Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Г-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 1803 0080 30428 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Г.Г, 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 62 дугаар байр 8 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны орой 18 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 62 дугаар байрны урд замд өөрийн эзэмшлийн Dodje Ram маркийн 90-26 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, мөн дүрмийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойро байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /82 настай, эмэгтэй/ Ц.Энхээг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, дээрхи зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Г нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалттын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Болгоомжгүй ийм гэмт хэрэг хийсэндээ харамсаж байна” гэв.

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: Зам тээврийн осол болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 62 дугаар байрны урд хатуу хучилттай зам байв. Үзлэгийн баг осол, хэрэг болсон гэх газарт очиход зам тээврийн осол хэрэг гаргасан гэх автомашин нь хэргийн газрыг орхиж явсан байсан бөгөөд явган зорчигч 82 настай, эмэгтэй Ц.Энхээг гэрээс нь дуудаж гарган ирж осол хэрэг болсон газрыг заалгав. /хх 6-7 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч, хохирогч Ц.Энхээ мөрдөн шалгах ажилгаанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны орой 18 цагийн орчим байрныхаа орчимд зам дээр явж байгаад авто машинд мөргүүлсэн юм. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл гэвэл миний эрүүл мэндэд учруулсан хохирол бол гар цуурсан, /зүүн/ хөл бас өвдөөд байна, надад эмчилгээний 5.000.000 төгрөг хэрэгтэй, энэ мөнгийг жолооч Г.Г-аас нэхэмжилж байна. Миний араас ирж мөргөсөнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /хх 20-21 дүгээр хуудас/

Гэрч Ц.Энхээ мөрдөн шалгах ажилгаанд мэдүүлэхдээ: “... Би 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн орой 18 цаг өнгөрч байхад эмийн сангаас эм авах санаатай явж байтал 2 машин байр руу орох замд зогссон байсан. Нэг жижиг машин нь хөдөлж зөрөөд явсан, нэг машин нь хөдлөхгүй болохоор нь явж байтал миний араас зогсож байсан цагаан өнгийн жийп машин мөргөж унагасан юм. Удалгүй мөргөсөн машины жолооч гэсэн бага залуу ирээд бие чинь яаж байна гээд хамарнаас гарсан цусыг арччихаад яваад өгсөн. Одоо миний зүүн гар хөдлөхгүй, зүүн хөл өвдөг тус газар гэмтсэн өвчтэй байна...” гэх мэдүүлэг. /хх 35-36 дугаар хуудас/,

Гэрч Ц.Алтжин мөрдөн шалгах ажилгаанд мэдүүлэхдээ: “... Би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр найз залуу болох Ганбадралын ээж Жаргалмаагийн ажиллуулдаг “Япон” комиссын бараа дэлгүүр хаагаад найз залуу Г, түүний дүү охин Г.Г бид 4 Г-ын жийп маркийн автомашинд суугаад ухарч хөдөлсөн чинь машин сигналдсан дуу гарсан, найз Г буучихаад эргэж машин дээр ирээд эмээ уначихсан нүүр нь шавар болсон байна, ццас хэрэгтэй байна гэж хэлээд салфетка аваад удахгүй машиндаа суугаад бид хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг. /хх 40-41 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болдбаатар мөрдөн шалгах ажилгаанд мэдүүлэхдээ: “... Ах дүү нар бид ярилцаад намайг талийгаач ээжийгээ төлөөлж мэдүүлэг өгөхөөр намайг сонгосон. Ээж Ц.Энхээг мөргөсөн жолооч Г бидэнд буяны ажил хийхэд 1.500.000 төгрөг юм. Бид энэ осол гаргасан Г.Г-д ямар нэгэн санал гомдол байхгүй болно, ээж маань амьд байхдаа 5.000.000 төгрөг эмчилгээ хийлгэх гэж нэхэмжилж байсан, одоо бурхан болсон болохоор ямар нэгэн эмчилгээ хийх зардал гарахгүй юм. Бидэнд одоо Г.Г-аас нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдолгүй болно...” гэх мэдүүлэг. /хх 30-32 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11486 дугаартай дүгнэлт:

1.Ц.Энхээгийн биед зүүн атгаалын далд хугарал, баруун, зүүн нүдний доод зовхи, хацрын төвгөр, дух, хамрын нуруу, баруун сарвуу, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх 50 дугаар хуудас/,

Замын Цагдаагийн албаны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №668 дугаартай дүгнэлт:

  1. 90-26 УНО улсын дугаартай Дожде Рам маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Ганбадрал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь заалт “Бусдын хөдөлгөөнд саад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” 2.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:” а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх:” б/ “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх,” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Ц.Энхээ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна /хх 65-66 дугаар хуудас/,

              Яллагдагч Г.Г мөрдөн шалгах ажилгаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим БАянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 62 дугаар байранд өөрийн төрсөн эгч Ганжаргалынд очиж нохойг нь хүргэж өгчихөөд өөрийн эзэмшлийн Додже Рам маркийн 90-26 УНО улсын дугаартай автомашинаар 62 дугаар байрны 1 дүгээр орцны үүднээс ухрах үйлдэл хийх үед хойд талд явж байсан явган зорчигч толинд харагдалгүй мөргөж унагасан. 62 дугаар байрны зүүн талд зогсож автомашинаас бууж очтол зам хөндлөн гарч байсан эмээ газар уначихсан хамарны дээд хэсэг нь шалбарсан байсан. Хамран дээрх шалбархайг нь арчиж өгөөд хувцсан дээрх шороог нь гөвөөд би таныг оруулаад өгье гэж хэлтэл эмээ нь зүгээр эмийн сан орчихоод гэртээ орно чи яв яв гэхээр нь би тэр эмээг орхиод явчихсан. Би эмчилгээ болон бусад хохиролд нь нийт 2.500.000 төгрөг өгсөн. Миний зүгээс бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй”... гэх мэдүүлэг /хх 79-80 дугаар хуудас/,

Зам тээврийн осол хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6 дугаар хуудас/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч фото зураг /хх 11-12 дугаар хуудас/, Эд мөрийн баримт хураан авах тухай, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 17 дугаар хуудас/, хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн №2355 дугаартай дүгнэлт /хх 71 дүгээр хуудас/, өвчний түүх /хх 91-98 дугаар худас/, хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулсан баримтууд /хх 99-102 дугаар хуудас/, Тээврийн хэрэгслэлийн лавлагаа /хх 88-90 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 85 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 84 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны орой 18 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 62 дугаар байрны урд замд өөрийн эзэмшлийн Dodje Ram маркийн 90-26 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д, мөн дүрмийн 2.5-н а, б, в-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /82 настай, эмэгтэй/ Ц.Энхээг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, дээрхи зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь

Иргэний нэхэмжлэгч, хохирогч Ц.Энхээгийн: “Би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны орой 18 цагийн орчим байрныхаа орчимд зам дээр явж байгаад авто машинд мөргүүлсэн юм. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл гэвэл миний эрүүл мэндэд учруулсан хохирол бол гар цуурсан, /зүүн/ хөл бас өвдөөд байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Г-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг,

Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Г нь хохирогч Ц.Энхээгийн эмчилгээний зардалд мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 2.181.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдав.

Шүүгдэгч Г.Г хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Г.Г-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг,

Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-ыг 1000 /нэг мянга/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял,

Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-ыг 0 /нэг мянга/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 0 /нэг мянга/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял дээр, Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Г.Г-ын бүгд биечлэн эдлэх торгуулийн ялыг 2.000 /хоёр мянга/ нэгж буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 2.181.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Г-д хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР