| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0119/Э |
| Дугаар | 223 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 13.5.1., 13.6.2., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 223
2019 02 01 223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Г.Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Арвинтариа,
Шүүгдэгч Х.Л, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Лг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 05292 1559 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х.Л,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Л 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 27-402 тоот иргэн П.Нямдэлгэрийн гэрийн хаалгыг нүдэж түүнийг надтай хамт яв, хамт бай, үгүй бол ална гэх зэргээр тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг,
Мөн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 27-402 тоотод оршин суух иргэн П.Нямдэлгэрт хүч хэрэглэхээр заналхийлж түүний зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Х.Л нь хохирогч П.Нямдэлгэрийг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн болох,
бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдхийг завдсан гэмт хэргийг үйлдээгүй болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч П.Нямдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн:
...үдээс өмнө Х.Л ирээд намайг дуудаад би гарч ирж уулзаад машинд нь суугаад манай гэрийн гадаа ирсэн. Гэрийн гадаа ирээд намайг салхинд авч гарна пиво ууя гэж хэлсэн. Тэгээд харахад Х.Л нь пиво уучихсан бололтой пивоны лааз машинд нь байж байсан. Тэгэхээр нь би айгаад хамт явбал илүү осолтой зүйл болж магадгүй юм байна гэж бодоод гэртээ орчихоод гараад ирье гэж хэлээд гэрлүүгээ ороод хаалгаа түгжсэн. Х.Л над руу утсаар залгахаар нь би чамтай уулзахаас айж байна. Би гарахгүй гэдгээ хэлсэн. Намайг авч явна гээд, би явахгүй гээд бидний хооронд гарна, гарахгүй гэсэн яриа болсон. Гэтэл Х.Л нь за чи өнөөдөр надтай хамт явахгүй бол 12-нд наадмаар надтай хамт явах уу гэхээр нь би хариуд нь энэ цагаас хойш ахин уулзахгүй гэж хэлтэл тэгвэл чамайг ална, хаалгыг чинь эвдэж ороод ална гэж хэлсэн. Эхлээд гараараа хаалга нүдэж байгаад гадагшаа гарчих шиг болсон. Тэгээд буцаж орж ирэхдээ гэрийн хаалгыг гаднаас нь ямар нэгэн багажаар цохиж байгаа нь надад мэдэгдсэн. Би маш их айсан учраас эхлээд ямар ч байсан цагдаа дуудах хэрэгтэй гээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэх хооронд Х.Л гэрийн хаалга нүдээд л байсан. Би хаалга эвдэж орж ирээд намайг хохироочих байх гэж айгаад хаалгаа нээсэн. Би хаалгаа нээгээд шууд үүдэнд, орцонд гарч ирээд чи яагаад байгаа юм бэ гэж хэлтэл өөрийгөө ална гээд барьж баисан алхаараа толгойруугаа цохиод авсан. Х.Л нь гартаа алх, лоом барьчихсан байсан. Тэгэж байгаад би гэртээ ороод Х.Л гэрийн хаалганы цаана үлдээд би хаалгаа түгжсэн. Х.Л ахиад л нүдсэн. Би Амаржаргал руу утасдаад ах чинь хаалга үүд нүдээд байна, ахыгаа аваач гэж хэлсэн. Тэгээд Х.Л гэнэт алга болчихсон. Намайг авч л явах гээд байгаа юм. Өөрийнхөө эрхэнд оруулах гээд байгаа л шалтгаан шүү дээ. Ууланд гарч пиво ууя гэсэн, би татгалзсан. Гэтэл 11-нд хамт наадам үзнэ гэж дарамталсан. Би үгүй гэж хэлэхэд намайг хүчээр авч явах гэсэн. Тэрнээс Х.Л манай гэрт дайрч орж ирэх ямар ч шалтгаан байхгүй. Би 12-нд хамт явна гээд хэлчихсэн бол Х.Л хаалга үүд эвдэх гэж нүдэхгүй явчих байсан байх..." гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 128-129/,
Гэрч Б.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:
...Нямдэлгэр эгч бид хоёр өглөө гэрт байж байхад манай гэрийн хаалгыг нэг хүн тогшоод байсан. Би тухайн үед унтаж байсан болохоор Нямдэлгэр эгч хаалга тайлж өгөхгүй байхаар нь би босож очоод хаалга тайлах гэхэд Нямдэлгэр эгч битгий хаалгаа тайл гэхээр нь яагаад гэж асуухад Х.Л ирчихсэн байна битгий хаалгаа тайлаарай гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хүн нь манай гэрийн хаалгыг маш их чангаар нүдэж байгаад сүүлдээ нэг төмөр шиг зүйлээр балбаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 113-114/,
Гэрч Г.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн:
Чиглэлдээ үүрэг гүйцэтгэж байхад жижүүрийн албанаас буюу Сүлд-10 станцаас дуудлага ирсэн. Дуудлагын дагуу дуудлага өгөгчтэй утсаар нь холбогдож байгаа газар нь очиж шалгахад танхайрсан гэх этгээд байхгүй, явчихсан байсан ба дуудлага өгсөн иргэнтэй уулзахад танил эрэгтэй маань хаалга үүд балбаад, гэрт орох гээд байна, гартаа төмөр барьсан явж байгааг нь би дурангаараа харсан, гэрт дайрч орж ирэх гээд айлгаад байна, хаалгаа нээхгүй болохоор нүдээд байна, цагдаа дуудсаны дараа алга болчихлоо, та нар ойр орчимд эргүүл хийгээд, орцонд үзээд өгөөч гэсний дагуу П.Нямдэлгэрийн байрны орцны бүх давхаруудаар явж шалгасан боловч нөгөө танхайрсан гэх этгээд байхгүй байсан. Гадна орчинд гарч бас шалгалт хийсэн боловч олдоогүй. 1-2 цаг орчимын дараа миний гар утасруу нөгөө дуудлага өгсөн П.Нямдэлгэр ахин залгаад сая дуудлагаар ирсэн цагдаа мөн үү, би өргөдлөө өгсөн, буцаад гэрлүүгээ явж байна. Миний аюулгүй байдлыг хангаад гэрт оруулаад өгөөч гэсэн хүсэлт тавьсны дагуу П.Нямдэлгэр гэх уг эмэгтэйг гэрт нь оруулж өгөөд, мөн ойр орчмоор болон орцонд дахин үзлэг шалгалт хийсэн боловч байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/,
Шүүгдэгч Х.Лгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Наадмын өмнө П.Нямдэлгэр бид хоёр гадуур явж байгаад эгчийнх нь гэрийн гадаа ирсэн. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байдаг эгч Бямбаахүүгийнхээ гэрт П.Нямдэлгэр амьдардаг байсан. Би гадаа нь үлдээд Нямдэлгэр орчихоод ирье гээд орсон. Би барьж явсан тортой зүйлийг нь бариад оруулж өгчихөөд гадаа гараад хүлээсэн. Гарч ирэхгүй удаад байхаар нь утсаар ярьхад гарч ирэхгүй гэсэн. Тэгэхээр нь хаалгыг нь гараараа балбасан. Гараад машиндаа сууж байтал миний дүү Амаржаргал над руу утасдаад Нямдэлгэр ярьж байна, цагдаа дуудсан, цагдаад өгнө гээд байна. Наанаасаа хурдан яваач гэхээр нь машинаасаа овтерик аваад буцаж ороод хаалгыг нь овтерикний ишээр нүдсэн. Тэгэхэд хаалгаа нээлгүйгээр цагдаа дуудсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад өгсөн. Нямдэлгэр хамт явъя гэж ярьж байснаа эгчийнхээ гэрт ороод гарч ирэхгүй алга болчихсон. Тэгээд явъя гэж хэлэх гээд хаалгыг нүдсэн. Маргааш нь Нямдэлгэр намайг өөрөө дуудаад би очсон гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 10/, 1704 00097 0064 дугаартай хэргийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, яллах дүгнэлтийн хуулбар /хх-ийн 78-84/, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газрын гэрэл зураг /хх-ийн 98-101/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, шүүгдэгч нарын хоорондоо харьцсан гэх мсж-ний гэрэл зураг /хх-ийн 124-125/, эд зүйл, баримт бичиг, бусад мэдээллийг хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 126-127/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: Х.Лгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-64/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” хэмээн хуульчилсан.
Шүүгдэгч Х.Л нь хүч хэрэглэж хохирогчийн зөвшөөрөлгүйгээр түүний орон байранд нэвтрэхийг завдсан гэх үйлдэл нь шүүгдэгчийн өөрийн нь хүсэл зоригийн улмаас зогсож, хохирогчийн гэрийн хаалгыг нүдэхээ больж, уг газраас явсан, тухайн газарт байгаагүй болох нь хохирогч, шүүгдэгч, дуудлагаар очсон цагдаагийн гэрчээр өгсөн мэдүүлэгээр тогтоогдож байна. Хохирогчийн орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг шүүгдэгч Х.Лгийн хийсэн үйлдэл хангахгүй байх тул Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Лг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Л нь хохирогчийг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Х.Лгий хохирогч П.Нямдэлгэрийг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг болно.
Тухайн гэмт хэрэг нь 2017 оны 07 сарын 06-ны өдөр үйлдэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дуусах хууль зүйн зохицуулалттай.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүсч байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцалга оногдуулахгүйгээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогч нь уг гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй байх ба хохиролын талаар нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди, плаш дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугааар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Лг “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдхийг завдсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Тайж овогт Х.Лг бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Лд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэг, плаш диск 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Лд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ