Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 209/МА2023/00077

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  06 дугаар сарын 08-ны өдрийн 135/ШШ2023/000765 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

           Хариуцагч *******тай орон сууц захиалах гэрээ хийж Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 02 дугаар хороолол, нүүдэлчдийн 3 дугаар гудамж, ******* дугаар байр, ******* тоот, 68.63 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв үнэ 1,200,000 төгрөгөөр тооцож нийт 82,356,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хэтрэхгүй төлөхөөр тохиролцсон боловч одоогийн байдлаар 27,500,000 төгрөгийг төлсөн үлдсэн 54,856,000 төгрөгийг төлөөгүй, төлөхөө илэрхийлээгүй.

Иймд орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хүлээн авч хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие “*******” ХК-д 2011 оноос маркетингийн менежерээр ажилд орж түүнээс хойш 10 гаруй жил ажиллан тус компанийн охин компаниуд болон төв компанид маркетинг, үйлдвэрлэлийн гүйцэтгэл, чанар, дотоод хяналт хариуцан ажиллаж чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлыг гардаж, хариуцан ажилласан.

2019 оны 10 дугаар сард “*******” ХК ажилтнууддаа хөнгөлөлттэй үнээр байранд оруулах хөтөлбөрийг хэрэгжүүлсний дагуу миний бие 2018 онд ашиглалтанд орсон Нэхий хотхоны ******* дугаар байранд 1 м.кв 1,200,000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийж 2019 оны 12 дугаар сард орсон. Уг байранд орсны дараа ипотекийн зээл авах боломжийг судалж байх үед 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр Ковид-19 цар тахал гарч 2021 он хүртэл үргэлжилж банк санхүүгийн байгууллагууд ипотекийн зээл төлөлтийг Засгийн газрын шийдвэрээр зогсоосонтой холбогдон ипотекийн зээл олгохгүй гэсэн хариу өгч байсан.

Байрнаас албадан гаргах, хоногоор алданги төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, байрны төлбөрөө төлөх үүргээ биелүүлж байгаа цаашид төлбөр тооцоогоо дуусгана. Төлбөр бүрэн төлж дуусгах цаг хугацааг тохиролцох шаардлага байгаа энэ хугацаанд хоногоор алданги тооцох бус түрээс төлөх байдлаар тохиролцох хүсэлтэй байна. Байрны үлдэгдэл төлбөр 47,800,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 01-ий өдрийн дотор барагдуулна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ын эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 02 дугаар хороолол, Нүүдэлчдийн 03 дугаар гудамж, ******* дугаар байр, ******* тоот, 68.63 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

  4.1. Хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээж авснаас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатыг хүртэл орон сууцны үнийн үлдэгдэл 70 хувийн төлбөрийг банкны зээлд хамрагдаж төлөх боломжийг эрэлхийлсэн боловч 2 удаа нэхэмжлэгч байгууллагаас шалтгаалан зээл олгогдоогүйн улмаас үлдэгдэл 70 хувийн төлбөрийг төлж чадаагүй тухай үйл баримтыг хариуцагч тал хангалттай нотлох баримтуудаар нотолсон. Гэтэл шүүх нэхэмжлэгч байгууллага тухайн 70 хувийн төлбөрийг банкны зээлд хамрагдан төлөх тал дээр гэрээгээр тохиролцоогүй, үүрэг хүлээгээгүй гэх зэргээр хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож буй үйл баримт дээр үндэслэлгүй хийсвэр дүгнэлт хийсэн.

 4.2. “... Хариуцагчаас гаргасан фейсбүүкийн чат бүхий зурвас, хаан банкны депозит дансны хуулганы хуулбар зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно гэж дүгнэжээ. Гэтэл хариуцагч татгалзлаа нотлох зорилгоор хуульд заасан эрхийнхээ хүрээнд гэрч асуулгах, утас, фейсбүүк чат зэрэгт үзлэг хийлгүүлэх хүсэлтүүдийг анхан шатны шүүхэд удаа дараа гаргасан боловч шүүх тус хүсэлтүүдийг хангаагаагүй ямар үндэслэлээр хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэснээ шийдвэртээ мөн дурдаагүй. Тийм боловч нотлох баримтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр үнэлээгүй гэх үндэслэл заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

            3. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******ыг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “*******тай Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 02 дугаар хороолол, нүүдэлчдийн 3 дугаар гудамж, ******* дугаар байр, ******* тоот, 68.63 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хөнгөлөлттэй үнээр, төлбөрийн нөхцөлөө 2 хувааж төлөх, урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр, гэрээний үүргээ биелүүлэхгүй бол алданги тооцохоор харилцан тохиролцож, орон сууц захиалах гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул орон сууцнаас албадан чөлөөлүүлнэ“ гэж,

Хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ “ орон сууц захиалах гэрээ байгуулж дээрх орон сууцыг эзэмшилдээ авсан. Урьдчилгаа төлбөрт 34,700,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрөө банкны зээлд хамрагдаж төлөхөөр материал бүрдүүлэхэд нэхэмжлэгч тал 2 удаа саад хийсэн, ипотекийн зээлээр төлөх нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргасан байна. 

            4. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний  харилцаа үүссэн, ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, худалдагч тал гэрээний үүргээ биелүүлэхийг  худалдагчаас удаа дараа шаардаж байсан, нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч *******ын эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 02 дугаар хороолол, нүүдэлчдийн 3 дугаар гудамж, ******* дугаар байр, ******* тоот, 68.63 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5. Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч ******* эс зөвшөөрч давж   заалдах гомдол гаргасан ба давж заалдах гомдлын үндэслэлээ “...хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй...” гэж тодорхойлжээ.

Хэргээс судлан үзвэл:

            6. “*******” ХХК нь *******тай 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 02 дугаар хороолол, нүүдэлчдийн 3 дугаар гудамж, ******* дугаар байр, ******* тоот, 68.63 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хөнгөлөлттэй үнээр, төлбөрийн нөхцөлөө 2 хувааж төлөх, урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр, төлбөрийн 70 хувийг банкны зээлд хамрагдан төлж болох ба 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хэтрүүлэхгүйгээр төлж дуусгах, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоног тутамд 0,1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 76-78/

            7. Хариуцагч ******* нь орон сууцны төлбөрт нийт 34,700,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр 47,656,000 төгрөг төлөөгүй болох нь талуудын тайлбар, төлбөр төлсөн тухай тооцоолол, орлогын баримт, дипозит дансны хуулга зэргээр тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. /хх-ийн 23, 79-83/

            8. Хэргийн 5 дугаар талд авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001047712 дугаар гэрчилгээгээр маргаан бүхий орон сууцны өмлөгчөөр “*******” ХХК бүртгэгдсэн, тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй хэдий ч хэрэгт авагдсан баримтаас үзвэл “*******” ХХК, ******* нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хэн алинаасаа шаардах эрхтэй байна.

Тодруулбал:  талуудын хооронд байгуулагдсан “орон сууц захиалах гэрээ”-ний 5.1.3-д “захиалагч талын гэрээнд заасан төлбөрөө төлөхийг шаардах, захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний дагуу хариуцлага тооцох эрхтэй” гэж,

гэрээний 8.1-д “талууд гэрээний үүрэг болон хугацаа тогтоож үүргийн гүйцэтгэлийг сануулсан шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргээ ноцтой зөрчсөнд тооцож, энэхүү гэрээг нэг талын санаачилгаар цуцалж болох бөгөөд гэрээ зөрчсөн буруутай тал нь гэрээний дагуу хариуцлага хүлээнэ” гэж,

гэрээний 8.2-т “захиалагч нь энэ гэрээний 4 дүгээр зүйлд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс ажиллан тэмдэглэлээр ашиглалтанд оруулах шийдвэр гарсан үеэс захиалагчийн төлбөр төлөх хугацаа дуусгавар болох ба энэ өдрөөс хойш төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоног тутамд 0,1 хувиар бодож алданги төлнө” гэж,

гэрээний 8.4-т “талуудаас нөгөө талдаа энэ гэрээний 8.1-д заасны дагуу хүргүүлсэн шаардлагыг хүлээн авсан тал нь 10 хоногийн дотор бодит үндэслэл бүхий хариу ирүүлээгүй тохиолдолд шаардлага гаргасан тал гэрээг дангаар цуцлан гэрээний хариуцлагыг хүлээлгэнэ”  гэж заажээ.

Дээрх гэрээнээс дүгнэвэл нэхэмжлэгч “*******” ХХК, ******* нар  гэрээний үүргийн гүйцэтгэл болон гэрээгээр хүлээх хариуцлагын талаар харилцан тохиролцсон гэж үзэх ба улмаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн зэрэг тохиолдолд орон сууцнаас албадан чөлөөлүүлэх бус, харин гэрээний талуудын хүлээх хариуцлагын талаар харилцан тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ талуудын хэн аль нь биелүүлээгүй тохиолдолд орон сууцыг чөлөөлөх  талаар гэрээнд тусгаагүй, энэ талаар талууд тохиролцоогүй гэж үзнэ.  

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******ыг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэж,  *******ын эзэмшиж буй Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 02 дугаар хороолол, нүүдэлчдийн 3 дугаар гудамж, ******* дугаар байр, ******* тоот, 68.63 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, “*******” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс зөрүүтэй шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  06 дугаар сарын 08-ны өдрийн 135/ШШ2023/000765 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талын  давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай. 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.БАЙГАЛМАА                                           

                                            ШҮҮГЧИД                                 Я.ТУУЛ   

                  Г.МЯГМАРСҮРЭН