Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2016/00806/И |
Дугаар | 142/ШШ2016/00752 |
Огноо | 2016-06-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 142/ШШ2016/00752
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-15-32 тоотод оршин суух, Өөлд овгийн Аръяажавын Эрдэнэчимэг /ФМ60120463/-хүсэлттэй,
"Ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие А.Эрдэнэчимэг нь 1982 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Эрдэнэтийн Мод дамжуулах баазад тооцоологчоор ажиллаж байгаад 1983 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс ээлжийн амралтаа аваад дахин ажилдаа оролгүй 1983 оны 08 дугаар сарын 01-нээс Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа Нийтийн хоолны бэлтгэх цех, дундын цехед бэлтгэгч тогоочоор ажиллаж байгаад 1991 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс өөрийн хүсэлтээр гарсан. Дундын цехед тогоочоор ажиллаж ажиллаж байсан хугацааны баримт шатсан учир дундын цехийн ерөнхий мастер Тамара, нарийн боовны цехед мастер Эрдэнэчулуун нар тодорхойлох болно. Иймд 1983 оны 08 дугаар сараас 1991 оны 10 сар хүртэл Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа дундын цехед бэлтгэгч тогоочоор ажиллаж байсан, мөн мод дамжуулах баазад тооцоологчоор ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Аръяажавын Эрдэнэчимэг нь шүүхэд хандан “1982 оны 05 сарын 31-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01 хүртэл Эрдэнэтийн мод дамжуулах баазад тооцоологчоор, 1983 оны 08 дугаар сарын 01-нээс 1991 оны 10 дугаар сарын 01-ыг хүртэл Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Ресторан гуанзны төв, дундын цехед бэлтгэгч тогоочоор ажиллаж байснаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.
А.Эрдэнэчимэг нь 1982 оны 05 сарын 31-ний өдөр мод дамжуулах баазад тооцоологчоор орж, 1983 оны 06 дугаар сарын 01 хүртэл ажилласан болох нь 1982 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 64 дугаартай А.Эрдэнэчимэгийг 1 дүгээр ээлжинд тооцоологчоор түр авсан тухай, мөн 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 72 дугаартай ээлжийн амралт олгосон Мод дамжуулах баазын даргын тушаалуудаар нотлогдсон байна.
Мөн 1983 оны 08 дугаар сарын 01-нээс 1991 оны 10 дугаар сарын 01-ыг хүртэл Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Ресторан гуанзны төв, дундын цехед тогоочоор ажиллаж байсан нь болох нь фото зургууд, 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгосон VIII таван жилийн гавшгайчийн үнэмлэх, гэрч Д.Тамарагийн: “... Би 1984.10.01-нээс Ресторан гуанзны харьяа ТМС-ийн гуанзанд ахлах тогоочоор ажиллаж байгаад 1985.01.05-наас Дундын цехийн ерөнхий мастераар ажилласан. Намайг Дундын цехэд очиход А.Эрдэнэчимэг нь бэлтгэгч тогоочоор ажиллаж байсан. 1991 оны сүүлчээр өмч хувьчлалаар Дундын цехийг “Эрх” ХХК хувьчилж авах үед ажилчид маань тарсан. Тэр үед А.Эрдэнэчимэг хивсний үйлдвэрийн ажилчдын цайны газарт тогоочоор очиж байсан...” гэсэн мэдүүлэг, Д.Эрдэнэчулууны: “...Би 1987 онд сургууль төгсөж ирээд 1988 оноос Дундын цехийн нарийн боовны цехэд нарийн боовны мастер хийж байсан. Тэгэд Дундын цехийн бэлтгэгч цехэд А.Эрдэнэчимэг тогоочоор ажиллаж байсан. Тэгээд 1991 онд тал тал тийшээ тарсан...” гэсэн мэдүүлэг, Монголын худалдааны байгууллагын 90 жилийн ойд зориулан бичсэн Эрдэнэтийн худалдаа гэх 2011 онд хэвлэгдсэн номын 102 дугаар хуудсанд Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Ресторан гуанзны төв, Дундын цехийн хамт олны талаар бичигдсэн байх ба А.Эрдэнэчимэгийг ажиллаж байсан талаар бичсэн байна.
А.Эрдэнэчимэгийг VIII таван жилийн гавшгайчаар шагнасан нь түүний бүтэн 5 жилийн ажлыг үнэлсэн үнэлгээ гэж үзэх үндэслэлтэй бөгөөд, Монголын худалдааны байгууллагын 90 жилийн ойд зориулан бичсэн Эрдэнэтийн худалдаа гэх номын 155 дугаар хуудсанд Дундын цехийн хамт олны зургийн 2 дугаар эгнээний зүүнээсээ 4-д А.Эрдэнэчимэг авахуулсан байх ба энэ зургийг мөн нотлох баримтаар ирүүлсэн болно.
Иймд Аръяажавын Эрдэнэчимэгийг 1982 оны 05 сарын 31-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01 хүртэл Эрдэнэтийн мод дамжуулах баазад тооцоологчоор, 1983 оны 08 дугаар сарын 01-нээс 1991 оны 10 дугаар сарын 01-ыг хүртэл Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Ресторан гуанзны төв, дундын цехед бэлтгэгч тогоочоор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өөлд овгийн Аръяажавын Эрдэнэчимэг /ФМ60120463/-ийг 1982 оны 05 сарын 31-нээс 1983 оны 06 дугаар сарын 01 хүртэл Эрдэнэтийн мод дамжуулах баазад тооцоологчоор, 1983 оны 08 дугаар сарын 01-нээс 1991 оны 10 дугаар сарын 01-ыг хүртэл Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Ресторан гуанзны төв, дундын цехед бэлтгэгч тогоочоор ажиллаж тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА