| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1644/Э |
| Дугаар | 1714 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 1714
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
улсын яллагч Б.Чимгээ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ Б.Н-д авахуулахаар саналыг шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1806 0198 31377 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.Н, 1971 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 48-15 тоотод оршин суух, урьд нь 2000.12.26-нд Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2-д зааснаар 2 жил 6 cap хорих ял оногдуулсныг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзах, 2008.09.04-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 cap хорих ял оногдуулсныг 1 жил тэнсэн хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадваргүй,
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах "Асио" худалдааны төвийн лангуун дээрээс иргэн Ж.Чинбатын Самсунг галакси А7 загварын гар утсыг хулгайлж 792.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Улсын яллагч Б.Чимгээ шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Б.Н нь хэрэг хариуцах чадваргүй болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт: “Улсын яллагчийн зүгээс гаргасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг зөвшөөрч байна. Тусгайлан гаргах саналгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ж.Чинбат мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед би Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутагт байрлах Асио захын доод давхарт байх гар утас засварын газарт утасныхаа дэлгэцний наалтыг солиулах гээд орсон юм. Тэгээд би гар утсаа засварын хүнд өгчихөөд өөр лангуунуудаар утас үзээд байж байтал нөгөө засварын залуу "ах утсаа өгөөрэй" гэхээр нь би "чамд өгчихсөн шдээ" гэсэн. Гэтэл тэр залуу миний утсыг янзалж байгаад ширээн дээрээ орхичихсон байхад нь хүн аваад явчихсан байгаа юм. Би гар утасныхаа байршил илрүүлэгчийг асаачихсан байсан ба миний гар утас түгжээгүй учраас шууд нээгддэг байсан юм. Ингээд би цагдаад дуудлага өгсөн ба дуудлагаар ирсэн Гансүх, Асет гэх хоёр цагдаа гар утасны байршлаар хөөсөөр байгаад 3-р сургуулийн тэнд байрлах ломбарданд миний гар утсыг хулгайлсан эрэгтэй эмэгтэй хоёр тавих гэж байхад нь илрүүлж олж өгсөн. Миний алдсан гэх гар утас нь 2017 оны Самсунг галакси А7 маркийн гар утас байсан ба 2017 оны 12 сард 1.900.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би өөрийн гар утсыг буцааж бүрэн бүтэн хүлээж авсан. Мөн миний гар утсыг цуг явж байсан эмэгтэй нь хулгайлсан байсан. Надад санал гомдол байхгүй. /хх-ийн 12 дугаар хуудас/
Гэрч Д.Эрдэнэбаатарын мэдүүлэг: Би энэ өдөр найз Олонтүмэнгийнд очихоор 4-р дэлгүүрийн орчим явж байхад миний 88727607 гэсэн дугаар луу Наранцацрал 80751929 гэсэн дугаараас залгаад бичиг баримттай бол гар утас барьцаанд тавиад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би надад бичиг баримт байна, тавиад өгье гэж хэлээд Наранцацралтай 4-р дэлгүүрийн хойд талын 4 замын уулзварын орчим уулзаад уг газрын ойролцоо байсан нэг ломбарданд бичиг баримтаа өгөөд зогсч байхад ломбардны эзэн мөнгө дуусчихлаа гэж хэлээд цааш ороод жаахан байж байгаад ирсэн. Ингээд гар утсыг барьцаанд өгөх гээд зогсож байхад энгийн хувцастай цагдаа бас нэг хүний хамт орж ирээд Наранцацрал бид хоёрыг барьцаанд тавих гэж байсан утасны хамт аваад явсан. Наранцацрал надад уг утсыг өөрийнхөө утас л гэж ойлгуулсан. Мөнгөний хэрэг гараад байна. Гар утсаа тавьчихмаар байна, бичиг баримт байдаггүй гэхээр нь би туслахаар очсон юм. Би Н-ын талийгаач нөхөр Нансал гэх залуугийн хуурай дүү нь байсан юм...Би гар утас сайн мэддэггүй. Цэнхэр өнгөтэй том дэлгэцтэй сүүлийн үеийн утас байсан. /хх-ийн 13-16 дугаар хуудас/
Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 21-22 дугаар хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 501 дугаартай дүгнэлт:
Б.Н нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн хувьд "үлдэц шизофрени, бие хүний шизофренийн тод өөрчлөлт" өвчтэй байсан байна. Уг өвчин нь дотоод шалтгаантай удамших хандлагатай сэтгэцийн өвчин юм. Хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадваргүй, үйлдсэн хэргийн талаар үнэн зөв тайлбарлах, мэдүүлэг өгөх чадваргүй байна.
Б.Н нь 2002 оноос эмнэлгийн байнгын хяналтанд орж, 2008 онд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон 1359 тоот амбулаторийн хяналтын карт байна. Цаашид байнгын эмнэлгийн хяналтанд байх шаардлагатай.
Б.Н нь одоо "үлдэц шизофрени, бие хүний шизофренийн тод өөрчлөлт" сэтгэцийн өвчтэй байна.
Б.Н нь хэрэг хариуцах чадваргүй байна./Х.Х-н 24-30 дугаар хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын давтан шинжилгээний 847 дугаартай дүгнэлт:
Б.Н- нь одоо F20.5 “Үлдэц шизофрени. Бие хүний шизофренийн тод өөрчлөлт” өвчтөй байна. Гэмт үйлдлээ хариуцах чадваргүй байна.
Б.Н- нь албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Б.Н-ын албадан эмчилгээг СЭМҮТөвийн тусгай хяналтын тасагт хийх шаардлагатай байна. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-44-46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/ зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах "Асио" худалдааны төвийн лангуун дээрээс иргэн Ж.Чинбатын Самсунг галакси А7 загварын гар утсыг хулгайлж 792.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Харин шүүгдэгч Б.Н нь F20.5 “Үлдэц шизофрени. Бие хүний шизофренийн тод өөрчлөлт” өвчтэй байсан. Хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгох чадваргүй байсан. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй болох нь шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байх тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлд заасан Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал ирүүлснийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Иймд шүүх, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, уг арга хэмжээг СЭМҮТ-д хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлэхийг даалгав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дэх хэсэг, 19.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Н-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Н-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Н сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болохыг тайлбарлсугай.
4. Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлэхийг даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР