Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 115/ШШ2017/0005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод орших, ... регистрийн дугаартай, “О” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох,

       Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны А/378 дугаар захирамж, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02/08 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, “О” ХХК-ийн барьсан Шатахуун түгээх станцын барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г,  хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О, Х, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын  дарга О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “О” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь шүүхэд хандан Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны А/378 дугаар захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсэг, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02/08 тогтоолын 2-р хавсралтын 2-т дурдсан “О” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж,  мөн манай компанийн эзэмшил газарт барьсан шатахуун түгээх станцын барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд үүнийгээ дэмжиж байна. Тус компани нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/170 тоот шийдвэр буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 05/12 тогтоолоор батлагдсан, сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, тус сумын 3-р баг, Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замын зүүн талд байрлах 4410051230 дугаар нэгж талбар бүхий 5000 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар  251/2016  тоот гэрээний дагуу хууль ёсоор эзэмшиж үйл ажиллагаагаа явуулсан. Газар эзэмшсэнээс хойш холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллага болох Байгаль орчин, Онцгой байдлын газар, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас холбогдох зөвшөөрлийг авч өндөр хүчдэл бууруулж 355004 киловаттын дэд станцыг 70 000 000 гаруй төгрөгөөр газар дээрээ байгуулсан. Мөн шатахуун түгээх станцын барилгын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж Сайншанд сумын архитекторч болон аймгийн ерөнхий архитектороор батлуулж, Барилгын тухай хуульд зааснаар магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргуулан хуульд заасны дагуу эзэмшил газар дээрээ барилга байгууламж барих бүх шаардлагыг хангасан  бөгөөд эдгээрийн үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус компанид олгосноор 400 000 000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар уг шатахуун түгээх станц болон худалдаа үйлчилгээний барилга байгууламжийг барьж дуусгасан. Уг барилга байгууламжаа ашиглалтад оруулахаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргасан. Гэтэл тус газраас аймгийн Засаг даргын 2016 оны А/424 тоот захирамжаар Газрын тухай хууль тогтоомж, холбогдох эрх зүйн актыг зөрчиж олгосон газруудын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Энэ газарт танай эзэмшил газар хамаарагдаж байгаа тул тус газарт ирүүлсэн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Бид аймгийн Засаг даргын А/424 тоот захирамжийн талаар өмнө нь огт мэдээгүй  бөгөөд судалж үзэхэд уг захирамжид газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 5 аж ахуй нэгжийг хавсралтаар баталсан байсан. Үүний дотор “О” ХХК-д газар эзэмшүүлсэн А/170 тоот захирамжийн талаар огт дурдагдаагүй байсан. Мөн энэ хугацаанд Сайншанд сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/378 дугаар захирамж манай компанид шуудангаар ирсэн. Ийм учраас бид  үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож, барилга байгууламжийг ашиглалтанд авсангүй гэж аймгийн Засаг даргад гомдол гаргасан, 2017 оны 1 дүгээр сарын 5-нд аймгийн Засаг даргаас гомдлын хариуг хүлээн авахад манай гомдлыг хангаагүй байсан тул шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан.

 Анх энэ газрыг “И” ХХК-иас шилжүүлж авсан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд тухайн газрыг олгосон Засаг даргын зөвшөөрөлтэйгээр газраа шилжүүлж болохоор заасан. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй гэсний дагуу бид энэ газрыг шилжүүлж авсан. Бидний хувьд “И” ХХК-ийн маргаан бүхий газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар 5000 м.кв газрыг эзэмшдэг талаарх газрын гэрчилгээ, холбогдох кадастрын зураг, газрын албатай байгуулсан гэрээ зэргийг нь үндэслэж гэрээ байгуулж авсан. Эдгээр нь хуулийн шаардлагуудыг хангасан байсан. Эрх бүхий байгууллагаас  “Их  хутагт хайрхан” ХХК-ийн газар эзэмшил хууль ёсных  гэж үзээд манайд шилжүүллээ гэж ойлгосон. Гэтэл манай газар эзэмших эрхийг  хүчингүй болгосон үндэслэлдээ “И” ХХК-д газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн байна гэж буруутгаад тэр буруутай үйлдлийг “О” ХХК-д тохож байгаа нь хууль бус юм. Нөгөө талаар аймгийн Засаг даргын А/424 тогтоолд “О” ХХК-ийн нэр болоод газар эзэмшүүлсэн талаар огт дурдагдаагүй бөгөөд хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгийг тогтоочихсон зүйл ч байхгүй. Хэрвээ зөрчилтэй байсан бол тухайн үед нь манай компанид шилжүүлэхгүй байх байсан. Хавтаст хэрэгт авагдсанаар байгаль орчны хянан магадлах дүгнэлтгүйгээр шилжүүлсэн  гэдэг. Үүнийг төр шалгах ёстой байсан.

Захиргааны ерөнхий хууль энэ захирамжид огт хэрэгжээгүй. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд манайд А/170 дугаар захирамжаар газар олгосон.” И” ХХК-д анх олгосон А/413 дугаар захирамжаа сумын Засаг дарга хүчингүй болгоод А/140 дүгээр захирамжаар өөрчилж эзэмшүүлсэн байдаг. “И” ХХК-ийн уг шийдвэр аймгийн Засаг даргын шийдвэрээр хүчингүй болоогүй байна. Эндээс сумын Засаг даргын “О” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн А/170 дугаар захирамжийг хүчингүй болгосон А/378 дугаар захирамж нь хуулийн үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 39,40-р зүйлд  зааснаар захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх ёстой. Захиргааны актын гарах нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг мөн зааж өгөх ёстой. Засаг даргын хувьд хуулиар олгогдсон акт гаргах эрх хэмжээ нь байгаа боловч  үндэслэлд дурдсан дээд шатны байгууллагын Засаг даргын шийдвэр үндэслэлгүй.

Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас шүүхэд өгсөн тайлбарыг нь харахад Засаг дарга ийм шийдвэр гаргасан тул барилга байгууламжийг хүлээн авах боломжгүй гэж хариулсан. Энэ нь бодит байдалд нийцээгүй, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар “О” ХХК-ийн эзэмшдэг газар дээр  барилга байгууламж барих бүхий л зөвшөөрлийг олгосон. Мөн газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулж улсын бүртгэлд бүртгэсэн байдаг. Ийм зүйлүүдийг өөрсдөө гүйцэтгэчихээд ямар ч үндэслэлгүйгээр хүчингүй болго гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тус газар хуулиар хүлээсэн үүргээсээ зайлсхийж сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга нарт асуудлыг тохоод өөрсдийнхөө хуулийн дагуу хийгээгүй үйлдлээс мултрах гэсэн эс үйлдэхүйгээр хандаж, барилга байшинг ашиглалтанд авахгүй гэж байгаа нь хууль бус.

Хавтаст хэрэгтэй танилцах явцад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02/08 тоот тогтоол гарсан байсан. Үүнийг хариуцагч нарын тайлбарласнаар манай эзэмшиж байгаа барилга байгууламж барьсан газрыг дуудлага худалдаанд оруулахаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж тэрийг нь сумын Хурал баталсан гэж ойлгож байна. Сумын Засаг даргаас уг асуудлыг оруулахдаа энэ газрыг өмнө нь ингэж олгож байсан, ийм байдлаар хууль зөрчсөн  гэдэг асуудлыг оруулсан зүйл байдаггүй. Нөгөө талаар тус компани уг газартаа 500 000 000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эдгээр хууль бус шийдвэрийн улмаас өнөөдрийг хүртэл хохирчихоод байна. Цаашид хэдий хугацаанд хохирох талаараа мэдэхгүй. Шүүхээс гарсан шийдвэрийг харж байгаад бид төрөөс хохирлоо нэхэмжлэх болно. Манайд огт хамааралгүй, өөр хуулийн этгээдэд хамаарах асуудлыг манайд хамааруулж хариуцлага тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус шийдвэр юм. Маргаан бүхий 02/08 тогтоолыг харахад тодорхой бус, нөгөө талаар хуулиар эзэмших эрхийг олгосон, хуулийн этгээдийн эд хөрөнгө байсаар байхад дуудлага худалдаа зарладаг хуулийн зарчим огт байхгүй. Анх хүсэлт гаргасан газар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар явагдана гэсэн хуулийн заалт байгаа. Харин манай энэ тохиолдолд байхгүй гэж үзэж байна. Төр бидний эрх ашгийг гэнэт хохироочихлоо. Үүнийг хэн хариуцах юм бэ? Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, манай  газар эзэмших эрхийг сэргээж шийдвэрлэж өгнө үү гэв.

       Хариуцагч Сайншанд сумын Засаг даргын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сумын Засаг даргын 2013 оны А/413 дугаар захирамжаар Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Замын-Үүд - Сайншанд чиглэлийн авто замын зүүн талд 2 га газарт “элэгдэл, эвдрэл, доройтлоос хамгаалах, техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн” гэх үндэслэлээр давуу эрх олгож “И” ХХК-д газар эзэмшүүлсэн нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байна. Тухайн газарт газрын элэгдэл, доройтолоос хамгаалах техникийн нөхөн сэргээлт хийсэн талаар холбогдох мэргэжлийн байгууллагын газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гараагүй байхад газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2013 оны А/413 дугаар захирамж нь Газрын тухай хууль, тогтоомжийг зөрчсөн шийдвэр юм.

Газрын тухай хуулийн 27.5 дахь заалтад Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгуй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болохоор хуульчилсан байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.5 дах хэсэгт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан "... нөхөн сэргээсэн ... ” гэдэгт сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтгүй (орхигдсон газрын эвдрэл, элэгдлийг “нөхөн сэргээх” төсөл, төлөвлөгөө боловсруулан аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал болон Засаг даргатай урьдчилан тохиролцож, гэрээ хийсний үндсэн дээр хөрсний үржил шимийг сайжруулсан, ургамлан нөмрөгийг сэргээсэн, газрын гадаргууг засаж тэгшилсэн, хордолт, бохирдлыг цэвэрлэсэн зэргийг ойлгоно. Газрыг нөхөн сэргээсэн эсэхийг газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтээр тодорхойлно гэж заасан. “И” ХХК-д эзэмшүүлсэн газарт, газрын төлөв байдал, чанарын баталгааны дүгнэлт гаргасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гараагүй, огт байхгүй байхад Сумын Засаг даргын 2013 оны А/413 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна.

 Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтад “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж хуульчилсны дагуу аймгийн Засаг даргын 2016 оны А/424 дүгээр захирамжаар сумын Засаг даргын 2013 оны А/413 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан  “И” ХХК-иас “О” ХХК-д сумын Засаг даргын 2015 оны  А/170 дугаар захирамжаар шатахуун түгээх станцын зориулалт бүхий 5000 м.кв газар шилжүүлснийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Яагаад “О” ХХК-тай холбогдоод байна гэхээр 2013 онд “И” ХХК-д эзэмшүүлсэн газраас “О” ХХК  шилжүүлж авсан байдаг. Эдгээр нь нэг л газар учраас “О” ХХК-д холбогдоно гэж ойлгож байна. Иймээс дээд шатны байгууллагын захирамжийг биелүүлж ажилласан. Сумын Засаг даргын 2015 оны А/140 дүгээр захирамж нь газрын ашиглалт, зориулалтыг өөрчилж гарсан захирамж юм. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагааг хийхгүй байж болох тохиолдлууд байгаа, үүнээс захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол гэснийг үндэслээд сумын Засаг даргын 2013 оны А/413 дугаар захирамжийг хүчингүй болгосонтой холбогдуулан манай зүгээс сонсох ажиллагааг зохион байгуулахгүй байх боломжтой гэж үзээд явуулаагүй.

Сумын Засаг даргын 2016 оны А/378 дугаар захирамж нь Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт, аймгийн Засаг даргын 2016 оны А/424 дүгээр захирамжуудыг үндэслэж гаргасан хууль зүйн хувьд хүчин төгөлдөр захиргааны акт. Улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02/08 дугаар тогтоолоор “Шунхлай” ШТС-ын зүүн талд  /Замын -Үүд - Сайншанд чиглэлийн авто замын зүүн талд/ орших 0,5 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж баталсан тул  “И” ХХК-иас “О” ХХК-д эзэмшүүлсэн газрын эрхийг хүчингүй болгосон сумын Засаг даргын 2016 оны А/378 дугаар захирамж үндэслэлтэй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.” гэж заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1634 дүгээр тоот албан бичгээр Сайншанд  сумын  Засаг даргаас “2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г оруулж ирсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь  Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д “тухайн  шатны Засаг даргын  өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулан  сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”  гэж заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд уг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан.

 Иймд Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 02/08 тоот тогтоолын 2-р хавсралт “Хууль бус дур мэдэн газар ашиглагч нарт авах арга хэмжээний төлөвлөгөө” нь хүчин төгөлдөр шийдвэр болно гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон тус газрын даргын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны  өдрийн А/170 тоот захирамжаар “О” ХХК-д Шатахуун түгээх станцын зориулалтаар шилжүүлсэн газрын шийдвэрийг Газрын тухай хууль тогтоомж, холбогдох эрх зүйн актыг зөрчсөн гэж үзэж аймгийн Засаг даргын 2016 оны А/424, Сайншанд сумын Засаг даргын 2016 оны А/378 тоот захирамжуудаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гарсан.

Барилга байгууламжийг хүлээж авахад Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолд заасны дагуу аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хүлээн авдаг. Барилга байгууламж гэдэг маань Иргэний хуулиар газраас үл салгаж болох хөрөнгө байдаг. Гэтэл “О” ХХК-д олгогдсон 5000 м.кв газар буюу бусад олгогдсон газруудыг анхнаасаа хууль бусаар олгогдсон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэллээ. Тэгтэл газар нь хүчингүй болчихоод байхад улсын комисс дээрх барилга байгууламжийг нь хүлээж авах эрхгүй. Өмнө нь тухайн газар эзэмших эрхтэй байсан учраас аж ахуй нэгжээс хүсэлт гаргасны дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд холбогдох зөвшөөрлийг олгосон. Манайх нэгэнт олгогдсон эрх нь хүчинтэй байгаа тохиолдолд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох нь зүйн хэрэг юм. Гэтэл ашиглалтад оруулах комисс ажиллах үед газар эзэмших эрх нь хүчингүй болсон тохиолдолд  тухайн комисс ажиллах боломжгүй юм. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааны жагсаалт гээд байдаг. Энэ нь “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрэм”-ийн 3-р хавсралтаар батлагдсан. Энд зайлшгүй газар эзэмших эрхийн гэрчилгээг шаарддаг. Барилга байгууламж гэж юу вэ, Иргэний хуулиараа газраас үл салгах хөрөнгө байдаг. Газар эзэмших эрх нь хүчингүй болсон байхад улсын комисс ажиллах боломжгүй. Иймд  манай байгууллага нь тухайн газар дээр баригдсан шатахуун түгээх станцын барилгыг ашиглалтад хүлээн авах эрх зүйн үндэслэл байхгүй болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “О” ХХК  нь шүүхэд анх “Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны А/378 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулж, өөрийн барьсан Шатахуун түгээх станцын барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан  бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа “Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны А/378 дугаар захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, өөрийн барьсан Шатахуун түгээх станцын барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” гэж өөрчлөн улмаар “Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02/08 дугаар тогтоолын “О” ХХК-д холбогдох хэсэг буюу 2 дугаар хавсралтын 2-т заасныг хүчингүй болгуулах” шаардлагыг нэмэгдүүлснээр  тухайн шаардлагуудын хүрээнд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл болон холбогдох бусад нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

1. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/378 дугаар захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсгийн хууль зүйн үндэслэл болон уг хэсэг нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх тухайд:

Хариуцагч Сайншанд сумын Засаг даргын 2016 оны А/378 дугаар захирамжаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, аймгийн Засаг даргын 2016 оны А/424 дүгээр захирамж /уг захирамжийн үндэслэлд дурдсан сумын Засаг даргын 2016 оны А/291 дүгээр захирамж нь тухайн маргаанд хамааралгүй/-ийг тус тус үндэслэн  “...сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай”...2013 оны А/413 дугаар захирамжаар...”И” ХХК-д эзэмшүүлсэн газар нь Газрын тухай хууль болон холбогдох эрх зүйн актыг зөрчиж эзэмшүүлсэн тул  аймгийн Засаг даргын 2016 оны А/424...дүгээр захирамж гарсантай холбогдуулан” гэх агуулгаар өмнө гаргасан  сумын Засаг даргын 2015 оны А/170 дугаар захирамжийн ”И” ХХК-иас “О” ХХК-д шатахуун түгээх станцын зориулалттай 0.5 га газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлснийг хүчингүй болгож  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдээс дээрх А/378 дугаар захирамжийн холбогдох хэсгийг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлийг “манай компани газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн байхад хариуцагч  нь, холбогдох этгээдэд цаг тухайд нь хэрэгжүүлээгүй өөрийн буруутай үйлдлээ манай компанид холбогдуулан газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон, энэ нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмуудыг зөрчсөн” гэж, хариуцагчаас “... тухайн газрыг анх “И” ХХК-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн, тодруулбал уг газарт нөхөн сэргээлт хийсэн талаар мэргэжлийн байгууллагын газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гараагүй байхад эзэмшүүлсэн бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар “И” ХХК-д анх эзэмшүүлсэн шийдвэр /сумын Засаг даргын 2013 оны А/413 дугаар захирамж/-ийг хүчингүй болгосон тул тухайн компаниас “О” ХХК-д 0.5 га газрыг шилжүүлсэн шийдвэр /сумын Засаг даргын 2015 оны А/170 дугаар захирамжийн холбогдох хэсэг/-ийг хүчингүй болгосон” хэмээн маргаж байна.

Маргаан бүхий 0.5 газрыг анх “И” ХХК нь 2013 оноос эхэлж эзэмшсэн, ингэхдээ тус компаниас Сайншанд сумын 3 дугаар  баг, Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замын зүүн талд байршилтай “хог хаягдлын үлдэгдэл, ухсан нүх, барилгын суурийн үлдэгдэл” бүхий 2 га газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээх тухай хүсэлтийг  зураг, төслийн хамт  2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сайншанд сумын Засаг даргад гаргасан, улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Сумын газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 51 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар  батлагдсан “элэгдэл эвдрэл, доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх газрын байршил”-д тухайн 2 га газар тусгагдсан, уг тогтоолыг үндэслэн Сайншанд сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/91 дүгээр захирамжаар  тухайн газарт нөхөн сэргээлтийн  ажлыг хийхийг зөвшөөрч, тус компанитай “Газрын элэгдэл, эвдрэл нөхөн сэргээх ажлын гэрээ”-г  байгуулж баталсан нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Улмаар “И” ХХК нь тухайн 2 га газарт нөхөн сэргээлтийн ажлыг хийж энэ талаарх тайланг  2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сайншанд сумын Засаг даргад хүргүүлэхдээ уг газрыг эзэмших тухай хүсэлтийг  мөн хамтатган гаргаснаар, сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/413 дугаар захирамжаар  Газрын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.6, мөн нөхөн сэргээлт хийхийг зөвшөөрсөн өмнөх шийдвэр /сумын Засаг даргын  2013 оны А/91 дүгээр захирамж/-ээ тус тус үндэслэн “И” ХХК-д тухайн 2 га газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ”Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”  байгуулж, 000298163 дугаартай “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г  олгожээ.

Мөн дээрх үйл баримтын дараа “И” ХХК нь үйлчилгээний цогцолборт шатахуун түгээх станц барихад доорх газрын зориулалт нь тухайн зориулалтаар байх шаардлагатай гэх шалтгаанаар өөрийн эзэмшиж буй 2 га газрын 0.5 га газрын зориулалтыг өөрчлүүлэх тухай хүсэлтийг  2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр сумын Засаг даргад гаргаснаар, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн  05/12 дугаар тогтоолоор  тус компанийн эзэмшлийн 2 га газрын 0.5 га газрыг  шатахуун түгээх станцын зориулалтаар гэж өөрчлөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж улмаар уг тогтоолыг үндэслэн сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/140 дүгээр захирамжаар  тухайн компанийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан  2 га   буюу 20000 м.кв   газрын,   0.5 га /5000 м.кв/  газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар гэж өөрчлөн, үлдэх 1.5 га буюу 15000 м.кв  газрын зориулалтыг хэвээр үлдээн мөн 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба үүнтэйгээ холбогдуулан  “И” ХХК-д анх газар эзэмшүүлсэн 2013 оны А/413 дугаар захирамж болон түүнийг үндэслэн олгосон 000298163 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г тус тус хүчингүй болсонд тооцжээ. Мөн сумын газрын даамал уг шийдвэрийг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 0.5 га болон 1.5 га газруудад тус тусад нь  “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г  шинээр байгуулж, 0.5  га газарт 000302310 тоот , 1.5 га газарт 000302329 тоот “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г  “И” ХХК-д мөн шинээр олгосон байна.

 “И” ХХК нь ийнхүү маргаан бүхий 0.5 га газрыг Шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшиж эхэлмэгц 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад /”О” ХХК-д/ шилжүүлэх тухай хүсэлтийг  холбогдох баримтын  хамт эрх бүхий этгээдэд гаргаснаар, Сайншанд сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/170 дугаар захирамж /хавсралтын 5 дугаарт/-аар  тухайн 0.5 га газрыг эзэмших эрхийг “О” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэж, тус компанитай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”  байгуулж, 000302330 дугаартай “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г  олгосноор нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд маргаан бүхий 0.5 га газрыг эзэмших эрх үүсчээ. Улмаар газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахаар  холбогдох байгууллагуудаас олгогдсон зөвшөөрөл, дүгнэлтийн  үндсэн дээр тухайн газартаа шатахуун түгээх станцын барилга байгууламжийг барьж улмаар ашиглах үйл ажиллагааг  эхлүүлэх зөвшөөрлийг хүсч эрх бүхий этгээдэд хандсан тухайн цаг үед  хариуцагч Сайншанд сумын Засаг дарга А/378 дугаар захирамж гаргаж нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн өмнөх шийдвэрийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хураалгахыг шаардсан үйл баримтууд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

 

1.1.Маргаан бүхий захиргааны актын “...тухайн газрыг анх  эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн  /нөхөн сэргээлт хийсэн талаар мэргэжлийн байгууллагаас газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гараагүй байхад эзэмшүүлсэн/...” гэх үндэслэлийн тухайд:

Тухайн маргааны үйл баримтад хамаарах харилцааг зохицуулсан Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн ... аж ахуй нэгж ...-д тухайн газрыг эзэмшүүлж болно” гэж заасан байх ба уг хэсэгт заасан  “нөхөн сэргээсэн” гэдгийг “...сонирхогч...аж ахуйн нэгж...нь ашиглалтгүй орхигдсон газрын эвдрэл, элэгдлийг нөхөн сэргээх төсөл, төлөвлөгөө боловсруулан...сумын газрын даамал болон Засаг даргатай урьдчилан тохиролцож, гэрээ хийсний үндсэн дээр хөрсний үржил шимийг сайжруулсан, ургамлан нөмрөгийг сэргээсэн, газрын гадаргууг засаж тэгшилсэн, хордолт, бохирдлыг цэвэрлэсэн зэрэг”-ийг ойлгохоор улмаар “газрыг нөхөн сэргээсэн эсэх”-ийг  газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтээр  тодорхойлохоор  Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар ”И” ХХК нь ашиглалтгүй орхигдсон 2 га газрын эвдрэл, элэгдлийг нөхөн сэргээх талаар төсөл, төлөвлөгөөг боловсруулж хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан, тухайн этгээдийн хувьд  уг хүсэлтийг нь хүлээн авч нөхөн сэргээлт хийхийг зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж холбогдох гэрээг байгуулснаар тус хуулийн этгээд тухайн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулж улмаар хийсэн ажлын талаарх тайлангаа мөн Засаг даргад хүргүүлсэн зэрэг үйл баримт өмнө дурдсанаар тогтоогдсоноос дүгнэхэд “И” ХХК-ийг тухайн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна. Харин уг үйл ажиллагаанд  Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам”-д заасны дагуу эрх бүхий мэргэжлийн байгууллагаас хянан баталгаа хийж зохих дүгнэлт гаргах ажиллагаа тухайн үед хийгдээгүй нь мөн шүүх хуралдааны явцад тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчээс уг асуудлаар  мөн маргаагүй болно.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх хянан баталгааны дүгнэлтийг гаргаагүй нөхцөл байдлыг маргаан бүхий газрыг анх эзэмшигч  “И” ХХК-д холбогдуулан “тус компани хүсэлтээ гаргаж хянан баталгаа хийлгэх үүрэгтэй байсан ч хийлгээгүй...” хэмээн тайлбарладаг боловч тухайн үйл баримттай холбогдох хуулийн зохицуулалтад буюу Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж  улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахыг газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа гэнэ”, 58.6-д “Эрхийн гэрчилгээгээр эзэмшиж, ашиглаж буй газрын төлөв байдал, чанарыг газар эзэмшигч, ашиглагч,...бусад газрын төлөв байдал, чанарыг тухайн шатны Засаг дарга ... хариуцна” гэж зааснаас үзэхэд тухайн тохиолдолд маргаан бүхий газарт хийлгэх хянан баталгааг уг газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан этгээд бус харин хариуцагч захиргааны байгууллага өөрөө хариуцан хэрэгжүүлэх үйл ажиллагаа байжээ. Өөрөөр хэлбэл “И” ХХК-ийн хувьд тухайн газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмшиж эхлээгүй байгаа нөхцөлд тэрээр газар эзэмшигч гэж үзэх боломжгүй тул  хянан баталгааг хариуцах үүрэггүй юм. Эндээс дүгнэвэл маргаан бүхий  газрыг анх эзэмшүүлэхэд хянан баталгааны дүгнэлт гаргуулаагүй хэмээн газар эзэмшигчийг буруутгаж буй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд энэ нь харин, хариуцагч захиргааны байгууллага өөрөө эрхлэн хэрэгжүүлэх үйл ажиллагаа байсныг дурдах нь зүйтэй байна.

1.2. “...Аймгийн Засаг даргын 2016 оны А/424 дүгээр захирамж гарсантай холбогдуулан...” гэх үндэслэлийн тухайд:

Хариуцагч тал энэхүү үндэслэлээ, аймгийн Засаг даргын дээрх шийдвэрээр “И” ХХК-д тухайн газрыг анх эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2013 оны А/413 дугаар захирамжийг хүчингүй болгосон тул үүнийг үндэслээд “И” ХХК-иас “О” ХХК-д газар шилжүүлсэн шийдвэр болох сумын Засаг даргын 2015 оны А/170 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Учир нь нэхэмжлэгч “О” ХХК-ийн эзэмшиж буй газар нь “И” ХХК-иас шилжүүлэн авсан нэг л газар тул анх олгосон шийдвэрийг нь хүчингүй болгосонтой  холбогдуулж дараагийн шийдвэрийг нь мөн хүчингүй болгох замаар дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж ажилласан хэмээн тодруулсан.

Маргаан бүхий захиргааны акт болох Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны А/378 дугаар захирамжийг гарахаас өмнө тус аймгийн Засаг даргын 2016 оны А/424 дүгээр захирамжаар  “И” ХХК-д анх газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2013 оны А/413 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцож улмаар тус компанид олгосон 2 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээг мөн хүчингүй болгосон байх боловч энэ нь нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг үүсгэсэн шийдвэрийг буюу “И” ХХК-иас “О” ХХК-д газар шилжүүлсэн сумын Засаг даргын 2015 оны А/170 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл биш гэж үзлээ.

Маргаан бүхий газрыг анх, Сайншанд сумын Засаг даргын 2013 оны А/413 дугаар захирамжаар “И” ХХК-д эзэмшүүлсэн нь маргаангүй боловч үүний дараагаар сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/140 дүгээр захирамжаар  тухайн компанийн эзэмшиж байсан 20000 м.кв газрын, 5000 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар, үлдэх 15000 м.кв газрын зориулалтыг хэвээр буюу үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, үүний үндсэн дээр “И” ХХК-тай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г зориулалт тус бүрээр нь шинээр байгуулж, 0.5  га газарт 000302310 тоот, 1.5 га газарт 000302329 тоот “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г тус тус шинээр олгосон, уг шийдвэртэйгээ холбогдуулан тус компанид анх газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2013 оны А/413 дугаар захирамж болон 0000288163 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсон болох нь мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өмнө тогтоогдсон бөгөөд уг А/140 дүгээр захирамжийг эрх бүхий этгээдээс хүчингүй болсонд тооцоогүй улмаар хүчин төгөлдөр хэвээр байгааг хариуцагч тал үгүйсгээгүй болно. Эндээс дүгнэвэл маргаан бүхий газрыг анх эзэмшиж байсан “И” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн “маргаан бүхий газрыг анх олгосон шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан” гэх үндэслэл хууль бус байна гэж үзлээ.

Үүнтэй холбогдуулан тэмдэглэхэд “И” ХХК-д  анх газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын А/413 захирамжийг  дээрх А/140 дүгээр захирамжаар хүчингүй болсонд тооцсоноор тухайн шийдвэр эрх зүйн үйлчлэлгүй болсон байхад аймгийн Засаг даргын 2016 оны А/424 дүгээр захирамжаар дахин хүчингүй болсонд тооцсон улмаар үүнийг нь хариуцагч сумын Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болгосон нь хууль бус болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн хэрэгт авагдсан, “И” ХХК-ийн сумын Засаг даргад гаргасан  газар эзэмших тухай хүсэлт , сумын Засаг даргын 2013 оны А/91 дүгээр захирамж , “Газрын элэгдэл, эвдрэл нөхөн сэргээх ажлын гэрээ” -ний огнооноос үзэхэд “И” ХХК нь маргаан бүхий газрыг нөхөн сэргээх хүсэлт гаргаж улмаар тухайн газартаа нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан талаарх тайлангаа сумын Засаг даргад хүргүүлсэний дараа тус Засаг даргаас тухайн газарт нөхөн сэргээлт хийхийг  зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж холбогдох гэрээг байгуулсан үйл явц нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, мөн тухайн газрыг анх эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн сумын Засаг даргын 2013 оны А/413 дугаар захирамжийн үндэслэлд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсгийг буюу тухайн харилцаанд хамааралгүй зохицуулалтыг баримталсан зэрэг зөрчлүүд  байх боловч энэ нь хариуцагч захиргааны байгууллагаас өөрөөс нь хамааралтай асуудал бөгөөд  нэхэмжлэгч “О” ХХК-д газар эзэмших эрхийг үүсгэсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзсэнийг мөн дурдах нь зүйтэй байна.

1.3.Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж буй аливаа захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг агуулсан Захиргааны ерөнхий хуульд, захиргааны байгууллага үйл ажиллагаандаа төрийн албаны үндсэн зарчмуудаас гадна тусгай зарчмуудыг баримтлахыг үүрэг болгосон. Тухайлбал: мөн хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5-д “...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэх зэргээр тусгагджээ.

1.3.а/.Маргаан бүхий захиргааны актын хувьд, бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт учир түүнийг батлан гаргахын өмнө  тухайн актын үйлчлэл шууд чиглэж буй буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэж улмаар уг шийдвэрийг гаргахад хамааралтай нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг тухайн этгээдэд олгосноор дээрх хуулийн 4.2.6-д заасан зарчим хэрэгжих учиртай. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ”...Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д зааснаар захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа учир сонсох ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлж тухайн захиргааны актыг гаргасан...” гэх тайлбараас үзэхэд хариуцагч байгууллагын хувьд уг зарчмыг хэрэгжүүлээгүй нь тодорхой байна. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбартай холбогдуулан дүгнэхэд тухайн тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 82-83 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гүйцэтгэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байхын дээр энэ нь дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг гүйцэтгэж буй ажиллагаа бус, харин хариуцагч сумын Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд бие даан гаргаж буй шийдвэр тул маргаан бүхий захиргааны актыг гаргасан үйл ажиллагааг “захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан” гэж үзэх үндэслэлгүй.

1.3.б/.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим гэдгийг тухайн хуульд өөрт нь “...нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч...хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгох”-оор тайлбарласан. Хэрэгт авагдсан сумын Засаг даргын 2016 оны А/378 дугаар захирамж , нэхэмжлэгч “О” ХХК-иас аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан ашиглалтад оруулах тухай хүсэлт , шүүхээс нэхэмжлэгч компанийн эзэмшлийн барилга байгууламжид хийсэн үзлэгээр  тогтоогдсон нөхцөл байдал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд маргаан бүхий захиргааны актыг гаргах тухайн цаг үед нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшил газарт Шатахуун түгээх станцын барилга байгууламж баригдаж дууссан улмаар хариуцагч нь энэ талаар мэдэж байсан ч түүний доорх газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дээр дурдсан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим хэрэгжээгүй болохыг харуулж байна. Тодруулбал нэхэмжлэгч хуулийн этгээд  маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшилдээ байлгах хугацаанд зориулалтаар нь эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлж, холбогдох этгээдээс олгогдсон зохих зөвшөөрлийн үндсэн дээр уг барилга байгууламжийг барьснаар тухайн газар дээр тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эд хөрөнгө бий болсон, энэ нь газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгө учир түүний доорхи газрыг  эзэмших эрхийг хүчингүй болгосноор тухайн эд хөрөнгийг эзэмшигч этгээдийн хувьд уг эд хөрөнгөө ашиглах боломжгүй болох үр дагавар үүснэ.

1.3.в/. Хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэл болгосон байх ба уг хэм хэмжээнд “...албан тушаалтан өөрийн шийдвэр...ээрээ Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн байх, уг шийдвэр нь газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх” гэсэн хоёр нөхцөлийг заасан бөгөөд эдгээр нь зэрэг хангагдсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан өөрийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох боломжтой. Өмнө тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд хариуцагч сумын Засаг даргыг  өөрийн шийдвэрээрээ Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн /“И” ХХК-д анх газар эзэмшүүлэхдээ/ гэж үзэх үндэслэлтэй ч энэ нь тухайн зохицуулалтыг үндэслэн шийдвэр гаргах бодит нөхцөл, шаардлагыг бүрэн хангахгүй байна. Учир нь хууль зөрчсөн гэх /“И” ХХК-д анх газар эзэмшүүлсэн/ тухайн шийдвэрийн улмаас “газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” нөхцөл  байдал хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд энэ нь хариуцагч захиргааны байгууллага тухайн хэм хэмжээг хэрэглэн шийдвэр гаргах “эрх зүйн үндэслэлгүй”-г нотолж байгаагийн дээр тухайн  захиргааны актыг  “...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд  нийцэхгүй  гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай” 2016 оны 02/08 дугаар тогтоолын  хууль зүйн үндэслэл болоод уг шийдвэр  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  эсэх тухайд:

Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид Хурал гэх/-ын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/08 дугаар тогтоолоор , Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын а/, з/, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгон 2 дугаар хавсралтаар  “хууль бус дур мэдэн газар ашиглагч нарт авах арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан байх ба уг хавсралтын жагсаалтын №2-т нэхэмжлэгч “О” ХХК-ийн эзэмшиж байсан 0.5 га  газрыг “дуудлага худалдаагаар эзэмшүүлэх”-ээр тусгаж, уг төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдээс уг шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагынхаа үндэслэлийг “...өөр этгээдэд хамаарах асуудлыг манайд хамааруулж, хариуцлага тооцох нэрээр дээр нь үл хөдлөх эд хөрөнгө бий болсон газрыг бусдад дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр тусгасан нь хууль бус...” гэж, хариуцагчаас “...хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд эрх бүхий этгээдээс өргөн мэдүүлсэн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан” хэмээн маргаж байна.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд , хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар  зэргээс үзэхэд хариуцагч Хурал нь тухайн шатны Засаг даргаас ирүүлсэн саналын дагуу 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хоёрдугаар хуралдаанаараа “Сайншанд сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г хэлэлцээд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж батлах” нийтлэг бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан, энэ нь  захиргааны актад тавигдах эрх зүйн шаардлагын нэг болох шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй байх ч нөгөө талаас уг захиргааны акт нь материаллаг эрх зүйн шаардлага буюу хууль ёсны байх зарчмыг хангаж чадаагүй байна гэж үзлээ. Учир нь уг шийдвэрийг гаргах үндэслэл болсон тухайн шатны Засаг даргаас өргөн мэдүүлсэн “...сумын газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөө”-нд тусгагдсан, нэхэмжлэгч хуулийн этгээдэд хамаарах хэсэг нь бодит нөхцөл байдалд тохироогүй тодруулбал уг газар нь хэн нэг этгээдийн эзэмшилд байгаа тохиолдолд түүнийг бусдад эзэмшүүлэхээр дахин газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах боломжгүй бөгөөд энэ нь газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлсон Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж...байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснээр тайлбарлагдана.

Тухайн шатны Засаг дарга, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2-т зааснаар “нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” бүрэн эрхтэй боловч уг эрхээ хэрэгжүүлэх /газар зохион байгуулалтыг хийх/-дээ мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан төрөөс газрын талаар баримтлах “газар ..эзэмшихэд шударга ёсыг хангах” зарчмыг мөрдлөг болгож үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. Гэтэл хариуцагч сумын Засаг дарга, Газрын тухай хуульд заасан нөхцөл, болзлын дагуу эрх бүхий этгээдээс баталгаажуулсан баримт бичгийн үндсэн дээр хууль ёсоор газар эзэмшиж буй этгээдийн уул эрхийг өөрийн хууль бус шийдвэрээрээ хязгаарлаж улмаар уг хууль бус шийдвэртэйгээ холбогдуулан тухайн этгээдийг дур мэдэн газар эзэмшсэн гэх агуулгаар хууль ёсны дагуу бий болгосон үл хөдлөх эд хөрөнгийнх нь доорх газрыг бусдад эзэмшүүлэхээр төлөвлөж түүнийгээ баталгаажуулахаар холбогдох этгээд /Хурал/-д хүргүүлсэн үйл ажиллагаа нь дээр дурдсан “шударга ёсыг хангах” зарчимд нийцээгүй хууль бус ажиллагаа байх тул Засаг даргын энэхүү хууль бус үйл ажиллагаа /газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн холбогдох хэсэг/-г баталгаажуулж гаргасан хариуцагч Хурлын шийдвэр нь хууль ёсны байх зарчмыг хангасан захиргааны акт байх боломжгүйн дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь...үйл ажиллагаандаа...шударга ёс...хууль дээдлэх зарчим баримтална” гэсэнтэй нийцэхгүй байна. Эндээс дүгнэхэд хариуцагч Хурлын 2016 оны 02/08 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрх, хууль ёсны  ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын “Шатахуун түгээх станцын барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт”-ийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл  хууль бус эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайд:

Нэхэмжлэгч “О“ ХХК нь өөрийн эзэмшлийн газартаа зориулалтынх нь дагуу “Шатахуун түгээх станцын барилга байгууламж”-ийг барьж дуусган түүнийгээ ашиглалтад оруулахаар хүсэлтээ холбогдох баримтуудын хамт 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргажээ.  Тус газраас 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 904 тоот албан бичгээр  “уг барилга байгууламжийн доорх газрыг эзэмших эрх дуусгавар болсон учир  ашиглалтад оруулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” хэмээн татгалзсан хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

Маргааны үйл баримттай холбогдуулан барилга байгууламжийг ашиглалтад оруулах талаарх хуулийн зохицуулалтыг авч үзвэл Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Аймаг...ийн Засаг дарга барилгын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.6-д “...барилга байгууламжийг ашиглалтад оруулах”, 48 дугаар зүйлийн  48.5-д “Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд ...баримт бичгийг хавсаргана”, 48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна”, 48.7-д “Барилга байгууламжийг дараах тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана”, 48.7.1-д “энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй”, 48.7.2-т “захиалагч...хяналт шалгалт хийхэд саад учруулсан, татгалзсан”, 48.7.3-т “энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн” гэж тус тус заасан мөн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 3 дугаар хавсралтад хоёрдугаар ангиллын барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах байгууллагыг аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа барилгын асуудал эрхэлсэн агентлаг байхаар баталсан байна.

Хууль, тогтоомжийн дээрх зохицуулалтуудаас үзвэл захиалагч нь эрх бүхий байгууллага /аймгийн Засаг даргын барилгын талаарх бүрэн эрхийг мэргэжлийн үндсэн дээр хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар/-д барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай хүсэлтээ холбогдох баримтын хамт гаргах, эрх бүхий байгууллагын хувьд захиалагчаас ирүүлсэн хүсэлт, түүнд хавсаргасан баримтуудыг хянан үзэхийн зэрэгцээ хуульд заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах бусад үндэслэлүүд байхгүй тохиолдолд ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулах үүрэгтэй аж.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбараас үзэхэд эрх бүхий байгууллагаас, захиалагчийн хүсэлтийг хянан үзэж шийдвэрлэхээр заасан 10 хоногийн хугацаанд тухайн хүсэлтэд дурдагдсан барилга байгууламжийн доорх газрыг эзэмших эрхийг холбогдох этгээдээс хүчингүй болгосон шийдвэр гаргасан энэ нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан барилгын ажлын зөвшөөрлийн нөхцөлд хамааралтай, тодруулбал “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн нэг нөхцөл /газар олгосон шийдвэр болон тухайн газрын байршил/ мөн байх боловч уг шалтгаанаар нэхэмжлэгчийн “барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт”-ийг шийдвэрлэхээс татгалзаж буй хариуцагчийн үйлдэлийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах үндэслэлийн нэг болох Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.3-т заасан “энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн” гэх үндэслэл нь “захиалагчийн зүгээс холбогдох зөвшөөрөлд заагдсан нөхцөлүүдийг зөрчсөн байх”  агуулгатай байх ба гэтэл захиалагч этгээдийн хувьд түүнийг зөрчсөн  гэх үйл баримт тогтоогдоогүй улмаар түүнээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар тухайн барилга байгууламжийн доорх газрыг эзэмшсэн байх нөхцөл зөрчигдсөн улмаар энэ  нь бусдын хууль бус шийдвэрийн үр дүнд бий болсон зэргээс дүгнэхэд хариуцагч захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр нь захиргааны актад тавигдах материаллаг эрх зүйн шаардлага болох “хууль ёсны байх зарчим”-ыг хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч нь нэхэмжлэгчийн “барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт”-ийг шийдвэрлэхээс татгалзсан үндэслэлийг зөвхөн “газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гарсан” үйл баримттай холбон тайлбарладаг   улмаар шүүх уг шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон зэргээс дүгнэхэд тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасан үүргээ хэрэгжүүлж, ашиглалтад оруулах комиссыг ажиллуулах замаар нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Дээр тогтоогдож  буй үйл баримтуудаас дүгнэхэд хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны А/378 дугаар захирамж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02/08 дугаар тогтоолын “О” ХХК-д холбогдох хэсгүүд мөн хариуцагч тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын “барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзсан шийдвэр” зэрэг нь тус тус хууль бус бөгөөд тэдгээрийн улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь дээр дурдсанаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, холбогдох захиргааны актуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг мөн холбогдох этгээдэд даалгах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.1,  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны А/378 дугаар захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсэг, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02/08 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь заалт буюу “О” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “О” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэж, барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчид  /Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар/-аас 70200 төгрөгийг хувь тэнцүүлэн /хариуцагч тус бүрээс 23400 төгрөг/ гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СИЙЛЭГМАА