Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 006

 

Г.Амгалангийн нэхэмжлэлтэй

                       иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дүгээр сарын 31-ний өдрийн 300 дугаартай шийдвэртэй,

Г.Амгалангийн нэхэмжлэлтэй Л.Халтарт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1.300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гочоогийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гочоо

           Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн Л.Халтарын эзэмшлийн нохой нь манай тугалах гэж байсан хүрэн халзан үнээ болон улаан хүрэн эр шүдлэн үхрийг идэж 1300000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ талаар Л.Халтарт хэлэхэд хэлтэл миний буруу биш учраас хохирлыг төлөхгүй, араатан амьтны буруу гэж хэлсэн. Би үнээгээ 800000 төгрөгөөр, эр шүдлэн үхрээ 500000 төгрөгөөр үнэлүүлсэн. Иймд Л.Халтараас 1300000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Халтар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Г.Амгалангийн 2 үхрийг идсэн гэх шар нохойг жижигхэн гөлөг байхад нь манай тэр хавьд төөрүүлж хаясан байсан. Ойр хавийн айлууд хааяа хоол өгдөг асуудал бий. Одоо цагт жингэр тэжээх айл бараг байхгүй. Манайх ихэнхдээ эзэнгүй байдаг бөгөөд 2010 оноос хойш нохой тэжээгээгүй. Тэр шар нохойг тэнэмэл болохоор нь өрөвдөөд хааяа хоол өгч байсан. Хоол өгдөг айлынхаа хашаагаар эргэлдээд байдаг. Манайхаас гадна хөрш Сэрээтэр гуай, мөн Энхболдынх хааяа хоол өгч харагддаг. Хоол өгсөн болгон эзэн нь гэвэл тэр нохой их олон эзэнтэй байж таарах гээд байна. Тэр нохой манайд бүртгэлгүй, манай нохой биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дүгээр сарын 31-ний өдрийн 300 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Л.Халтараас 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Амгалангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35750 /гучин таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гочоо давж заалдах гомдолдоо: “...Сум дундын шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагыг нотловол зохих гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтуудыг үнэн зөв, гүйцэд үнэлж чадаагүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагч Л.Халтар, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралд Н.Баяр, Б.Цэнгэл нарыг гэрчээр оролцуулж шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр Г.Амгалангийн 2 үхрийг хариуцагч Л.Халтарынх байсан гэх нохой нь тэднийд олон жил болсон, уг нохойг баг сумаас устгуулах гэхээр Л.Халтар нь хориглоод устгуулж алуулаагүй гэж тус тус мэдүүлж байгаагаас үзэхэд хариуцагч Л.Халтарын тэжээвэр нохой болохыг нотолсон.

Хариуцагч Л.Халтарын нохой нь иргэн Г.Амгалангийн малыг урж идээд зогсохгүй, сум, багийн олон иргэдийн малыг идэж хохирол учруулж байсан бөгөөд одоогоор нэхэмжлэгч Г.Амгалангийн албан ёсны нэхэмжлэлийн шаардлагаар шүүхэд хянагдаж Л.Халтарын тэжээвэр нохой гэдгийг нотолж, гэрчилж байгааг шүүх анхаарч хэргийг тал бүрээс нь хянаж үнэлэж дүгнэлт хийгээгүйгээр буруу шийдвэрлэсэн.

Хариуцагч Л.Халтар нохойгоо баг, сумаас зохиосон ажлын үед устгуулахаас гадна сум багтаа бүртгүүлэх, холбогдох татварыг төлөх, үүргээ биелүүлээгүйгээс гадна эзэнгүй нохойг хууль журмын дагуу устгуулах үүргийг тус тус зөрчиснөөс Л.Халтарын тэжээвэр нохой нь сумын хэмжээнд иргэдийн олон тооны малыг барьж идэсний дотор Г.Амгалангийн 2 үхрийг барьж устгаснаас нэг үхрийг нь нэр бүхий жолооч, бусад хүмүүсийн тусламжтайгаар сумын төвд оруулсан боловч уг үхэр нь үхсэн. Нөгөө үхрийг нь бэлчээрт уг нохой идэж, устгасныг Г.Амгалан малаа харж хамгаалах явцдаа Л.Халтарынд ирж танай нохой манай малыг идсэн гэж Халтарын эхнэрт хэлсэн, мал барьж идсэн нохой ч амнаас нь хөөс гараад гэрийн хашаандаа байсан гэж мэдүүлэг өгч, үнэн учрыг хэлдэг. Гэтэл шүүх нэхэмжлэгч Г.Амгалангийн ийнхүү нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолсон эх сурвалжийг үгүйсгэж, нэхэмжлэгч Г.Амгаланг хохируулж хариуцагч Л.Халтарыг эд хөрөнгийн хариуцлагын хохиролд хамааралгүй болгосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, нэг талыг баримтлан шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх Л.Халтарыг буруугүй гэж үзэхээр бол харьяа сум багийн холбогдолтой ажилтнуудыг хуульд заасны дагуу хариуцагчаар татаж нэхэмжлэгч Г.Амгаланд учирсан хохирлыг арилгуулах учиртай.

Өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд холбогдох сум багийн албан тушаалтныг хариуцагчаар татах эсэх, хэргийг дахин шалгаж шийдвэрлүүлэхийг санал болгосныг шүүх хүлээж аваагүй, үндэслэлгүй шийдвэр гаргаж нэхэмжлэгч Г.Амгалангийн эрх ашгийг хохироосонд гомдолтой байна.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрт тусгаагүй, зориуд орхигдуулан процессын ноцтой зөрчил гаргасан, мөн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд санал болгосон асуудлгыг шүүх буруу тонгоргон байдлаар бичиж ойлгомжгүй шүүхийн шийдвэрт тусгаж, алдаатай, хууль ёсны биш шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэргийн үнэн зөвийг зөвтгүүлж өгнө үү” гэжээ.

 

                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Амгалан нь хариуцагч Л.Халтарт холбогдуулан  эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий шаардлагыг анхан шатны шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Г.Амгалангийн бэлчээрт байсан улаан халзан зүсний үнээ, улаан хүрэн зүсний шүдлэн үхэр нь  2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр нохойд идүүлсэн /бариулсан/ болох нь зохигчдын тайлбар гэрч нарын мэдүүлэгүүдээр нотлогдсон байна.

Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-д амьтаны үйлдлээс хүний амь нас эрүүл мэндэд учирсан гэм хорыг амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцахаар зохицуулжээ.  

Маргааны зүйл болох үхрүүдийг барьж идсэн гэх нохойны эзэмшигч, өмчлөгч нь хариуцагч Л.Халтар болох нь амьтныг эзэмших зөвшөөрөл бүхий баримт бичиг болон бусад нотлох баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч амь нас эрүүл мэндийн хохирол бус эд хөрөнгийн хохирол шаардсан нь хуулийн 501 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй тул эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхгүй байна.

Иймд үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан зохицуулалтанд нийцсэн, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ  Иргэний хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй  байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрч Н.Баяртай,Б.Батцэнгэл нарыг оролцуулсан атлаа шийдвэрийн үндэслэх хэсэгт  тэдгээрийн  мэдүүлэгийг үнэлсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь буруу байгааг дурьдах нь зүйтэй.

  Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх турай хуулийн   167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 05 дүгээр сарын 31-ний өдрийн 300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн  давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2016 оны 5 дугаар сарын 30-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35750 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

                                                                       М.ХҮРЭЛБААТАР