Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

 

 

    2019        01          17                                       2019/ШЦТ/136

                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч О.Багшбаяр,

Иргэдийн төлөөлөгч Б.Тэмүүлэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ганбаатар,

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт М.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 04393 0949 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хаалттайгаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

М.Б,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн гудамжинд иргэн Д.Жаргалсайханыг алсан гэмт хэрэгт холбогджээ.                                                           /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч М.Б нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:

... хамгийн сүүлд 4 хоногийн өмнө би Дарь-Эхэд машинтай явж байхад Жаргалсайхан нь Цэвэлмаатай бас нэг залуутай хамт явж байсан. Тэгээд би өнөөдөр өөрийн Бөмбөөлэй дэлгүүрийн гадна машин дотроо байхад Цэвэлмаа нэг залуутай уйлж хүрч ирээд Жаргалсайхан хүнд зодуулаад нас барчихлаа гэсэн. Жаргалсайхантай би байнга уулзаж яаж байна гээд эргэж тойрдог байсан. Сүүлийн үед надаас зугтаагаад байдаг болсон. Ах, дүү бид нийлээд ажил явдлыг нь гүйцэлдүүлсэн. Оршуулгын зардал нийт 4.611.300 төгрөг болсон. Үүнээс баримттай нь 1.470.000 төгрөг байгаа. Буруутай этгээдээс үүнийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 43-46/

 

Гэрч Л.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... М.Б нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт надтай хамт хоносон. Ингээд 20-ны өдрийн өглөө 08 цагийн орчимд М.Бын олсон ажил болох Дамбадаржаагийн эцэст байрлах айлын барьж байгаа барилгын хундааманд шороо шидэхээр Шараа, М.Б бид 3 очиход хундаамны цемент нь хатаагүй байсан учир бид 3 буцаж Дарь эхэд 11 цагийн үед ирсэн. Ингээд дарь эхэд ирж М.Б бид 2 манай гэр лүү орж хоол идэнгээ 0.5 литрийн 1 шил "Хараа" архи уусан. Архиа ууж дуусаад 14-15 цагийн үед манайхаас гараад дахин дэлгүүр орж "Хандгай" нэртэй 0.75 литрийн 2 шил архи авч Сэлбийн гол дээр очиж уусан. Ингээд голын эрэг дээр ууж байхад тэр хавиар явж байсан хүмүүс ирж уух гэхээр нь ганц нэг татуулаад л өөрсдөө уугаад дуусгасан. Энэ үед 15-16 цаг болж байсан байх. Авсан архиа дуусаад М.Б бид 2 буцаад явсан. Явж байтал гудамжинд Жагаа гэж дууддаг залуу эхнэр Цэвэлээгийн хамтаар явж байгаатай тааралдсан. Хажуугаар нь гарахад Жаргалсайхан надад хандан Пүүлээ ахдаа архинаасаа өгсөнгүй дээ гэх утгатай юм хэлэхэд М.Б “архи нэхдэг хэн бэ, би баян хүн, архи авч өгөх хүндээ өгнө, өгөхгүй хүндээ өгөхгүй” гэж хэлээд нүүрлүү нь цохиход талийгаач хойшоо тархиараа саваад унасан. М.Б талийгаачийг цохьсон уу, түлхсэн үү гэдгийг санахгүй байна. Намайг салгахад Болдоо надын нүүрэнд гараараа цохьсон. Намайг цохингуутаа эргэж хараад талийгаачийн цээжин тус газарт  нь 1-2 удаа өшиглөж авсан. ... Жаргалсайхан нь газар хэвтсэн чигээрээ л үлдсэн. М.Б түрийвчээ дэлгүүрт тавьчихсан байсан юм билээ. Сүүлд нь түрийвчээ алдсан гэж яриа гаргасныг мэдсэн  гэх мэдүүлэг /хх-ийн 50-54/

 

Гэрч Т.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

"...Талийгаач Жаргалсайхан бид хоёр 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрээс гарч Дарь-Эхэд очсон. Тэр хавиар явж байгаад талийгаач архи уучихсан байсан. Тэгээд бид 2 голын эрэг рүү явж байтал гудамны үзүүрт Пүүлээ буюу Пүрэвсүрэнтэй тааралдсан. Тэгээд талийгаач Пүрэвсүрэнг "Пүүлээ ахдаа ганц юм аваад өгөөч" гээд араас нь дагасан. ...Гэтэл гэнэт Пүрэвсүрэнгийнд амьдардаг байсан шар такси унадаг шар царайтай махлагдуу залуу ирээд хог түүдэг лаларын архичид, алсан ч яадаг юм хөгшин өвгөнийг гээд түлхээд унагаасан. Талийгаачийг түшээд босгоод тэр шар царайтай залууг яаж байгаа юм гэхэд талийгч намайг чи явж бай гээд хөөгөөд байхаар нь би яваад өгчихсөн юм. Маргааш нь Бүжин дэлгүүр дээр ирээд Баярмаа эгчээс талийгаачийг нас барсан гэж мэдсэн. М.Б талийгаачийг гараараа түлхэх шиг болоход хойшоо саваад унасан гэх мэдүүлэг/хх-ийн 57-58, 184-186/

 

Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Талийгаачийн гавал тархинд учирсан гэмтэл буюу баруун чамархай яснаас баруун нүдний ухархайн дээд хана хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн хамарсан хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальс доорхи голомтлог цус харвалт, тархины баруун ховдол, духны эдийн няцрал, цус харвалт, хуйхны дотор баруун чамархай хэсэг ба баруун чамархайн булчингийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой юм. Уг гэмтлийг харахад амь хохирогчийн дагз болон толгойн баруун хажуу хэсэгт хүч үйлчилсний улмаас үүссэн байх боломжтой. Толгой хэсгээр унах, ойчих үед хүч үйлчилсэн талын эсрэг талд няцрал, цус хуралт үүсдэг юм. Дагз хэсгээр унаж, ойчиход духны дэлбэнгийн эдэд няцрал, цус хуралт үүснэ. Талийгаачид дээрх байдал буюу тархины баруун ховдол, духны эдэд няцрал, цус харвалт үүссэн байна. Баруун чамархайн яснаас баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал үүссэн байгаа нь  талийгаач унаж, ойчих үед үүссэн байх боломжтой байна. Талийгаачийн зүүн нүдний дээд, доод зовхинд учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, өшиглөх гэх мэт үед үүсэх боломжтой гэмтэл банйа. Хүзүүний урд дээд хэсэгт 0.5x0.8 см, 0.5x1 см, 0.5x0.8 см, 0.5x0.5 см хэмжээтэй дөрвөн ширхэг зулгаралт үүссэн нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл бөгөөд хувцас болон гараар заамдах үед үүсэх боломжтой. ... Талийгаачид тогтоогдсон гавал тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа нь хүрэн улаан бүлэгнэсэн, бүрэн биежээгүй улбар, ихэнхи хэсгээр шингэн цустай холилдсон байгаа нь нас барахаас өмнөхөн учирсан шинэ гэмтэл юм. Хүнд зэргийн согтолттой хүний биеэ хамгаалах чадвар нь уусан архины хэмжээ, спиртийн зүйлд дассан байдал, орчин нөхцөл, өвчин хууч, ядарсан байдал, сэтгэл болон биеийн байдлаас шалтгаалан харилцан адилгүй байх ба биеэ хамгаалах чадвар тухайн үед ямар байсаныг тогтоох боломжгүй гэх мэдүүлэг /хх-ийн 82-84, 189-190/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1138 дугаартай:

Талийгаачийн цогцост баруун чамархай яснаас баруун нүдний ухархайн дээд хана үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн хамарсан хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальс доорхи голомтлог цус харвалт, тархины баруун ховдол, духны эдийн няцрал, цус харвалт, хуйхны дотор баруун чамархай хэсэг ба баруун чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаачийн цусанд 3,5%о этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолтын хэмжээ болно. Талийгаач О1 бүлгийн цустай байна. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач 2018.05.20-ны 23 цагийн орчим нас барсан байх боломжтой байна гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг  /хх-ийн 77-81/

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 07 сарын 25-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 721 дугаартай:

М.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн удамшлын болон олдмол өвчтэй байсан гэх шинж тэмдэг үгүй байна. М.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн удамшлын болон олдмол өвчтэй байсан гэх шинж тэмдэг үгүй байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. М.Б нь ямар нэгэн сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан гэх шинж тэмдэг үгүй байна. Эмнэлгийн байнгын хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. М.Б нь одоогоор сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй байна. Албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна. М.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /хх-ийн 86-88/

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/

-яаралтай тусламжийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 10/

-цагдаагийн алба хаагч нарын илтгэх хуудас /хх-ийн 11-13/

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 22-28/

-цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 29-32/

-хохиролын талаарх баримтууд /хх-ийн 165-167/

 

Шүүгдэгч М.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

... миний хэтэвчтэй мөнгийг харчихаад надаас архины мөнгө нэхсэн. Би юу яриад байгаа юм бэ, би та нарт архи авч өгсөн биздээ гэж хэлээд хэтэвчээ тэр хүнээс аваад би нүүр лүү гарын алгаараа мангасдаад түлхсэн. Яаж унасныг нь хараагүй. Миний ойлгож байгаагаар тэр хүн арагшаа саваад уанасан. Хойшоо унахдаа толгойныхоо ар дагз хавиар унасан гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 127-128, 193-194/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: М.Бын иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129-130/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Бод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч М.Б нь үл ялих зүйлээр шалтаглан амь хохирогчийг түлхэсний улмаас хохирогч унаж, гавал тархинд гэмтэл үүссэн. Энэ талаарх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйлдэл нь хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзэх үндэстэй.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч М.Быг хүнийг алах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардалд нийт 4.611.300 төгрөг нэхэмжилсэн.  Үүнээс 1.470.000 төгрөгийн бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулан олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.  

 

Шүүгдэгч М.Бын хэргийн учир хоёр зуун дөч хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ачитнууд овогт М.Быг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч М.Быг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бод оногдуулсан есөн жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бын цагдан хоригдсон хоёр зуун дөчин хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Боос 1.470.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ганбаатарт олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайх хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохиролын талаарх бусад нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор,  шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ

 

                                    ШҮҮГЧ                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧ                                   С.ӨСӨХБАЯР