Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2016/00132/И |
Дугаар | 146/ШШ2016/00164 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 146/ШШ2016/00164
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1961 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 4 дүгээр баг, “Зөрүүлэг” гэх газар оршин суух, ЙБ61072904 дугаарын регистртэй, Бууран овгийн Санжаажавын Бямбасүрэнгийн
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Бямбасүрэн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…Миний бие хөдөлмөрийн дэвтэр дээр миний эцгийн нэрийг бичихдээ Санжаазав гэж алдаатай бичсэн учир эзэмшигч нь биш болоод байгаа юм. Мөн миний бие нь Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд хоньчноор ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт касс тэмдэгтэй ажилласан жил дутуу бичигдсэн зөрчилтэй байна. Иймд дээрх ажилласан жилийг тогтоож өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагч С.Бямбасүрэн нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Санжаажав овогтой Бямбасүрэн би тус шүүхэд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргасан юм. Миний бие хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн миний бие нааш цааш олон дахин явах боломжгүй байна. Учир нь манай нөхрийн дүү нас барсан болохоор хэргийг маань намайг байлцуулалгүйгээр эзгүйд шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Бямбасүрэн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч С.Бямбасүрэн нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1979 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №212 дугаартай архивын лавлагаа, С.Бямбасүрэн олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдөр С.Бямбасүрэнд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, С.Бямбасүрэнд олгогдсон 1981 оны баярын бичиг, 1983 оны 02 дугаар сарын 05-ны өдөр С.Бямбасүрэнд олгогдсон үнэмлэх, гэрч Г.Дондогсэрчин, Н.Пунсал нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
С.Бямбасүрэн нь 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл, мөн 1991 оны 01 сараас 1992 оны 03 сар дуустал хоньчноор ажиллаж байсан гэх боловч дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч С.Бямбасүрэн нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдсан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бууран овгийн Санжаажавын Бямбасүрэнг 1979 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл, мөн 1991 оны 01 сараас 1992 оны 03 сар дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Бямбасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ц.ДАГИЙМАА