| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0076/Э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ичинноров,
шинжээч Н.Шинэбаатар,
шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Д.Алтансүх /ҮД2061/, О.Чулуунцэцэг /ҮД0309/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н.Нид холбогдох эрүүгийн 1803007350405 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 47 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Н.Н,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Н.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н: “...2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө 23 цагийн орчим дэлгүүр орж юм авчихаад гэр рүүгээ харих замд осол болсон. Намайг машин бариад явж байхад ард цагдаагийн машин өөр ямар нэгэн машин байгаагүй. Замын гэрэлтүүлэг маш тод байсан. Цаана гэрлийн үзүүрт гурав дөрвөн залуус ноцолдоод байгаа юм шиг харагдсан. Тэгээд нэг нь зам гарсны дараа хажуугаар цагдаагийн машин ирэхэд би хоёрдугаар эгнээнээс нэгдүгээр эгнээ рүү шилжиж зам тавьж өгөхөд хажуу талаас нэг юм мөргөсөн. Тэгээд би хүн байхгүй байсан юу мөргөчихсөн юм бол гээд гайхаад бууж хартал талийгаач хэвтэж байсан. Тэгээд хажуугаар гарсан цагдаагийн машин зогсоод та хүн мөргөчихсөн байна гэсэн. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан... гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ичинноров: “...Би оршуулгын зардлын 9.000.000 төгрөгнөөс 8.000.000 төгрөгийг авсан. Хэрэг гарах үед би Налайх дүүрэгт ажилтай байсан учраас хамт байж чадаагүй. Охин маань төрөөд нялх биетэй байсан учир талийгаач охиноо эргэх гээд Улаанбаатар хотод ирсэн байсан. Би нэг хоногийн дараа осол гарсныг мэдсэн... гэв.
Шүүгдэгч Н.Н нь 2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 23 цаг 45 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Салхитын “Петровис” ХХК-ны ШТС-ийн баруун талын замд “ Тоёота приус /Тоуоto Prius/” маркийн 74-14 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч З.Болдсайханыг мөргөн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ичинноровын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нөхөр бид хоёр Налайх дүүрэгт айлд барилгын засал чимэглэлийн ажил хийхээр 2018 оны 07 дугаар сарын 20-оор явсан юм. Тэгээд тэр ажил нь дуусаагүй тэр газраа байрлаж байсан юм. Манай охин Мөнхцэцэг төрөөд удаагүй байсан учраас би нөхрийгөө охиныгоо эргээд ир гээд өөрөө тэндээ үлдээд 08 дугаар сарын 25-26-ны хооронд Улаанбаатар хот руу гэр рүүгээ явуулсан юм. ...сүлжээ ороод баахан дуудлага ирсэн байсан. Тэгээд зурвас ирсэн байхаар нь хартал охиноос болон хамаатан садан хүмүүсээс баахан дуудлага ирсэн байсан. Тэгээд би охин руугаа залгаад нөхрийгөө осолд орсон талаар мэдсэн. ...маш их гомдолтой байна. Одоо гарсан болон цаашид гарах хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
гэрч Б.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...автомашинд мөргүүлсэн ах тухайн үед ганцаараа явж байсан. Бид нарыг замын доод талаас зам дээр гараад ирэхэд тэр ах ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй алхаад ирж явсан. Тэгээд бид нарыг харчихаад бид нар дээр ирээд хоргоож байгаад л зам хөндлөн гарч яваад буцаж зам уруу орж ирээд машинд мөргүүлчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/,
гэрч Б.Сумъяахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нэг согтуу ах бид гурав дээр ирээд хажууд янз янзын юм яриад зогсоод байхаар нь би “ах минь, та одоо харьж унтаа, бид явах гээд байна” гэсэн. Нөгөө ах замын зүүн тал уруу зам хөндлөн гарсан. Бид хойд зүг рүү такси барих гээд зогсож байтал замын эсрэг талд түс гээд дуу чимээ гарсан, эргээд хартал нөгөө согтуу ах Тоёота Приус маркийн автомашинд мөргүүлээд дээшээ нилээн шидэгдээд зам дээр унаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99/,
гэрч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Салхитын Петровис ШТС-ийн хойд замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд замын 2 дугаар эгнээгээр явж байхад ...жолооч талын цонхонд нэг хар юм орж ирээд мөргүүлсэн, тэгээд би “юу болчихвоо, нохой дайрчихлаа” гэж бодоод зогсоод буугаад харсан чинь хүн хэвтэж байсан, ...замаар хүн зам хөндлөн гарч байгааг хараагүй ээ, ямар ч хүн байхгүй байснаа гэнэт урд шилэн дээр “түс тас” гээд нэг юм мөргүүлсэн, дараа нь буугаад харахад хүн байсан. ...замын нөхцөл хэвийн хагарч эвдэрсэн зүйл байхгүй, гэрэлтүүлэгтэй, цаг агаар хэвийн, бороо ороогүй, үзэгдэх орчин хэвийн юм сайн харагдаж байсан. Хөдөлгөөний ачаалал байхгүй, би яваад миний араас цагдаагийн машин л явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1935 тоот дүгнэлтэд:
Шинжээч эмч Т.Сэлэнгэ /хх-ийн 119-121/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 122-123/,
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтэд:
г/ “Өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Цагдаагийн ахмад Н.Шинэбаатар гэсэн дүгнэлт /хх-ийн 142-143/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Н.Нийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгсэлийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч З.Болдсайханыг мөргөж, хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдууулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ичинноровт, шүүгдэгч Н.Н нийт 8.000.000 /найман сая/ төгрөг төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримт /хх-ийн 195х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул Н.Нийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Н.Нид ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч буй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа автомашины шилний хагархай, хуванцар эд зүйлийн хагархайнуудыг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгаж шийдвэрлэв.