| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 186/2020/0600/Э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2021-02-05 |
| Зүйл хэсэг | 23.5.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 89
Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 616 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1343 дугаар магадлалтай Д.Г-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Т овгийн Д-н Г-.
Д.Г- нь “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байхдаа, дээрх төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлыг хэсэг хуралдаж, сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж, оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-г “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж оролцсон гэм буруутайд тооцож,
шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж ...Д.Г-д ... ял оногдуулсанд гомдолтой байна.
Учир нь аливаа гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцоход үйлдэл хийхээсээ өмнө урьдчилан амласан байхыг шаарддаг бөгөөд мөрдөн байцаалтын явцад Д.Г- нь уг хууль бус үйлдлийн зохион байгуулагч, гүйцэтгэгч, бусад оролцогчтой урьдчилан тохиролцож амлалт өгсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогддоггүй.
Мөн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн үйлдэл эс үйлдэхүйн хууль бус шинжийг ухамсарлаж түүнийг хүсч хохирол хор уршигт зориуд хүргэдэг шинжийг заавал агуулсан байдаг ба шүүгдэгчийн үйлдэлд хууль бус шинжтэй үйлдэл хийхийг хүссэн санаатай гэм буруугийн үндсэн шинж тогтоогдохгүй байгаа болно.
Тухайлбал, ...Ажлын хэсэг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж тус хуралдаанд Д.Г- нь биечлэн оролцож бусадтай үгсэн тохиролцсон зүйлгүй хэлэлцэх асуудлын хүрээнд өөрийн санал бодлоо хараат бус хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр өөрийн мэдлэг туршлага тухайн салбарын бодлого чиглэлийн хүрээнд илэрхийлэн тэмдэглэлд тусгуулсан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг.
Мөн энэ талаар шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед ... Ажлын хэсгийн эхний хуралдаан ХХҮЕГ дээр болж өнгөрсөн. Үүнээс хойш ажлын хэсэг дахин хуралдаж ямар нэг шийдвэр гаргаагүй яг ямар төсөл сонгон шалгаруулах гэж байгаа хичнээн төгрөгийн санхүүжилт олгох гээд ер нь төслийн талаар сайтар ойлголт байгаагүй...” гэж /15ххийн 95-96ху/... шийтгэх тогтоолын 11хуудас/ “... Би нэг удаагийн ажлын хэсгийн хуралд суусан бусад хурал болсон эсэх талаар мэдэхгүй бусад нь миний гарын үсэг биш дуурайлгаад зурсан юм шиг байна.. .” гэж тодорхой мэдүүлсэн байдаг төдийгүй түүнийг уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэлийн талаар хэн нэгэн гэрч болон яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлсэн нотлох баримт хавтаст хэрэгт огт тусгагдаагүй болно.
Иймд анхан шатны шүүхээс Д.Г- хууль бус үйл ажиллагаа болж буйг мэдсээр байж сонгон шалгаруулалт явагдсан мэтээр гарын үсэг зурж гэмт хэрэг туйлдаа хүрч төгсөх боломжийг олгон дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан шүүхийн шийтгэх тогтоол заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2.2. дахь хэсгийн: “...шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр ..; 2.2.3 “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл..., зэргийг тодорхойлж гэм буруутайд тооцох хэсэгт тусгана гэх заалтыг огт биелүүлээгүй төдийгүй нэг ижил үйлдэл, оролцоо бүхий ажлын хэсгийн гишүүдэд холбогдох хэргийг өөр өөр дүгнэлт хийж шийдвэрлэжээ.
Тухайлбал, Анхан шатны шүүх Ажлын хэсгийн гишүүн шүүгдэгч Н.А-д холбогдох эрүүгийн хэргийг “...Н.А- нь ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдэж байсан төдийгүй 2017 оны 5 дугаар сарын 29, 7 дугаар сарын 17, 9 дүгээр сарын 27-ны өдрийн ажлын хэсгийн хуралдаанд оролцоогүй хуралдааны тэмдэглэл шийдвэрт гарын үсэг зураагүй нь уг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга шүүгдэгч Б.Б-, шүүгдэгч Н.А-ын өөрийнх нь мэдүүлгээр нотлогдсон, үүнийг үгүйсгэж Н.А- урьдчилан амлаж тэрхүү баримт бичгүүдэд гарын үсгээ өөрөө зурсан болохыг нотолж чадаагүй байна...” гэсэн дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Иймд шүүгдэгч Н.А-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх шийтгэх тогтоолд дурдсан дээрх үндэслэл нь нэг ижил үйлдэл, оролцоо бүхий бусад ажлын хэсгийн гишүүдэд тухайлбал миний үйлчлүүлэгч Д.Г-д хамаарахгүй байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой дүгнэлт хийгээгүй, энэ талаар гаргасан өмгөөлөгчийн гомдолд давж заалдах шатны шүүх хариу өгөөгүйд гомдолтой байна.
Тэгээд ч хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Баттөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс харахад “...шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан шиг шүүгдэгч Н.А- ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар огт мэдэхгүй хараагүй...” гэж тэрээр огт мэдүүлээгүй төдийгүй харин ч Н.А- нь бусад ажлын хэсгийн гишүүдтэй ижил, зарим талаар “...ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд засвар оруулах тухай...” санал гаргах зэргээр илүү идэвхтэй оролцсон байдаг.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд анхан шатны шүүх нь нэг ижил, үйлдэл оролцоо бүхий ажлын хэсгийн гишүүн Н.А-, Д.Г- нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тэс өөр хоёр байр суурьнаас хандаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон “...Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна...”, 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг “...шударга шүүхээр шүүлгэх эрхтэй...”, гэх заалтууд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл: “...Хэргийн бодит байдлыг тогтоох...”, 1.12 дугаар зүйл: “...Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх...” байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч “гэмт хэрэгт санаатай оролцоогүй” гэж гомдол гаргадаг. Гэтэл шүүгдэгч Д.Г-н хувьд хийгдээгүй хурлыг хийгдсэн болгон гэрчилж, хурлын тэмдэглэлд мэдсээр байж гарын үсэг зурж, эрх зүйн үр дагавар бий болгосны үр дүнд бусдад давуу байдал олгосон нөхцөл байдал тогтоогдсон ба прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүх шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол шаардахгүй ба хуульд нийцүүлэн гаргасан, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд хэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, жижиг зээл олгох, ямар хэмжээтэй байх талаар тодорхой заасан. Гэтэл журамд заасан заалтуудыг санаатай зөрчиж, бусдад давуу байдал олгосон нь гэмт хэргийн шинжтэй.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Д.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Д.Г-г ***-т газарт Санхүү төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрийн дагуу 2017 онд хэрэгжсэн “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байхдаа, дээрх төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлыг хэсэг хуралдаж, сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж, оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хууль зүйн үндэслэлтэй дүгнэж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалд хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийн талаар холбогдох өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөрдөгч, прокурор гэмт хэргийн шинжид хамаарах үйл баримтыг бодитой, үнэн зөв байдлаар тогтоохын тулд хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлж, ингэхдээ яллах болон цагаатгах нөхцөл байдлыг нэгэн адил тогтоох арга хэмжээг авч, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаж шалгах үүрэгтэй бөгөөд эдгээр нөхцөл байдлын талаарх талуудын мэтгэлцээнд тулгуурлан шүүх хэргийн бодит байдлыг сэргээн тогтоодог.
Тодруулбал, шүүх хянан үнэлж буй нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай байх болон хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох хүмүүсийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.
Шүүгдэгч Д.Г-г “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байхдаа, урьдчилан амлаж, нэр бүхий нийтийн албан тушаалтнуудын үйлдсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэх үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.
Харин тэрээр шүүгдэгч Б.Н-, Б.Ш-, Н.Б- нарын албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулалгүй нэр бүхий аж ахуйн нэгж, иргэдийн 29 төслийг хэрэгжүүлэгч нарт хууль бус давуу байдал олгож, хөдөлмөр эрхлэлтийн санд их хэмжээний хохирол учруулсан, төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан гэмт хэрэгт, өөрийн хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, дээрх нэр бүхий хүмүүсийн боловсруулсан хууль бус баримтад гарын үсэг зурж хайнга хандсан байна.
Тодруулбал, шүүгдэгч Д.Г- нь дээрх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллах үүрэг хүлээсэн хэдий ч үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, дээд албан тушаалтны шийдвэрт тал засах, бусдад хэт найдах зэргээр үүрэгт ажилдаа хайнга хандаж, хэлбэрийн шинжээр өөрийн оролцоог хангасан болгож, сонгон шалгаруулалт явуулсан гэх хурлын хуурамч тэмдэглэлд гарын үсэг зурсан байх бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Учир нь албан тушаалтан албандаа хайнга хандах гэдэгт хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг авахгүй байх, мөн албаны чиг үүргээ гүйцэтгэсэн боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсанаас алдаа дутагдал гаргахад хүргэсэн, эдгээрээс шалтгаалан бусдад их хэмжээний хохирол учирсан байх зэргийг багтаан ойлгодог болно.
Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн, мөн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлагатай.
Иймд шийтгэх тогтоол, магадлалд хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 616 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1343 дугаар магадлалд “Прокуророос Д.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,
“Шүүгдэгч Д.Г-г албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүйн улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН