Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2019/0360

 

С.Т-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0212 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “М” СӨХ-ны гаргасан давж заалдах гомдлоор, С.Т-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0212 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Т-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1020, мөн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагч даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч  этгээдийн “М” СӨХ давж заалдах гомдолдоо:

“... Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг тус тус зөрчиж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэрлэх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Учир нь анхан шатны шүүх “... Нэхэмжлэгч нь 2014 онд өөрийн эзэмшлийн газарт хууль бусаар барьсан хашааг буулгах, бохирын худаг, дулааны шугамыг зайлуулж, газар чөлөөлүүлэх талаар “С к” ХХК-тай маргасан болох нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03/06 тоот албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02-04-045/1314 дугаар дүгнэлт өргөдлийг хүлээн авсан цахим бүртгэл зэргээр нотлогдож байна ...” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн е3520 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 132 дугаар магадлал, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 708 дугаар тогтоолоор тухайн маргааныг эцэслэж, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарснаар тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа жил дараалан эзэмшиж ашиглаагүй гэж үзэхээргүй байна ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь шүүх дээр дүгнэлтийг хийхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг мөн Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10-д “...Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон үйлдэл зэрэг эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд энэ нөхцөл байдлын харгалзан үзэж ... анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0212 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүх шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт бичиглэлийн алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.

Нэхэмжлэгч С.Т нь “... өөрийн эзэмшил бүхий газар дээрээ газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу барилга барихаар зураг төслөө гүйцэтгүүлэн, ажлаа эхлүүлэх гэсэн боловч “С к” ХХК манай эзэмшлийн 20 м.кв газар зөвшөөрөлгүй хашаа барьж, манай эзэмшлийн газар доогуур бохирын худаг, дулааны шугам зөвшөөрөлгүй татсан тул барилга барих боломжгүй болсон, 2014 оноос эхлэн маргаж, шүүхэд хандсан, шүүх хэргийг Улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 708 дугаар тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн боловч “С к” ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй өдийг хүрсэн, гэтэл Нийслэлийн Газрын албанаас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэн талаар мэдэгдсэн тул хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зориулалтын дагуу ашиглаж чадаагүй талаарх тайлбараа хүргүүлсэн боловч газар эзэмших эрхийг хүчингүй болгож, улмаар “М” СӨХ-д манай газрыг олгосон ...” гэсэн үндэслэлээр маргаж, “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1020, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “нэхэмжлэгчид 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр газар олгосноос хойш газрыг ямар нэгэн байдлаар ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, ингэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн, 2018 онд “М” СӨХ газар ашиглах хүсэлт гаргах үед тус газрыг ямар нэгэн аж ахуйн нэгжид эзэмшүүлж, ашиглуулсан шийдвэр байхгүй байсан” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч С.Тийн газар эзэмших эрх анх Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжаар иргэн Ж.Б-с газар эзэмших эрхийг шилжүүлэн авснаар үүссэн байх бөгөөд улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулж, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/245 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна.

Хариуцагчаас маргаан бүхий 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1020 дугаар захирамжаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн 410 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгож, улмаар газрыг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1163 дугаар захирамжаар “М” СӨХ-д 15 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г хүчингүй болгох тохиолдлуудыг заасан, эдгээрт заасан тохиолдол бий болоогүй байхад бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Энэхүү маргааны тухайд хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/1020 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж буруутгасан нь бодит байдалд нийцээгүй, хууль бус үндэслэлгүй байна.

Учир нь, нэхэмжлэгч 2014 оноос өөрийн эзэмшлийн газарт хууль бусаар барьсан хашааг буулгуулах, бохирын худаг, дулааныг шугамыг зайлуулж, газар чөлөөлүүлэхээр иргэний хэргийн шүүх дээр маргаантай байсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 оны 5/543 дугаар албан бичиг[1], Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02-04-450/1314 дүгээр дүгнэлт[2], нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гаргасан өргөдлийн бүртгэсэн бүртгэл[3] болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр[4], иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал[5], хяналтын шатны шүүхийн тогтоол[6], шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж[7], гүйцэтгэх хуудас[8], нэхэмжлэгчийн тайлбар зэргээс тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Маргаан бүхий актаас үзвэл хариуцагч нь 2013 оноос тооцож нэхэмжлэгчийг газраа 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй гэж үзсэн байх тул шүүх энэ хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь зөв, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн “... 2011 оноос газраа ашиглаагүй” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлгүйг, мөн нэхэмжлэгч тус газарт барилга байгууламж барихаар төлөвлөх, барих үед эрх хөндөгдсөн гэж үзсэн этгээдээс маргах эрхийг энэ шийдвэр хязгаарлахгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хууль бусаар хүчингүй болгосны дараа тус газрыг “М” сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 441 дүгээр зүйлийн 441.5-д заасантай нийцээгүй, хууль бус байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1020 дугаар захирамж хууль бус, тус хууль бус шийдвэрийг дагаж гарсан 2018 оны А/1163 дугаар захирамж мөн хууль бус, тус захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.

Шүүх хууль бус актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх шууд сэргэх үр дагавартай, даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч хууль бус эс үйлдэхүй гаргасан тохиолдол үүссэн байхыг шаарддаг. 

Нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1020, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэгдмэл агуулгатай байна.  

Гэтэл шүүх тус тусдаа бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан мэтээр хандаж, маргаан бүхий актыг хүчингүй болгох, газар эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг даалгах байдлаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Түүнчлэн шийдвэрийн тогтоох хэсэгт бичиглэл, найруулгын хувьд агуулга давхардсан, баримталбал зохих хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0212 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 441 дүгээр зүйлийн 441.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1020, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч  этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Ц.ЦОГТ

                               ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ  

 


[1] 2ХХ-ийн 9 дүгээр хуудас

[2] 2ХХ-ийн 6 дугаар хуудас

[3] 2ХХ-ийн 10 дугаар хуудас

[4] 1ХХ-ийн 54-57 дугаар хуудас

[5] 1ХХ-ийн 58-62 дугаар хуудас

[6] 1ХХ-ийн 63-66 дугаар хуудас

[7] 1ХХ-ийн 67 дугаар хуудас

[8] 1ХХ-ийн 68 дугаар хуудас