Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 209/МА2023/00072

 

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                      

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  06 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/00789 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 10-р хороолол, батур 1 байр, 1 тоот хувийн сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар уг гэрээний үндсэн дээр Ү-******* дугаартай орон сууцны өмчлөгч, газар эзэмшигчээр *******ыг бүртгэсэн бүртгэлээс *******ыг хасаж, бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах, Д.Алтанцэцэг болон ******* нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Батур хотхоны гадна зам талбайн ажлыг хийж гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Идэртөгс, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Идэртөгсийн өмгөөлөгч Л.Банзрагч, хариуцагч Г.Ундаръяа, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

           ...******* нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг 10 дугаар хороолол, Батур 1 байр 1 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаар гэрчилгээтэй хувийн сууцыг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “*******” ХХК-ийн ипотекийн зээлээр худалдаж авсан бөгөөд уг орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээ *******ын нэр дээр бүртгэлтэй боловч, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗБ******* дугаар зээлийн болон барьцааны гэрээний үндсэн дээр барьцаалбарт бүртгэгдсэн байдаг. ******* нь уг орон сууцыг худалдан авч өмчлөх эрхтэй болсон хэдий ч ******* гэх хүний хууль бус үйл ажиллагааны улмаас өдийг хүртэл эзэмшихтэй холбоотой эрхээ хэрэгжүүлж чадалгүй хохирсоор байна.

Учир нь 2018 онд ******* гэгч нь надтай хамтран ажиллах нэрээр намайг төөрөгдүүлж чиний орон сууцны ашиглалтын зардал, сард төлөх зээлийг төлөөд түрээсийн хэлбэрээр түр оршин сууж баймаар байна. Хэрвээ ажил сайхан бүтээд ашигтай ажиллавал үнэ тохиролцоод чиний орон сууцыг худалдан авсан ч болно гэх мэтээр худал ярьж итгүүлэн орон сууцанд орж амьдарч эхэлсэн бөгөөд үүнээс хойш огт гаралгүй өдийг хүрч байна.

Хариуцагчид орон сууцаа чөлөөлж өгөхийг удаа дараа сануулж шаардлага тавихад би сар бүр уг орон сууцны зээлийг төлдөг учраас би өмчлөх, эзэмших эрхтэй гэх огт үндэслэлгүй тайлбар хэлж өмчлөгчийн эзэмших эрхийг ноцтой зөрчиж уг үйлдлээ таслан зогсоохгүй амьдарсаар байх тул Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол, Батур 1 байр, 1 тоот хувийн сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбар, нэмэлт тайлбарын агуулга:

  ...******* бид 2 харилцан тохиролцсоны үндсэн дээр “*******” ХХК-аас түүний нэр дээр орон сууц худалдан авсан бөгөөд энэ байранд би ээжийнхээ хамт амьдардаг нь үнэн бөгөөд энэ зээлээ би түүний дансаар дамжуулан “*******” ХХК-ийн зээлийн төлбөрийг сар бүрийн ашиглалтын зардлын хамт төлж байсан нь үнэн.

******* би улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол, Батур 1 байр 1 тоот орон сууцыг Д.Алтанцэцэгээс худалдаж авахаар харилцан тохиролцож, уг байрандаа 2016 оны 7 сард нүүн орж, 2016 оны 8 сараас эхлэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл байрны урьдчилгаанд нийт 41,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн. Байрны үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч төлөхөөр хөөцөлдөхөд тухайн үед би Хас банканд орон сууцны зээлтэй байсны улмаас банкнууд надад зээл өгөхгүй байсан. Иймд өөрийнхөө нэр дээр зээлээ авч өгөөч гэж гуйхад ******* надад зөвшөөрсөн.

Ингээд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр *******ын нэрэн дээр уг байрны өмчлөх эрхийг шилжүүлж, “*******” ХХК-аас 2010 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ЗГ******* тоот зээлийн гэрээгээр *******ын нэрэн дээр 79,200,000 төгрөгийг жилийн 20,8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээл гаргуулж авсан. Уг зээлийн мөнгөнөөс 69,000,000 төгрөгийг байрны үлдэгдэл төлбөрт хийснээр байрны нийт төлбөр болох 110,000,000 төгрөгийн тооцоог Д.Алтанцэцэгтэй бүрэн хийж дуусгасан.

*******-ны зээлийн төлбөрийг ******* миний бие зээлийн гэрээний хуваарийн дагуу сар бүр төлж ирсэн ба зээл ашиглалтын хугацаанд нийт 65,800,000 төгрөгийг төлсөн байна. ******* нь Улаанбаатар хотын хүн бөгөөд уг маргаан бүхий байран дээрээ нэг ч ирж үзээгүй, ямар байр байгааг ч мэдэхгүй, уг байрыг зарсан Д.Алтанцэцэгийг ч танихгүй мөртлөө яагаад ийм нэхэмжлэл гаргаж байгааг ч би ойлгохгүй байна. Миний хувьд ээж Д.Цэндээхүүгийн хамт 2016 оны 7 дугаар сараас өнөөдрийг хүртэл уг байранд амьдарч, байрны хэрэглээний /ус, дулаан, цахилгаан, юнивейшн зэрэг/ зардлуудыг төлж ирсэн. Мөн би 2021 онд уг байранд 10,000,000 төгрөгөөр засвар хийсэн.

Энэ бүх байдлаас харахад *******наас зээл авахын тулд ******* болон Д.Алтанцэцэг нарын хооронд хийгдсэн байр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлж хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд хүчин төгөлдөр бус гэрээгээр маргаан бүхий байрны өмчлөх эрхийг олж авсан ******* нь уг байрны шударгаар эзэмшигч болох намайг албадан гаргах үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, нэмэгдүүлсэн шаардлагадаа:

...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр уг байрыг Идэрбатын нэр дээр шилжүүлж *******наас 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ЗГ-******* тоот гэрээг *******ын нэр дээр 79,200,000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээл гаргуулж авсан. Уг зээлийн мөнгөнөөс 69,000,000 төгрөгийг байрны үлдэгдэл төлбөрт хийснээр байрны нийт төлбөр болох 110,000,000 төгрөгийн тооцоог би Д.Алтанцэцэгтэй бүрэн хийж дуусгасан. *******ны ЗГ-******* тоот зээлийн төлбөрийг миний бие хуваарийн дагуу сар бүр төлж ирсэн ба зээл ашиглалтын хугацаанд нийт 65,800,000 төгрөгийг төлсөн.

... 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Д.Алтанцэцэг, ******* нарын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээ нь хийгдсэн үеэс хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар уг гэрээний үндсэн дээр Ү-******* дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 10-р хороолол, Ватур 1 дүгээр байрны 1 тоот орон сууцны өмчлөгч эзэмшигчээр *******ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.

Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийн 000674461 тоот гэрчилгээг хүчингүй болгох, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Д.Алтанцэцэг, ******* нарын хооронд хийгдсэн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 10-р хороолол, Ватур хотхоны 1 дүгээр байрны 1 тоот 178 м.кв орон сууцыг худалдах худалдан авах гэрээг мөн хаягт байршилтай нэгж талбарын ******* дугаартай 283 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай газар эзэмших гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д тус тус заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар уг гэрээний Ү-******* дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 10-р хороолол, Ватур хотхоны 1 дүгээр байрны 1 тоот амины орон сууцны өмчлөгч газар эзэмшигчээр Идэрбатыг бүртгэсэн бүртгэлийг тус тус хасаж бүртгэхийг хариуцагчид болон Улсын бүртгэлийн хэлтэст даалгах сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.

Д.Алтанцэцэг Идэрбат нарын хооронд 2015 оны 04 сарын 01-ний өдөр Батур хотхоны гадна зам талбайн ажлыг хийж гүйцэтгэх гэрээний 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

... *******, Д.Алтанцэцэг нарын хооронд байгуулсан гэрээнд ******* гарын үсэг зураагүйг манай зүгээс хүлээн зөвшөөрч байгаа боловч ******* *******д төлөөлөн гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон байна. Хуульд зааснаар итгэмжлэл олгогдсоны дагуу гэрээнд төлөөлж буй этгээд болох ******* өөрөө гарын үсэг зурах байсан боловч ******* гэж бичсэн. Төлөөлүүлэгч хүчин төгөлдөр бус гэж маргаагүй байхад уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл, 56.1.3-т заасан халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн алинд ч хамаарахгүй байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.4-т тус тус ыг баримтлан *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс хувийн сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******гийн хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварыг арилгуулахаар уг гэрээний үндсэн дээр Ү-******* дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 10 дугаар хороолол, Батур 1 дүгээр байрны 1 тоотод байрлах орон сууцны өмчлөгч, тус хаягт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 283 мкв талбайтай, амины орон сууцны зориулалттай газрын эзэмшигчээр *******ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Д.Алтанцэцэг болон ******* нарын хооронд 2015 оны 04 сарын 01-ний өдөр байгуулагдсан Батур хотхоны гадна зам талбайн ажлыг гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

56 56.1, 56.2, 7 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч *******д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

             Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хангасан нь үндэслэлгүй болох тухайд:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан биш юм. Учир нь захиргааны байгууллагын шийдвэрээр уг улсын бүртгэлийн бүртгэл, бичилт хийгдэх тул энэхүү захиргааны актыг иргэний шүүх шийдвэрлэх боломжгүй юм. Гэтэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хоёр. Хууль зүйн үүднээс дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болохын тухайд:

*******, Алтанцэцэг нарын хооронд байгуулсан Орон сууц, худалдах, худалдан авах гэрээг шүүхээс дүгнэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 “Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” хэмээн үзэж уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд үүсээд буй маргаанд хоёр төрлийн хэлцэл байхгүй бөгөөд өөр хэлцлийг халхавчлах, өөр эрх зүйн үүрэг үүсгэх сэдэл байгаагүй учраас ******* болон Алтанцэцэг нарын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56.1.3-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох урьдчилсан нөхцөлд хамаарахгүй байна.

...Талууд ийм тохиролцоо хийгээгүй байсан бол нэхэмжлэгч ******* нь өөрийн нэр дээр зээл авч мөн хамтран зээлдэгчээр аав Ганхуягийг оролцуулан эрсдэл гаргах шаардлага байхгүй ба уг орон сууцыг худалдан авахгүйгээр зээл авах бүрэн боломжгой байсан. ******* миний бие тус орон сууцыг худалдан авах хүсэл зоригтой байсан бөгөөд банкнаас зээлж авч худалдагч талд шилжүүлсэн нь түүнийг уг үл хөдлөх хөрөнгийг авах хүсэл зоригтой болохыг илтгэнэ.

Төлөөллийн тухайд: ******* нь *******ын нэрийн өмнөөс Алтанцэцэгтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлээр үл хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсэн тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргасан. ******* нь *******ын нэрийн өмнөөс худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь үнэн бөгөөд ******* нь өөрийн нэрийн өмнөөс *******г гэрээ байгуулахыг зөвшөөрсөн бөгөөд төлөөлүүлэгч нь хэлцлийг зөвшөөрч байгаа учраас хүчин төгөлдөр төлөөллийн үндсэн дээр хийгдсэн гэрээ байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

            7. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох  түүний хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол, Батур 1 дүгээр байр 1 тоотын хувийн сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч *******ын давж заалдсан гомдлоор хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаах нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* маргаж буй хувийн сууцыг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *******ны ипотекийн зээлээр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зохих журмын дагуу авч өмчлөх эрхтэй болсон хэдий ч ******* гэх хүний хууль бус үйл ажиллагааны улмаас өнөөдрийг хүртэл эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирсоор байна гэж 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Газрын албанаас олгосон Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Голомт байгуулсан зээлийн гэрээ, мөн өдрийн Ипотекийн гэрээ зэрэг баримтыг хавсарган ирүүлж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хариуцагч ******* маргаж буй хувийн сууцыг анх би худалдан авч, урьдчилгаа төлбөрийг өөрөөсөө төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг *******тай харилцан тохиролцож, *******наас түүний нэр дээр орон сууц худалдан авах зээл авсан, зээлийг төлбөрийг би төлж байгаа гэж ******* дахь дансны хуулга, худалдан авах гэрээ, зам талбайн ажил гүйцэтгэх гэрээ, “Дарханы Дулааны станц” ТӨХК-ий харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, “Дархан Ус суваг “ХК-ий харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ болон бусад бичгийн баримтыг ирүүлж, татгалзлын үндэслэлээ тодорхойлсон байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар Ү-******* Улсын бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэл болон 000674461 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /1-р хх-ийн 45/,

Хариуцагч ******* 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Амины орон сууцны зориулалттай нэгж талбарын ******* дугаартай 283 м/кв талбайтай газар эзэмших эрхийг бүртгэсэн улсын бүртгэл болон 000709743 тоот гэрчилгээг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. /1-р хх-ийн 124/,

Мөн 2023 оны 04 дүгээр сарын 24-ий өдөр Д.Алтанцэцэг ******* нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн улсын бүртгэлийн  Ү-******* дугаартай, Дархан-Уул аймаг Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол, Батур 1 байр 1 тоот, 178 м.кв талбайтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн хаягт байршилтай  нэгж талбарын  ******* дугаартай 283 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай газрын “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нь тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар маргаж буй орон сууцны өмчлөгч, газар эзэмшигчээр *******ыг бүртгэсэн бүртгэлийг тус тус хасаж бүртгүүлэхийг хариуцагчид болон Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. 2-р хх-ийн 64-66/,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангасан байна” гэж зааснаар хариуцагч ******* сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь тодорхойгүй байхад шүүх түүнийг тодруулаагүйгээс шийдвэрийн үндэслэх хэсэг болон тогтоох хэсэг нь утгын зөрүүтэй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн харилцан тооцогдох нь тодорхойгүй байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
           Нэхэмжлэгч *******аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос  шүүгчийн захирамжаар буцаан гаргуулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/00789 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

      

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МЯГМАРСҮРЭН                                               

                                            ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА                                                  

                                                                                             Л.АМАРСАНАА