Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2016/00781

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 34-06 тоотод оршин суух, Пүрэв дархан овгийн Чулуундоржийн Догсмаа /ВЮ88051821/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Өнөр хотхон 102-34 тоотод оршин суух, Боржигон овгийн Доржнасангийн Баярмаа /ФМ83080660/-д холбогдох

“375 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Догсмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Догсмаа би Баярмаагийн хүсэлтээр 375 000 төгрөгний үнэ бүхий Iphone 4s гар утасыг 2015 оны 05 дугаар сарын 13-аас 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлөх хүртэлх хугацаагаар зээлдүүлэхээр болсон. Ингээд Догсмаа миний эзэмшил болох Сонорхайрхан Teddy-ийн лангуун дээр ирэ гарын үсэг зуран авч явсан. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд Баярмаагаас зээлийн төлбөр 375 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Баярмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Баярмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 375 00 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 06 дугаар сарын дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Догсмаа нь хариуцагч Д.Баярмаад холбогдуулан “375 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Догсмаагийн нэхэмжлэлийн шаардлага болох 375 000 төгрөгийг хариуцагч Д.Баярмаа нь хүлээн зөвшөөрч энэ мөнгийг 2016 оны 06 дугаар сарын дотор төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргууллаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Догсмаагийн нэхэмжилсэн 375 000 төгрөгийг хариуцагч Д.Баярмаа төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 30 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 15 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Догсмаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ХИШИГДАВАА