Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 146/ШШ2016/00165

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1966 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 1 дүгээр баг, “Улаан ам” гэх газар оршин суух, ЙБ66062021 дугаарын регистртэй, Хөх овгийн Цэдэндоржийн Ариунаагийн 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Ариунаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…Миний бие нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1992 оны 06 дугаар сар хүртэл ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр касс тэмдэг дарсан зөрчилтэй тул ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч Ц.Ариунаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие Ц.Ариунаа нь ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан юм. Манайх Бат-Өлзий сумаас 70 км нааш бартаа ихтэй сум ороход унаа ховор. Хүн бүл муутай зэрэг байдлыг харгалзан үзэж эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Ариунаа ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ц.Ариунаа нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №257 дугаартай архивын лавлагаа, 1983 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ц.Ариунаад олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Дондогсэрчин, Н.Пунсал нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 дугаар сарыг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 сар хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэснийг тогтоох боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ц.Ариунаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Хүсэлт гаргагч Ц.Ариунаа нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдсан болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хөх овгийн Цэдэндоржийн Ариунааг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 дугаар сарыг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 сар хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Аринаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

        ДАРГАЛАГЧ                              Ц.ДАГИЙМАА