Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 17

 

 

  

 

 

 

 

 

Г.Цэцгээ нарт холбогдох

захиргааны зөрчлийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Зөрчил гаргагч                                            Г.Цэцэгээ                                                                    Нарийн бичгийн дарга                           Э.Цэнгүүн нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 213 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан Т.Гантулгын давж заалдах гомдлыг үндэслэн захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ардчилсан намаас Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Сонгуулийн 317 дугаар хэсэгт нэр дэвшигч Г.Цэцэгээ нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус сумын Засаг даргын тамгын газрын байранд сурталчилгааны материал, зурагт хуудсыг С.Бямба, Б.Бадамханд нарт өгч  Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.17-д заасныг зөрчсөн, Орон нутгийн сонгуулийн 317 дугаар хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч С.Бямба, хэсгийн хорооны зохион байгуулагч Б.Бадамханд нар нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-т заасныг зөрчсөн зөрчилд тус тус холбогджээ.

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 213 дугаартай захирамжаар

Орон нутгийн сонгуулийн ИТХ-ийн сонгуулийн 317 дугаар хэсэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Цэцэгээ, 317 дугаар сонгуулийн хэсгийн зохион байгуулагч С.Бямбаа, хэсгийн хорооны ажилтан Б.Бадамханд нар нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.1, 29 дүгээр зүйлийн 29.5.2-т заасныг тус тус зөрчсөн гэх гомдол мэдээлэлд захиргааны арга хэмжээ ногдуулахаас татгалзаж шийдвэрлэжээ.

     Гомдол гаргагч Т.Гантулга давж заалдах гомдолдоо: “...Г.Цэцэгээ, С.Бямба нар нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сонгуулийн сурталчилгааны үеэр сумын Засаг даргын Тамгын газрын байранд “танайд очихоор цоожтой байх юм одоо өгчих үү” гээд 7 хүний зурагтай сурталчилгааны материал тараасан нь Монгол улсын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийн талаар Г.Цэцэгээ, С.Бямба нарын өөрийн өгсөн мэдүүлэг нь миний хэргийн материалтай танилцсан мэдүүлгээс зөрүүтэй байна. Иймд хэрэг бүртгэгч Д.Энхтөр нь оролцогч нарын мэдүүлгийг өөрчилсөн байна гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн материалыг хэрэг бүртгэх шатанд буцааж өгнө үү...” гэжээ.

     Зөрчил гаргагч Г.Цэцэгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Тамгын газрын байранд сонгуулийн сурталчилгаа явуулаагүй тул гомдлыг зөвшөөрөхгүй байна... ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, захиргааны зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр Г.Цэцэгээ, С.Бямба, Б.Бадамханд нарт захиргааны арга хэмжээ ногдуулахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Дав заалдах шатны шүүх захиргааны зөрчлийн материалд авагдсан баримтуудаас дүгнэн үзвэл

нэр дэвшигч Г.Цэцэгээ нь төрийн байгууллага буюу сумын Засаг Даргын Тамгын Газрын байранд сонгуулийн сурталчилгаа явуулж Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.17-д заасныг зөрчсөн гэх,

 мөн С.Бямба, Б.Бадамханд нар нь сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч гэх Г.Цэцэгээг дэмжсэн агуулга бүхий үйлдэл буюу үйл ажиллагаа явуулж Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэл хангалттай тогтоогдохгүй байгаагийн зэрэгцээ

гомдол гаргагч Т.Гантулгын “...Г.Цэцэгээ, С.Бямба нарын өөрийн өгсөн мэдүүлэг нь миний хэргийн материалтай танилцсан мэдүүлгээс зөрүүтэй байна ... хэрэг бүртгэгч Д.Энхтөр нь оролцогч нарын мэдүүлгийг өөрчилсөн байна...” гэх гомдол нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд гомдол гаргагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гомдол гаргагч Т.Гантулгын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 213 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ё.БЯМБАЦЭРЭН

                                      

                                       ШҮҮГЧИД                                           З.ХОСБАЯР        

     

                                                                                                     С.УРАНЧИМЭГ