Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 112

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Б,

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: К б ХХК /РД:*******/

Гуравдагч этгээд: М ХХК /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: ”М ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн эрхийн Ү-220601****, Ү-220601**** дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл,  00010****, 00010**** дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн ** хороо, **гийн тойруу, ** хотхоны ** байрны ** тоотод байрлах 132 м.кв, 4 өрөө орон сууц, ** байрны зоорийн давхарын 140 тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Ш.Бийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээд К б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Миний бие 2009 оны ** сарын 11-ний өдөр М ХХК-тай 181 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулан, Хан-Уул дүүргийн ** хороо, **гийн тойруу, ** хотхоны ** байрны ** тоотод байрлах 132 м.кв, 4 өрөө орон сууцыг, ** байрны зоорийн давхрын 140 тоот автозогсоолын хамт захиалан, орон сууц болон автозогсоолын төлбөрийг бүрэн төлсөн болно. Ингээд М ХХК-иас орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул миний зүгээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд “Хан-Уул дүүрэг, ** хороо, *** хотхоны ** байрны ** тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, ** байрны зоорийн давхрын 140 тоот автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч М ХХК нь уг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1937 дугаар шийдвэрээр дээрх орон сууц болон автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон.

Дээрх 1937 дугаар шийдвэрийг үндэслэн миний бие орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт хандсан боловч хууль ёсны өмчлөгч намайг өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан.

Миний өмч хөрөнгөөр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг М ХХК нь тэдгээрийн өмчлөх эрхийг хууль бусаар өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болох надад огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр К б ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээ, Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулан, надад огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь иргэн миний эрх ашгийг ноцтой хохироосон үйлдэл юм.

Гэтэл Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг зөрчиж, М ХХК нь тухайн орон сууц болон автозогсоолыг өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүйгээр улсын бүртгэлд бүртгэсэн нь мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх" шаардлагыг ноцтой зөрчсөн байна. Түүнчлэн К б ХХК нь хууль ёсны өмчлөгч миний зөвшөөрөлгүйгээр, миний өмч хөрөнгөөр бий болсон үл хөдлөх хөрөнгүүдийг надад огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байх тул миний зүгээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тус банкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй юм. Тиймээс орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Ш.Б намайг улсын бүртгэлд бүртгэснээр К б ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй.

Иймд М ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220601****, Ү-3601**** дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл болон 00010****, 00010**** дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн ** хороо, **гийн тойруу, ** хотхоны ** байрны ** тоотод байрлах 132 м.кв, 4 өрөө орон сууц, ** байрны зоорийн давхрын 140 тоот автозогсоолын өмчлөгчөөр иргэн Ш.Бийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууц болон авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ш.Б нь хүчин төгөлдөр шийдвэр болон М ХХК-ийн албан бичиг бусад холбогдох бичиг баримтаа хавсаргаж 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн тасагт хандсан. Бүртгэлийн газар бүртгэл М ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна, мөн К б ХХК-ийн барьцаанд байгаа тул хүлээн авах боломжгүй талаар хариу өгсөн. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж заасны дагуу иргэн Ш.Бийн нэр дээр орон сууц болон авто зогсоолыг бүртгэж гэрчилгээ олгох нь үндэслэлтэй гэж үзэж байна. 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч байгууллага бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохдоо Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмыг үйл ажиллагаандаа баримталж байсан. Орон сууц, авто зогсоолыг бүртгэж гэрчилгээ олгосон үйлдэл бол тус журмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Журмын 1.2, 1.3, 2.1.в гэсэн заалтуудыг зөрчсөн байгаа юм. Уг заалтуудыг зөрчиж М ХХК-ийн нэр дээр бүртгэсэн үйлдэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан  “Улсын бүртгэлийн үйл ажиллагаа нэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 3.1.5 “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 7 дугаар зүйлд заасан Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх гэсэн зарчмуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

К б ХХК Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэгбүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Тухайн үед иргэн өөрийн орон сууц авто зогсоолыг өөрийн эзэмшил, ашиглалтад хүлээн авсан, эзэмшиж ашиглаж байсан. Түүнчлэн М ХХК болон К б ХХК зээлийн барьцааны гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн **7 дугаар зүйлийн **7.6.2 “барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хооронд байгуулсан зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээний оролцогч биш тул талуудын хооронд шийдвэрлэх асуудал гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр М ХХК-ийн улсын бүртгэл хийлгэж байгаа үйл ажиллагаа нь улсын бүртгэлд бүртгэгдэж байгаа нь хууль зөрчиж байгаа юм. Улсын бүртгэлийн үнэн зөвийг хариуцах ёстой байгууллага нь хуулиараа улсын бүртгэлийн байгууллага юм. Иргэний шүүхийн өмчлөгчөөр тогтоосон шийдвэр 2014 онд гарсан. Уг шийдвэр нь Ш.Бийг 2009 онд үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр төлсөн гэдгийг тогтоосон. Үйл баримт нь тогтоогдож байгаагаар Иргэний хуулийн 112 дугаар зүйл ерөнхий зохицуулалт. Төлбөрийг 90 хувийн хэмжээнд төлсөн тохиолдолд уг заалтын дагуу М ХХК-ийн нэр дээр бүртгэгдэх ёсгүй. 2010 онд хууль, дүрмээ зөрчиж М ХХК-ийн нэр дээр бүртгэл хийгээгүй байсан бол нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөхгүй байсан. Тухайн үед үүнийг нэхэмжлэгч мэдэж байсан бол гомдлоо гаргах байсан. 2010 онд бүртгэсэн бүртгэл нь өөрсдийн дагаж мөрддөг журмаа зөрчсөн байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа журмаа дагаж мөрдөхгүй хуулиа баримталсан гэдэг. Тухайн журмын 4.3-д дуусаагүй барилгыг баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгох гэж байгаа бол энэ журмын 4.3-д заасан шаардлагыг баримтална гэж заасан. 2010 онд 2 давхар суурь, каркас боссон байгаа. Хөрөнгө оруулагч нарын хөрөнгөөр барин 6 давхар барилга болж бие даасан эд хөрөнгө болж байгаа юм. Өмчлөх эрх нь үүссэн этгээдүүдийн эрх, ашиг нь хөндөгдөж болзошгүй гэдгийг М ХХК, К б ХХК мэдэж байсан. Улсын бүртгэгч журмынхаа дагуу жагсаалтаа шаардаж авах ёстой байсан. Журмын 4.5.2-д зааснаар хэд хэдэн этгээд хөрөнгө оруулсан эсэхийг нягталж үзэх ёстой юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4-т заасан байгаа юм. Банк үүнийгээ газар дээр нь очиж нягталж шалгаж үзнэ. Улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзаж байгаа үйлдэл бол зээлийн барьцааны гэрээнд бүртгэлтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс “К б” ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа тул хоёр үндэслэлээр татгалзаж байгаа. Татгалзсан үйлдлийг яагаад хууль бус гэж үзэж байгаа бэ гэхээр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, 24.8 “Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж заасан.

Иргэний хуулийн 183 дугаар 183.2-т “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно” гэсэн зохицуулалт байгаа.  Уг зохицуулалтыг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд ийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно” гэж заасан.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Бийн өргөдөлд дурдсан Хан-Уул дүүргийн ** хороо, Хөх Тэнгэр цогцолбор **гийн тойруу ** дүгээр байрны ** тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг М ХХК 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаарт 90% гүйцэтгэлтэйгээр, 2010 ны 5 дугаар сарын 13-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн  Ү-220601**** дугаарт   90%-ийн хувийн   гүйцэтгэлтэйгээр тус тус бүртгүүлсэн.

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлийг хөтлөх” журмын 4 дүгээр зүйл 4.5-ын 3-т зааснаар М ХХК-ийн ирүүлсэн өмчлөгчдийн нэрсийн жагсаалтыг үндэслэн бүртгэл хийгдсэн. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1-т өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж зааснаар М ХХК нь эрхийн Улсын бүртгэлийн Ү-220601**** дугаартай ** дүгээр байрны ** тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө үл хөдлөх хөрөнгө, Ү-220601**** дугаартай ** дугаар байрны 140 тоот автозогсоолын зориулалттай 18 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн. 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр М ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Эм Эс Эл ХХК К бтай байгуулсан Т07/208 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 220601**** дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 9 дүгээр сарын 02 өдөр, 2010 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 2007 оны 8 дүгээр сарын 1-ний өдөр Т07/141 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр К б ХХК-тай барьцааны гэрээ тус тус бүртгүүлсэн байна.

Мөн М ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ** хороо, Хөх Тэнгэр цогцолбор **гийн тойруу ** дүгээр байрны ** тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 2/10836 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бичиг баримт хувийн хэрэгт авагдсан байна.

Ш.Б нь дээрх үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд өөрийн нэр дээр шинээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохийг хориглоно, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-т мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйл 18.1.10-т Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай “Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийхийг хориглоно” гэсний дагуу бүртгэхээс татгалзсан.

Хууль зүйн дотоод хэргийн яамнаас тухайн журмыг батлаагүй байгаа. Хуулийн дагуу бүртгэл хийгдсэн. Мэдүүлгийг буцаасан үйлдэл нь хууль зөрчсөн гэж яриад байгаа. Энэ эд хөрөнгийг ямар нэг байгууллагаас хөдөлгөөнийг хязгаарласан бол хязгаарлалт тогтоосон байгууллага нь хязгаарлалтаа авах ёстой. Тоот тус бүрээр нь салгаад бүртгэж өгнө үү гэсэн хүсэлтийн хамт жагсаалтаа хавсаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд К б ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Л.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ”Тус банк нь М    ХХК-тай  2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот Зээлийн    гэрээг    байгуулж, 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 тоот Зээлийн    барьцааны    гэрээ    байгуулан уг зээлийн гэрээний  үүргийн  гүйцэтгэлийн баталгаанд **БВГ    дүгээр    байрны 1-205 тоот автозогсоолыг нэг бүрчлэн, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны    өдрийн Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээгээр ** дүгээр байрны 1-24 тоот    орон сууцнуудыг нэг бүрчлэн тус тус барьцаалсан.

Тус банкны М ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд    нь Иргэний хуулийн **6 дугаар зүйлийн **6.1, **6.2, Үл хөдлөх эд хөрөнгийн    барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, ** зүйлийн 11.1, 12 дугаар    зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд    хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу    бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм. Гэтэл М ХХК нь иргэн    Ш.Бтой 2009 оны ** сарын 11-ний өдөр 181 тоот Орон сууц    захиалгаар бариулах гэрээг байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө  болох Хан-Уул дүүрэг, ** хороо, ** хотхоны ** байрны ** тоот орон сууц болон **БВГ дүгээр байрны 140 тоот автозогсоолыг худалдсан байна. Энэ    нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.11-Т“    Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд    шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний    хуулийн 170 дугаар зүйлийн 170.62-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх    эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг    гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн    хууль бус хэлцэл юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Ш.Б нь 2014 оны 4 дүгээр сарын 03-ны    өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1937 тоот шүүгчийн    захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ    нь  тус банкны 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот болон Т07/208   тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1    дүгээр заалтанд 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр өөрчлөлт орсон бөгөөд    өмнөх зохицуулалт нь “Барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг    баримтлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр бусдын    өмчлөлд шилжүүлэх эрхтэй" болно.  М ХХК болон Ш.Б нарын    хооронд байгуулагдсан гэрээ нь өмнөх зохицуулалтад хамаарч байгаа юм.

Иргэний  хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2-т “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн    гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг    гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна” гэсэн зохицуулалт нь 20** оны 12    дугаар сарын 09-ний өдрийн Үндсэн хуулийн цэцийн ** тогтоолоор хүчингүй    болсон байна. “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш    бий болсон үр дагавар байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.Бийн өмчлөх  эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир М ХХК-ийн    өмчлөх эрхийг Ш.Бт шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр    зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө  түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн,    хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан    байх ёстой бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар    гэрчлүүлсэн байна”  гэж заасны дагуу К б ХХК-иас зөвшөөрөл авахыг    бүртгэлийн байгууллага мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна” гэжээ.

Гуравдагч этгээд К б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн ** дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх журмыг н 18 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хэрхэн олгох талаар зааж өгсөн байгаа. Бүртгэл хүчингүй болвол бүртгэлийг үндэслэж олгосон гэрчилгээ  хүчингүй болно. Гэрчилгээг хүчингүй болгож байгаа тохиолдолд бүртгэл хүчингүй болохгүй. Анх нэхэмжлэл гаргахдаа гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэж гаргасан байж одоо нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна гээд бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгох гэж ярьж болохгүй юм. Үүнийгээ нэмэгдүүлээгүй, өөрчлөөгүй, тодруулж байна гэж яриад байна. Ямар хүрээнд мэтгэлцэх гэж байгаа нь тодорхой бус байна.

Гэрчилгээг хүчингүй болгох, бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгож байгаа. Гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан нь хууль бус. Учир нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би өмчлөх байсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн хувьд өмчлөх эрх хэзээ яаж үүссэн гэдгийг шүүх анхаарах хэрэгтэй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн дагуу төлбөр төлсөн тул өмчлөх эрх үүсч байгаа гэж тайлбарласан. Хавтаст хэрэгт төлбөр төлсөн бэлэн мөнгөний төлбөр байгаа. Эхний баримтаар 2009 оны ** сарын 11-нд 90.000 доллар, 2009 оны 12 дугаар сарын 14-нд 58.400 доллар, 2011 оны 01 дүгээр сарын 31-нд **.000 америк доллар төлсөн. Өөрөөр хэлбэл үнийг төлснөөр өмчлөх эрх үүснэ гэдэг Иргэний хуулийн  112 дугаар зүйлийг барьж тайлбарлаж байгаа нь үнийг хэзээ 100 хувь төлсөн бэ гэхээр 2011 оны 01 дүгээр сарын 31-нд **.000 америк доллар төлж дуусгавар болсноор өнөөдөр Ш.Бт өмчлөх эрх үүсэж байна гэж ойлгоно. Иргэний хуулийн суурь зохицуулалтын хүрээнд хэзээч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн зохицуулалтад Иргэний хуулийн 112 дугаар зүйлийг хэрэглэдэггүй юм. Өмчлөх эрхийн хуулийн зохицуулалтад Иргэний хуулийн 109, 110, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар зохицуулагдаж байгаа. Өнөөдөр өмчлөх эрх үүссэн эсэх эргэлзээтэй байгаа юм.

Шүүхийн шийдвэр 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 1937 тоот захирамжаар тогтоосон. Үүнд Ш.Б нэхэмжлэлийн шаардлагад маш тодорхой бичсэн байсан. “2010 оны 10 дугаар сарын 05-нд улсын комисс уг барилгыг ашиглалтад хүлээн авсан бөгөөд 2011 оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Ш.Б, н.А нар нь уг орон сууцанд амьдарч орон сууцны ашиглалттай холбоотой зардлуудаа төлж байна” гэж  2009 оноос хойш ярьсан мэтээр ярьдаг. Гэтэл нэхэмжлэгч нь өөрөө маш тодорхой бичсэн байдаг. Нэхэмжлэгч болон М ХХК хоёрын хооронд байгуулсан 2009 оны ** сарын 11-нд байгуулсан Орон сууц  захиалгаар бариулах, худалдах худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д “орон сууцны үнийг 100 хувь төлөөгүй бол уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр М ХХК байна” гэж заасан. Орон сууцны үнийг 100 хувь төлсөн тохиолдолд иргэдэд шилжүүлж ашиглалтад хүлээлгэж өгнө гэж байгаа юм. Үнийг төлөөгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, үнэндээ 2010 оны 5 дугаар сарын 13-нд М ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад Ш.Бийн ямар ч эрх хөндөгдөөгүй учраас 2010 оны 5 дугаар сарын 13-ны М ХХК-ийн өмчлөх эрх дээр тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарч бүртгэгдсэнээр Ш.Бийн эрх хөндөгдөөгүй тул энэ гэрчилгээ хууль ёсны хувьд хүчин төгөлдөр гэрчилгээ юм. Тухайн өдөр нэхэмжлэгчид өмчлөх эрх үүсээгүй байсан юм.

Иргэний хэргийн шүүхэд М ХХК-ийн өмчлөх эрхийн талаар нэхэмжлэл гаргаад Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа М ХХК анхнаасаа өмчлөгч биш байсан учир гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэж гаргадаг. Ийм хоорондоо уялдаагүй зүйл байж болохгүй юм. 2016 онд мэдүүлэг гаргасан байдаг. Эд хөрөнгийн улсын бүртгэлд буюу Хан-Уул дүүргийн бүртгэлд мэдүүлэг гаргахдаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэсэн заалтаар мэдүүлэг гаргасан. Хавтас хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын гомдлын хариу тайлбар гэж байгаа. Гомдол гаргахдаа бүртгэхгүй байна гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байгаа юм. М ХХК-ийн өмчлөх эрхгүй байсан этгээдийн нэр дээр гарсан гэрчилгээг хүчингүй болгуулахаар гомдол гараагүй. Захиргааны хэргийн шүүхэд энэ урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаатай холбоотойгоор гомдол гаргаагүй байж гэрчилгээг нь хүчингүй болгуулахаар анхнаасаа өмчлөгч биш байсан гэж болохгүй юм.

 К б ХХК, М ХХК-тай 2007 оноос эхэлж зээл, зээлийн барьцааны гэрээний харилцаанд орсон. 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр **, **, **, ** байрны хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг. Хавтаст хэргийн баримтуудаас харах юм бол 2007 онд дүрэм болон байрны гэрчилгээ гарахдаа тус бүрийн мэдүүлэг, Хан-Уул дүүргийн Тамгын газрын Засаг дарга болоод Байгаль орчны яам, Нийслэл,хот төлөвлөлтийн газруудын тодорхойлолтуудаар М ХХК өмчлөгч учраас бүртгэл хийлгүүлж, нэр дээр нь гэрчилгээ гаргуулахад татгалзах зүйлгүй гэсэн баримтуудыг үндэслэж, мөн улсын бүртгэлийн гэрчилгээ, мэдүүлэг, дүрэм, скезийн зураг төсөл,  газрын гэрчилгээ, газрын гэрээ зэрэг баримтуудыг үндэслээд К б ХХК-ийн зээлийн хөрөнгөөр босож байгаа блок байруудыг М ХХК өмчлөх эрхтэйг бүртгэж гэрчилгээ гаргасан. Энэ үеэс К б ХХК барьцаанд авсан. 2007 оноос эхэлж М ХХК хууль ёсны өмчлөгч болсон. 2007 оны 12 дугаар сарын 09-ний өдөр К б ХХК-ийн зээлийн барьцаанд авах үед анх 4 блок барилгыг газар дээр нь очиж үзсэн баримт байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа шиг 2007 онд шавар суурь байгаагүй юм. Суурьтайгаа нийлээд 7 давхар байрь бүхэлдээ босоод цонх нь хийгдээд бусад засал чимэглэл нь хийгдэж байсан. Тиймээс М   ХХК-ийн     нэр   дээр   бүртгэсэн   гэрчилгээг  хүчингүй  болгуулах

нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.

Хоёрдугаар шаардлагын тухайд Тухайн захиргааны актыг хууль бус гэж үзэж байгаа бол захиргааны актыг хууль бус болгох нэхэмжлэлийн шаардлага гаргадаг.  Хуульд эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж байхад ямар эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа нь тодорхойгүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2  “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан. Нэхэмжлэгч өөрийгөө К б ХХК-тай зээлийн харилцаанд ороогүй тул зайлшгүй зөвшөөрөл авах шаардлага байхгүй гэж тайлбарладаг. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь хуулийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага. Хариуцагч байгууллагад зөвшөөрлийг авч байж бүртгэнэ гээд чиг үүрэгт нь зохицуулалт хийсэн байна. Уг заалтыг зөрчиж байж бүртгэх юм бол хууль зөрчсөн үйлдэл болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцааны эрх зүйн зохицуулалттай холбоотойгоор зээл болон барьцааны гэрээг хууль зөрчсөн гэж тайлбарлаад байна. Үүнийг энд ярих шаардлага байхгүй. Барьцаатай холбоотой асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандсан зүйл огт байхгүй байгаа. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр байсаар байтал хүчин төгөлдөр бус гэж ярих шаардлагагүй юм. К б ХХК 2007 оноос эхэлж уг эд хөрөнгийг барьцаалж эхэлсэн байдаг. Иргэн Ш.Бийн гэрээ байгуулахаас өмнө барьцаанд авч улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. 2010 оны 9 дүгээр сарын 02-нд К б ХХК-ийн зээлийн гэрээний эрх үүсэх үед Ш.Бийн эрх үүсээгүй байсан. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн дагуу яривал 2011 оны 1 дүгээр сарын 13-нд төлбөр төлж байгаа нь 1 жил 4 сарын дараа Ш.Бийн өмчлөх эрх үүсч байгаа юм. Жилийн дараа өмчлөх эрх үүсч байгаатай холбоотой асуудлын тухайд хэн зөвшөөрөл авах асуудал байгаа юм. 2009 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төлбөрөө төлөөгүй байсан учир энэ үед М ХХК-ийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч байхад Ш.Бийн эрх үүсээгүй юм. К б ХХК-иас зөвшөөрөл авахыг шаардаж байгаа нь хууль ёсны шаардлага юм.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дугаар зүйлийг баримталж М ХХК-ийн бүртгэл болоод гэрчилгээ байгаа учраас Ш.Бийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг татгалзаж байгаа. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд өмчлөх эрх түүнтэй холбоотой мэдүүлэг гаргах зохицуулалт байгаа юм. Мэдүүлэгт хавсаргавал зохих зүйлсэд улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь байх ёстой. Тэгтэл гэрчилгээ К б ХХК-нд эх хувиараа хадгалагдаж байгаа. Үүний дагуу К б ХХК-иас зөвшөөрч байж түүнийг нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэгтэй хавсаргаж өгнө. Үүнийг үндэслэж улсын бүртгэлийн байгууллага гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй юм. Иймээс хууль зүйн үндэслэлтэй татгалзал юм.

Гурав дахь асуудлын тухайд огт ярихгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 “Энэ хуулийн 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаандаа хориглосон хуулийн зохицуулалт.

Иргэний хэргийн шүүхийн маргаантай байгаа тул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлбөр төлөгч, төлбөр авагчтай холбоотой албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийгдэж байгаа тул ихэнхи хөдөлгөөнд нь хязгаарлалт хийхээр даалгавар болгосон. Улсын бүртгэлийн байгууллагын зүгээс, К б ХХК-ийн зүгээс ч тэр Ш.Бийн хууль ёсны өмчлөх эрхийг шүүгчийн захирамжийн дагуу тогтоогдсон гэдэгтэй хэн ч маргахгүй байгаа юм. Өмчлөх эрхтэй холбоотой асуудал шийдвэрлэгдсэн. Тиймээс бид маргах эрхгүй юм. Өмчлөгч байсан ч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан журмын хүрээнд улсын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг бүртгэх үүрэгтэй. Хуульд заасан байгаа тул бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль ёсны татгалзал. К б ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцогч байгаагийн хувьд хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын байр суурийг бүрэн дэмжиж байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ш.Б нь 2009 оны ** сарын 11-ний өдөр манай компанитай 181 тоот “Орон орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн ** хороо, **гийн тойруу ** хотхоны ** байрны ** тоот, 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон ** байрны зоорийн давхарт байрлах 140 тоот автозогсоолыг худалдан авч төлбөр тооцоог бүрэн барагдуулсан.

Мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1937 дугаар шүүгчийн захирамжаар Ш.Бийг Хан-Уул дүүргийн ** хороо, **гийн тойруу ** хотхоны ** байрны ** тоот, 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон ** байрны зоорийн давхарт байрлах 140 тоот автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон. Иймд М ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн  гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Ш.Бийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно. Манайх К б ХХК-иас 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээл авсан. Уг өдрөөс 2009 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл зээлийн барьцаа тавигдах хүртэл хугацаанд зээлийн гэрээнд 3 удаа өөрчлөлт орсон байдаг. Анх зээлийг авахдаа доллараар авсан, дараа нь долларын төлөлтийн хувиарыг өөрчилсөн байдаг. 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0741 дугаартай нэмэлт гэрээгээр 2009 оны 8 дугаар сарын 02-ны өдөр дуусах гэрээг 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дуусгахаар сунгагдсан. Сунгахдаа 9 дүгээр сарын 02-ны өдөр дуусах байсан 55 гүйцэтгэлтэй барилга дуусаад ашиглалтад орох гэж байгаа тул тус бүрд нь гэрчилгээ гаргуулан барьцаанд байршуулна уу гэж хэлсэн. 05 сараас эхэлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус бүрээр гаргасан. Айлууд орсон байсан гэдгийг мэдэж байсан. Учир нь өөрсдийн захирлууд нь худалдаж авсан, орон сууц захиалах гэрээгээ байгуулан амьдарч байсан. Барьцааг шинэчлэх шаардлагатай гэсэн шаардлагыг тавьж 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шинээр барьцааны гэрээ байгуулсан.

Орон сууцны тухайд С Э Э ХХК 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Зээл болон Барьцааны гэрээгээр 1.5 тэрбум төгрөгийн барьцаанд тавьсан байдаг. 55 гүйцэтгэлтэй **, ** байрны барилга гэж авсан байдаг. Үүнийгээ дотор нь 2-3 удаа гэрээг шинэчилж хийсэн байдаг. Сүүлийн гэрээнд нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шинэчилж хийж ** байрын 2 орон сууцны гэрчилгээг гаргуулсан байдаг. Үүнд иргэн Ш.Бийн орон сууц орсон байдаг. С Э Э ХХК 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр эд  хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар явуулсан албан бичигтэй “тус компанийн банктай байгуулсан зээлийн барьцааны гэрээгээр барьцаалагдсан Хан-Уул дүүргийн ** хороо **гийн ** хаягт байрлалтай орон сууцны айлуудын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ айл тус бүрээр гарсан. Иймд барьцаа хөрөнгийг чөлөөлж үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг айл тус бүрээр гаргаж өгнө үү” гэсэн бичиг байдаг. Үүнээс юу харагдаж байгаа бэ гэхээр айл орсон талаар мэдэж байгаа юм. Улсын комисс хэдий хүлээж аваагүй байсан ч айл орсон гэдгийг баттай мэдэж байсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б “М ХХК-ийн Ү-220601****, Ү-220601**** дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэл, 00010****, 00010**** дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн ** хороо, **гийн тойруу, ** хотхоны ** байрны ** тоотод байрлах 132 м.кв, 4 өрөө орон сууц, ** байрны зоорийн давхарын 140 тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Ш.Бийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбар зэргийг үнэлж,  нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ш.Б М ХХК-тай 2009 оны ** сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн ** хорооны ** байрны ** тоот 132 м.кв 4 өрөө орон сууцыг гаражийн хамт худалдан авах 181 дүгээр гэрээг байгуулж, гэрээгээр тохирсон төлбөрийг төлсөн бөгөөд  Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1937 тоот шийдвэрээр Ш.Бийг  Хан-Уул дүүргийн ** хороо, ** хотхоны ** байрны 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 140 дүгээр авто зогсоолын өмчлөгчөөр тогтоожээ.

Гуравдагч этгээд М ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн ** хороо, ** гудамж, ** байрны ** тоотод байрлах 132 м.кв 4 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар мэдүүлэг гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-22061**** дугаарт бүртгэж, 00010**** дугаар гэрчилгээг, мөн 2010 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн ** хороо, ** гудамж, ** байрны зоорийн давхрын 140 тоот авто гаражийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар мэдүүлэг гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаарт бүртгэж, 00010**** дугаар гэрчилгээг олгосон байна.

К б ХХК болон М ХХК-иуд 2010 оны 9 дүгээр сарын 02, 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 дүгээр зээлийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор Т07/141 дүгээр гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн ** хороо **гийн гудамж ** хотхоны ** байрны ** тоотод байрлах 132 м.кв 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 140 тоот авто зогсоолыг тус тус барьцаалжээ.

К б ХХК, М ХХК-иуд 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 дүгээр гэрээг байгуулахдаа нэхэмжлэгчийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр маргаж байгаа 132 м.кв орон сууц болон авто зогсоолыг уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан гэж үзэх боломжгүй ба уг гэрээг байгуулсны дараа буюу 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр М ХХК нь Хан-Уул дүүргийн ** хороо **гийн гудамж ** дугаартай аялал жуулчлалын зориулалттай 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан байдаг.

М ХХК болон Ш.Б нар 2009 оны ** сарын 11-ний өдөр 181 дүгээр гэрээг байгуулсны дараа М ХХК нь Хан-Уул дүүргийн ** хорооны **гийн гудамж ** байрны ** тоот 132 м.кв орон сууцыг 90 хувийн гүйцэтгэлээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013643 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн 00010**** дугаар гэрчилгээг 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, ** /**, б, в, г/ байрны зоорийн давхрын 140 тоотыг авто машины зогсоолын зориулалттай 18 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220601**** дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн 00010**** дугаар гэрчилгээг 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр авч, К б ХХК-тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар барьцаалсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж заасныг зөрчиж, шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон Ш.Бийг М ХХК-ийн К бтай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй гэх үндэслэлээр өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хууль бус байна.

 Дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт өөрлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэн хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэсэн зохицуулалтыг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэсэн заалттай уялдуулж хэрэглэхээр байна. Мөн уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4-т зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцаа хүчинтэй хэвээр байх тул Ш.Бийн өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгосноор К бны эрх, хуль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна.

Иймд нэхэмжлэгч Ш.Бийн тус шүүхэд гаргасан М ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00010****, 00010**** дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн ** хороо, **гийн тойруу, ** хотхоны ** байрны ** тоотод байрлах 132 м.кв, 4 өрөө орон сууц, ** байрны зоорийн давхарын 140 тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Ш.Бийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч Ш.Бийг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 4.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус заасан байх тул М ХХК-ийн ** байрны ** тоотод байрлах 132 м.кв, 4 өрөө орон сууц, ** байрны зоорийн давхарын 140 тоот авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, дээрх орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээний дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шинэ өмчлөгчид шилжүүлэх зохицуулалттай байх тул нэхэмжлэгч Ш.Бийн гаргасан М ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ** хороо, **гийн гудамж, ** хотхонд байрлах ** байрны ** тоотод байрлах 132 м.кв, 4 өрөө орон сууц, ** байрны зоорийн давхрын 140 тоот авто зогсоолыг бүртгэсэн Ү-220601****, Ү-220601**** бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, Хан-Уул дүүргийн ** хороо, **гийн тойруу, ** хотхоны ** байрны ** тоотод байрлах 132 м.кв, 4 өрөө орон сууц, ** байрны зоорийн давхарын 140 тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Ш.Бийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууц болон автозогсоолыг иргэн Ш.Бийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,  нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох М ХХК-ийн өмчлөх эрхийн Ү-220601****, Ү-220601**** бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ш.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.АДЪЯАСҮРЭН