Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 174

 

 

 

 

 

 

 

 

    2019        01          24                                   174 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Н.С түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн,

шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигин овогт Н.С, Харчу овогт Т.О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 01004 1216 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дүнжингарав худалдааны төвийн харуул, хамгаалалтын хяналтын оператор ажилтай, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ хотхоны 97-04-46 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигин овогт Н.С, регистрийн дугаар: УШ79060718.

Монгол улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 25 настай эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, “Гоулд минрас” ХХК-д менежер ажилтай, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 21-537 тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 10 хоног хорих ял оногдуулж нэг жилийн хугацаагаар тэнссэн, Харчу овогт Т.О, регистрийн дугаар УХ93032211.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Мөнх-Эрдэнэ, С.Мөнхсувд нартай маргалдан муудалцаж улмаар тэдний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.О нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Мөнх-Эрдэнэ, С.Мөнхсувд нартай маргалдан муудалцаж улмаар тэдний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                         /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.С, Т.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Н.С, Т.О нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч С.Мөнхсувдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тухайн өдөр Н.С гэж хүн миний хөл рүү хүчтэй нэг удаа өшиглөснөөс болоод өнөөдрийг хүртэл хөхөрсөн нь арилаагүй байгаа. Тэгээд би миний хөлийг яаж байгаа юм гэсэн чинь миний хөлийг яасан ч яаадаг юм гээд зүүн хөл рүү ахин өшиглөсөн. Чиний наад өрөөл татуу хөл чинь гээд доромжилсон. Жолооч нь миний үснээс нэг удаа хүчтэй зулгааж нүүр лүү нь 2-3 удаа цохьсон гэх мэдүүлэг /хх 54 тал/,

 

Хохирогч С.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тэгээд машинтай хоёр залуу бууж ирээд машин барьж ярьсан махлаг 170 см орчим өндөр нуруутай залуу нь хоолой боосон, намайг хойш нь түлхэж унагасан. Тэгээд би дүү С.Мөнхсувдтай явж байсан ба дүүг нь маань Н.С нь жолоочтойгоо нийлээд аймар их зодсон. Манай дүү хөлөндөө хагалгаанд орж байсан юм. Тэр хөлрүү нь Н.С өшиглөсөн. Тэгээд жолооч залуу нь хамар руу нь гараа атгаж байгаад цохисон. Би дүүгээ өмөөрч байгаад энд тэндгүй цохиулсан гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,    

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1679 дугаартай:

С.Мөнхсувдын биед зүүн шилбэ, баруун суга, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 82 тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1678 дугаартай:

С.Мөнх-Эрдэнийн биед Баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 76 тал/,

 

Шүүгдэгч Н.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Эхнэр бид хоёрыг явуулахгүй гээд зууралдаад зууралдснаас нь тухайн хоёр  хүний биед гэмтэл үүссэн байх боломжтой гэж бодож байна. Би үүдний хүлээлгийн танхимд очоод сууж байсан. Тэгэхээр нь би хөлөөрөө С.Мөнхсувдын хөл рүү түлхсэн. Тэгтэл С.Мөнхсувд чи намайг өшиглөчихлөө гээд нүүр, шанаа хэсэг рүү 2-3 удаа цохиж, мөн С.Мөнх-Эрдэнэ нүүрэн тус газар 2-3 удаа цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 26, 56 тал/,

 

Шүүгдэгч Т.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Намайг тухайн хоёр эмэгтэй зодож үснээс зулгааж, нүүр рүү цохисон тэр үед би өөрөөсөө холдуулах гэж хоёуланг нь түлхсэн. Зодсон цохьсон үйлдэл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 66 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 тал/,

Цагдаагийн байгууллагад гаргасан хохирогч нарын өргөдөл /хх-ийн 14 тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Н.С, Т.О нарийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94, 105 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 95, 106 тал/, хохирогч, шүүгдэгч нарын хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хх-ийн 221-224 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.С, Т.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.С, Т.О нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Н.С, Т.О нарыг иргэн С.Мөнх-Эрдэнэ, С.Мөнхсувд нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.С, Т.О нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Тухайн гэмт хэрэг нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үйлдэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дуусах хууль зүйн зохицуулалттай.

Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүсч байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч нар нь нотлох баримтаар нийт 316.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч нараас нэхэмжлсэн байна.

Уг нэхэмжлэлээс 16.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулаж хохирогч нарт тус бүрд 8.000 төгрөг олгох нь зүйтэй.

Хохирогч С.Мөнхсувдын нэхэмжилсэн 300.000 төгрөгийн нотлох баримт нь хэрэг учрал болсноос хойш 5 сарын дараа хөлийн шилбэний зураг авахуулсаны төлбөр байх ба хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хөнгөн зэргийн гэмтэл нь 14-21 хоногийн хугацаанд бүрэн эдгэрдэг болно.

Мөн хэрэгт авагдсан уг баримт нь төлбөрийн нэхэмжлэл байх ба уг төлбөрийг хохирогч төлсөн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол биш байх учир хохирогч С.Мөнхсувдын нэхэмжилсэн 300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг цамцыг устгаж, 1 ширхэг СиДиг хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигин овогт Н.С, Харчу овогт Т.О нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.С, Т.О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг цамцыг устгуулахаар, Сиди нэг ширхэгийг хэрэгт хадгалуулхаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С, Т.О нараас 16.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч С.Мөнх-Эрдэнэд 8000 төгрөг, хохирогч С.Мөнхсувдад 8000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Мөнхсувдын нэхэмжилсэн 300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.С, Т.О нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С, Т.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ