| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1643/Э |
| Дугаар | 1713 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 1713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй
нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
иргэдийн төлөөлөгч Э.Жавхланбаяр,
улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээ зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар саналыг шүүхэд ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн 1806000001521 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.Э, Хэнтий аймгийн Норовлин суманд 1967 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 51 настай, бага боловсролтой, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар багийн Ангирт гэх газар оршин суух хаягтай, урьд нь 2000 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд өөрийн төрсөн дүү Б.Энхжаргалын хутгалж хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт шалгагдаж Хэнтий аймгийн прокурорын газраас 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 5/128 дугаартай прокурорын тогтоолоор 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадваргүй,
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн ЗА хэсэг 1452 тоотод өндөр настай буюу 79 настай ээж Дамдин овогтой Цэндсүрэнг толгойн тус газар нь труба төмрөөр цохиж онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэгт холбогдожээ.
Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Б.Э нь хэрэг хариуцах чадваргүй болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт: “Улсын яллагчийн зүгээс гаргасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг зөвшөөрч байна. Тусгайлан гаргах саналгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт: “Би талийгаачийн төрсөн охин, Б.Э-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... 2017 оны 07 дугаар сард ээж Цэндсүрэн Улаанбаатар хотод ирж эмнэлэгээр үзүүлэх үед элэгний хорт хавдартай болсон талаар мэдсэн бөгөөд хэд хэдэн эмнэлэгээр ороход хорт хавдартай болох талаар мөн л хэлсэн. тухайн үед элгийг бооно хэлсэн боловч нас өндөр учраас боолгоод яах юм бэ гэдэг байдлаар өөрөө дургүйлхээд байсан ээж Цэндсүрэн энергийн төв гээд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талд байдаг 1 газар сургалтанд суугаад яваад байдаг байсан бөгөөд 2018 оны 1 дүгээр сард Б.Э хөдөөнөөс ирж надтай хамт байдаг болсон. 2018 оны 06 дугаар сард бид нар хөдөө явж байгаад 7 дугаар сарын 05-ны орчим хөдөөнөөс ирээд Эрдэнэцэцэг гэртээ ээж Цэндсүрэн, Э 2-ыг цугт нь байлгаж хамт амьдарч эхэлсэн. Түүнээс хойш манай гэрээр 1 л удаа ирсэн бөгөөд Эрдэнэцэцэгийн гэрт амьдарч байхад эхлээд Эрдэнэцэцэг гэртээ хамт амьдарч байснаа хэрэг болохоос хэд хоногийн өмнө зүгээр байж байхаар гээд Солонгос хоолны газарт ажилд орсон. Ингээд өдөртөө ээж Цэндсүрэн, Энхбаяр 2 хамт байдаг байсан. 2018 оны 08 дугаар сарын 29-30 нд шилжих шөнө 22 цаг 40 минутын орчимд над руу ээжийн бие муудлаа хүрээд ир гэхээр нь яваад очиход ээж Цэндсүрэн нас барчихсан байдалтай байсан. Арай дэндүү болгоод хаячихсан байна лээ /хх-ийн 46 дугаар хуудас/
Гэрч Ц.Цэнд-Аюуш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:"... Э ах гэрээс орж ирээд 2-3 минут гэрийн үүд хэсэгт юу ч ярьж дугарахгүй зогссон түүний гарын алга хэсэг нь цус болсон харагдаж байсан. Би яг одоо аль гарыг нь санахгүй байна. Тухайн үед би нэг их юм бодоогүй, тоогоогүй ба энэ гаднаас Эрдэнэцэцэг эгч орж ирээд Энхбаяр ахыг юу хийж байгаа юм, гэртээ орооч гээд дагуулаад гарсан. Тэр 2 гэрээс гараад 2 орчим минутын дараа Эрдэнэцэцэг эгч манай гэрт орж ирээд ээж байхгүй байна харсан уу, хаачсан юм бол гэж асуухаар нь мэдэхгүй гэж хэлтэл Эрдэнэцэцэг эгч буцаад гараад явсан. Эрдэнэцэцэг эгч гэрээс гараад л шууд маш чангаар ээжийг алчихсан байна гэж орилсон тэгэхээр нь би гүйгээд гартал Эрдэнэцэцэг эгч гэрийнхээ баруун урд зогссон байхаар нь байгаа газарт очтол Эрдэнэцэцэг эгчийн ээж Цэндсүрэн эмээ гэрээс 5 орчим метрийн зайд баруун урд хэсэгт хэвтэж байсан ба гэрэл тусгаад хартал түүний толгойн орой хэсэг хагарч олон хэсэг болж бяцарч тархи цус зэрэг нь урссан байдалтай байхаар нь би айж сандраад цагдаа болон түргэн тусламжийг өөрийнхөө 95830264 дугаарын утсаар дуудсан. /хх-ийн 53-54 дугаар хуудас/
Гэрч Н.Гантулга мөрдөн шалгах ажиллагнаанд мэдүүлхэдээ:"...Тэгтэл Э шууд гэрийн үүдэнд очоод зогсчихсон ба эхнэр маань асаагуурын гэрэл асааж явж байгаад манай гэрээс баруун урагш зүгт 2-3 метр явж байгаад л шууд л алаад хаячихсан байна, алчихсан байна гээд л их чангаар орилохоор нь би эхнэрийнхээ байгаа газар болох гэрээс баруун урагш 5 орчим метр зайд очиход манай хадам ээж газарт хэвтсэн толгойн орой хэсгээр хагарч гавал яс нь бутарсан байдалтай, тархи цус нь их гоожсон нас барсан байдалтай хэвтэж байхаар нь айж сандраад шууд Э-т хандаж чи муу ээжийгээ алчихсан байна гээд чанга орилтол Энхбаяр надад хандаж ойртвол ална шүү гэхээр нь би айгаад түүн рүү ойртоогүй ба цагдаа дууд гээд дүү Цэнд-Аюушд хандаж хэлтэл Энхбаяр дотогш гэр лүү ороод буцаж хутга барьж гарч ирээд уг хутгаа 2 гараараа бариад өөрийнхөө хэвлээд тулгаад бариад байхаар бид нар айгаад ойртоогүй" /хх-ийн 56 дугаар хуудас/
Гэрч Туулын "... Тэр гурав гэрээс гараад бараг 1 минут ч болоогүй байхад Эрдэнэцэцэг ээжийг алчихсан байна гээд хашгичаад байсан. Би янз бүрийн юмнаас их айдаг болохоор огт гараагүй юу ч хараагүй. Сүүлд цагдаагаас, шүүх эмнэлэгээс ирээд талийгаачийг авч явсаны дараа л гэрээс гарсан. /хх-ийн 59 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1928 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Талийгаач Д.Цэндсүрэнгийн цогцост хийсэн шинжилгээгээр гавлын орой, суурь, нүүрний ясны олон сэлтэрхий үүсгэсэн ил хугарал, хатуу хальсны урагдал, тархи гадагшилт, зүүн хацар, хамрын нуруу, дух, баруун зулай руу үргэлжилсэн шарх, баруун шанаа, чамархай, хацар, амны баруун булангын шарх, баруун хацрын зулгаралт, зүүн зовхины цус хуралт, баруун эгэм, 1, 2, 3-р давхар хугарал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийг үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
3. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр элэгний хавдар бөөрний уйланхайтай байх бөгөөд үхлийн шалтгаант холбоогүй.
4. Дээрх гавал тархины гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна.
5. Талийгаач Д.Цэндсүрэн нь 3-р бүлгийн цустай байна.
6. Д.Цэндсүрэнгийн цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй.
7. ДЦэндсүрэн нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /хх-82-84/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 5165 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 99 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 5162 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107 дүгээр хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №10 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ F 20.8 бусад шизофрения сэтгэцийн өвчтэй байсан байна. Б.Энхбаяр нь тэр үедээ өөрхийхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэх, удирдах чадваргүй байсан байна.
2. Б.Э одоо F20.8 бусад шизофрения сэтгэцийн өвчтэй байна. Б.Энхбаяр нь гэмт үйлдлээ хариуцах чадваргүй байна.
3. Б.Э-т албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Б.Энхбаярын албадан эмчилгээг СЭМҮТөвийн тусгай тасагт хийх шаардлагатай байна гэсэн дүгнэлт. /2-р хх-46-49/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-164/, Түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-170-214/, өвчний түүх /хх-215-250, 2-р хх1-11/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /2-р хх-24/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн ЗА хэсэг 1452 тоотод өндөр настай буюу 79 настай ээж Дамдин овогтой Цэндсүрэнг толгойн тус газар нь труба төмрөөр цохиж онц харгис хэрцгийгээр хүнийг алсан болох нь шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу бэхжүүлж авсан хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь F20.8 “бусад шизофрения сэтгэцийн өвчтэй байна. Хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгох чадваргүй байсан. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй болох нь шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байх тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлд заасан Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал ирүүлснийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүх, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг тусгай тасагт хэрэглэж, уг арга хэмжээг СЭМҮТ-д хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлэхийг даалгав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дэх хэсэг, 19.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Э-ыг хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Э-т тусгай тасагт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Э-ын сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болохыг тайлбарлсугай.
4. Б.Э нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс энэ өдөр хүртэл 106 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлэхийг даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧИД С.ПҮРЭВСҮРЭН
Н.БААСАНБАТ