоотой эсэхийг заавал тогтоох шаардлагатай.

Нэхэмжлэгчид хөрөнгөө авах талаар болон хугацаа нь дуусвал хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдсээр байтал нэхэмжлэгч өөрийн хөрөнгөндөө хариуцлагагүй хандсаны улмаас учирсан хор уршгийг хариуцагч арилгах үүрэггүй.

Нэхэмжлэгч байгууллага өөр салбар эмийн сан ажиллуулдаг тул эм, бусад хэрэгслийг уг эмийн сандаа шилжүүлэн худалдаалж хор уршиг учрахаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч мөн дүгнэлт гаргасан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хариуцагч талын сонгон шалгаруулах комисс хууль зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч байгууллагад хохирол учирсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч А УТҮГ-т холбогдуулан гэм хорын хохиролд 149,363,997 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь үгүйсгэн маргажээ.

 

3. Монгол Улсын Үндсэн хуулийн тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна. гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийг шалгаруулах журам, сургалтад хамруулах нэгдсэн төлөвлөгөөг батална. гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт энэ хуулийн 62.2-т заасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтаас иргэдийн төлөөлөгчийг шалгаруулах ажлыг тухайн шүүхийн Тамгын газар зохион байгуулна. гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт Хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна. гэж тус тус зохицуулжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, тангараг өргөх журам-ын 2.5-д Тамгын газрын дарга тухайн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг тушаалаар баталгаажуулна гэж, 3.1-д Тамгын газар нь энэ журмын 2.5-д заасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэрсийн жагсаалтаас шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг сонгох ажлыг зохион байгуулна гэж тус тус заасан байна.

Анхан шатны шүүх тус иргэний хэргийг шүүх бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгчөөр Т.Д г оролцуулсан байна. Тухайн иргэдийн төлөөлөгчийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтаас шүүх хуралдаанд оролцуулахаар сонгосон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

4. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/01960 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,002 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН