Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 209/МА2023/00069

 

  

*******н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  06 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШШ2023/000737 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******н нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

           Миний бие *******тэй 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ******* бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын 17 дугаар байрны 54 тоот 28 м.кв талбайтай, орон сууцыг худалдан авч нотариатаар батлуулан 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээ авсан. Ингээд худалдан авсан байрандаа орох гэсэн боловч өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүй байгаа учир Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын 17 дугаар байрны 54 тоот 28 м.кв талбайтай, орон сууцыг албадан чөлөөлөхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие *******тэй өөрийн эзэмшлийн шинэ Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын 17 дугаар байрны 54 тоот 2 өрөө байраа 50,000,000 төгрөгөөр зарахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан боловч байр зарсан мөнгөө аваагүй.

*******гөөс байрны мөнгөө авъя гэж олон удаа нэхсэн боловч худлаа үнэн шалтгаан тоочиж нэг ч төгрөг өгөөгүй. Гэтэл байрны хөлсөө төлөөгүй байж  шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Миний хувьд гэрээгээр  тохиролцсон 50,000,000 төгрөгөө авч байж байраа суллаж өгөх эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль бус учир зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын 17 дугаар байрны 54 тоот 28 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, Ү-******* дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ******* болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гөөс улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр  төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

             Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Хэргийн материалтай танилцаж үзэхэд хариуцагч ******* нэхэмжлэгч *******д итгэн өөрийн өмчлөлийн маргаан бүхий орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлж өгсөн. Гэвч одоог хүртэл орон сууцны үнэ төлөөгүй бөгөөд төлсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Гар утсаны интернэт банкнаасаа өөр гүйлгээнүүдийг байрны төлбөр төлсөн мэтээр шүүгчид итгүүлсэн. Үүнийг нотлох баримт гэж үзэх боломжгүй.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг зөрчиж худалдан авагч тал үүргээ биелүүлээгүй байгаа тул орон сууцыг суллаж хүлээлгэн өгөх хууль зүйн үндэслэлгүй байна.

            Талуудын хооронд хийсэн тохиролцооноос үзэхэд ******* нь уг орон сууцыг худалдаж авахдаа анхнаасаа үнийг төлнө гэсэн чин санаагүй буюу дүр үзүүлсэн хэлцэл хийсэн гэж үзэхээр байна.

            Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээний үүргийн зөрчил болон нотлох баримт байхгүй байгаа зэрэг нөхцөл байдалд хууль зүйн дагуу дүгнэлт хийгээгүйгээр хариуцагч *******ийн эрхийг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            Хариуцагч шийдвэрийн ямар зүйл заалт, үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа гомдолдоо тодорхой дурдаагүй.

Хариуцагч гэрээний үүргийн зөрчил болон нотлох баримт байхгүй гэжээ.Тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт болох худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлэн нотлох баримтаар шүүхэд өгсөн тул гэрээ нь нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болсон хуурамч нотлох баримт гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн орон сууцны өмчлөгч болохоо нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад хариуцагч талаас нэхэмжлэлийн хувийг гардаж аван хариу тайлбар өгсөн боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтаа шүүхэд өгөөгүй, энэ талаар ямар нэгэн хүсэлт тайлбар, шүүх хуралдаанд гаргаагүй.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж,  хариуцагч талын ... анхан шатны шүүх гэрээний үүргийн зөрчил болон нотлох баримт байхгүй байгаа зэрэг нөхцөл байдалд  дүгнэлт хийлгүйгээр хариуцагчийн эрхийг зөрчсөн гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах  үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж  дүгнэв.

2. Анхан шатны шүүх  нь хэрэгт авагдсан , шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн  баримтууд болон талуудын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүй,  маргаантай холбоотой үйл баримтыг тогтоогоогүй,  хэрэгт шаардлагатай нөхцөл байдлыг тодруулаагүй зэргээс  шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын 17 дугаар байрны  54 тоот хаягт байршилтай 28 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах гэрээгээр тохиролцсон гэрээний үнэ болох 50,000,000 төгрөг төлөгдөөгүй гэх агуулга бүхий тайлбар гарган  маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас судлан үзвэл:

4. Зохигч нар 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээнд гэрээний зүйл ... 54 тоот орон сууц, гэрээний үнэ 50,000,000 төгрөг, төлбөр төлөх нөхцөл, хугацаа 2022 оны 07 дугаар сарын 04 , эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацаа 07 дугаар сарын 04 гэж тус тус тохирсон, улмаар нэхэмжлэгч буюу худалдан авагч *******гийн нэр дээр дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь бүртгэгдэж, ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдөр олгогдсон байна./хх- 4-5/ Энэ талаар талууд маргаагүй.

5. Хариуцагч ******* нь  ...*******тэй өөрийн эзэмшлийн ...54 тоот хоёр өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдах, худалдах гэрээ байгуулсан, нотариатаар гэрчлүүлсэн, гэтэл төлбөрөө төлөөгүй байж байрнаас гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Би харилцан тохиролцсон 50,000,000 төгрөгөө авч байж, байраа суллаж өгөх эрхтэй.Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргасан байна. /хх-17/

Тэрээр  анхан шатны шүүх хуралдаанд ...******* нь хотод очоод 50,000,000 төгрөг эгчээсээ авч өгнө гэхэд нь манай хүүд мөнгөө өгөөрэй гэж хэлээд байрны ордероо өгсөн боловч мөнгөө өгөөгүй, худлаа хэлж өмнөх өрөндөө  миний байрыг  авсан байсан гэх тайлбарыг гаргасан байдаг./хх-22/

6. Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...байрны төлбөр болох 50,000,000 төгрөгийг Т.Ариунболдын данс руу шилжүүлсэн,  энэ нь интернэт банкаар харуулах боломжтой гээд “шүүгчид харуулав” гэж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна./хх- 21/

Мөн шүүгчийн  “хэзээ,хэдэн төгрөг шилжүүлсэн” гэх асуултад нэхэмжлэгч *******  “2022 оны 06 дугаар сарын 10-15-ны хооронд хэсэгчлэн шилжүүлсэн мөнгөн дүнг танилцуулж, энэхүү мөнгийг шилжүүлсэн баримт нь интернэт банк болон дансны хуулгаар нотлогдоно” гэх тайлбар гаргасныг тэмдэглэлд тусгажээ./хх-22/

7. Худалдах-худалдан авах гэрээ нь нэг талаас үүргийн хэлцэл, нөгөө талаас өмчийн хэлцлийн шинжтэй бөгөөд зохигч нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 3.2-т төлбөр төлөх хугацааг 2022 оны 07 дугаар сарын 04 гэж заасан атал нэхэмжлэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 10-15-ны хооронд төлбөр буюу гэрээний үнэ болох 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн, төлбөр төлсөн гэж тайлбарладаг ба энэ нь   хугацааны хувьд зөрүүтэй байна.

Тодруулбал, талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний талаар маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр учир гэрээний талууд үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийг төлөх, хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд орон сууцыг шилжүүлэн өгөх үүрэгтэй. Энэхүү үйл баримт тогтоогдсон эсэх тодорхойгүй, маргаантай байна.

8. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 182, 183 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийг  ... 54 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзнэ, хариуцагч ******* нь тус орон сууцанд оршин сууж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

9. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн   106.1 дэх хэсэгт зааснаар аливаа эд хөрөнгийн өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Хэрэв орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрх, хариуцагчийн эзэмшлийн эрх зүйн үндэслэлийг тодорхой болгох учиртай.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны эсхүл хууль бус гэж үзэх, улмаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зохицуулалтад хамаарах эсэхийг тодруулах ёстой.

10. Шүүх, нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эсэхийг тал бүрээс нь хянах ёстой.

 Шүүх, хариуцагчийн тайлбар, татгалзал болон хэрэгт авагдсан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ  бүрэн биелүүлээгүй,

маргаантай холбоотой үйл баримтыг үндэслэл бүхий тогтоогоогүй буюу хэрэгт шаардлагатай нөхцөл байдлыг тодруулаагүй байх бөгөөд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзсэн үндэслэлийн талаар холбогдох дүгнэлтийг хийгээгүй,

талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн зөрчил, түүний биелэлтийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй,

нэхэмжлэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргасан тайлбар/хх-22/ -ыг  үнэлээгүй талаар дүгнэлт хийгээгүй,

шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан үүргээ хариуцагч нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгч өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн гэх агуулга бүхий дүгнэлт  нь ойлгомжгүй байна.

Иймд  дээр  дурдсан үндэслэлүүдээр  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШШ2023/00737 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ээс төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.                              

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

     

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Я.ТУУЛ                                                 

                                          ШҮҮГЧИД                                            Л.АМАРСАНАА                                           

      Х.БАЙГАЛМАА