Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/00164/И |
Дугаар | 146/ШШ2016/00169 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 146/ШШ2016/00169
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум, 4 дүгээр баг, “Хар тойром” гэх газар оршин суух Мэнд овогтой Яндийн Дуламжавын /РД:ЙГ56040114/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Я.Дуламжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Я.Дуламжав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Я.Дуламжав миний бие нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1978 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1978 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Я.Дуламжав нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Я.Дуламжав нь 1978 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаартай архивын лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Хиа овогтой Далайн Бадамгарав нь “...Би 1974 онд цэрэгт яваад 1977 онд халагдаж ирээд Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажилд орсон. Намайг ажилд ороод удаагүй буюу 1978 оноос Я.Дуламжав нь малчнаар ажилласан. Бид 2 насаараа мал малласан. Нэг хүн ойролцоогоор 150 толгой мал малладаг байсан. Сард нэг толгой малыг 33 мөнгөөр бодож цалин авдаг байсан...” гэж, мөн Занашир овогтой Чунагийн Баатар нь “...Бид 2 цэргээс халагдаж ирээд 1977 онд хамт нэгдэлд хонь маллаж байсан. Нэгдэл тартал хамт малчнаар ажиллаж байсан. Сард нэг толгой малыг 33 мөнгөөр бодож цалин авдаг байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Дээрх нотлох баримтуудаар Я.Дуламжав нь 1978 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Я.Дуламжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мэнд овогтой Яндийн Дуламжавыг 1978 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Я.Дуламжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА