Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 007

 

   Ч.Батсүхийн нэхэмжлэлтэй

                        иргэний хэргийн тухай

                                                                                       Хэргийн индекс 132/2016/00243/и

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 299 дугаартай шийдвэртэй,

Ч.Батсүхийн нэхэмжлэлтэй Ч.Баянцагаанд холбогдох хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Ч.Баянцагааны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгч Ч.Батсүх,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал

           Хариуцагч Ч.Баянцагаан

Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Батсүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №5801 дугаартай шүүхийн шийдвэрээр бид гэрлэлт цуцлуулсан юм. Мөн энэ шийдвэрээр эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн. Би тухайн үед хүүхдийн тэтгэлэгт 300000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч бид эвлэрлийн гэрээ байгуулсан юм. Үүний дагуу би хүүхдийн тэтгэлэгийг өөрийн боломжит байдлаар төлсөн. Гэрлэлт цуцласнаас хойш миний орлого буюу амжиргааны түвшин хүүхдийн тэтгэлэг төлөхөд хүрэхгүй болсон. Ийм учраас хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Миний ажил улирлын чанартай ажил юм. Ээж маань хорт хавдараар өвчилж, эмчилгээ хийлгэж, миний асрамжид байдаг. Миний амьжиргааны түвшин хүүхдийн тэтгэлэг буюу 300000 төгрөг төлөхөд хүрэхгүй байна. Иймд хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ч.Баянцагаан нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №5801 дугаартай шүүхийн шийдвэрээр бид гэрлэлт цуцлуулсан юм. Батсүх хүүхдийн тэтгэлэгийг 300000 төгрөгөөр төлөхөөр бид эвлэрсэн юм. Батсүх хүүхдийн тэтгэлгийг бүрэн төлөөгүй. Би 2015 оны 11 дүгээр сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан юм. Батсүх 2015 оны 12 дугаар сард хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгуулах хүсэлт гаргаж байсан. Батсүх охиныхоо Фэйсбүүк рүү сэтгэл зүйг нь дарамталсан шуудан ирүүлсэн. Охины бие дээр юм гарсан, би охины бие дээр гарсан юмыг эмчлүүлж байгаа. Эвлэрлийн гэрээнд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, хүүхдийн тэтгэлгийг багасгуулах гэж байгаа нь өөртөө ашиг олох гэсэн санаа зорилготой гэж бодож байна. Батсүх эксковатороор жилд 5000000 төгрөгийн орлого олдог гэж байна. Гэвч эксковатороор жилд 5000000 төгрөг олохгүй. Батсүх өөрийн орлогоо нуун дарагдуулж байна. Батсүх зундаа эксковатороо ажиллуулж орлого олох боломжтой, харин өвөлдөө приус-10 маркийн машинаараа таксинд явж орлого олох боломжтой. Үнэгүй.мн зарын сайтад эксковатороор ажил хийнэ, мөн эксковатор зарна, газар зарна гэж зар тавьсан байсан. Батсүхийг хүүхдийн тэтгэлэгт 300000 төгрөг төлөх боломжтой гэж үзэж банйа. Түүнд хүүхдийн тэтгэлэг төлөх сэтгэл дутаж байна. Бид гэрлэлтээ цуцлуулахдаа хүүхдийн тэтгэлгийн асуудлаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүхдийн тэтгэлгийг хэмжээг өөрчлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Миний одоогийн олж байгаа орлого хүүхдийн тэтгэлэг төлөхөд хүрэлцэхгүй, мөн миний амьдралын хэрэгцээнд хүрэлцэхгүй байна. Миний ажил улирлын чанартай юм. Би ажлын хөлсөнд авсан мөнгөнийхөө дийлэнх хэсгийг шатахуун, сэлбэг авахад зарцуулж, үлдсэн хэсгээр амьдралаа залгуулж байна.

Иймд хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрчилж багасгаж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Баянцагаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлгийг сар бүр төлөөгүй. Түүний хүүхдийн тэтгэлгийг сар бүр төлөхгүй байгаа нь хуримтлал үүсгэсэн. Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгах албаны ажилтанд 4000000 төгрөгийн орлого олсон, үүнийгээ шүүхээр авах гэж байгаа гэж хэлсэн байсан. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлгийг сар бүр төлөхгүй хуримтлуулсанаас болж байдал хүндэрсэн. Би нэхэмжлэгчтэй гэрлэлтээ цуцлуулахад дундын эд хөрөнгөөс татгалзаж нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэгт сар бүр 300000 төгрөг төлөхөөр эвлэрсэн. Энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дүгээр сарын 30-ний өдрийн 299 дугаар шийдвэрээр

            Гэр бүлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан Ч.Батсүхийн хүүхдийн тэтгэлэгт төлөх тэтгэлгийн хэмжээг өөрчилж, мөн хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2003 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Б.Сувд-Эрдэнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ч.Батсүхээр тэжээн тэтгүүлж,

              Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Ч.Батсүхээс 50547 /тавин мянга таван зуун дөчин долоо/ төгрөг гаргуулж орон нутгийн төсөвт, Ч.Баянцагаанаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэсэн.

Хариуцагч Ч.Баянцагаан давж заалдах гомдолдоо: “...миний бие Ч.Батсүхтэй гэр бүл болж 2014 оны 12 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулахдаа охиндоо сар бүр 300.000 төгрөгийн тэтгэлэг авахаар тохирч би дундын хөрөнгийн эд хөрөнгийн тодорхой хэсгээс татгалзсан. Бид эвлэрлийн гэрээндээ дахин энэ талаар дурьдахгүй, шүүхэд хандахгүй гэж тохиролцсон. Гэтэл Батсүх нь хүүхдийн тэтгэлгээ бүрэн төлж чадахгүй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Батсүх нь өөр хүүхдэд тэтгэлэг төлдөггүй, өөрийн орлогыг тодорхойлохдоо зөвхөн хагас жилийн байдлаар /7-12 дугаар сар/ тодорхойлсон нь газар шорооны ид ажилтай 4-6 сарын орлогыг тодорхойлоогүй нь орлогоо нуусан гэж үзэх үндэслэлтэй.

Батсүх амьжиргааны түвшингөөс доогуур орлготой  биш болох нь өчнөөн хөрөнгө зарна, 2-3 техникээр ажил хийнэ гэсэн зар өгсөн зэргээс харагдаж байна.

Гэрлэлт цуцлуулахдаа байгуулсан эвлэрлийн гэрээгээ зөрчин шүүхэд хандсан тул би ч гэсэн эд хөрөнгөө дахин хуваалгахаар сөрөг нэхэмжлэл гаргахад шүүх түүнийг хүлээн авахаас татгалзсанд гомдолтой байна” гэжээ.

 

                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хягаг шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Батсүх нь хариуцагч Ч.Баянцагаанд холбогдуулан хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрчлүүлэх (багасгуулах) тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчид нь 2014 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн №5801 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байх бөгөөд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн асуудлаар /хүүхдийн тэтгэлэгт сар бүр 300.000 төгрөг төлөхөөр/ зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь нотлогджээ.  

Нэхэмжлэгч Ч.Батсүх нь хүүхдийн тэтгэлгийг боломжоороо төлж байсан боловч улирлын чанартай ажил хийдэг сүүлийн үед орлого муудсан учраас хүүхдийн тэтгэлгийн 300.000 төгрөгийг төлөх чадваргүй болсон тул тэтгэлгийн хэмжээг багасгуулах, мөн хариуцагч Ч.Баянцагаан нь Ч.Батсүхийг хүүхдийн тэтгэлэг төлөх бүрэн боломжтой, зарим орлогоо нуун дарагдуулсан гэж мэтгэлцэж байгаа боловч зохигчид өөр өөрсдийн татгалзал, шаардлагаа нотолж чадаагүй, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар тэтгэлгийн хэмжээг багасгасан байгаа нь хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй ба энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д заасан тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой болсон бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болох тухай хуульд заасан үндэслэлийг шүүх хэрэгжүүлээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Хариуцагч энэ талаархи (өөрөөр хэлбэл хүүхдийн тэтгэлгийг багасгуулан өөрчлүүлэх болсон үндэслэл) нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, шаардлагаа нотолж чадаагүй байхад нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

Мөн шүүх хариуцагч тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой байж болох нотлох баримтууд гаргуулахаар хүсэлт /х.х-ийн103/ гаргасан байхад хүсэлтийн зарим хэсгийг хүлээн авч зарим хэсгийг хүлээн авахаас татгалзах тухай 2016 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн 1163 тоот захирамж гаргахдаа Ч.Батсүхийн “...дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй, шүүх хуралдаанд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй (зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах эрхтэй) Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6, 38.7, 105 дугаар зүйлийн 105.2-т заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд хариуцагч Ч.Баянцагааны давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзнэ. Хариуцагч Ч.Баянцагааны давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.  

Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Ч.Баянцагааны давж заалдах гомдлыг хангаж, Булган аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 299 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагчийн  давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧ                                                        С.УРАНЧИМЭГ

                                                                    М.ХҮРЭЛБААТАР