Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                         Хэргийн индекс: 114/2017/0023/3/

 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  хийсэн   хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 5 дугаар байрны ******* тоотод оршин суух Алаг адуу овогт ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхбаярын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                                 Б.*******             

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                        Б.Содболд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                Д.Оюунболд

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:                 Б.Саранчимэг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:  Миний бие 2008 онд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст байцаагч хөрөнгийн мэргэжилтэнгээр анх орж тус хэлтэст 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүтэл тогтвортой ажиллаж ирсэн. 20******* оны 7 дугаар сараас Орлого бүрдүүлэлт, хяналтын албаны даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд 2016 оны Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуультай холбоотойгоор Дархан-Уул аймгийн  Сонгуулийн  хорооны  гишүүнээр  ажилсан.  Гэтэл  Дархан-Уул  аймгийн  Эрүүл  мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхбаяр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, 29 дүгээр зүйлийн 29.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн Б.******* намайг Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халж Б/52 дугаартай тушаалыг гаргаад байна. Төрийн албан хаагч миний Үндсэн хуулиар хамгаалагдаж, Төрийн албаны тухай хуулиар баталгаажсан үндсэн эрх болох хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчсөн тушаал шийдвэрийг гаргахдаа хууль зүйн үндэслэлтэй гэхээсээ илүүтэйгээр хэт улс төржсөн, илт үндэслэлгүй тушаал гаргасанд гомдолтой байна.

Учир нь Б.******* миний бие Төрийн албаны болон Сонгуулийн тухай хуулийг хэрхэн зөрчсөн болох, зөрчсөн гэж үзэж байгаа бол тус зөрчлийг хэн тогтоосон болох нь тодорхойгүй өөрөөр хэлбэл тушаалын үндэслэл болсон хуулийн заалтууд нь Б.******* миний ямар зөрчилтэй, хэрхэн холбогдож байгаа нь ойлгомжгүй байна. Хууль тогтоомжийн дагуу аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр томилогдон ажилласантай минь холбогдуулан ямар ч хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргаж намайг ажлаас халж, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхийг минь хязгаарласан тушаал гаргасанд гомдолтой байна. Миний бие тус тушаалыг гардан авч Дархан-Уул аймгийн Төрийн албаны салбар зөвлөл, Төрийн албаны төв зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд тус тус 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гомдол гаргасан ба Төрийн албаны төв зөвлөлөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 1397 дугаар албан тоотоор, Дархан-Уул аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар албан тоотоор хариу ирүүлсэн боловч миний гомдлыг шийдвэрлэж өгөөгүй тул шүүхэд хандаж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхбаярын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Б.******* миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ: Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 104 дугаартай албан бичгийг манай хэлтэст ирүүлсэн. Уг албан бичигт манай Орлого хамралт хяналтын тасгын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Бат-Эрдэнэ овогтой ******* нь Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр томилогдон ажиллаж байхдаа Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.7,  Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8 дахь заалтыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож хариуг Төлийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлсэн талаар дурьдсан байсан. Бид дээрх албан бичгийн дагуу судлан үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 11.11, 29.7 дахь заалт нь уг хуулийг зөрчсөн тохиолдолд Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхтэйгээр халах сахилгын  шийтгэл ногдуулах заалттай байсан.

            Гэтэл Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар аймгийн Сонгуулийн хорооны нэр бүхий гишүүд /Б.******* нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг санаатайгаар удаа дараа хязгаарласан шийдвэрийг дэмжиж саналаа өгсөн гишүүдийн нэг/ нь дээрх хуулийн заалтуудыг зөрчиж иргэдийн сонгох сонгогдох эрхийг санаатай хязгаарлаж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон байх бөгөөд Б.******* нь уг сонгуулийн хорооны гишүүнээр ажиллаж байсан тул Сонгуулийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцох нь үндэслэлтэй гэж үзэн Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Тухайн үед ажиллаж байсан аймгийн Сонгуулийн хорооны 7 гишүүн өөрөөр хэлбэр Б.******* нь хэт нэг намын талд үйлчилж Сонгуулийн хуулийг илт зөрчин төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөж ажиллаагүй байдлыг судлан үзэж Төрийн албаны тухай хуулийн  дагуу хариуцлага тооцсон болно.

            Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Гуравдагч этгээд Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. Тус хэлтэст 19 жил 06 сар ажиллахдаа тэтвэрийн байцаагч, орлого хяналтын байцаагч, хяналтын байцаагч, эрүүл мэндийн орлого хамрагдалт хариуцсан байцаагч, мөн 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр нийтдээ 20 орчим жил ажилласан.

            20******* оны 7 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байгаад Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн В/59 дүгээр тушаалаар Хамралт, орлого, хяналтын тасгийн даргаар томилогдон ажиллаж байна. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр шүүх хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

           Гэрч Ч. шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Сонгуулийн хорооны даргаар Г.*******, гишүүд Б.*******, Ю.*******, С.*******, *******, И., Д., Ч., Б. нар ажилласан. Сонгуулийн хорооны гишүүд шийдвэр гаргахад зарим хүмүүс нь шударга ажиллаж чадаагүй, Сонгуулийн хороо шийдвэр гаргахдаа зарим нэг асуудал дээр хуулийн дагуу шийдвэр гаргаж чадаагүй.Сонгуулийн хороо сонгуулийн зохион байгуулалтын үйл ажиллагаандаа хэт нэг талыг барьсан өөрөөр хэлбэл аль нэг улс төрийн хүчний эрх ашгийг олонхоороо дэмжсэн гаргаж байсан.Б.******* аймгийн Сонгуулийн хороонд томилогдож ажиллахдаа Төрийн албаны болон Сонгуулийн тухай хуулийн дагуу аливаа асуудлыг хэлэлцэхэд төрийн албан хаагчийн төв байр сууринаас хандаж, төрийн албан хаагчийн ёс зүйтэй ажиллаж байсан эсэх нь Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэлүүд дээр тодорхой байгаа тул тэр тэмдэглэлээс харж болно. Б.Баттулгын хувьд Сонгуулийн хорооны хуралдааны үеэр хэлсэн үгнүүд нь тэмдэглэлд туссан байгаа байх, юу гэж хэлж байсныг би одоо санахгүй байна. Нэр дэвшигчийг хассан тухай асуудал хэлэлцсэн нэг хуралдаанд оролцоогүй юм гэжээ.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

   Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж   шийдвэрлэлээ. Үүнд:

     1. Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхбаярын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Хамралт, орлого, хяналтын тасгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох” шаардлагын тухайд:

     Хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн Б/52 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.1.3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11 дэх заалт, 29 дүгээр зүйлийн 29.7 дахь заалтыг үндэслэн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Хамралт, орлого, хяналтын тасгийн дарга Б.Баттулгыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халах шийдвэр гаргажээ.

     Нэхэмжлэгч  дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий  Төрийн албаны зөвлөлд хандсан байх ба нэхэмжлэгчид 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 1397 тоот албан бичгээр, Дархан-Уул аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 тоот албан бичгээр, тус тус хариуг ирүүлсэн бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

           Хариуцагч ажлаас халах болсон үндэслэлээ Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 104 дугаартай  албан бичигт  “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр томилогдон ажиллаж байсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, хамралт хяналтын тасгийн дарга Б. ******* нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, 29 дүгээр зүйлийн 29.7,Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8 дахь заалтыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, хариуг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлнэ үү” гэж  дурьдсаныг үндэслэн Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, 29 дүгээр зүйлийн 29.7,Төрийн албаны тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж зааснаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан байна.

          Хариуцагч нь нэхэмжлэгч Б.*******д сахилгын шийтгэл ногдуулахдаа Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг зөрчсөн болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.******* нь “төрийн захиргааны албан хаагч” болох нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн  2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтанд бүртгэх,нэр дэвшүүлэх тухай” 38 дугаар тогтоол, “Тангараг өргүүлэх тухай” 40 дүгээр тогтоол,  Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнгийн хуудас, төрийн захиргааны албан хаагчийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тангараг өргөсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, бүрдүүлэлт хяналтын албаны даргаар томилсон Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 20******* оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 49 тоот тушаал, ажлын байрны тодорхойлолт,  20******* оны үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэсэн  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл нэхэмжлэгч Б.*******д сахилгын шийтгэл ногдуулахдаа “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын нэгдүгээр зүйлийн 4-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасныг зөрчиж, зөвхөн Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 104 дугаартай  албан бичгийг үндэслэсэн боловч албан бичгийн  үндэслэлийг шалгаж тогтоолгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан нь дээрх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэв төрийн захиргааны албан хаагчийг маргаан бүхий актад дурьдсанаар Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа бол Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтан нь 118 дугаар зүйлийн 118.1-т заасны дагуу захиргааны зөрчлийг шалгаж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан тухайн зөрчилд  оролцогчийн үйлдэл, эс үйлдлийг тогтоохоор хуульчилсан байх ба  нэхэмжлэгч Б.Баттулгыг  Сонгуулийн тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.11, 29 дүгээр зүйлийн 29.7-д заасан зөрчил гаргасан  гэх хариуцагчийн тайлбар нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн 91 тоот албан бичиг, хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай материалууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг нотлох баримтаар няцаагдаж байна. Улмаар Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11,12,13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай, нэр дэвшигч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалуудыг үндэслэн нэхэмжлэгч Б.Баттулгыг Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, 29 дүгээр зүйлийн 29.7-д заасныг зөрчсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.  

            Мөн хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн Б/52 дүгээр тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, хамралт хяналтын тасгийн дарга Б.Баттулгыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халах шийдвэр гаргахаасаа өмнө түүнд урьдчилан мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн ******* дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан  захиргааны шийдвэр гаргах  ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй,29 дүгээр зүйл заасан Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг,хяналтын дагалдах хуудас  хөтлөөгүй болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар нотлогдож байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг болон дээр дурьдсан журмуудыг зөрчсөнөөрөө нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхбаярын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Баттулгыг Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Хамралт, орлого, хяналтын тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэлийн “ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх ”  шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Баттулгыг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийдвэр гаргасан нь хууль бус болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ ...ажилтныг  ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор,...” гэж заасан болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу нэхэмжлэгч Б.*******д ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг 2016 оны 11 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан өдрөөр  тооцож,  нөхөх олговорт 3.118.440 /гурван сая нэг зуун арван найман мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийн нөхөн олговорыг олгож, уг нөхөн олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  суутгаж олгох нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3,106.3.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн ******* дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 29 дүгээр

зүйлийн 29.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхбаярын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Баттулгыг Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Хамралт, орлого, хяналтын тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 3.118.440 / гурван сая нэг зуун арван найман мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг  олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон  суутгахыг Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.               

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан  нэхэмжлэгч Б.*******ас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 / далан мянга хоёр зуун /  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНЧИМЭГ