Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2016/00758

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо Жамсран уулын өвөр 6-2114 тоотод оршин суух, Зайсан овгийн Даваасүрэнгийн Баянмөнх /РЗ76073011/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Ундарга 11-08 тоотод оршин суух, Боржигон овгийн Жамъяны Эрдэнэчимэгт холбогдох,

 “Зээлийн гэрээний үүрэг гэж 2 088 500 төгрөг гаргуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Болд-Эрдэнэ худалдах худалдан авах гэрээний үүрэг гэж 1 587 000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Баянмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ванчиг, хариуцагч Ж.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхсувд, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтохбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Д.Баянмөнх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Ж.Эрдэнэчимэг нь махны наймаанд явж байна ганц нэг эргэлдүүлээд өгье гээд 1 000 000 төгрөгийг 5096143848 тоот дансаар зээлж авсан. Мөн 2015 оны 08 дугаар сарын 29-нд манхны ханш өсөхгүй байна гээд урьд нь зээлж авсан 1 000 000 төгрөгтэйгээ хамт удаахгүй гэж хэлээд 500 000 төгрөгийг 5096143848 тоот дансаар шилжүүлүүлэн зээлж авсан болно. Уг 1 500 000 төгрөгийг Ж.Эрдэнэчимэгээс нэхэмжилж байна. Зээлдүүлсэн мөнгөө Ж.Эрдэнэчимэгээс нэхэхэд харин ч өөдөөс мөнгө нэхэж машины наймаа хийсэн мэтээр гүтгэж шүүхэд өгч зардал чирэгдэл учруулсаар ирлээ. Машины наймаа хийгээгүй гэдгийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтай дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 38891 тоот захирамжаар нотолсон болно. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумаас Улаанбаатар хот руу явж байхад Рашаант сумын хэсгийн төлөөлөгч дэслэгч Алтантогтоход, Ж.Эрдэнэчимэг нь миний нөхөр Эрдэнэдагвыг Баянмөнх нь хүчээр барьцаалж явсан гэх мэтээр худал мэдүүлэг өгч дэслэгч Алтантогтохыг шалгах явцад миний жолооны үнэмлэх болон 33-63 УНД улсын дугаартай королла маркийн авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг Алтантогтохоос булаан авч барьцаалж 5 000 000 төгрөг өг, өгвөл бичиг баримтыг чинь өгнө гээд бичиг баримт авч явсан. Рашаант суманд бичиг баримтгүй машинтай ажил төрлөө алдан дэслэгч Алтантогтохтой Ж.Эрдэнэчимэгийг хайж 5 хоносон. Арга буюу ажлаас дуудагдаад бичиг баримтгүй машинтай Улаанбаатар хот руу 2015 оны 09 дүгээр сарын 30-нд орж ирсэн. Миний бие Баянмөнх нь тухайн үед Хан-Уул дүүргийн морингийн даваанд баригдаж буй цэвэрлэх байгууламжийн оффисын барилгын гадна фассад болон дээврийн ажлыг “Булган цэнгэл” ХХК-тай гэрээгээр 5 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэхээр болсон. Миний оршин суугаа гэрээс морингийн даваанд баригдаж буй барилга хүртэл таксигаар явахад 24 км зайтай учир 1 км 800 төгрөгөөр бодоход 19 200 төгрөг болж 2 талдаа 38 400 төгрөгийг таксинд төлдөг байсан. 2015 оны 09 дүгээр сарын 31-ны өдрөөс хойш 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр хүртэл 15 өдөр нийт 576 000 төгрөг таксинд төлж хохирсон. Өдөр бүр тавуулаа ажлын багаж тоног төхөөрөмж хувцасыг авч явахад автобусаар зорчих ямар ч боломжгүй учир таксигаар үйлчлүүдэг байсан. Хэрэв миний жолооны бичиг баримтыг Ж.Эрдэнэчимэг барьцаалж аваагүй бол өөрийн унаагаар ажилдаа ирж очин таксинд илүү мөнгө төлж хохирохгүй байсан. Иймд таксинд төлсөн 576 000 төгрөгийг бодит хохирол гэж үзэн Ж.Эрдэнэчимэгээс нэхэмжилж байна. Мөн жолооны үнэмлэх шинээр авахад үнэмлэхний мөнгө гэж 12 500 төгрөг, төрийн санд, эрүүл мэндийн үзлэгт ороход 10 000 төгрөг төлсөн. Үүнийг Ж.Эрдэнэчимэгээс нэхэмжилж байна. Иймд нийт 2 088 500 төгрөгийг Ж.Эрдэнэчимэгээс гаргуулж өгнө үү гэсэн бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 1 500 000 төгрөг болгон бууруулсан гэжээ.  

Нэхэмжлэгч Д.Баянмөнх сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Ж.Эрдэнэчимэгийн сөрөг нэхэмжлэлд машины наймаа хийсэн мэтээр огт үндэслэлгүй гүтгэлэг гэж үзэж нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй учир нь нэг машиныг нөхөр Эрэгдэндагва нь нэг зарна эхнэр Эрдэнэчимэг нь нэг зарна, хүү Болд-Эрдэнэ нь нэг зарна. Тэгээд хэдэн хүнд зардаг юм. Нэг болохоор надад зарсан гэх. Нэг болохоор Батмөнхөд зарсан надад огт хамаагүй болно. Б.Мөнхбат нь шүүхэд гаргасан тайлбартаа Батмөнхтэй наймаа хийсэн гэдгийг нотолсон байна. Мөн шүүхэд гаргаж өгсөн автомашин худалдах худалдан авах гэрээнд Тэрбиш нь Болд-Эрдэнэд 2016 оны 03 сарын 25-нд гэрээ байгуулсан нь 2014 оны 11 сард Эрэгдэгдагва Эрдэнэчимэг, Болд-Эрдэнэ нарт уг машины захиран зарцуулах эрх үүсээгүй нотолж байна гэжээ.

Хариуцагч Ж.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Баянмөнхөд Эрдэнэчимэг миний бие нь 2014 оны 11 сард Бүгд найрамдах солонгос улсад 1996 онд үйлдвэрлэгдсэн ОРА 30-85 улсын дугаартай “Спортаде” маркийн машиныг зээлээр худалдаач гэж гуйсны дагуу  3 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон юм. Энэ машиныг Батмөнх гэгчид авч өгсөн. 2015 оны 03 дугаар сарын 04-нд мөнгийг бөөнд нь өгөөд бичиг баримтаа авна гэсэн боловч мөнгөгүй гээд яваад байсан. Би олон удаа нэхсэн. Нэхүүлж байж 2015 оны 08 дугаар сарын 29-нд 500 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 04-нд 1 000 000 төгрөгийг миний 5096143848 дансаар өгсөн. Үүнээс хойш олон удаа ярьсан боловч мөнгөгүй гээд яваад байсан. 2015 оны 10 дугаар сарын 20-ны үед Баянмөнхийнд очиж машины үлдэгдэл мөнгөө нэхэхэд Баянмөнх нь мөнгө байхгүй гэхэд Батмөнх нь иргэний үнэмлэхний хуулбар гаргаж өгөөд миний нэр дээр шилжүүлчих Баянмөнх удахгүй мөнгөтэй болно гэж хэлсэн. Тухайн үед Технологийн их сургуулийн оюутан Хишигбаяр гэдэг залуутай очиж байсан. Би энэ асуудлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан юм. Гэвч 2015 оны 11 сарын 30-ны өдрийн дугаар 38891 бүхий шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би нэхэмжлэл гаргахдаа хүүгийнхээ өмнөөс шүүх хуралд төлөөлөх итгэмжлэлээ хуулийн мэдлэг дутмагаасаа буруу гаргасан, нэхэмжлэлд бичсэнчлэн машины наймаа хийгээгүй гэдгийг шүүх нотолсон асуудал байхгүй. Энэ хүн намайг гүжирдэж гүтгэдэг шигээ шүүх шүүгчдийг гүжирдэж байна. Би Баянмөнхөд мөнгөний өгөл байхгүй. Харин машины үлдэгдэл мөнгө болох 1 500 000 төгрөгийг Баянмөнхөөс гаргуулж өгөхийг хүсэж байна. Нөхөр болох Эрэгдэндагва Баянмөнхийн ах дүү нар 2014 оноос хойш надаас мөнгө зээлж банкны өрөө хаалгачихаад мөнгийг маань өгөхгүй байсан. Мөн 2015 оны 09 дүгээр сард мал хураагдах гээд байна туслаач гэж гуйж банкны зээлээ хүний өөрийн мөнгөөр хаалгачихаад мөнгө өгөхгүй байсан. 2 удаа Эрдэнэтээс Хөвсгөл аймгийн Рашаант сум руу том тэргээр очсон боловч өгөөгүй. /тухайн үед мал өгнө гээд авсан байсан/ Ах дүүгээрээ нийлж луйвар хийгээд байхаар нь би Баянмөнхийн дүү Баяржаргалтай нь цагдаад өгсөн боловч цагдаа нь миний хэрэг биш иргэний хэрэг байна гэж хэлсэн. Энэ үед ах дүү 2 нь Баатарсүх гэж залуутай нийлж цагдаад танил тал найз нөхөд байна. Чи муу яршиг л байна. Наад гомдол гаргадаг хэсэг цагдааг чинь ажилаас нь халуулна шүү. Чам шиг юм юу ч олж долоохгүй шүү гэж хэл амаар доромжилсон. Би энэ үед уурандаа машины бичиг баримт булааж авсан ч 2015 оны 10 сарын 05-ны үед хот орж бичиг баримтыг нь жолооч Насан, Загаа, Дэлгэрсайхан гэгч хүмүүстэй хамт очиж өгсөн. Энэ үед ажилгүй гээд самарт дөнгөж яваад ирсэн байсан. Тухайн үед ажил хийгээд таксидаж явсан юм байхгүй байсан. Үүний дараа ажил олдохгүй байна гээд Шарын гол руу алт ухахаар явсан байсан. Эд нар ах дүүгээрээ хүн гүжирдээд сурсан худалч улсууд байдаг. Миний нөхөр болох дүү Эрдэнэдагва нь ах дүүтэйгээ нийлж мөнгө төгрөг, хүүхдийн машин залилан авч, үр хүүхдийнхээ гарынг хуга цохичихоод Улаанбаатар хотод өөр хүүхэн дээр ороод хэвтсэн. Энэ цагаас хойш ах дүүгээрээ нийлж мөнгө төгрөгийг маань өгөхгүй гүжирдэж яваа учраас би их гомдолтой байна. Өвчин зовлонтой үед ээж, ах, дүү нэг нь ч  юу болж байна яанаа ийнээ гэж харж хандаж таван төгрөг аваад өгөх ч хүн байдаггүй. Урьд нь миний байр хашаа байшинг наймаа хийх нэрээр барьцаанд тавиулж 1 бус удаа мөнгө төгрөгний хулгай хийж баар буудлаар хүүхэнтэй зугаалж орох оронгүй болгож хохироож байсан. Гэрчүүд байдаг юм. Хүн өрөвдөж хайрлах сэтгэлгүй үр хүүхдийнхээ төлөө сэтгэлгүй улсууд байдаг. Д.Баянмөнх нь хүнд мөнгө зээлдэг ч хүн биш, дандаа л мөнгөний гачигдалтай мөнгө ярьж явдаг хүн байдаг. Энэ асуудлыг үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсч байна. Би Баянмөнхийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ж.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэдээ: Тус шүүхэд 2016 оны 2 дугаар сар 22-ны өдөр иргэн Д.Баянмөнх 2 088.500 /хоёр сая наян найман мянга таван зуун мянган/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Учир нь Д.Баянмөнх нь 2014 оны 11-н сард БНСУ-д 1996 онд үйлдвэрлэгдсэн ОРА 30-55 улсын дугаартай “Sportage” маркийн авто машиныг зээлээр худалдаж авъя гэж 3 000 000 /гурван сая/ төгрөг төлөхөөр тохиролцсон. Энэ машиныг Батмөнх гэгчид авч өгсөн. Үлдсэн төлбөр болох 1.500.000 төгрөгөө өгөхөөр нь гэрчилгээг нь шилжүүлж өгөхөөр тохиролцсон юм. Уг нь зарахгүй гэж байсан боловч Д.Баянмөнх нь утсаар ярьж шаардаж байгаад зөвшөөрүүлсэн. Д.Баянмөнх бол манай нөхөр болох Эрэгдэндагвын төрсөн ах нь юм. Энэ дагуу машиныг 2014 оны 11-н сард Батмөнхөд өгч явуулсан. 2015 оны 8-р сарын 29-ний өдөр 500.000 мянган төгрөг, 2015 оны 7-р зсын 04-ний өдөр 1.000.000 төгрөг өгсөн. 2015 оны 10-н сарын 20-ны үед Баянмөнхийнд очиж машины үлдэгдэл мөнгөө нэхэхэд Баянмөнх “мөнгө байхгүй” гэхэд, Т.Батмөнх нь иргэний үнэмлэхний хуулбараа гаргаж өгөөд “миний нэр дээр шилжүүлчих, Баянмөнх удахгүй мөнгөтэй болно” гэж хэлсэн.Тэр үед ТИС-ын оюутан Хишигбаяр гэдэг залуутай очиж байсан юм. Энэ асуудлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан юм. Гэвч 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 38891 дугаар бүхий шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би нэхэмжлэл гаргахдаа хүүгийнхээ өмнөөс шүүх хуралд төлөөлөх итгэмжпэлээ хуулийн мэдлэг дутмагаас буруу гаргасан байсан. Баямөнхийн гаргасан нэхэмжлэлд бичсэнчлэн машины наймаа хийгээгүй гэдгийг шүүх нотолсон асуудал байхгүй.Энэ хүн намайг гүтгэж, гүжирддэг шигээ шүүх, шүүгчийг гүжирдэж байна. Шүүгчийн 38891 дугаар бүхий шүүгчийн захирамжин дээр байгаа, хариуцагчаар "гаргасан тайлбартаа“ Би Болд-Эрдэнээс машин худалдаж аваагүй. Төрсөн дүү Рэгзэндагва надаас мөнгө зээлээч гэхээр нь эхлээд 1.000.000 төгрөг зээлсэн. Дараа нь хүүхэд сургуульд орох гээд байна мөнгө зээлээч гэхэд нь 500.000 төгрөг зээлсэн...” гэж тайлбарласан ч, Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 2 дугаар сар 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ “2015 оны 7-р сарын 4-ний өдөр иргэн миний дүү болох Эрэгдэндагвын эхнэр болох Эрдэнэчимэг нь махны наймаанд явж байна гээд нэг сая төгрөгийг 5096143848 тоот дансаар авсан. Мөн 2015 оны 08 сарын 29-нд махны ханш өсөхгүй байна гээд урьд нь зээлж авсан нэг сая төгрөгөө удаахгүй өгнө гэж хэлээд 500.000 төгрөгийг 5096143848 тоот дансаар авсан болно” гэж зөрүүтэй тайлбар гаргаж байгаагаар нотлогдож байна. Үүнийг шүүхээс онцгой анхаарч үзээч гэж хүсэж байна. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.1 дэх хэсэгт заасан “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” үүрэгтэй гэснийг зөрчиж шүүх, шүүгчийг үл хүндэтгэсэн явдал юм. Яагаад ингэж худал гүжирдлэгээр үндэслэлгүй мөнгө төгрөг нэхэмжилж байгааг нь ойлгохгүй байна. Энэ талаар тухайн үед шүүгч Ө.Уянга ч гэсэн тайлбарлаж өгөөд “тэр машин чинь тэгээд хөл ургаад тэнд оччоо юу” гэхэд Д.Баянмөнх таг дуугүй байсан шүү дээ. Машин заруулах гэж шахаж дарамталж байхыг манай гудамжны залуу Б.Мөнхбат мэддэг юм. Энэ талаар нь тайлбар бичүүлж авч нэхэмжлэлд хавсаргасан болно. Түүний дүү болох миний нөхөр Эрэгдэндагва хамт амьдарсан 15 жилийн хугацаанд ууж зоддог байсан. Байр, хашаа байшин зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг маань наймаа хийх нэрийдлээр банкны барьцаанд тавиулан 3-8-70 тоот байр, Шандын 3-10 хашаа байшингаар минь тоглосон. Ах Баянмөнхтэйгээ архи ууж буудал хэсч өрөнд оруулж байсан. Олон жилийн энэ утга учиргүй амьдарлаас залхаж, өөрийн үр хүүхдийнхээ амь нас эрүүл мэндийг бодож салах өргөдлөө өгсөн. Эрэгдэндагва нь дүү Баяржаргалтайгаа мөнгөнөөс болж хэрүүл хийсэн уураа охин бид 2-т гаргаж танхайран охин Болортунгалагийг довжоон дээрээс шидэж гарыг нь хугалж хүндэвтэр гэмтэл учруулсан, энэ хэрэгтээ Эрүүгийн хуулийн 181.2.1 гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэгдэн Орхон аймгийн Прокурорын шатанд шалгагдаж байгаа. Мөн хүүгийн маань “Маяти” маркийн машиныг согтуудаа хаалганы шил хаглаж, нугасыг нь эвдэж, төмблүүр эвдсэнээс засварын хөлстэйгээ нийлээд 235.000 төгрөгийн хохирол учирсан юм. Энэ асуудлыг нэхэмжлэлд яагаад дурьдаж байна вэ гэхээр манай нөхөр түүний ах дүү нар бие биенээ өөгшүүлж өмөөрдөг, өр зээлний асуудал ихтэй. Хүний хөлс хүчээрээ олсон зүйлийг мөлжиж амьдардаг, амьдралдаа арчаа муутай. Түлэх түлээгээ ч татаж чаддагүй л хүмүүс юм. Одоо энэ Баянмөнх гэдэг хүн шүүх шүүгчийг хуурсан нэхэмжлэл гаргаж байгаа нь өнөөх л дүү Эрэгдэндагвыгаа өмөөрч өөгшүүлэхдээ хийж байгаа арчаагүй үйлдэл юм. Машин маань одоо Хөвсгөл аймгийн Рашаант суманд дүү Баяржаргалынх нь хашаанд байгаа. Намар 2015 оны 7-н сарын 25-нд Рашаант суманд очиход архи ууж явж байгаад кастерыг нь цөмөлж тосыг нь гоожуулаад чирүүлж авч ирээд хаясан байсан. Уг машиныг худалдаж авсныхаа дараа 7-н төрлийн сэлбэг хэрэгсэл 849.000 төгрөгөөр авч сольсон, 350.000 төгрөгөөр будаг замаск хийлгэж байсан. Одоо би энэ хүнээс машины үлдэгдэл төлбөр болох 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, 2015 он, 2016 оны авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар агаарын бохирдлын төлбөр 87 000 төгрөг нэхэмжилж байна. Иймд иргэн Д.Баянмөнхөөс нийт 1 587 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Эрдэнэчимэг нь бие даасан шаардлагын хариу тайлбарт: Бие даан шаардлага гаргасан Г.Болд-Эрдэнийн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Би 2014 оны 04 сард Тэрбиш гэдэг хүнээс 30-85 ОРА дугаартай спортийн машиныг хүү Болд-Эрдэнэдээ авч өгсөн. Тэрбиш гэдэг хүнээс хүү Болд-Эрдэнэдээ авч өгсөн. Тэрбиш гэдэг хүнээс хүү Болд-Эрдэнэ тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгээ шилжүүлж аваагүй байсан. Гэтэл Баянмөнх нь машинаа зээлээр зарчихаач гээд гуйгаад байхаар нь 3 000 000 төгрөгөөр машины худалдах, худалдан авахаар тохиролцсон. Машины мөнгийг 2015 оны 03 сарын 04-нд Зайсангийн барилга дээр ажиллаж байсан мөнгө орж ирэхээр өгнө гээд Батмөнхөд машиныг өгөөд явуул гэж Баянмөнх ярьж тохирсон. Ингээд Батмөнхөд машиныг өгч явуулсан. Би машины бичиг баримтаа мөнгө авч байж шилжүүлж өгнө гээд өгөөгүй. Машины мөнгийг тохирсон хугацаандаа өгөөгүй. Гуйлгаж байж 2015 оны 07 сарын 04-нд 1 000 000 төгрөг, 2015 оны 08 сарын 29-нд 500 000 төгрөгийг миний дансаар шилжүүлж өгсөн. Одоо үлдэгдэл 1 500 000 төгрөг 2015-2016 оны татвар 80 000 төгрөг, агаарын бохирдлын 7 000 төгрөгийг хүү Болд-Эрдэнэд Д.Баянмөнх нь төлөх ёстой гэж үзэж байна. Хүү Болд-Эрдэнийн машиныг унаж яваад 2 жил гаран эзэмшсэн нь үнэн гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Болд-Эрдэнэ шүүхэд гаргасан шаардлагадаа: Д.Баянмөнхийн нэхэмжлэлтэй Ж.Эрдэнэчимэгт хариуцагдах иргэний хэрэгт Г.Болд-Эрдэнэ миний бие дараах шаардлагыг гаргаж оролцож байна. Миний ээж Ж.Эрдэнэчимэг нь 2014 оны 04 дүгээр сард Н.Тэрбиш гэдэг хүнээс 30-85 ОРА дугаартай “sрогtаде” машиныг надад худалдан авч өгсөн юм. Тухайн үед би авто машин худалдан авсан Н.Тэрбиш гэдэг хүнээс тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шилжүүлж аваагүй байсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ миний нэр дээр гараагүй байхад машиныг Д.Баянмөнх ах 3.000.000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар болж Батмөнх гэдэг хүн гэрээс ирж аваад явсан. Гэтэл авсан машиныхаа үнийг төлөх нь байтугай бүр огт машин аваагүй гэж, өмнө нь машины үнэд шилжүүлсэн 1.500.000 төгрөгөө ээжид зээлдүүлсэн мөнгө мэтээр бичиж нэхэмжлэл гаргасан байна. Иймд Г.Болд-Эрдэнэ би Д.Баянмөнхөөс машиний үнийн үлдэгдэл мөнгө 1 500 000 төгрөг, 2015, 2016 оны авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 7000 төгрөг, агаарын бохирдлын төлбөр 80.000 төгрөг, нийт 1 587 000 /нэг сая таван зуун наян долоон мянга/-н төгрөгийг нэхэмжилж байна. Машиныхаа мөнгийг Д.Баянмөнхөөс гүйцэд гаргуулж авсны дараа машины бичиг баримтыг түүний нэр дээр шилжүүлж өгнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Баянмөнх нь хариуцагч Ж.Эрдэнэчимэгт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг, гэрээнээс үүдэлтэй хохирол гэж нийт 2 088 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Болд-Эрдэнэ нь машин худалдсаны үлдэгдэл болон татвар, агаарын бохирдлын мөнгө гэж 1 587 000 төгрөгийг Д.Баянмөнхөөс гаргуулах” шаардлагыг тус тус гаргасан.

Хариуцагч Ж.Эрдэнэчимэг нь Д.Баянмөнхөөс машины үлдэгдэл төлбөр болон татвар гэж нэхэмжилсэн 1 587 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлээсээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа таксины мөнгө 576 000 төгрөг, жолооны үнэмлэх шинээр авахад үнэмлэхний мөнгө 12 500 төгрөг, эрүүл мэндийн үзлэгт ороход 10 000 төгрөг төлсөн нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 1 500 000 төгрөг болгон бууруулсан.  

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Баянмөнх нь нэхэмжлэлийн шаардлагаа хэргийн 4-5 дугаар хуудас дахь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг үндэслэн 1 500 000 төгрөгийг Ж.Эрдэнэчимэгт зээлүүлсэн гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч, нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ 1 500 000 төгрөгийг Д.Баянмөнхөөс би зээлж аваагүй, харин 2014 оны 11 сард ОРА 30-85 улсын дугаартай “Спортаже” маркийн машиныг зээлээр худалдаач гэж гуйсны дагуу  Д.Баянмөнх нь 3 000 000 төгрөгөөр авахаар  тохиролцсон юм. Энэ машиныг Д.Баянмөнх нь Батмөнхөд авч өгсөн. 2015 оны 03 дугаар сарын 04-нд мөнгийг нь бөөнд нь өгөөд бичиг баримтаа авна гэсэн боловч мөнгөгүй гээд яваад байсан, би олон удаа нэхсэн. Нэхүүлж байж 2015 оны 08 дугаар сарын 29-нд 500 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 04-нд 1 000 000 төгрөгийг миний 5096143848 дансаар өгсөн. Үүнээс хойш олон удаа ярьсан боловч мөнгө өгөөгүй... Би энэ асуудлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан. Гэвч 2015 оны 11 сарын 30-ны өдрийн 38891 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би нэхэмжлэл гаргахдаа хүүгийнхээ өмнөөс шүүх хуралд төлөөлөх итгэмжлэлээ хуулийн мэдлэг дутмагаасаа буруу гаргасан, нэхэмжлэлд бичсэнчлэн машины наймаа хийгээгүй гэдгийг шүүх нотолсон асуудал байхгүй... гэж мэтгэлцсэн.   

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

Тэгвэл нэхэмжлэгч нь 1 500 000 төгрөгийг Ж.Эрдэнэчимэгийг гуйсны дагуу зээлүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. Учир нь хэргийн 27-28 дугаар хуудсанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 38891 дугаартай шүүгчийн захирамж авагдсан байх бөгөөд, уг захирамжаар Г.Болд-Эрдэнийн нэхэмжлэлтэй Д.Баянмөнхөд холбогдох машины үлдэгдэл төлбөр 1 500 000 төгрөг гаргуулах хэргийг, нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй этгээд нэхэмжлэлийг гаргаагүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 38891 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд Д.Баянмөнх тайлбарлахдаа: “...миний төрсөн дүү Рэгдэндагва нь надаас мөнгө зээлээч гэхээр нь эхлээд 1,0 сая төгрөг зээлсэн, дараа нь хүүхэд сургуульд орох гээд байна мөнгө зээлээч гэхэд 500 000 төгрөг зээлсэн...” гэсэн тайлбар, Ж.Эрдэнэчимэгийн нэхүүлж байж 2015 оны 08 дугаар сарын 29-нд 500 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 04-нд 1 000 000 төгрөгийг Д.Баянмөнх нь миний 5096143848 дансаар өгсөн гэсэн тайлбарууд,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Г.Болд-Эрдэнийн машины үлдэгдэл мөнгө 1 500 000 төгрөг нэхэмжилсэн тухай нэхэмжлэл,

 гэрч Т.Батмөнхийн: “...”спортаже” машиныг би Рэгдэндагваас 2,0 сая төгрөгөөр авсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Мөнхбатын: “...намайг Рэгдэндагва ахынд ороход Т.Батмөнх ах гэрт нь ирсэн байсан. Батмөнх анх Баянмөнх ахын ээжийн малыг Рашаант сум руу явж маллах гэж байгаа гэж ярьж байсан. Болд-Эрдэнийн машинийг Баянмөнх ах зээлээр авна гэхэд өгөхгүй гэсэн тэгээд Эрдэнэчимэг эгчийг Рэгдэндагва ах  Баянмөнх ах руу утсаар ярь гэсэн. Ж.Эрдэнэчимэг эгч Баянмөнх ахтай утсаар ярьчаад Рэгдэндагва ахад машинийг 3,0 саяар авья, мөнгийг нь 3, 4 сард барилгын үлдэгдэл мөнгө орж ирэхээр өгнө гэж байна гэхэд, Рэгдэндагва ах өгчихөөч хавар мөнгийг нь авчихна гээд өгүүлэхээр болсон. Машинийг Хөвсгөл рүү Т.Батмөнх ах унаж явсан...” гэж мэдүүлсэн зэргүүдээс дүгнэвэл 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Эрдэнэчимэгт зээлүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Д.Баянмөнхийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Г.Болд-Эрдэнийн нэрээр Ж.Эрдэнэчимэг нь машины үлдэгдэл мөнгө гэж 1 500 000 төгрөгийг Д.Баянмөнхөөс нэхэмжилж шүүхэд хандсан байх ба Д.Баянмөнхийн нэхэмжлэлийн шаардлагатай энэ асуудалтай хамааралтай болох нь харагдаж байх ба шүүх хуралдаанд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, зохигчдын тайлбарууд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан.

  Иймд 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Баянмөнх нь Ж.Эрдэнэчимэгт зээлүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэрчүүдийн мэдүүлэг, зохигчдын тайлбарууд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын хувьд нэхэмжлэгч Д.Баянмөнх нь зээлийн гэрээний үүрэг гэж 1 500 000 төгрөгийг Ж.Эрдэнэчимэгээс шаардсан бөгөөд, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс өөр гэрээнд хамааралтай байх тул үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.                       

Хэн нэгэнд холбогдуулж шаардлага гаргах эрх нь хүн бүрт нээлттэй байдаг бөгөөд гуравдагч этгээд нь нэхэмжлэгчид холбогдуулан шаардлагаа бие даасан нэхэмжлэлээр биш харин үндсэн нэхэмжлэлд хамааруулан гаргаж буй нь түүний эрх юм. Харин бие даасан шаардлагыг үндэслэлгүй бол түүнийг хэрэгсэхгүй болгосноос үүсэх үр дагаврыг гуравдагч этгээд өөрөө хариуцна.

Иймд нэхэмжлэл болон, гуравдагч этгээдийн шаарлагыг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус төрийн санд үлдээхээр заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Ж.Эрдэнэчимэгт холбогдох, Д.Баянмөнхийн 1 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн 1 587 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48 500 төгрөг, хариуцагч Ж.Эрдэнэчимэгийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 42 000 төгрөг, гуравдагч этгээд Г.Болд-Эрдэнийн төлсөн 40 342 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА