Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/00172/И |
Дугаар | 146/ШШ2016/00177 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 146/ШШ2016/00177
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум, 4 дүгээр баг, “Хар тойром” газар оршин суух Очирдайчин овогтой Жанцангийн Дармаабалын /РД:ЙГ60111005/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Дармаабал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Дармаабал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.Дармаабал миний бие нь 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд худалдагчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1982-1991 оныг дуустал худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Дармаабал нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ж.Дармаабал нь 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд худалдагчаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 148 дугаартай архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаартай тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Харчин овогтой Өлзийтийн Чимгээ нь “...Би 1981 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ж.Дармаабал нь 1982 оноос эхлэн 1991 он хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд худалдагчаар ажиллаж байсан. Төрийн одон медаль авч байгаагүй. Ж.Дармаабал нь нэгдэл татан буугдах үе хүртэл ажиллаж байсан...” гэж, мөн Унхан овогтой Лувсанчүлтэмийн Цэндмаа нь “...Би 1981 оноос зочид буудлын тогоочоор ажиллаж байгаад 1982 оны 5 дугаар сараас нэгдлийн бичээчээр ажиллаж байсан. Дармаабал нь намайг 1981 оноос нэгдэлд ажиллаж байх үеэс мухлагийн худалдагчаар нэгдэл татан буугдах үе хүртэл ажиллаж байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Дээрх нотлох баримтуудаар Ж.Дармаабал нь 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд худалдагчаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ж.Дармаабалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Очирдайчин овогтой Жанцангийн Дармаабалыг 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Дармаабалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА