Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 146/ШШ2016/00174

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум,  2 дугаар баг, “Батхаан” гэх газар оршин суух Унхан овогтой Чоёнгийн Мөнхдуламын /РД:ЙГ67113001/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Мөнхдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Мөнхдулам шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Мөнхдулам миний бие нь 1983 оны 10 дугаар сараас 1992 он хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1983 оны 10 дугаар сараас  1992 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Мөнхдулам нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ч.Мөнхдулам нь 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 547 дугаартай архивын лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Сахъяа овогтой Бадамын Бямбаа нь “...Би 1976 оноос “Саруул зам” нэгдэлд тракторын жолоочоор анх ажилд орж байсан. Мөнхдулам нь 1981 оноос аав ээжийн хамт мал маллаж байгаад 1986 онд Галсан гэдэг хүнтэй гэр бүл болж малчнаар одоог хүртэл ажиллаж байна. Шагнал авч байгаагүй. Хариулгын хөлс 1 толгой мал нь 33 мөнгөний үнэлгээтэй байсан...”гэж, мөн Цэрэндорж тойн овогтой Даваадоржийн Батжаргал нь “...би 1981-1991 он дуустал Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Мөнхдулам намайг нэгдэлд ажиллаж байхад 1983 онд 8 дугаар анги төгсөөд нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Мөнхдулам нэгдэл тартал мал маллаж байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.  

Дээрх нотлох баримтуудаар Ч.Мөнхдулам нь 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ч.Мөнхдуламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                             

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Унхан овогтой Чоёнгийн Мөнхдуламыг 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Мөнхдуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

            

                                                    ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА