Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/0010

 

 

С.А-ийн нэхэмжлэлтэй,  Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын

газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:     П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн:    Ч.Тунгалаг

Шүүгчид:                    М.Батсуурь

              Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:           Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 120/ШШ2021/0012 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 628 дугаар магадлал,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 81 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч С.А, түүний өмгөөлөгч С.Б, хариуцагч Т.С, хариуцагчийн өмгөөлөгч Н.Г, гуравдагч этгээд “Т-Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, Ч.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б, Ө.С нарыг оролцуулан хариуцагчийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч С.А-аас Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан ““Т-Э” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг баталгаажуулсныг хүчингүй болгох, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актад дүгнэлт гаргахыг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид даалгах” нэхэмжлэл гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал: Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтоор нүүрс тээвэрлэдэг хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч Н.Н нь /“Т-Э” ХХК-ийн хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч ажилтай/ 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Морин загийн бүсэд ачаатай машины дараалалд зогсож байсан тээврийн хэрэгсэл дотроо нас баржээ. “Т-Э” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд тус тус заасны дагуу Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссыг байгуулж, тус комиссоос 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх” акт гаргаж, уг актад Шадар сайдын 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”, Согтууруулах болон мансууруулах бодисын хяналтын журам, Нүүрс тээврийн жолоочийн аюулгүй үйл ажиллагааны зааварчилгааг тус тус зөрчсөн; Н.Н нь зүрх судас хатуурах өвчин /титэм судас/, элэг, нойр булчирхайн архаг үрэвсэл зэрэг өвчинтэй байсан нь шүүх шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон, Шүүх шинжилгээний дүгнэлтэд “химийн шинжилгээгээр цусанд нь 0.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэж дурджээ.

2.1 Комиссын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн актад Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.С нь “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2-т заасны дагуу тусгайлан тэмдэглэн үйлдвэрлэлийн осолд тооцохгүй” гэж гар бичмэлээр бичин, гарын үсэг зурж, байцаагчийн тэмдгээ дарсан байна.

3. Нэхэмжлэгчээс “...Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-д зааснаар ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан, үйлдвэрлэлийн осолд тооцно, архаг хууч өвчингүй, ослын актад гарын үсэг, тэмдгийг хугацаа хэтрүүлэн баталгаажуулсан нь хууль бус, Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор чанга дэглэм үйлчилж байсан тул архи болон түүнтэй адилтгах зүйлс хэрэглэх боломжгүй, хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу битүү, халуун машинд агаар дутмаг байдал нь талийгаачийг нас барахад шууд нөлөөлсөн, энэ нь үйлдвэрлэлийн осолд хамаарна, ажлын байран дээр өвчний улмаас нас барвал үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэсэн заалт хууль болон дүрэмд байхгүй, байцаагч .. дүрмийн 5 дугаар зүйлд заасан баримтыг шалгасан эсэх нь тодорхойгүй” гэж тайлбарлан маргажээ.

3.1 Хариуцагчаас “... Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2-т зааснаар ердийн өвчин, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд өртсөн, дүгнэлт гаргах үндэслэлгүй, шүүхийн шинжилгээний дүгнэлт болон гэрчийн мэдүүлгээр согтууруулах зүйл хэрэглэсэн нь нотлогддог, акттай санал нийлж байгаа бол тус актад тамга, тэмдэг дарж, гарын үсэг зурах ёстой, үйлдвэрлэлийн хүчин зүйлд өртөж нас бараагүй, шинжээч эмнэлгийн дүгнэлтээр нотлогдсон тул санал нийлж, актыг баталгаажуулсан” гэж, гуравдагч этгээд “Т-Э” ХХК-иас “...Нас барсан шалтгааныг Өвчний улмаас гэдгийг шинжээчийн дүгнэлтэд тодорхой бичсэн, нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч тал аль хуулийн заалтыг барьж, ямар нотлох баримтаар үйлдвэрлэлийн ослын актыг хүчингүй болгуулах талаар тодорхой дурдаагүй, үйлдвэрлэлийн ослын талаар тодорхой зааж өгсөн, энэ тохиолдол хамаарахгүй, талийгаач нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар гэрчийн мэдүүлгээр нотлогддог, компанийн зүгээс эрүүл мэндийн үзлэгт байнга хамруулдаг, байцаагч тэмдэг дараагүй ч энэ нь захиргааны актын хууль бус шинжийг агуулахгүй” гэж тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

4. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, 29.4.1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Алтаншагайгийн гаргасан “Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн “Т-Э” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актад дүгнэлт гаргахыг Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5. Давж заалдах шатны шүүх: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А-аас Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн “Т-Э” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг баталгаажуулсныг хүчингүй болгож, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актад дүгнэлт гаргахыг Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид даалгаж, нэхэмжлэгч С.А, түүний өмгөөлөгч С.Б нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

6. Хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.С-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гарган, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:

6.1 Хариуцагч би “Т-Э” ХХК-ийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссоос ирүүлсэн ослын акт, хавсрагдах материалуудтай танилцаж, хянаад талийгаач Н.Н нь үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн зүйл тогтоогдоогүй. Шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр зүрхний хурц дутагдлаар нас барсан учир Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 29.4.1-д заасны дагуу баталгаажуулсан. 

6.2 Шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн цусанд 0.7 промилли спиртийн агууламж ходоодны шингэнд 4.4 промилли спиртийн агууламж илэрсэн. Харин ар гэрийнхэн нь энэхүү спиртийн агууламж илэрснийг хүлээн зөвшөөрдөггүй тул анхан шатны шүүхэд хүсэлт гарган Өмнөговь аймгийн Прокурорын газраас хэргийн материалыг шүүхийн журмаар татуулсан. Ийнхүү татагдаж ирсэн материалд гэрчүүдийн мэдүүлгүүд байгаа бөгөөд гэрч П.Г-ын мэдүүлэгт талийгаач нь “толгой ангалзаад байна, дотор муу байна, шартаж үхлээ” гээд архи уусан гэж хэлсэн, гэрч С.Ч-ын мэдүүлэгт талийгаачийг 05 дугаар сарын 30-ны оройноос архи уусан байх тухайн өдөр хилийн цэргийн ажилтан цагаан хоолойгоор талийгаачийг бичиг баримтаа аваад буугаар ир, архи уучихсан юм уу, гэж зарлаад байсан, тэгээд талийгаач бичиг баримтаа цонхоороо чулуудаж өгсөн, дараа нь бичиг баримтаа хураалгаснаа санахгүй надаас асууж байсан, ганцаараа архи уусан байх гэсэн мэдүүлэг, гэрч З.М-ын мэдүүлэгт талийгаачийг машинаас бууж ир гэхэд бууж ирээгүй, бичиг баримтаа шидэж өгсөн, надтай хэрэлдээд байхаар нь би архи уучихсан юм болов уу гэж бодсон, гэрч Г.Г-ын 06 дугаар сарын 01-ний өглөө талийгаач утсаараа над руу залгаад дотор жаахан муу байна, халуун цай уумаар байна гэсэн мэдүүлэг зэргээр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хоног дамнуулан хэрэглэсэн нь гэрчийн мэдүүлгүүдээс нотлогдож байна. 

6.3 Тусгай тэмдэглэл үйлдсэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас талийгаачийн суурь өвчлөлд нөлөөлсөн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг санаатайгаар зөрчсөн гэсэн санаа агуулж хэлсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь компаний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг санаатайгаар зөрчсөн байхад үүнийг үндэслэхгүйгээр, ажлын байран дээрээ нас барсан бол үйлдвэрлэлийн осолд тооцно гэсэн агуулгаар давж заалдах шатны шүүх дүгнэлт гарган шийдвэрлэж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэрээс зөрүүтэй байдлаар хуулийг хэрэглэсэн. Хэрэгт авагдсан баримтаар талийгаач хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байсан нь тогтоогдсон.

6.4 Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан Захиргааны акт илт хууль бус болох нөхцөл байдал тогтоогдохгүй. Зөвхөн засч болохоор алдаа гарсныг зассан нь тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч нь тухайн актыг хууль бус болохыг тайлбарладаггүй бөгөөд зөвхөн актыг баталгаажуулах хугацаа, процессын талаар маргадаг. Анхан шатны шүүх хурал дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж актыг хүчингүй болгох гэсэн шаардлага гаргасан мэтээр ярьсан. Харин энэ шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэл гаргасан эсэх нь нотлогдоогүй бөгөөд хурал дээр актыг хүчингүй болгуулах тухай яриад байдаг. Давж заалдах шатны шүүх ч актыг хууль бус болох талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. 

6.5 Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

7. Гуравдагч этгээд “Т-Э” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Б-оос хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдолд бичгээр тайлбар гаргасан.

ХЯНАВАЛ:

8. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

9. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.3-д “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, 29.4-т “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 29.4.1.ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах гэж тус тус заасан.

10. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, ажил олгогч аж ахуй нэгжийн зүгээс /өмчийн бүх хэлбэр/ үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд тус осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг судалж, бүртгэх, тайлагнах, мэдээлэх үүргийг хуулиар хүлээж, холбогдох журам, дүрмийн дагуу Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар акт, дүгнэлт гаргаж, түүнд мэргэжлийн чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, албан тушаалтан хяналт тавьж хууль, дүрмийн хэрэгжилтэд хангуулан ажиллах агуулгатай.

11. Энэ хэргийн тухайд, “Т-Э” ХХК-ийн ажилтан Н.Н нь /хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч ажилтай/ тээврийн хэрэгсэл дотроо нас барсан тохиолдлыг Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэг бүхий орон тооны бус байнгын комисс судлан бүртгэж, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн[1] 2.2-т заасан журмын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3196, 2020 оны 51 дүгээр дүгнэлтүүдийг[2] үндэслэн “... цус, ходоодонд нь ... спирт илэрсэн” талаар актад тэмдэглэл үйлдэж, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч тус актыг хянаж “... Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2 дахь заалтын дагуу тусгайлан тэмдэглэн үйлдвэрлэлийн осолд тооцохгүй” гэж гар бичмэл хэлбэрээр тэмдэглэгээ хийж баталгаажуулсан байна.

12. Хэдийгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4-т зааснаар улсын байцаагч нь үйлдвэрлэлийн ослын ... актыг хууль, журам дүрмийн дагуу гарсан талаар хянан шалгаж, акттай санал нийлж байгаа бол актыг зөвшөөрч баталгаажуулах шийдвэр гаргахаар заасан боловч уг шийдвэр нь ямар хэлбэрээр гарах талаар хууль болон журамд нарийвчлан тусгаагүй байх тул хариуцагч Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх актыг хянаж, шийдвэр гаргах хуулиар олгосон чиг үүргийн дагуу дээрх байдлаар актад гар бичмэлээр тэмдэглэл үйлдэж, тэмдэг дарж баталгаажуулсныг буруутгах боломжгүй.

13. Харин Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.10-т хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг “... ажлын 5 хоногт багтаан хянан баталгаажуулах”-аар нарийвчлан заасан байхад энэ хугацаанд актыг баталгаажуулаагүй нь буруу боловч мөн дүрмийн 3.7-д заасны дагуу Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх Комиссоос тус үйлдвэрлэлийн ослын шалтгаан, хүчин зүйлийн талаар шинжээч томилсонтой холбоотойгоор актыг хугацаанд нь баталгаажуулаагүй болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдох тул энэхүү үндэслэлээр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг зөвшөөрч баталгаажуулсан хариуцагчийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэхээргүй байна.

14. Давж заалдах шатны шүүх “... Н.Н нь өөрийн ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж яваад машиндаа зүрхний хурц дутагдлаар нас барсан ... дүрмийн 2.2 дахь заалтын дагуу тусгайлан тэмдэглэн үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэж дүгнэлт гаргаж, ослын актыг баталгаажуулсан нь үндэслэлгүй ...” хэмээн дүгнэн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

15. Ажлын байран дээрээ буюу ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан тохиолдол бүрийг үйлдвэрлэлийн осол гэж үзэхгүй, учир нь ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн нь нотлогдсоноор тус нөхцөл байдлыг үйлдвэрлэлийн осолд шууд хамруулан үзэх үндэслэл нь хязгаарлагдахаар байх тул Комиссын актад “... цус, ходоодонд нь ... спирт илэрсэн” талаар тусгайлан тэмдэглэж, мөн аж ахуй нэгжийн байгууллагын дотоод аюулгүй үйл ажиллагааны горимыг зөрчсөн нөхцөлүүд нь нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх “... ажлын байран дээрээ машин дотроо нас барсан” гэх үндэслэлээр хариуцагчийн үйл ажиллагааг буруутгаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

16. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2, 127.2.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 628 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 120/ШШ2021/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Ч.ТУНГАЛАГ

                ШҮҮГЧИД                                                                           М.БАТСУУРЬ

                                                                                      Д.МӨНХТУЯА

                     Х.БАТСҮРЭН

 

 

 

 

 

[1] Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан.

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 220-223 дахь тал.