Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 209/МА2023/00078

 

 

*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  06 дугаар сарын 21-ний өдрийн 135/ШШ2023/00850 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3 дугаар байрны ******* тоот 38 м.кв талбайтай, Ү-******* дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээд “******* девелопмент ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

           1987 оны 03 дугаар сарын 07-ны өдөр анх Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4-р хороолол, 3-******* тоот хаягт байрлах 38,0 м.кв талбайтай Ү-******* дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг 00 тоотын хамт, миний нөхөр д сайн ажилласан хэмээн мөн биднийг 2 ихэр хүүхэдтэй болсон хэмээн нөхрийн ажлын газар болох Хүнд машин механизмын баз-аас бэлэг болгон шагнасан юм. Манай гэр бүл тус байрандаа 1987 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна.

...Том хүү бэр хоёр маань 2013 оноос хамтран амьдарч байгаад 2020 оны 09 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон. Хүү 2020 оны 8 сард гэмт хэрэгт холбогдож 13 жилийн хорих ял авч хорих ангид хүмүүжиж байгаа. Яг энэ явдлаас хойш 1 сарын дараа Бид финанс ББСБ-ийн ажилтан гэрт ирснээр байрны маань гэрчилгээ бусдад хууль бусаар очиж зээлийн барьцаанд байгаа болохыг мэдсэн. Ингээд миний бие учир байдлыг бусад 5 хүүхдэдээ хэлсэн. Бэр *******тай утсаар холбогдож энэ бүх асуудлын учрыг асуухад танай хүү л авсан зээл би төлж чадахгүй зээлээ төлөөд байраа чөлөөлж ав гэхээс өөр зүйл хэлэхгүй бидэнтэй уулзахгүй зугтаах болсон. Яах учраа олохгүй байх зуур 2021.06.02-ны өдөр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 445 дугаар нээлттэй хорих ангиас Шинжээч томилох тухай тогтоол гэх бичиг ирсэн бөгөөд үүний дараа тус газраас мөн 2021.06.21-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот тус тус ирсэн. Эдгээр бичгүүдтэй танилцахад Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.11-ний өдрийн 1162 дугаартай захирамжаар *******аас 35,477,218 төгрөгийг Бид финанс ББСБ-д олгохоор захирамж гарсан байсан. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Ашид билгүүн гэх үнэлгээний газраар байрыг үнэлүүлж 72,499,189 төгрөгөөр үнэлсэн зэргийг олж мэдсэн. Иймд шүүх Дархан-Уул аймаг, Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3 дугаар байр, ******* тоот, 38 м.кв талбайтай, Ү-******* дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

   ..******* нь миний хамтран амьдрагч байсан ын ээж юм. Бид 2013-2020 оны хооронд хамтран амьдарч байсан бөгөөд бидний дундаас 2 хүүхэд төрсөн, одоо миний асрамжид байдаг. нь 2020.08.26-ны өдөр эрүүгийн хэргийн учир шүүхээс 13 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Биднийг хамтарч амьдарч байхад буюу 2019 оны 07 дугаар сарын үед нь бидний амьдарч байсан Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3 дугаар байрны ******* тоот орон сууцны өмчлөлийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж Бид финанс ББСБ-с 20,000,000 төгрөг зээлж авсан юм.

нь тухайн үед үсчний салон ажиллуулдаг байсан бөгөөд энэ салоноо тохижуулах, шинэ тоног төхөөрөмж авах зорилгоор уг зээлийг аваад түүндээ л зарцуулсан юм.  ...Хэрэв орон сууцаа авна гэж байгаа бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны энэ шатанд Бид финанс ББСБ-н төлбөрийг барагдуулчихвал миний зүгээс орон сууцны өмчлөлийн гэрчилгээг *******д шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  3. Гуравдагч этгээд “******* девелопмент ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... Уг орон сууцаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авсан. Иргэний хэрэг үүссэнээс хойш хэргийг хоёр жил түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд Бид ББСБ шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй. Бусдыг залилан мэхэлж шилжүүлж авсан үйл баримт *******д харагддаггүй. Хоёроос гурван удаа нотариат орсон. Нотариат орох болгонд ******* гэдэг хүн тай хамт байдаг байсан. Өнөөдрийн байдлаар Бид ББСБ 35,477,218.30 төгрөг, шүүхийн шийдвэрээр заасан улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлаар хохироод байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... анх 2013 оноос хойш ******* нь манай ах тай хамтран амьдарч эхэлсэн. Гэхдээ манай гэр бүлийн амьдарч байсан буюу хээтэй хорооллын 4/3 байрны ******* тоотод бидэнтэй амьдрахаар ирсэн. Ирээд удаагүй ах аас минь элдэв янзаар гуйж, загнаж байгаад манай гэр бүлийн өмчлөлийн хээтэй хорооллын 4/3 байрны 0 тоотын байрыг өөрийн найздаа хямдхан зарж байсан. Тэр үед манай гэр бүл түүнд юу ч хэлэлгүй чимээгүй өнгөрсөн. Үүний дараа 2015 онд манай байрыг барьцаалж Капитал банкнаас 15,000,000 төгрөгийн зээл аваад өөрийн хэрэглээндээ зарцуулаад дуусгасан. Тухайн зээлийг хугацаандаа өөрсдөө төлж чадахгүй байсан болохоор манай төрсөн эгч, дүү нар төлж чөлөөлсөн. Хоёр дахь удаагаа мөн л бэр эгч, ах хоёр тухайн орон сууцыг барьцаалж зээл авах гэсэн боловч эгч ******* нь өөрийн нэр дээрээ авахгүй гээд, ах муу зээлдэгч болсон байсан учир биднээс нууцаар гарын үсэгнүүдийг нь дуурайлган зурж ах ын шавь Баясаа гэх хүний нэр дээр шилжүүлж байгаад банкнаас зээл авхуулсан. Ингэж зээл авхуулсныхаа дараа ******* нь Баясаа гэж хүний нэрээс өөрийнхөө нэр лүү тухайн орон сууцыг шилжүүлсэн байсан.

Тухайн байрыг өмчлөгч нь манай ээж *******. Биднээс нууцаар хууль бусаар тухайн байрыг ******* нь өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Бид үлдсэн хэсгийг нь төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд нэхэмжлэгч *******ы нэхэмжлэл нь үндэслэл бүхий байх тул гуравдагч этгээдүүдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

5. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Дэмбэрэл овогтой миний бие Дархан-Уул аймаг Дархан сум 9-р баг 4-р хороолол 3-р байр ******* тоот хаягтай 38.0 м.кв талбайтай Ү-******* бүртгэлийн дугаартай 3-н өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан Дархан-Уул аймаг дахь сум дундын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр нь үнэн бодит зөв шийдвэр тул тус шийдвэрийн дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж өгнө үү. Болсон процесс бүгд үнэн гэжээ.

6. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1-д тус тус заасныг баримтлан *******ы нэхэмжлэлтэй *******д холбогдох Дархан-Уул аймаг, Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3 дугаар байр, ******* тоот, 38 м.кв талбайтай, Ү-******* дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

             ...Гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар ч шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн байр суурьтай байсан. Гэтэл тус хэргийг хянан хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* намайг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байсан. Учир байдлыг тодруулахад төлөөлөгч ******* миний бие анхан шатны шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хойшлуулах хүсэлт гаргасан боловч тухайн эмнэлгийн магадалгааг эх хувь бус хуулбар байна хэмээн шүүх дүгнэж хуралдааныг цааш үргэлжлүүлсэн байсан.

******* би тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн яг өмнөх хуралд өөрийн эмнэлгийн магадлагааг эх хувиар нь гарган өгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгсөн байсан бөгөөд дараагийн хуралд нь өмнө нь өгсөн байсан эмнэлгийн магадлагаагаа хуулбарлан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байсан юм.

Гэвч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүх нь хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан үзэлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох боломжийг хязгаарлан, талуудад шүүх хуралдаанд ижил тэгш оролцож, мэтгэлцэх боломжоор хангалгүй хэт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан учир анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            8. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх *******ы нэхэмжлэлтэй, *******д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдсан гомдлоор хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчид хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд тэрхүү алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан баримтаар

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Дархан-Уул аймаг Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3 дугаар байр, ******* тоот 38 м/кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* миний хамтран амьдарч байсан өөрийн нэр дээр өмчлөлийн гэрчилгээтэй байсан тус байрны өмчлөлийг миний нэр дээр сайн дураар шилжүүлж ББСБ-аас хамтран зээл авсан, өнөөдөр гэмт хэргийн учир ял эдэлж байгаа бөгөөд дүү нар нь нийлээд энэхүү зээлийг хамтран төлж барагдуулна гэж тохиролцож байсан. Хэрэв зээлийг бүгд нийлээд төлж барагдуулчихвал миний зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өвлөх эрхтэй нэр бүхий 5 хүний гарын үсгийг үнэн зөв эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албыг шинжээчээр томилж, шинжээч нь дүгнэлтээ 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8-д зааснаар тус хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /хх-ийн 136/

5. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичгээр “... гарын үсгийн туршилт, чөлөөт болон харьцангуй загвар дутуу байх тул харьцуулах шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй байна...” гэж шинжилгээнд ирүүлсэн материал, шинжилгээний материал бүрдүүлэх зөвлөмж, шинжлэх баримт бүрдүүлэх зөвлөмж, харьцуулах загвар бүрдүүлэх зөвлөмжийг шүүгчийн захирамжийн хамт анхан шатны шүүх рүү буцаан хүргүүлжээ. /хх-ийн 145-147/

6. Шүүх 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн захирамжаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан тал шүүхийн ажиллагаанд саад учруулж байх тул шүүгчийн захирамжид заасан хугацаа өнгөрсөн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан шүүгчийн заасан хугацаанд арилаагүй бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргах бөгөөд захирамжид хэргийг шийдвэрлэхэд саад болж байгаа нөхцөл, түүнийг хэрхэн засах талаар тусгана”,

80 дугаар зүйлийн 80.3-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргах ба энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж тус тус заасан байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй байхад хууль буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулжээ.

Тодруулбал:

Шүүхийн шинжилгээний хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу захирамжийн биелэлтийг хангах талаар ямар ажиллагаа, хэрхэн хийсэн нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

8. Мөн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон байхад шүүх төлөөлүүлэгчийг шүүх хуралдаанд оролцуулж, мэтгэлцэх боломжоор хангалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 135/ШШ2023/00850 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

      

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МЯГМАРСҮРЭН                                                   

                                       ШҮҮГЧИД                                 Х.БАЙГАЛМАА                                                                           

                                                                                              Л.АМАРСАНАА