Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01651

 

 

 

 

 

 

 

 

2023 08 23 210/МА2023/01651

 

 

 

К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/01642 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: К ББСБ ХХК,

Хариуцагч: Э.Г эд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 52,870,002 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Э.Г нь К ББСБ ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ЗГ2016/76 дугаар зээлийн гэрээ байгуулж, 16,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, 801 дүгээр байр, * тоот хаягт байршилтай, 19,27 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан.

 

1.2 Э.Г ийн 2016 онд авсан дээрх 16,000,000 төгрөгийн зээл нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 16,000,000 төгрөг, зээлийн хүү 9,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг талууд тооцоо нийлж, ЗГ2016/76 дугаартай зээлийн гэрээг шинэчилж, мөн өдрөө зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан.

 

1.3 Э.Г нь зээл авсан өдрөөс хойш зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 28,608,169 төгрөг, нийт 53,608,169 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр К ББСБ ХХК-аас 16,000,000 төгрөгийн зээл авсан. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 4,000,000 гаран төгрөгийг төлсөн. 2018 оны зээлийн гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр аваагүй тул уг төлбөрийг хариуцахгүй. Харин 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний дагуу 25,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Г ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,680,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,928,169 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А.Э , Б.Г нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, *** 00 дүгээр байрны * тоот хаягт байршилтай, 19.27 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г ээс 276,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 25,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд дүгнэлт өгөлгүй, зохигчдын тооцоо нийлж дуусгавар болгосон 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

4.2 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ2018/111 дугаар зээлийн гэрээний дагуу шаардлага гаргаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Э.Г ийн авсан зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөг байсан талаар зохигчдын хэн аль нь маргаагүй. Уг үнийн дүнгээр гэрээ байгуулсан тул 1 сарын хүү 875,000 төгрөгийг гэрээний хугацаа болох 12 сараар тооцож, нийт 10,500,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой.

 

4.3 Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 12 сарын хүү 10,500,000 төгрөг, үндсэн зээл шүүхийн шийдвэрээр хангагдсан үнийн дүнгийн зөрүү /25,000,000-23,680,000/ 1,320,000 төгрөг, нийт 11,820,000 төгрөгийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч К ББСБ ХХК нь хариуцагч Э.Г эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 53,608,169 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

2.1 Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан ЗГ2016/76 дугаартай зээлийн гэрээний үүргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 16,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 9,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг болохыг баталж тооцоо нийлж, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ2018/111 дугаартай зээлийн гэрээг шинэчилж байгуулсан. Уг гэрээний дагуу үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 28,608,169 төгрөг, нийт 53,608,169 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.

 

2.2 Хариуцагч нь татгалзалын үндэслэлээ ...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ2018/111 дугаартай зээлийн гэрээний дагуу зээл 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс аваагүй. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 25,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэж тайлбарласан.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.1 Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ЗГ2016/76 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч К ББСБ ХХК нь 16,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдэгч Э.Г эд зээлдүүлэх, зээлдэгч буюу хариуцагч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл болон хүүгийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. /хх36-38/

 

3.2 Дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээл 16,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь гэрээний үүрэгт 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 9,209,998 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй. /хх 78/

 

3.3 Улмаар талууд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ2018/111 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээнд зээлдүүлэгч К ББСБ ХХК нь 25,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдэгч Э.Г эд зээлдүүлэх, зээлдэгч буюу хариуцагч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл болон хүүгийн төлбөрийг буцаан төлөх талаар заасан. /хх6-9/

 

3.4 Дээрх зээлийн гэрэээний дагуу зээл 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлээгүй.

 

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлсэн өгснөөр зээлийг гэрээг байгуулсанд тооцдог.

4.1 Нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ2016/76 дугаартай зээлийн гэрээний дагуу хариуцагчид 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв.

 

4.2 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ2018/111 дугаартай зээлийн гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсээгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. Учир нь, нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө болох 25,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн ...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ2018/111 дугаартай зээлийн гэрээг байгуулсан гэх дүгнэлт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг дээрх байдлаар зөвтгөв.

 

4.3 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ2018/111 дугаартай зээлийн гэрээ нь талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан ЗГ2016/76 дугаартай зээлийн гэрээний үүргийг баталгаажуулсан баримт байх бөгөөд уг баримтын дагуу нэхэмжлэгч нь тухайн мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчаас шаардах эрхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ2018/111 дугаартай зээлийн гэрээний дагуу 11,820,000 төгрөг гаргуулах гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.4 Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ2018/111 дугаартай зээлийн гэрээний үүргийг шаардсан байхад /хх 35/ анхан шатны шүүх уг гэрээний дагуу шаардлага гаргаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

4.5 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг үндэслэн 5 жилийн хугацааны хүүг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй. Учир нь, нэхэмжлэгч К ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн хувьд зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон тохиолдолд зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй. Хариуцагч нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу буцаан төлөх үүргээ гэрээний хугацаанд биелүүлээгүй байхад нэхэмжлэгч нь дээр дурдсан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

4.6 Харин анхан шатны шүүх 16,000,000 төгрөгт 12 сарын хүү 7,680,000 төгрөг тооцож хариуцагчаас 23,680,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулна. Учир нь, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан. Иймд хариуцагчаас 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,608,168 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ.

 

5. Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр К ББСБ ХХК, Э.Г , А.Э нар барьцааны гэрээ байгуулсан. Гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2206042139 дугаарт бүртгэлтэй, А.Э , Э.Г нарын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, *** 0 дүгээр байр, * тоот хаягт байршилтай, 19,27 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх39-40/

5.1 Дээрх барьцааны гэрээг нэг талаас К ББСБ ХХК, нөгөө талаас Э.Г , А.Э нар байгуулсан байхад нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар Э.Г эд холбогдуулан шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргийг дан ганц хариуцагчаас шаардах эрхгүй байхад анхан шатны шүүх тухайн шаардлалыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Иймд давж заалдах шатны шүүх хариуцагчид холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхээ гэрээний талуудад холбогдуулан хэрэгжүүлэхэд энэ магадлал саад болохгүй.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/01642 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...23,680,000 гэснийг ...25,000,000 гэж, ...29,928,169 гэснийг ...28,608,169 гэж тус тус өөрчлөн,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул улсын бүртгэлийн Ү-2206042139 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, *** 0 дүгээр байр, * тоот хаягт байршилтай, 19,27 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын ...276,350 гэснийг ...282,950 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204,070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН