Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00820

 

Г.Жаргалсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаар шийдвэр,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Г.Жаргалсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д холбогдох,

Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д 2013 оны 12 дугаар сард ерөнхий нягтлан бодогчийн ажилд орсон. Намайг анх ажилд ороход Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн санхүү, нягтлан бодох бүртгэл эмх цэгцгүй, зөрүүтэй, тухайн ондоо 4 ерөнхий нягтлан бодогч сольсон, аудитын сөрөг дүгнэлттэй байгууллага байсан. Жил бүрийн Санхүүгийн тайлан аудитын шалгалтаар эерэг дүгнэлттэй ажиллаж ирсэн ба тус компани болон харилцагч байгууллагад учруулсан хохирол байхгүй.

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр захирал Ц.Эрдэнэбаатар ажлаас гарах өргөдлөө бичиж өг гэсэн. Надад өргөдөл бичих шаардлага байхгүй ажлаа хэвийн явуулж байгаа гэсэн боловч хүчээр ерөнхий нягтлан бодогчийн ажлыг авсан ба өөр ажлын байр санал болгоогүй. Огноо нь 2012 оны 02 дугаар сар юмуу 12 дугаар сар юмуу сартай 02-ны өдрийн Увс Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн захирлын 120 дугаар тушаалаар намайг ажлаас халсан.

Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Мөн санхүүгийн хяналтын байгууллага, аудитын газраас намайг ажилдаа тэнцэхгүй, зөрчил гаргасан гэсэн ямар нэгэн акт, дүгнэлт байхгүй тул намайг ажлаас халах үндэслэлгүй.

Иймд 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаар тушаал гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгож, Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Г.Жаргалсайхан нь манай компанийн ерөнхий нягтлан бодогчоор тухайн үедээ ажиллаж цалин авч байсан болохоор Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.4-т зааснаар бүх үүрэг хариуцлагыг хүлээх ёстой. Иргэн Г.Жаргалсайхан ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа үндсэн хөрөнгө бараа материалын нягтлан бодогч Г.Одонхүүг ямарч шалтгаангүйгээр өөр ажилд шилжүүлж, тус ажлыг өөрөө хавсран гүйцэтгэж байсан. Ингэж бараа материал орлогод бүртгэж авах, зарлага гаргах, тайлан тэнцэл гаргах, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хянах ажлыг ганц хүн гүйцэтгэж, компанийн эд хөрөнгийг дураараа зарцуулах боломжийг өөртөө олгож байсан нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.5, 13.6, 13.7, 20.1.4, 20.2.11 дэх заалтуудыг санаатайгаар ноцтой зөрчсөн үйлдэл болно.

Агуулахын бүртгэлийн дэвтэр эмх цэгцгүй байсан ба түүнд бичсэнээр манай компанийн УАЗ-452 пургон маркийн автомашиныг иж бүрэн шинэчилсэн жагсаалтыг нягтлан үзэж жолоочоос нь асууж лавлахад тус машинд шинээр ямарч сэлбэг хэрэгсэл тавиагүй болох нь тогтоогдсон. Энэ сэлбэг хэрэгслийн үнэ нийт 11 000 000 гаруй төгрөг болж байна. Г.Жаргалсайханы дээрх үйлдлүүдээс харахад хувь хүний ёс суртахуунаас гадна цаашид санхүүгийн салбарт ажиллах ёс суртахууны эрхгүй болсон гэж үзэж байна.

Иймд иргэн Г.Жаргалсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Жаргалсайханыг Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Жаргалсайхан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтын “41.5-д” гэснийг “41.1.5-д” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар төрийн сангийн дансанд хэвээр үлдээжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Г.Жаргалсайханыг “албан тушаалаа ашиглан санхүүгийн зөрчил гаргасан” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба түүний гаргасан санхүүгийн зөрчил нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөс өмнө илэрсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “...сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 cap, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна”, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг тайлбарласан УДШүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолд “...1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий удирдах албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар тушаал гаргаж чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Г.Жаргалсайханы ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан зөрчилд хуульд заасан хугацаанд сахилгын арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна.

Санхүү, мэргэжлийн байгууллагаас Л.Жаргалсайханы гаргасан зөрчлийг баталгаажуулан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр акт дүгнэлт гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлж дүгнэхгүй, санхүүгийн ажилтан хууль дүрэм журмаа зөрчөөд ажил үүргээ гүйцэтгэхийг шүүхийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн мэтээр авч үзэн холбогдох хууль, УДШүүхийн тогтоолын заалтыг тухайн хэрэг маргаанд зөв хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх дахин зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Г.Жаргалсайханыг “ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120 тоот тушаалыг хүчингүй болгож, түүнийг Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь “Г.Жаргалсайхан нь зөрчил гаргаж, мөнгө төлөхөөр акт тогтоогдсон...” гэсэн дүгнэлтээ үгүйсгэж тухайн маргаанд зөрүүтэй эргэлзээтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Ингэхдээ Г.Жаргалсайханы нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 120 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл зэргийг тодруулахгүйгээр хүчингүй болгож хууль хэрэглээний алдаа гаргасан.

Шүүх “...23 дугаар зүйлийн 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг баримталсан ба ямар хуулийн заалт болох нь ойлгомжгүй байна” гэжээ. Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120 тоот тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн гэрээний 5.1.1, 5.1.7 заалт, 23 дугаар зүйлийн 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.1-д заалтууд болох нь тодорхой байхад шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нарийн шалгаж нягтлахгүйгээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан атал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шаардлага, хариуцагчийн тайлбар, шүүхийн дүгнэлт нь өөр өөр утга санаатай зөрүүтэйгээр хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Жаргалсайхан хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажил олгогчийн 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргажээ. Хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ ажилтны зөрчил гаргасан үйл баримт тогтоогдоогүй, зөрчлийг нотлох улсын байцаагчийн актууд нь ажлаас чөлөөлөх тушаал гарснаас хойш бий болсон гэж үзжээ.

 

Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн эзэмшлийн автомашинд запас сэлбэг авсан гэх санхүүгийн баримтуудад хүлээн авагчийн, нягтлан бодогчийн гарын үсэг зурагдаагүй, худалдан авсан гэх сэлбэг хэрэгсэл нярваар дамжаагүй, нярав хүлээн аваагүй байхаас гадна 10 988 888 төгрөгийн сэлбэгийг машинд огт тавиагүй атлаа энэ хөрөнгийг зарлагдсан, байгууллагын хашаанаас амбаар, шонгийн хөл, хаалганы рам төмөр, зуух, ёмкость зэрэг эд хөрөнгийг ямар нэг баримтгүй ачиж явсан зэрэг санхүү бүртгэл, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлын зөрчил илэрсэн болох нь дотоод хяналтын ажилтан, жолооч, нярав зэрэг хүмүүсийн тайлбар, тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, техникийн шалгалтын комиссын акт зэргээр нотлогдсон байна \хх-ийн 28-45 дугаар тал\.

 

Анхан шатны шүүх эдгээр баримтыг огт үнэлээгүйгээс гадна шийдвэрт тусгахгүйгээр зөвхөн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 7 актыг ажлаас чөлөөлсөн тушаалаас хойш гарсан тул “эдгээр баримтад дүгнэлт хийх шаардлагагүй” гэж тэмдэглэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан шаардлагыг зөрчсөн, улмаар шүүхийн гаргасан шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар  ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Т.Жаргалсайхан болон хариуцагч “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.1.1., 5.1.7.-д албан тушаалаа урвуулан ашиглан байгууллагын эд хөрөнгө мөнгийг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авч хувийн зорилгод ашигласан, шунахай сэдэлтээр компанийн болон бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж тодорхойлон заажээ.

Нэхэмжлэгч Т.Жаргалсайхан нэхэмжлэлдээ өөрийгөө алдаа, зөрчил гаргаагүй гэж дурдсанаас өөрөөр хариуцагчийн зүгээс гаргасан нотлох баримтуудыг баримтаар үгүйсгээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан зохицуулалт тухайн эрх зүйн маргааны үндэслэл болохгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр баримтад тулгуурлаагүйгээс гадна эрх зүйн ямар нэг дүгнэлтэд үндэслэгдээгүй учир шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

 

Анхан шатны шүүхийн “дүгнэлт өгөхгүй” гэж үзсэн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн сэлбэгийн үнэ нөхөн төлүүлэх, төлбөр хариуцуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 7 акт нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх ажил олгогчийн тушаалын үндэслэл болоогүй боловч ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах шалтгаан, нөхцлийг давхар нотлох баримт мөн болно. Эдгээр актад компанийн өмч хөрөнгийг санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчин ашиглаж, үрэгдүүлсэн зөрчлүүдийг тодорхой тусгажээ.

Тухайлбал,

Компанийн эзэмшилд байсан Тойота Ланд Крузер 105 автомашиныг, УАЗ-469 автомашиныг, 5тн автокраныг иргэдэд худалдахад сэлбэг шинээр авч тавьсныг няраваар дамжуулж орлого авахгүйгээр шууд бүртгэлээр орлого авч, хөндий шаардах хуудас бичүүлж зарлагдсан, дуудлага худалдаа явуулсан тэмдэглэл байхгүй, өмч хамгаалах комиссын хурлын дүгнэлт гарын үсэггүй, худалдсан машины хувийн хэрэгт бичилт хийж, зарагдах үнийн дүнд оруулахгүйгээр зарлагдсан, аж ахуйн 2 складыг оны эцсээр тоолохгүйгээр элэгдлээрээ үнэ нөхсөн гэж данснаас хассан, УАЗ-452 Фүргон автомашиныг засварлахад техникийн комиссын шийдвэргүйгээр 11 063 888 төгрөгийн запас сэлбэг худалдаж авсан, аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг айл өрхийн үнэ тарифаар бичиж, компанид хохирол учруулсан, түлшний складны ханыг нуруугаар нягтлан бодох бүртгэлийн баримтыг бүрдүүлэлгүйгээр бусдад худалдсан зэрэг зөрчил тогтоогдсон болохыг баталжээ.  

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг залруулах арга хэмжээ авалгүй, зөвхөн техникийн шинжтэй  алдааг зассан нь учир дутагдалтай болжээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн тухайн маргаанд хамааралтай зохицуулалтыг хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Т.Жаргалсайхан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаар тогтов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д холбогдох уг компанийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухайн Т.Жаргалсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН