Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 211/МА2023/00042

 

 

 

 

 

 

                           

 

 

 

                                                                    211/МА2023/00042

 

                                        

                             

          Г.Б нэхэмжлэлтэй иргэний

           хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2023/00241 дугаартай шийдвэртэй

Боржгин овогт Г Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй

Боржигон овогт Д Ц /РД:/-т холбогдох

7.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Д.Ц давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б /онлайн/, хариуцагч Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 онд Д.Ц нь над дээр ирж 2 комбайн, 3 жатка, 1 чиргүүл, комбайны нэлээд сэлбэг зэргийг гэрээ байгуулан 14,000,000 төгрөгөөр худалдан авсан юм. Тухайн үед комбайны жатка, чиргүүл зэргийг чанар байдлыг үзэж шалгаад үнэ тохирч гэрээ байгуулан нэг комбайныг Архангай аймаг руу хөлөөр нь авч явсан юм. Мөн хоёр жатка, чиргүүл зэргийг болон нөгөө комбайны варетерийн немень, хойд хоёр дугуй, араатайгаа, суурьтайгаа, чангалагч, ремень цэврийн элеватор, цэврийн хэвтээ немень, явахын варьтер гэх мэтийн сэлбэгийг хамт авч явсан юм. Гэрээнд заасан техникүүдийн урьдчилгаа 7,000,000 төгрөг өгнө гэж тохирсон боловч өгөөгүй, нэхүүлж байж 6,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдлийг нь одоо болтол өгөөгүй намайг хохироож байна. Анх Д.Ц комбайн авах гэж олон удаа утсаар ярьж, биеэр хүрч ирэн уулзаж байсан. Сэлэнгэ аймгийн Зүүн хараагаас хүн авах гэж байхад гуйж байгаад өөрөө газар нь ирж үзээд үнэ тохирч гэрээ байгуулан авчхаад одоо үлдэгдэл мөнгөө өгөхгүй намайг хохироож байна. Иймд Д.Ц гэрээний дагуу худалдаж авсан техникүүдийн үнэ 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  2. Хариуцагч Д.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.Б нэхэмжлэлтэй, Д.Ц надад холбогдох, иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан би шүүхэд дараах тайлбарыг бичгээр гаргаж байна. Г.Б 2019 оны 8 сард нэг бүтэн комбайн, нэг комбайны задгай сэлбэг, 2 жатаг, нэг жатагны рам, нэг чиргүүл, зарим нэг сэлбэг зэргийн хамт бүгдийг нь нийлүүлээд 14,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцоод би урьдчилгаанд 6,500,000 төгрөг өгсөн. Тэгээд би өөрийн зардлаараа бүгдийг нь татаж Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Бэрэнгийн ар гэх газарт байрлах өөрийн талбай дээр авч ирж тавьсан. Тэгээд 2019 оны 9 сарын 20-ны үед тарианы борц гүйцээд тариагаа хураахаар тухайн комбайныг асаагаад талбай руугаа ортол будаагаа няцалж үйрүүлээд хойш нь цацаад горимынхоо дагуу ажиллахгүй байсан. Тэгэхэд нь би Г.Б ахтай холбогдож “энэ комбайн чинь тариа хураахгүй, будаагаа няцлаад гэмтээгээд хойш нь цацаад байна, та ирж янзалж өг” гэж хэлтэл “миний зав болохгүй байна, манай комбайн мэддэг хүн ажилтай болчхоод, би өөрөө очиж амжихгүй” гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Г.Б холбогдож энэ комбайны чинь барваан үзүүр хэсэгт гайхгүй, гагнууртай юм байна гэтэл надад өөрөөсөө хуучин барваан явуулсан. Би түүнийг нь тавиад өөрийн зардлаараа налуугийн трансфортер 1 ширхэгийг 1,650,000 төгрөгөөр, том декийг 1,250,000 төгрөгөөр, 8 ширхэг бийч 690,000 төгрөгөөр, цэвэр бохир хоёр трансфортер 900,000 төгрөгөөр тус тус шинээр тавьсан боловч тухайн комбайн будаа хураахгүй хэвээрээ байсан. Би дээрх комбайныг засварлаж цаг алдаж байхад цас орж 150 га газрын будаагаа даруулаад тус суманд тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг Б 2 комбайныг түрээсээр 1 га газрыг 50,000 төгрөгөөр тооцож хурааж авч байсан. Мөн 2021 онд С.Ө, 2022 онд С.Ө, Ц нарын комбайнуудыг түрээсэлж будаагаа хураалгасан. Үүнтэй холбоотой надад маш их зардал гарсан. Эдгээр хүмүүс бүгд мэдэж байгаа,  гэрчээр асуулгах болно. Тэр үед Л.Б ахад хэлж байсан. Дээрх нэг ширхэг комбайн одоо хүртэл манай талбай дээр шинээр тавьсан сэлбэг хэрэгсэлтэйгээ зогсож байгаа. Л.Б ахаас 2019 оны 8 сард комбайн авахад тариа хурааж үзэх талбай байгаагүй өөрөөр хэлбэл тариа хураах цаг болоогүй байсан учраас будаа хураадаг эд анги механизмыг нь ажиллуулж үзэлгүй, Л.Б ахыг зүгээр гээд байхаар нь түүнд л итгээд авсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2023/00241 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ц 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цо улсын тэмдэгтийн хураамж 134,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б олгон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Д.Ц давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2023/00241 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчаар татагдсан Д.Ц миний Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эдлэх эрхийг удаа дараа ноцтой зөрчиж, маргааны бодит байдлыг хуулийн хүрээнд тогтоолгүй хэтэрхий нэг талыг баримталж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг илтэд зөрчсөн шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Давж заалдах гомдлын үндэслэлийг давж заалдах шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дэлгэрэнгүй тайлбарлах болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэг зааснаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2023/00241 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэж байна.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдан авах гэрээгээр бол нэхэмжлэл гаргах бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна.  Мөн гэрээний он сараар үзэхээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн шүүхээс иргэний хэрэг шилжүүлсэн нь хуульд нийцээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Комбайн авчирснаас хойш ажиллаагүй. Нэхэмжлэгчийн  хэлснээр орос комбайн эвдэрдэг би Архангай явж засаж чадахгүй гэдэг үгээр нотлогдож байна.

 

7. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөдөө байдаг болохоор утасны сүлжээ муу болохоор утсаар ярьсан яриаг сайн сонсож чадаагүй мөн хурлын тов аваагүй. Багийн дарга мессежээр шүүх хурлын тов бичсэн болохоор мэдсэн. Мөн Б ярихгүй болохоор болсон юм байх гэж бодсон. Батжаргалын өгсөн комбайныг сэлбэж янзлаад ч болохгүй байсан.

 

 

 

 

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

 

 Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2023/00241 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан  журмын дагуу явуулсан,  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, маргааны үйл баримт, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Д.Ц холбогдуулан 7.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч Д.Ц худалдаж авсан комбайн эвдэрч ажил гүйцэтгээгүй тул  нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Б хариуцагч Д.Ц нарын хооронд газар тариалангийн техник хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ бодит үйлдлээр байгуулагдсан, хариуцагч Д.Ц комбайн болон сэлбэг, чиргүүл зэрэг техник хэрэгслийн төлбөр 14.000.000 төгрөгөөс 6.500.000 төгрөгийг төлсөн, 7.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Б төлөөгүй болох нь тогтоогдсон гэж дүгнэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 7.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Д.Ц...Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчаар татагдсан Д.Ц миний Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эдлэх эрхийг удаа дараа ноцтой зөрчиж, маргааны бодит байдлыг хуулийн хүрээнд тогтоолгүй хэтэрхий нэг талыг баримталж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг илтэд зөрчсөн шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна ... гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Хариуцагч Д.Ц анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр түүний эзэмшлийн 99014177 дугаарын утсаар холбогдож 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 30 минутад болох хурлын товыг мэдэгдсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан  журмын дагуу явуулсан,  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Г.Б хариуцагч Д.Ц нарын хооронд газар тариалангийн техник хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ бодит үйлдлээр байгуулагдсан, хариуцагч Д.Ц комбайн болон сэлбэг, чиргүүл зэрэг техник хэрэгслийн төлбөр 14.000.000 төгрөгөөс 6.500.000 төгрөгийг төлсөн, 7.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Б төлөөгүй болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтууд, хариуцагчийн шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Хариуцагч Д.Ц шүүхэд бичгээр өгсөн комбайныг өөрөө очиж нэхэмжлэгчээс зарим сэлбэг хэрэгслийн хамт авсан, комбайн горимын дагуу ажиллахгүй байсан тул нэхэмжлэгчээс дахин сэлбэг авсан...гэсэн тайлбар болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд хариуцагч хуучин комбайн болон сэлбэг, чиргүүл зэргийг өөрөө очиж хүлээн авсан бөгөөд комбайны эвдрэлээс болж гэрээнээс татгалзсан, эсхүл төлбөрийг бууруулахаар тохиролцсон зүйл тогтоогдохгүй, хариуцагч Д.Ц хуучин комбайн худалдан авснаа мэдэж байсан, засах сэлбэг хэрэгслийг хамтад нь худалдан авсан болох нь тогтоогдож байх тул гэрээний зүйл нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хариуцагч Д.Ц худалдсан комбайн нь хуулийн этгээдийн эзэмшлийнх биш болох нь нэхэмжлэгч Г.Б  шүүх хуралдаанд гаргасан...комбайн миний өмчийн хөрөнгө, хуулийн этгээдийн өмчид бүртгэлгүй...гэсэн тайлбараар тогтоогдож байх ба дээрх нөхцөл байдлыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Г.Б хариуцагчаас өөрийн эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй.

 Хэрэгт авагдсан Б ХХК, Д.Ц нарын 2019 оны 08 сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан “ комбайн миний өмчийн хөрөнгө, хуулийн этгээдийн өмчид бүртгэлгүй” гэсэн тайлбар, мөн хариуцагч Д.Ц худалдан авсан техник хэрэгслийн төлбөрийг хэнд төлөх талаар буюу хувь хүн болох Г.Б эсхүл компанид төлсөн, төлөх эсэх талаар маргаагүй зэргийг үндэслэн хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэн нотлох баримтаар үнэлээгүй. Мөн Бат оч эрдэнэ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ж.Э ХААН банкны 5043 тоот дансны 2019 оны 8 сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны, 2020 оны 11 сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй учир тус тус нотлох баримтаар үнэлээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт...хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана...гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт...шилжүүлсэн хэргийг хүлээн авсан шүүх түүнийг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Энэ хуулийн 20.1-д заасан дагуу шилжүүлсэн хэргийн харьяаллын талаар шүүхүүд хоорондоо маргаж болохгүй...гэж тус тус хуульчилжээ.

             Хариуцагч Д.Ц нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөрийн түр оршин суух газрын шүүх болох Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэх талаарх хүсэлтийг нотлох баримтын хамт гаргасныг шүүх хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу шилжүүлсэн бөгөөд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хэргийн харьяалал зөрчөөгүй байна.

            Мөн хариуцагч Д.Ц хаягыг тодруулахаар эрэн сурвалжлах шийдвэрийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/02541 дугаартай шийдвэрээр цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж шийдвэрлэсэн болох нь Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн тодорхойлолтоор тогтоогдож, дээрх ажиллагаа явагдсаны дараа нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

             Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 134.950 төгрөгийг орон нутгийн  орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2023/00241 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч Д.Ц давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 134.950 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ

                ШҮҮГЧИД                                    Т.ДАВААСҮРЭН

                                                              Н.ЭНХМАА