Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01611

 

 

 

 

 

 

 

 

2023 08 16 210/МА2023/01611

 

 

 

Ц.У ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/03205 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ц.У ,

Хариуцагч: Д.У , Ж.О ,

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Ц.У нь Д.У , Ж.О нартай 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэй зээлүүлсэн.

Зээлдэгч нар тохиролцсон хугацаандаа мөнгөө төлөөгүй тул харилцан тохиролцож гэрээг сунгаж явсаар 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Төлбөр барагдуулах гэрээгээр зээл, зээлийн хүүгийн төлбөрт 12,000,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцсон боловч хариуцагч нар зээлийг буцаан төлөх үүргээ үл биелүүлээгүй.

Иймд зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 12,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Зээлийн гэрээний дагуу авсан мөнгийг буцаан төлсөөр байхад нэхэмжлэгч алданги, хүү гэсэн дарааллаар зээлийг төлүүлж, дарамт шахалт үзүүлж тооцоо нийлэх, төлбөр барагдуулах гэрээ зэргийг байгуулсан ба мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Бид нэхэмжлэгчээс авсан зээл, зээлийн хүүг төлсөн, төлбөр барагдуулах гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Ж.О , Д.У нараас 1,760,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.У д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,240,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 43,110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээг талууд дүгнэж, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс гарч зээлийн гэрээний дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2. Анхан шатны шүүхээс төлбөр барагдуулах гэрээнд 12,000,000 төгрөгийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна гэх боловч зээлийн гэрээ болон түүний хавсралт сунгалтуудад тусгагдсан нэмэлт, өөрчлөлтүүдийг харгалзаж үзээгүй.

4.3. Анхан шатны шүүх ...зээлийн хүүг харилцан тохиролцох эрхтэй боловч энэ нь зээлдэгч нарт хэт ашиггүй байх нь шударга байх гэсэн зарчимтай нийцэхгүй... гэх үндэслэлээр зээлийн хүүг тооцохгүй байгаа нь Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид заасан хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хариуцагч нар хүсэлт гаргасан нөхцөлд шүүх хүүг тодорхой хэмжээгээр багасгаж болохоор заасан. Харин хариуцагч нар хүү тооцохгүй байх талаар маргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар хэт нэг талыг барьж, зээлийн хүүг хэрэгсэхгүй болгож хуульд нийцээгүй шийдвэр гаргасан.

4.4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын анх хүүд төлсөн 650,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хассан.

Хариуцагч нар уг мөнгийг зээлийн хүүд төлсөн талаар маргаагүй, мөн тухайн төлбөр хийгдсэнээс хойш тооцоо нийлж, үүний үндсэн дээр төлбөр барагдуулах гэрээ байгуулж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.

4.5. Анхан шатны шүүхээс зээлийн үндсэн төлбөр 3,000,000 төгрөгөөс барааны үнэ 590,000 төгрөгийг хасч тооцсон үндэслэлээ тайлбарлахгүйгээр зөвхөн хариуцагч нарыг тайлбарыг үндэслэн хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зээлийн үндсэн төлбөрийг 3,000,000 төгрөгөөр тооцон гаргуулж, зээлийн хүүг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэгт зааснаар банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн хэмжээгээр тооцож, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүүд төлсөн 650,000 төгрөг, өөр зээлийн төлбөрт өгсөн 590,000 төгрөгийг хасахгүйгээр хариуцагч нараас гаргуулах өөрчлөлт оруулна үү гэжээ.

 

5. Хариуцагч нар давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Д.У , Ж.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргасан. Түүнчлэн, хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...Ц.У нь ...их хэмжээний хүү, алданги авдаг гэжээ. /хх 22/

Өөрөөр хэлбэл, талууд 3,000,000 төгрөгийг харилцан тохиролцож зээлсэн үйл баримттай маргаагүй, харин нэхэмжлэгч уг зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас үндсэн зээл болон хүүг төлбөр барагдуулах гэрээг үндэслэн шаардсаныг хариуцагч нар нь зээлийн хүүгийн хэмжээг хэт өндөр, зээлийн мөнгөн төлбөрийг буцаан төлсөн агуулгаар эс зөвшөөрч маргасан байна.

Энэ тохиолдолд шүүх хариуцагч нарын ...зээлийн хүү хэт өндөр байсан гэх тайлбартай холбогдуулан зээлийн хүүгийн талаар талуудыг мэтгэлцүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

2.3. Түүнчлэн, талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг 7 удаа сунгасан гэх нэхэмжлэгчийн тайлбартай холбогдуулан тухай бүрд хэдэн хувийн хүүтэй, ямар хугацаагаар сунгаж байсан талаар тодруулах шаардлагатай.

Учир нь, нэхэмжлэгч 8,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардахдаа үндсэн зээл 3,000,000 төгрөгийн хүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байхад шүүх маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах, маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/03205 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.У аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,790 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН