Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/00171/И |
Дугаар | 146/ШШ2016/00176 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 146/ШШ2016/00176
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум, 5 дугаар баг, Бумбат дэнж 2-01 тоотод оршин суух Сахъяа овогтой Цэдэнгийн Цоодолын /РД:ЙГ63011119/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Цоодол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Цоодол шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Цоодол миний бие нь 1981 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Цоодол нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ц.Цоодол нь 1981 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 294 дугаартай архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдлийн даргын 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай, 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаартай, 1986 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаартай, 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаартай тушаалуудын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Чоён овогтой Жамсрангийн Мөнхдалай нь “...Би 1985 онд цэргээс халагдаж ирээд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд тракторын жолоочоор ажилд орсон. Намайг ажиллаж байхад Ц.Цоодол нь тракторын жолоочоор 1981 оноос 1990 оны 04 дүгээр сарын хүртэл ажиллаж байсан. Ц.Цоодол нь 1987 онд сумын аварга тракторын жолоочоор шалгарч байсан...” гэж, мөн Сахъяа овогтой Бадамын Бямбаа нь “...Би 1976 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Ц.Цоодол нь 1981 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд тракторын жолоочоор 1990 оныг хүртэл ажиллаж байсан. Нэгдэл тартал хамт ажиллаж байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Дээрх нотлох баримтуудаар Ц.Цоодол нь 1981 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ц.Цоодолийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сахъяа овогтой Цэдэнгийн Цоодолыг 1981 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Цоодолын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА