Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 002

 

Ш.Кулияшийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 143 дугаар шийдвэртэй, Шеруши манырау овогт Шакейн Күлияшын нэхэмжлэлтэй, Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Айдынгүл, нэхэмжлэгч Ш.Кулияш, түүний өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч байгууллагын төлөөлөгч И.Айгүл, хариуцагчийн өмгөөлөгчид С.Нургайып, А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн (хөгжмийн) багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 55 нас хүрэх учир 2015 оны төсөвт тэтгэмжийн мөнгийг суулгаж өгөх талаар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цэцэрлэгийн эрхлэгчид хүсэлт гаргасан. 2015 оны төсөвт 36 сарын тэтгэмжийн мөнгө бүрэн сууж ирсэн тохиолдолд тэтгэвэрт гарах бодолтой байсан. Гэхдээ өндөр настны тэтгэвэрт гарах талаар өргөдөл өгөөгүй. Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгч И.Айгүл нь 2016 оноос багш нарын тэтгэмж хасагдах сурагтай, та 2015 оны төсөвт тэтгэмжийн захиалгаа өгч суулгуулах хэрэгтэй, хэрэв 2015 оны төсөвт суулгуулахгүй бол тэтгэмжгүй хоцорно гэж байнга дарамт үзүүлж байсан учир хүсэлт гаргасан. 2015 оны төсөвт миний 36 сарын тэтгэмж бүрэн тусгагдаагүй учир би тэтгэвэрт гарах талаар ямар нэгэн өргөдөл өгөөгүй, ажлаа үргэлжлүүлээд хийж байсан. Цэцэрлэгийн эрхлэгч И.Айгүл нь 2015 оны А/30 дугаар тушаалаар ээлжийн амралт олгож, Б/32 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн, 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан. Гэтэл ажил олгогч И.Айгүл нь хуулийн энэ заалтыг зөрчиж намайг огт хүсэлт гаргаагүй байхад ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Түүнчлэн ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 буюу "хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцлах" заалтыг баримталсан мөртлөө мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах заалтуудын аль нэгийг баримтлаагүй. Иймд Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.Айгүлийн 2015 оны Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгож Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Ш.Күлияшийг хүчээр ажлаас нь гаргаагүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Ш.Күлияш багш 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоход төрөөс олгох 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг төсөвт суулгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж нь төсөвт сууж, үлдсэн 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж дараа жилийн төсөвт ирэхээр болсон. Сумын Санхүүгийн албанаас 2015 оны сүүлээр Ш.Күлияшт олгох тэтгэмжийн мөнгийг буцаах хүсэлтээ явуулаарай гэсэн албан бичиг ирсэн гэдгийг хэлэхэд Ш.Кулияш багш би тэтгэмжийн мөнгийг авахгүй гэж хэлсэн. Улмаар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ш.Күлияш багш нь нөхөр С.Аманкелдийн хамт миний албан өрөөнд орж ирээд намайг ажлаас халсан тушаалыг заавал өнөөдөр гаргаж өг, тэтгэмжийн мөнгийг дансанд минь суулгаж өг гэж хэлсэн учраас ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан. Би багшид олгож байсан зэрэг дэвийн мөнгийг хасаагүй. Тушаал гаргаж Ш.Күлияш багшийн 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгийг олгож, үлдсэн мөнгийг нь 2016 оны эхний улиралд багтаан олгохоор байгаа. Тухайн үед Ш.Күлияш багшийн саналыг харгалзаад дахин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ажлаас чөлөөлөхдөө урьдчилан мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч нэгэнт өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн учраас хуулийн дагуу урьдчилан мэдэгдэх шаардлагагүй. Тухайн үед түүний хүсэлтийг харгалзаж тушаал гаргасан. Хэзээ ч дарамт шахалт үзүүлж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн багш Ш.Күлияшыг ажлаас нь чөлөөлөх тухай 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ш.Күлияшийг Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай; 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Тэрээр хүсэлт гаргасан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан Ш.Кулияшийн хүсэлтийн талаар нэхэмжлэгч маргаагүй. Хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Ш.Кулияшийн гаргасан хүсэлтийг эрх бүхий байгууллагад уламжилж, тэтгэмж төсөвт суусны дараа эхний 12 сарын тэтгэмжийг нь олгосон. Шүүх Ш.Кулияшийн хүсэлтийн агуулгыг 36 сарын тэтгэмж байгууллагын төсвийн санд орж ирсэн нөхцөлд тэтгэвэрт гарах хүсэлт өгнө гэж мушгин өөрчилсөн. Ш.Кулияшийг тэтгэвэрт гар гэж хөндлөнгөөс нөлөөлж, дарамт шахалт үзүүлээгүй. Шүүх Ш.Кулияшийн бичсэн мөнгө хүссэн хүсэлтийг өөрөө бичээгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажил олгогч мөн хуулийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна гэсэн нь үндэслэлгүй. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 21.2-т заасан аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй гэснийг зөрчсөн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ш.Кулияш 55 нас хүрсэн бөгөөд өөрөө хүсэлт гаргаж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

 

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2.-т зааснаар тус цэцэрлэгт хөгжмийн багшаар ажиллаж байсан Ш.Күлияшийг өндөр насны тэтгэвэрт гарах өргөдөл өгсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

Ш.Күлияш нь шүүхэд гаргасан гомдолдоо цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн боловч түүний гомдлын шаардлагын үндэслэл, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаар тушаал зэргээс үзвэл, тэрээр тус Цэцэрлэгийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргасан байна.

 

Ажил олгогчийн ажилтан Ш.Күлияшийг ажлаас чөлөөлөх тухай шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогджээ. Үүнд:

 

1. Цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэн гэсэн үндэслэлээр цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсгийг хэрэглээгүй учраас ажил олгогчийн уг шийдвэрийг хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

 

2. Ш.Күлияшийг ажлаас чөлөөлөхдөө түүний 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан өргөдлийг үндэслэл болгожээ. Ажилтан ажлаас чөлөөлөгдөхөөс 1 жил 8 сарын өмнө ажил олгогчид хандаж гаргасан уг өргөдлийн агуулгаас үзвэл, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд түүнд олгогдох хуульд заасан тэтгэмжийн мөнгийг байгууллагын төсөвт тусгахыг эрх бүхий байгууллагад уламжилж, урьдчилан захиалахыг ажил олгогчоос хүссэн бөгөөд ажилтны ажил олгогчид хандаж гаргасан уг хүсэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажилтан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх урдьчилсан нөхцлийг тогтоох үндэслэл болохгүй юм.

Нөгөөтэйгүүр, ажил олгогч ажилтанд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэний дараа олгогдох хууль тогтоомжид заасан тэтгэмжийн мөнгө байгууллагын төсөвт тусгагдсан гэж үзэж, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө ажил олгогч Ш.Күлияшаас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн талаар бичгээр хүсэлт аваагүй буюу ажилтанд ийм эрх үүссэн талаар баримтаар тогтоогдоогүй байхад түүний 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн өргөдлийг үндэслэн ажлаас чөлөөлснийг Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоохдоо Ш.Күлияшийн гомдлын шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, гомдлын шаардлагыг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан дүгнээгүйн улмаас түүнийг цэцэрлэгийн багшийн ажилд томилсон нь учир дутагдалтай болжээ. Уг зөрчлийг давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас залруулах боломжтой тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн эхний заалтад Ш.Күлияшийг тус цэцэрлэгийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн томилохоор өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй орхиж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч төсвийн байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 143 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Ш.Күлияшыг Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай. гэснийг Ш.Күлияшийг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын цэцэрлэгийн эрхлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч /төсвийн байгууллага/ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

С.ӨМИРБЕК