Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 20

 

                                     Г.Гантөмөрт холбогдох эрүүгийн

                                                            хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2016/0072/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

Прокурор                                                  Г.Эсэн

           Ялтан                                                        Г.Гантөмөр

           Ялтны өмгөөлөгч                                     Ж.Нарантуяа

            Хохирогчийн өмгөөлөгч                           Г.Гочоо

           Нарийн бичгийн дарга                             Г.Ангирмаа нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Гантөмөрт холбогдох 201606000154 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Э.Алтанхуяг, хохирогчийн өмгөөлөгч Г.Гочоо нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Гөрөөчин овгийн Ганбатын Гантөмөр, 1987 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус  дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Булган аймгийн Баян-Агт сумын Хүрэмт багийн Бургаст хороонд оршин суух, ял шийтгэлгүй, ГА87091376 регистрийн дугаартай.

             Г.Гантөмөр нь 2016 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын “Хүрэмт” багийн төвд Э.Алтанхуягтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор:

Гөрөөчин овогт Ганбатын Гантөмөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Г.Гантөмөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Г.Гантөмөр нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг сануулж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж,

   Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гантөмөрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

     Хохирогч Э.Алтанхуяг, хохирогчийн өмгөөлөгч Г.Гочоо нар давж заалдах гомдолдoo: “...Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас Э.Алтанхуягт учирсан 5.600.000 төгрөгийг гаргуулахгүйгээр зөвхөн шүүгдэгч Г.Гантөмөр 500.000 төгрөгийг төлснийг урьтал болгон нэг талыг баримталж, хайцаалан хохирогч Э.Алтанхуягаас холбогдох хохирол, төлбөрийн баримтуудыг мөрдөн байцаалтын явцад бүрдүүлж, шалгуулан хэрэгт хавсаргасаар байхад түүнийг хуульд заасан үндэслэлээр төлөгдвөл зохих төлбөрийг үнэлж, дүгнэж гаргуулахгүйгээр хохирогч Э.Алтанхуягийн эрх ашгийг хөндөж байна.

Мөн анхан шатны шүүх таслан шийдвэрлэх тогтоолдоо шүүгдэгч, хохирогч нарын төлөх 5.600.000 төгрөгийг хоорондоо эвлэрч нотариатаар гэрчлүүлсэн баримт бичгийг эргэлзээтэй гэж үзсээн тохиолдолд хавтаст хэрэгт авагдсан холбогдох хохирол төлбөрийг баримтуудыг шинжлэн судалж нотлогдсон хэмжээгээр шүүгдэгч Г.Гантөмөрөөс хохирол, төлбөрийг гаргуулж хохирогч Э.Алтанхуягийг хохиролгүй болгох хууль зүйн үндэслэлийг анхаарч үзээгүй байна.

Хохирогч Э.Алтанхуягийн хамар нь байнга өвдөлттэй, идээ бээрээр буглаж, битүүрдэг, тонгойж хөдөлж болохгүй, аливаа доргилтыг хориглосон, байнгын эмчилгээтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Гантөмөрт ял шийтгэл оногдуулахдаа ялгамжтай биш, хэргийн үйлдлийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд тохирсон эсэхийг анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Гантөмөр нь зэвсэг хэрэглэж хохирогчийн эрх чөлөөнд халдсан байсныг орхигдуулсан, нөгөө талаар хохирогч Э.Алтанхуяг учирсан гэмтэл, энэ талаар гаргасан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, бодит байдалд нийцээгүй байгаад гомдолтой байна...” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гөрөөчин овогт Ганбатын Гантөмөр нь 2016 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Баян-Агт сумын Хүрэмт багийн нутагт иргэн Э.Алтанхуягтай “мотоциклийн түлхүүр өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт нь автеркаар хатгаж бие махбодид нь “...баруун ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хөмсөг, баруун нүдний дотор булан хэсгийн нэвтэрсэн шарх, баруун нүдний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь

хохирогч Э.Алтанхуягийн мэдүүлэг /хх-14/, гэрч Г.Билгүүний “...хоёр хөмсөгний дунд нь гараараа дарахаар зөөлөн байсан. Зүүн талын нүдний ухархайд арьс нь шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх- 26/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 191, 907 тоот Э.Алтанхуягийн биед хөнгөн гэмтэл тогтоогдсон талаарх дүгнэлтүүд /хх 29, 37/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Г.Гочоо нар нь “... 5.100.000 төгрөгийг Г.Гантөмөрөөс гаргуулж хохирогч Э.Алтанхуягт олгож хохиролгүй болгож өгнө үү, эсвэл төлбөрийн талаар эвлэрсэн гэх асуудлыг баталгаажуулж, алдаа дутагдлыг засуулах шаардлагатай ... шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй...” гэх гомдлыг давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд

Г.Гантөмөрт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон, шүүгчийн захирамжинд дурьдсан ажиллагаа бүрэн хийгдсэн, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хохирогч Э.Алтанхуяг нь “...гомдолгүй, бид хоёр шүүхийн шатанд сайн дураар эвлэрсэн, Гантөмөр нь надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан /хх 136/ боловч

тэрээр анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “...би хохирол төлбөрөө аваагүй байгаа ... миний хохирол төлбөрийг барагдуулсан тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлснээс үзвэл хохирогч, шүүгдэгч нарыг сайн дураар эвлэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хохирогч Э.Алтанхуягийн биед хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн 191 тоот дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 907 тоот дүгнэлтээр дээрхи 191 тоот дүгнэлт үндэслэлтэй нь тогтоогдсон байх тул хохирогч, түүний өмгөөлөгч нарын “... шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй...” гэх гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй 5.600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисон бөгөөд нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй ба энэ талаар шийтгэх тогтоолд дурьдсан байна.

Иймд хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан дээрх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин дээрх үйл баримт нь 2016 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө болсон ба “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр тусгажээ.

Иймд Г.Гантөмөрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3, 323 дугаар зүйлийн 323.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Г.Гантөмөрийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Хохирогч Э.Алтанхуяг, хохирогчийн өмгөөлөгч Г.Гочоо нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Г.Гантөмөрт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ё.БЯМБАЦЭРЭН

                                  ШҮҮГЧИД                                     З.ХОСБАЯР        

                                                                                          С.УРАНЧИМЭГ