Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 146/ШШ2016/00173

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум,  2 дугаар баг, “Батхаан ” газар оршин суух Аюухай Чоймбол овогтой Пунцагийн Галсандоржийн /РД:ЙГ64092218/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч П.Галсандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Галсандорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Галсандорж миний бие нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.Галсандорж нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

П.Галсандорж нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 546 дугаартай архивын лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Сахъяа овогтой Бадамын Бямбаа нь “...Би 1976 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. П.Галсандорж нь 1982 онд цэрэгт яваад 1985 онд цэргээс халагдаж ирээд 1985 оноос Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан...” гэж, мөн Цэрэндорж тойн овогтой Даваадоржийн Батжаргал нь “...Би 1981 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. П.Галсандорж нь 1985 оноос 1990 оныг дуустал малчнаар ажилласан. П.Галсандорж нь хонь хариулдаг байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.  

Дээрх нотлох баримтуудаар П.Галсандорж нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч П.Галсандоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                             

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Аюухай Чоймбол овогтой Пунцагийн Галсандоржийг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.Галсандоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

            

                                                    ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА