Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 121

 

 

 

 

 

 

 

 

   2019         01         14                                  2019/ШЦТ/121

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,   

Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан,

Шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х, Т.Г нарт холбогдох эрүүгийн 1806 00000 0172 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Д.Х,

Т.Г,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Х, Т.Г нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баяндөхөмийн 13-16 тоотод оршин суух иргэн Б.Намжилмаагийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орон байранд хууль бусаар нэвтрэн орж 330.000 төгрөгийн үнэлгээ бүхий 42 инчийн скай ворт загварын зурагт, 120.000 төгрөгний үнэлгээ бүхий дунд .гарын шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж нийт 450.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 66 дугаар гудамжны 1055 тоотод оршин суух А.Золбаярын эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн орон байранд хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн зурагтыг нь хулгайлан авч 720.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Д.Х, Т.Г нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Намжилмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай гэр 17-18 цагийн хооронд хүнгүй байсан буюу манай охин Ичинноров дүүгээ сургуулиас нь авахаар явсан хойгуур манай байшингийн зочны өрөөний вакум цонхоор хулгайч орж хананд өлгөөтөй байсан 42 инчийн скайворт маркийн хар өнгийн лсд зурагтыг гал тогооны өрөөний шүүгээн дотор байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг тус тус алдагдсан байсан. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч бүрэлдэхүүн ирж үзлэг шалгалтаа хийгээд явсан юм" гэх мэдүүлэг /хх-ийн 12-15/

 

Хохирогч А.Золбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

Манай гэрт хулгай ордог өдрийн өглөөний 08 цагийн үед эхнэр бид хоёр гэрээсээ хамт гарсан, гэрээсээ гарахдаа гэрийнхээ хаалга, цонх бүгдийг нь хааж түгжсэн байсаы. Тэгээд орой 17 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой, гэртээ ороход манай зурагт алга болсон байсан. тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 136/

 

Гэрч И.Дашдоржийн мөрдөн байцаалтад өгсөн:

2017 оны 10 билүү 11 дугаар сарын үед над руу найз Хүрэлтогоо залгаад зурагт авах уу 42 инчийн лсд зурагт байна. 200.000 төгрөгөөр зарна гэхээр нь аваад ир үзье гэхэд удалгүй манай гэрт Хүрэлтогоо нэг том хар зурагт тэврээд ороод ирэхээр нь үзтэл гайгүй зурагт байхаар нь Хүрэлтогоогийн данс руу би 200.000 шилжүүлээд зурагтыг авсан /хх-ийн 52/

 

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2017 оны 12 сарын 01-ний өдрийн БЗЗ-08 дугаартай:

Хохирогч Ц.Намжилмаагийн алдасан эд зүйл 2018 оны 11 сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр Скайворт брэндийн зурагт 330.000 төгрөгийн, дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 120.000 төгрөгийн, нийт 450.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 21-22/,

 

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2017 оны 12 сарын 08-ны өдрийн ЧД2-343 дугаартай:

Хохирогч А.Золбаярын алдасан эд зүйл 2018 оны 11 сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр Шарп брэндийн лед зурагт 510.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 139-142/,

 

Шүүгдэгч Т.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 11 сарын 28-ны өдөр Хүрэлтогоо бид 2 автобусанд сууж яваад Гачууртын МТ ШТС-ын хажууд буусан. Замын хойшоо гэр хороолол руу явж байхад хашаан дотороо гэртэй, байшинтай айл байхаар нь Хүрэлтогоог гадаа хүн харж бай гэж үлдээгээд би ороод байшингийн вакум цонхыг гараараа түлхэж онгойлоод орж хананд өлгөөтэй байсан 42 инчийн скайворт лсд зурагтыг авч яваад Цайз захын хойно Хүрэлтогоогийн найзад 200.000 төгрөгөөр зарсан.

2017 оны 11 сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 66-1055 тоот, А.Золбаярын өвлийн сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 151/,

 

Шүүгдэгч Д.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Т.Г ийшээ нэг юманд явчихаад ирье гэхээр нь уузлаад автобусанд суугаад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо гачууртад ирсэн. Гачууртын МТ колонкын хойд талд гудамжаар ороод би хашааны гадна хүн харж зогсоод Т.Г хашааг нь даваад орсон ба удалгүй 10-15 минутын дараа хар өнгийн 32 инчийн скайворт зураг тэврээд гараад ирэхээр нь хамт өргөлцөөд зам дээр гарч такси бариад 16-р хороололд байдаг найз Дашдорж руу утсаар яриад зурагт авах уу гэтэл үзье гэхээр нь очиж үзүүлтэл авья гээд 200.000 төгрөгөөр зарж мөнгийг нь би өөрийнхөө хаан банкны 5015085608 дансаар шилжүүлж аваад Т.Г надад 60.000 төгрөг өгөөд үлдсэнийг нь өөрөө авсан. Тэр айлаас мөнгөн аяга аваагүй.

Мөн өдөр Хайлаастын 15-ын буудлаас баруун тийш салж гудамжаар ороол ногоон төмөр хаалгатай хашааны гадна очоод би гадаа нь хүн харж үлдээд Т.Г орж 42 инчийн шарп зурагт тэврээд гарч ирсэн. Уг зурагтыг зарж борлуулахаар 16-ийн пс тоглоомын газарт очиж интернэтэд зар тавиад явуулын хүнд 300.000 төгрөгөөр зарж мөнгөө тэнцүү хувааж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 61, 148-149 /,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03, 113/

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8, 114-116/

-оргодол Д.Хг эрэн сурвалжилсан тухай баримт /хх-ийн 33-39/

-мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсан талаарх баримт /хх-ийн 40, 45-46/

-эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 100/,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 65-67/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс Д.Х, Т.Г нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 153, 156/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32, 192-193/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Т.Г, Д.Х нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Г, Д.Х нар нь бүлэглэн хүн байнга амьдрах зориулалт бүхий байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэдгээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Хг Т.Гтэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 66 дугаар гудамжны 1055 тоотод оршин суух А.Золбаярын эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн орон байранд хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн зурагтыг нь хулгайлан авч 720.000 төгрөгний хохирол учруулсан

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баяндөхөмийн 13-16 тоотод оршин суух иргэн Б.Намжилмаагийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орон байранд хууль бусаар нэвтрэн орж 330.000 төгрөгийн үнэлгээ бүхий 42 инчийн скай ворт загварын зурагт, 120.000 төгрөгний үнэлгээ бүхий дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж нийт 450.000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Гийг Д.Хтой бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 66 дугаар гудамжны 1055 тоотод оршин суух А.Золбаярын эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн орон байранд хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн зурагтыг нь хулгайлан авч 720.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг төлж барагдуулаагүй байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулаагүй байх ба шүүгдэгч нарын гэмт үйлдэлийн улмаас хохирогч нарт нийт 960.000 төгрөгийн хохирол учирсаныг шүүгдэгч нараас тэнцүү хуваан тус бүрээс 480.000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Гийг хохирогч Б.Намжилмаагийн эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч хулгайлсан гэм буруутайд тооцож хохирогчид учирсан хохирол болох 450.000 төгрөгийг шүүгдэгч Т.Гээс гаргуулж хохирогч Б.Намжилмаад олгож шийдвэрлэсэн байна.

Иймд шүүгдэгч Т.Гээс 30.000 төгрөг, шүүгдэгч Д.Хгоос 480.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч А.Золбаярт олгож шийдвэрлэлээ.

 

Тухайн гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Х нь 28 хоног, шүүгдэгч Т.Г нь 385 хоног тус тус цагдан хоригдсон байх тул уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Х, Т.Г нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Хг гурван жил, найман сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Гийг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г, Д.Х  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийн цагдан хоригдсон гурван зуун наян тав хоногийг, шүүгдэгч Д.Хгийн цагдан хоригдсон хорин найм хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хгоос 480.000 төгрөг, шүүгдэгч Т.Гээс 30.000 төгрөг гаргуулж хохирогч А.Золбаярт олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ