Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 211/МА2023/00041

 

 

 

 

 

 

                           

 

 

 

                                                                    211/МА2023/00041

 

                                        

                             

“Э ” ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 129/ШШ2023/00244 дугаар шийдвэртэй

“Э ” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй

Зээрэмбэ овогт Л Ч /РД:/-д холбогдох

7,068,812 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч С.П давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагч Л.Ч, хариуцагчийн өмгөөлөгч С.П нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 0 дугаар баг 0 дугаар байрны 0 давхарт үйл ажиллагаа явуулж буй О супермаркет нь 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Эрчим хүчний хууль түүнд гаргасан дулааны эрчим хүч ашиглах дүрмийг зөрчин талбай эзлэхүүнийг санаатайгаар буруу мэдээлэл өгч хууль дүрэм зөрчин 2, 3 жил манай компанийг хохируулсан байна. 2020 оны 04 сарын 07-ны өдөр манай компанийн дулаан үйлдвэрлэлийн дотоод хяналтын 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг явж шалгахад уг О супермаркет нь нийт талбай 184 м3 эзлэхүүнийг 58 м3 болгон бууруулж хулгайн аргаар дулааны эрчим хүч ашиглаж байсан байна. Дээрх хугацаанд 58 м3 тооцон 00 төгрөгийг манай байгууллагад тушаасан байна. Бодит байдал дээр эзлэхүүн нь 184 м3 байсан энэ эзлэхүүнээр ЭХЗХорооноос тогтоосон үнэ тарифаар тооцвол 7,860,395 төгрөг гарах бөгөөд одоогийн байдлаар манай “Э ” ХХК -д зөрүү 7,860,395 төгрөгийн хохирлыг учруулсан байна. Иймд хариуцагч О супермаркетын дулааны халаалтын үнийн зөрүү 786039 төгрөгийг гаргаж манай “Э ” ХХК-д олгож өгнө үү. Мөн хариуцагч Л.Ч нь өөрийн амьдарч оршин суудаг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 0-р баг 0-р байрны 0-0 тоотын гэрийн халаалт нь 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарыг дуусталх халаалтын төлбөр 1,160,320 төгрөгийг одоог болтол төлөөгүй байна. Мөн уг 0 дугаар байрны 0-0 тоотын 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарыг дуусталх халаалтын төлбөр 1,344,700 төгрөг төлөөгүй. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 0 дугаар баг, 0 дугаар байрны 0 тоотын 2014, 2015, 2016 оны халаалтын үлдэгдэл төлбөр 265,405 төгрөг үлдсэн байна. Иймд хариуцагч Л.Ч О супермаркетын халаалтын үнийн зөрүү 7,860,395 төгрөг, 47 дугаар байрны 1-101 тоотын халаалтын үнэ 1,160,320 төгрөг, мөн 47 дугаар байрны 1-102 тоотын халаалтын үнэ 1,344,700 төгрөг, 27 дугаар байрны 10 тоотын 2014, 2015, 2016 оны халаалтын үлдэгдэл 265,405 төгрөг, нийт 10,630,820 төгрөгийг гаргаж манай “Э ” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

 2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2020 оны 04 дүгээр сард О супермаркетын эзэн Л.Ч холбогдуулан хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Одоо хариуцагч Л.Ч 7,068,812 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Хариуцагч тал нь халаалтынхаа төлбөрийг огт өгөхгүй байгаа учраас халаалтынхаа төлбөрийг нэхэмжилж байгаа. Сүүлд “К” ХХК-ийн хэмжилт хийсэн эзлэхүүн болох 165,43 метр куб эзлэхүүнээр төлбөрийг тооцож 7,068,812 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Энэ үнийн дүнгийн задаргаа нь  2018 оны 1, 2, 3, 4, 5, 9, 10, 11, 12  дугаар саруудын төлбөр нийт 2,976,344 төгрөг, 2019 оны 1, 2, 3, 4, 5, 9, 10, 11, 12 дугаар саруудын 2,976,344 төгрөг, 2020 оны 1, 2, 3 дугаар саруудын төлбөр нийт 1,116,129 төгрөг байгаа. Манайх Эрчим хүчний тухай хууль болон Аж ахуйн харилцааны дүрмийг үндэслэж нэхэмжилж байгаа.  Эрдэнэбулган сумын 0 дугаар байрны 0, 0 тоот болон нефтийн 0 дугаар байрны мөнгийг мөн нэхэмжилж байсан. Хариуцагч тал 0 дугаар байрны 0 тоотын төлбөр 1,344,700 төгрөг, 0 дугаар байрны төлбөр 265,405 төгрөг, мөн 1,161,320 төгрөгийг тус тус төлчихсөн. Нийт 2,770,425 төгрөгийг хариуцагч тал төлсөн тул үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа. Иймд 2,770,425 төгрөгөөс татгалзаж, 7,860,395 төгрөгийг нэхэмжилж байсан. Одоо сүүлд хэмжилт хийсэн эзлэхүүний хэмжээ бага гарсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 7,068,812 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

 

3. Хариуцагч Л.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай байр анх 2015 онд ашиглалтад орсон. Орон сууцны гэрчилгээ гарсан. Гэрчилгээнд 68 мкв гэж бичигдсэн. Сүүлд хийсэн хэмжилтээр 59 мкв гэж гарсан. Манай байр бол орон сууцны гэрчилгээтэй байр. 2015 оноос ашиглалтад орсноос хойш Оргил супер маркет ажиллаж байсан. 2020 онд нэхэмжлэгч байгууллага шалгалт хийгээд аж ахуйн үйл ажиллагаа буюу дэлгүүр ажиллаж байсан талаар мэдсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ санаатайгаар хулгайн аргаар дулаан ашиглаж байсан гэж бичсэн байсан. Тийм санаатайгаар ашигласан зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал манайхыг аж ахуй, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан талаар мэднэ. Манайх тухайн үл хөдлөх рүүгээ орцоороо орж ашиглаж байгаа. Дулаан алдаад “Э” ХХК-д хохирол учруулаад байсан зүйл байхгүй. Хамгийн гол нь 2015 оноос хойш дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлээд явж байсан. Миний хувьд орон сууцны гэрчилгээнийхээ дагуу төлбөрөө төлөөд явах хүсэлттэй байна. Нэхэмжлэгч тал 2018 оны нийт 9 сарын төлбөр гэж сарын дунджаар 390,000 төгрөгөөр бодож нэхэмжлэл гаргасан байсан. Тухайн үед энэ байгууллага манайд нэхэмжлэхээ өгөхдөө 390,000 төгрөгөөр өгч байгаагүй. Ийм учраас одоо нэхэмжилж байгаа үнийн дүнгээр төлөх боломжгүй. Өмнө нь төлж байсан мөнгөн дүнгээр төлөх хүсэлттэй байна. Нэхэмжлэгч тал нь эхний тайлбартаа хулгайн аргаар дулааныг ашиглаж байсан байна гэж бичсэн байсан. Ийм учраас энэ талаар ярьсан. В.У өмгөөлөгч хууль огт өөрчлөгдөөгүй гэж хэлж байна. Харин хууль өөрчлөгдөөгүй учраас л хуулийнхаа дагуу би метр квадратаараа төлөөд явж байсан. Тухайн үед нэхэмжилж байсан үнийн дүнгээрээ одоо нэхэмжилж байгаа бол би төлөх боломжтой, гэтэл ийм өндөр үнийн дүнгээр нэхэмжилж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид холбогдох бүх байгууллагад хандсан ч өмнө нь тийм үнийн дүнгээр төлж байсан бол тухайн үнийн дүнгээрээ л төлөх ёстой гэж хэлсэн. Одоо “Т” нэртэй байгууллага уг байрыг түрээслээд үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн. Нэхэмжилсэн мөнгөнөөс 2,770,425 төгрөгийг төлсөн нь үнэн.  Би программын дагуу 3,014,879 төгрөгийг төлөх хүсэлттэй байна гэв.

 

4. Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 129/ШШ2023/00244 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Ч 7,068,812 /долоон сая жаран найман мянга найман зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК нь 2,770,427 /хоёр сая долоон зуун далан мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзсан болохыг дурдан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,043 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ч 128,051 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч С.П давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 129/ШШ2023/00244 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Э г и ХХК нь хариуцагч Л.Ч 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд дулааны эрчим хүч ашиглах дүрмийг зөрчин буруу мэдээлэл өгч компанийг хохируулсан. Эрчин хүчний тухай хууль, аж ахуйн харилцааны дүрмийг үндэслэн 7.068.812 төгрөг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Хариуцагч тал орон сууцны зориулалтын үл хөдлөх эд хөрөнгө эзэмшдэг. Э  ХХК-д хохирол учруулаад байсан зүйл байхгүй. Э  ХХК манайд дулааны үнийн нэхэмжлэлээ одоо нэхэж байгаа үнээр өгч байгаагүй. Тухайн үед нэхэмжилж байсан үнийн дүнгээр нэхэмжилж байгаа бол түүнийг төлөх боломжтой. Өөрийнх нь программд байгаа нэхэмжлэлийн үнийн дүн 3014879 төгрөгийг төлнө гэж мэтгэлцдэг. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Э ХХК нь Л.Ч дулааны үнийг эзлэхүүнээр тооцох талаар гэрээ хийгээгүй, энэ талаар мэдэгдээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн эзлэхүүнийг зөв тооцон гаргах үүргээ өөрөө биелүүлээгүй байхад Л.Ч нь 36 дугаар байрны 0 тоот 3 өрөө орон сууцыг бусдад түрээслүүлж, ашиг олж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашигт нийцээгүй, Л.Ч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд хэргийг хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

 

 

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 129/ШШ2023/00244 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн өмгөөлөгч С.П давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан  журмын дагуу явуулсан,  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, маргааны үйл баримт, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч “Э ” ХХК хариуцагч Л.Ч хариуцагч Л.Ч, 0 дугаар байрны 1-101 тоотын халаалтын үнэ 1,160,320 төгрөг, мөн 0 дугаар байрны 1-102 тоотын халаалтын үнэ 1,344,700 төгрөг, 0 дугаар байрны 10 тоотын 2014, 2015, 2016 оны халаалтын үлдэгдэл 265,405 төгрөг, нийт халаалтын төлбөр 10,630,820 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 47 дугаар байрны 1-101 тоотын халаалтын үнэ 1,160,320 төгрөг, мөн 47 дугаар байрны 1-102 тоотын халаалтын үнэ 1,344,700 төгрөг, 27 дугаар байрны 10 тоотын 2014, 2015, 2016 оны халаалтын үлдэгдэл 265,405 төгрөгийг хариуцагч төлсөн үндэслэлээр, “Г-К” ХХК-ийн хэмжилт хийсэн эзлэхүүн болох 165,43 метр куб эзлэхүүнээр О супермаркетын халаалтын үнийн зөрүүг тооцон, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 7.068.812 төгрөг нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч Л.Ч одоо нэхэмжилж байгаа үнийн дүнгээр төлөх боломжгүй, өмнө нь төлж байсан мөнгөн дүнгээр төлөх хүсэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Л.Ч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу түүнээс нэхэмжлэлийн шаардлага  7.068.812 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч С.П “Хариуцагч тал орон сууцны зориулалтын үл хөдлөх эд хөрөнгө эзэмшдэг. Э  ХХК  дулааны үнийн нэхэмжлэлээ одоо нэхэж байгаа үнээр өгч байгаагүй. Тухайн үед нэхэмжилж байсан үнийн дүнгээр нэхэмжилж байгаа бол түүнийг төлөх боломжтой. Өөрийнх нь программд байгаа нэхэмжлэлийн үнийн дүн 3014879 төгрөгийг төлнө гэж мэтгэлцдэг” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Хариуцагч Л.Ч нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг  дугаар байрны 1- тоот 3 өрөө орон сууцны өмчлөгч бөгөөд 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн тус орон сууцыг “Т” ТББ-д түрээслүүлж, тус байгууллага тухайн байранд аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан “Үл хөдлөх хөрөнгийг түрээслэх тухай   гэрээ”-нүүд, түрээсийн төлбөр төлсөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Мөн шүүх халаалтын төлбөрийг талбайн болон эзлэхүүний хэмжилтээр төлөх эсэх талаар талууд маргадаг, шүүх хуралдаанд талууд мэтгэлцэх явцад маргаан бүхий орон сууцны талбайн эзлэхүүний хэмжээг тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр гаргуулах нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэн, халаалтын төлбөр бодох эзлэхүүнийг тогтоолгох зорилгоор  “Г” ХХК-нийг шинжээчээр томилсон нь үндэслэлтэй болжээ.

Шинжээч “Г” ХХК 2023 оны 03 сарын 26-ны өдрийн дүгнэлтээр Стандартчилал, хэмжил зүйн газрын Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан Монгол улсын стандарт 6058:2009 аргачлалын дагуу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, 0 дугаар байрны 0 тоотын талбайн хэмжээ 59,31 м2, эзлэхүүний хэмжээ 165,47 м3 болохыг тогтоосон байна.

 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №292 тоот тогтоолын Аж ахуйн харилцааны дүрмийн 5.3.8-д Талбайн хэмжигдэхүүнээр дулааны эрчим хүчний төлбөр тооцогдож байгаа аливаа барилга байгууламж, орон сууцанд аж ахуйн үйл ажиллагаа явуулсан нөхцөлд тухайн хэсгийн дулааны төлбөрийг эзлэхүүнээр тооцно гэж заажээ.

 

 Нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч Л.Ч, “Т” ТББ нарын хооронд Дулааны эрчим хүчээр үйлчлэх аж ахуйн гэрээ байгуулагдаагүй, хэрэгт авагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх тухай гэрээ”-нд байрны халаалтын төлбөрийг түрээслэгч тал буюу Л.Ч хариуцахаар талууд тохиролцсон байх тул  хариуцагч Л.Ч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, 36 дугаар байрны 105 тоотын халаалтын төлбөрийг хариуцан төлөх нь үндэслэлтэй юм.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлэн, хариуцагч Л.Ч өөрийн өмчлөлийн байрыг зориулалтаар нь ашиглаагүй, аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар, ашиг олох зорилгоор “Т” ТББ-д түрээслүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 128.051 төгрөгийг орон нутгийн  орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 129/ШШ2022/00244 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч С.П гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч Л.Ч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 128.051  /нэг зуун хорин найман мянга тавин нэг/ төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

       

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ДАВААСҮРЭН

               

ШҮҮГЧИД                                В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                     

                                              Н.ЭНХМАА