Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 146/ШШ2016/00172

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум, 3 дугаар баг, “Өвөр зүлэгт” гэх газар оршин суух Занашир овогтой Чунагийн Баатарын /РД:ЙГ56082531/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Баатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Баатар миний бие нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр дээр ажлаас чөлөөлөгдсөн тушаал бичигдээгүй гэсэн зөрчилтэй тул ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Баатар нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ч.Баатар нь 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 156 дугаартай архивын лавлагааны хуулбар, Баян-Өндөр сумын Саруул зам нэгдлийн зөвлөлийн гишүүдийн тайлан сонгуулийн хурлын 1983 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн илтгэл, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдлийн даргын 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай тушаалын хуулбар, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Мэнд овогтой Яндийн Дуламжав нь “...Би 1977 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажилд орсон. Намайг ажилд ороод удаагүй буюу 1977 оны намар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажилласан. Ч.Баатар нь голдуу адуу маллаж байгаад хонь хариулдаг болсон. Хурдан морь уядаг хүн байсан. Нэгдэл тартал ажиллаж байсан хүн дээ. Бид 2 насаараа  мал малласан. Сард нэг толгой малыг 33 мөнгөөр бодож цалин авдаг байсан...” гэж, мөн Хиа овогтой Далайн Бадамгарав нь “...Би 1974 онд цэрэгт татагдаж 1977 онд цэргээс халагдаж ирээд 1978 оноос Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажилласан. Ч.Баатар нь 1977 оноос 1991 оныг дуустал буюу нэгдэл татан буугдах үе хүртэл малчнаар ажиллаж байсан. Сард нэг толгой малыг 33 мөнгөөр бодож цалин авдаг байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.  

Дээрх нотлох баримтуудаар Ч.Баатар нь 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ч.Баатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                               

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Занашир овогтой Чунагийн Баатарыг 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Баатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

             

                                                       ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА