Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 209/МА2023/00071

 

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  06 дугаар сарын 08-ны өдрийн 135/ШШ2023/000768 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* /цахимаар/, хариуцагч ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:


           *******той 2000 онд танилцаж, 2004 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2004 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү М.Шинэбаяр, 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүү М.Төрболд нар төрсөн. Хамт амьдрах хугацаанд архи ууна бүр олон хоног үргэлжлүүлж уудаг болсон. Архины эмчилгээнд удаа дараа явсан ч үр дүн гараагүй улам даамжирсан. Ингээд 2015 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. ******* намайг хоёр хүүхэдтэй маань орхиод явахад том хүү 10 настай, бага хүү 3 настай байсан. 2015 оноос өдийг хүртэл ганцаараа хоёр хүүхдээ өсгөсөн. Том хүү маань насанд хүрсэн. Бага хүү 12 настай бөгөөд санхүүгийн хэрэглээ өндөрсөж байна. Ийм учраас бага хүүгээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгоно. Бид хоёр хоёулаа гэрлэлтээ цуцлуулах тал дээр маргаангүй, эвлэрэх боломжгүй. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүү М.Төрболдыг миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хамтран амьдрах хугацаанд гэр бүлийн маргаан болж байгаагүй 2015 онд архи уусан гэдэг шалтгаанаар тусдаа нэг хэсэг амьдарсан, тэр үед би ажил дээрээ амьдардаг байсан. Архи уусан шалтгаанаар гэртээ оруулахгүй, түлхүүрийг маань сольсон. Гэртээ оруулахгүй гээд хувцсыг маань авчирч өгсөн, ингээд оруулахгүй байсан учраас хот руу явсан. Хотод байх хугацаанд гэр бүлтэйгээ харилцаатай байсан. Гадаад улс руу яваад 2019 оны 11 дүгээр сард Монголдоо ирсэн. Ирээд гэртээ 3 удаа очиход хүлээж аваагүй. Гэр бүлийнхээ идэш хоолыг бэлдэж өгч байсан. Надад салах бодол тухайн үед байгаагүй, ингээд гэртээ орж чадаагүй учраас хотод аав ээжтэйгээ амьдарч байгаад Дарханд ахындаа байгаа. Мөн бидний хамтын амьдралын 15 жилийн хугацаанд бүтээсэн цуглуулсан дундын өмчлөлийн 2 өрөө байр, худалдааны гудамжид байрлах 12 м.кв павилон шинээр авсан. Тамир хороололд байх 0,05 га хашаа, газар, банканд бэлэн 10 гаруй сая төгрөг зэргийг ******* 2 хүүхдийн хамт ашиглаж байгаа. Тухайн үед бид ямар ч банканд өр зээлгүй байсан. Би хүүхдүүдтэйгээ хамт амьдрах гэж ихэд мэрийж хүсэн хүлээсэн боловч бүтээгүй. Тусдаа амьдраад 8 жил болсон тул гэрлэлт цуцлуулах *******ын саналыг хүлээн зөвшөөрч байна. Би бүх хөрөнгөө үлдээсэн учир хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Элжигэн овогт Билэгсайханы Мөнхзориг, Гуа боржигон овогт Дэлгэрхангайн Мөнхбаяр нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү М.Төрболдыг эх *******ын асрамжид үлдээсүгэй.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү М.Төрболдыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *******оос тэтгэлэг гаргуулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 69,190 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдсан,

Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсан,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Баярсүрэнд даалгаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

             Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах нь нэхэмжлэлийн хувийг надад гардуулах үед дундын өмчлөлийн эд хөрөнгийн асуудлыг хамт шийдвэрлүүлэх хүсэлттэй гэж хэлэн сөрөг нэхэмжлэл гаргах гэхэд шүүгчийн туслах та шүүх хуралдаан дээр хүсэлтээ гаргаж болно гэж хэлээд сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй. Гэтэл шүүгч нь шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна гэж дүгнэж хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Би эд хөрөнгөө хүүхдийн тэтгэлэгт өгнө гэдгээ шүүх хуралдаан дээр тайлбарласаар байхад шүүгч нэхэмжлэгчийн талд хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд эд хөрөнгийн асуудлаа хамт шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

            5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх тул хариуцагчийн гаргасан “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт нэмэлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч ******* нь эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.
          3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигч нь 2004 онд албан ёсоор гэр бүл болж, тэдний дундаас 2004 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү М.Шинэбаяр, 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүү М.Төрболд нар төрсөн бөгөөд 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна.

4. Хариуцагч ******* нь  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлгийг гэр бүл болж хамтран амьдарч байх хугацаанд бий болсон дундын хөрөнгөөс өөрт оногдох хэсгээр тооцож төлнө гэж шүүхэд гаргасан тайлбартаа дурдаж, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргасан.

Гэвч хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэр бүлийн хамтран өмчлөх дундын ямар эд хөрөнгийн талаар маргаж байгаа талаар тодорхой дурдаагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул дундын эд хөрөнгийн маргааны талаар тусдаа шаардлага гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх, төгсгөх асуудлаа бие даан чөлөөтэй хэрэгжүүлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэх эсэхээ өөрийн хүсэл сонирхол, санаачилгаараа шийдэх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, татгалзлыг үгүйсгэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг татгалзах, түүнийхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй байдагт оршдог.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж хуульчилсан бөгөөд хариуцагч ******* нь ямар нэр төрлийн, хэдэн төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгөтэй байсан, тухайн хөрөнгийг хэрхэн хуваах талаар тодорхой шаардлага гаргаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой байх ёстой бөгөөд хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдсан гомдолдоо “...хөрөнгийн талаар сөрөг нэхэмжлэл гаргах гэхэд шүүгчийн туслах хурал дээрээ хэлж болно гэж хэлсэн” гэж маргаж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаан дээр энэ талаар тодруулахад “...яг хөрөнгийн маргаан гэж хэлэхгүй, хүүхдийн тэтгэлгийг эд хөрөнгөөр тооцож төлөх хүсэлтэй” гэж тайлбарласан.

Хариуцагчийн энэхүү тайлбарыг дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад эд хөрөнгийн маргааны асуудлыг шүүх өөрийн санаачилгаар хянан шийдвэрлэх үндэслэлгүй учир “...эд хөрөнгийн асуудлаа хамт шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэх хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

6. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “ ...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь ... иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ”, 35 дугаар зүйлийн 35.1-т “...эцэг, эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй” 38 дугаар зүйлийн 38.1-т “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан, зохигч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байх тул 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү М.Төрболдыг эх *******ын асрамжид үлдээж, хуульд заасны дагуу эцэг *******оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин насанд хүрээгүй буюу 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү М.Төрболдыг эх *******ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг тогтоохдоо тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт мөрдөгдөж буй амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоогдоно гэдгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан боловч шүүхийн шийдвэрт энэ талаар орхигдуулсан, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг дугаарлаагүй үлдээсэн байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн дугаарлаагүй үлдээсэн хэсгийг “3” гэж дугаарлан, “...тухайн бүс нутагт тогтоогдсон” гэж шийдвэрт нэмэлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 7. Хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж байгаа тул давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 135/ШШ2023/00768 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн дугаарлаагүй үлдээсэн хэсгийг “3” гэж дугаарлан, “...тухайн бүс нутагт тогтоогдсон” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

   

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АМАРСАНАА                                    

                                            ШҮҮГЧИД                           Г.МЯГМАРСҮРЭН                                                  

                                                                                              Я.ТУУЛ