Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/00170/И |
Дугаар | 146/ШШ2016/00175 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 146/ШШ2016/00175
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, “Батхаан ” газар оршин суух Шар овогтой Дугаржавын Цэвэлийн /РД:ЙГ66080101/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Цэвэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Цэвэл шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Цэвэл миний бие нь 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд ажилтнаар ажиллаж байсан. Архиваас ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул намайг 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Цэвэл нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Д.Цэвэл нь 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 438 дугаартай архивын лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Сармайхан овогтой Цэдэнгийн Цоодол нь “...Би 1981 онд ТЭМС төгсөж ирээд “Саруул зам” нэгдэлд тракторчнаар ажилд орсон. Цэвэл нь 1982 онд намайг орсноос хойш нэгдэлд ажиллаж байсан. Сүүлд нөхрийн хамт мал маллаж байсан...” гэж, мөн Аюухай Чоймбол овогтой Пунцагийн Галсандорж нь “...Би 1982 онд цэрэгт яваад 1985 онд цэргээс ирээд нэгдэлд малчнаар ажилд ороод 1991 он хүртэл ажилласан. Намайг цэрэгт явахад л Цэвэл нь нэгдэлд малчин байсан. Бид 2 нэгдэл тартал 1 багт байсан. Цэвэл нь нэгдэлд адуу, үхэр малладаг байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Дээрх нотлох баримтуудаар Д.Цэвэл нь 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Д.Цэвэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шар овогтой Дугаржавын Цэвэлийг 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Цэвэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА