| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0063/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 67
2019 01 04 2019/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Шүүгдэгч С.Д,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д, Г.Б нарт холбогдох эрүүгийн 1806 09097 2229 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
С.Д,
Г.Б,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч С.Д, Г.Б нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 49 дүгээр гудамжны 877 тоотод оршин суух иргэн Г.Эрдэнэсувдын хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 19 инчийн Самсунг загварын зурагтыг нь хулгайлан 210.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч С.Д, Г.Б нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Эрдэнэсувдын мөрдөн байцаалтад өгсөн:
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 49-788 тоотод 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би 08:00 цагаас гэрээс гарсан. 12:00 цагийн орчимд манай хажууд байдаг дэлгүүрийн эгч миний дугаар луу залгаж хэлсэн. Тэгээд би гэртээ иэрээд харахад манай монгол гэрийн цоож хаалгыг эвдэж хулгай орсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай төрсөн эгч Г.Б, түүний нөхөр С.Днар хулгай хийснийг цагдаа нар олж тогтоогоод зурагтыг маань хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/
Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн БЗЗ-18-121 дугаартай:
Самсунг брэндийн зурагт 2018 оны 11 сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 210.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлтийн тайлан /хх-ийн 21 дүгээр тал/,
Шүүгдэгч С.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Манай хадам аав 2018 оны 10 дугаар сард нас барсан юм. Хадам аавд зул барьж байсан зулын тос дуусхаар нь зулын тос олж ирэх санаатай эхнэр Г.Б хамт шар хадны шинэ замын хажууд байдаг хадам дүү Эрдэнэсувдын гэрт очисон. Бид хоёрыг очиход хадам дүүгийн гэрт хүн байхгүй гэрийнх нь хаалга цоожтой байсан. Би хаалгийг нь таттал цоож нь эвдэрээд хаалга онгойсон. Тэгээд эхнэр бид 2 гэрт нь ороод гэрийн хойморт байсан Самсунг маркийн 19 инчийн зурагтыг аваад орон дээр нь байсан бүтээлгээр ороогоод авч гарсан. Тэгээд шар хадны эмнэлэгийн хажууд байдаг дэлгүүрт гуйж байгаад 40000 төгрөгөнд тавиад нүүрс, мод, тамхи, архи, зулын тос зэрэг зүйлсийг авсан. Тэгээд гэртээ очоод байж байтал цагдаа нар ирсэн. Би гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,
Шүүгдэгч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Манай аав 2018 оны 10 дугаар сард нас барсан юм. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аавдаа зул барьж байсан зулын тос дуусхаар нь зулын тос олж ирэх санаатай нөхөр Г.Б хамт шар хадны шинэ замын хажууд байдаг дүү Эрдэнэсувдын гэрт очисон. Бид хоёрыг очиход дүүгийн гэрт хүн байхгүй гэрийнх нь хаалга нууц цоожоор цоожилсон байсан. Манай нөхөр С.Дгэрийнх нь хаалгийг таттал хаалга нь цоожны углуургаар нь салсан. Тэгээд нөхөр бид 2 гэрт нь ороод гэрийн хойморт байсан Самсунг маркийн 19 инчийн зурагтыг аваад орон дээр нь байсан бүтээлгээр ороогоод авч гарсан. Тэгээд шар хадны эмнэлэгийн хажууд байдаг дэлгүүрт гуйж байгаад 40000 төгрөгөнд тавиад нүүрс, мод, тамхи, архи, зулын тос зэрэг зүйлсийг авсан. Тэгээд гэртээ очоод байж байтал дүү Эрдэнэсувд цагдаа дагуулаад ирсэн. Би гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна, шүүхээс хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/
-хохирогч Г.Эрдэнэсувдын зурагтаа хүлээн авлаа. Гомдол санал байхгүй гэх хүсэлт /хх-ийн 11, 49/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэргээс Баянзүрх дүүргийн 9 болон 17 дугаар хорооны тодорхойлолт, шүүгдэгч С.Д, Г.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-44 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.
Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч С.Д, Г.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Д, Г.Б нар нь бүлэглэн хүн байнга амьдрах зориулалт бүхий байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэдгээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Д, Г.Б нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй болохоо илэрхийлсэн учраас шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дархчуул овогт С.Д, Боржигон овогт Г.Б нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Дийг нэг жил, нэг сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Быг нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ