Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/00173/И |
Дугаар | 146/ШШ2016/00178 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 146/ШШ2016/00178
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум, 4 дүгээр баг, “Хар тойром” гэх газар оршин суух Хиа овогтой Далайн Бадамгаравын /РД:ЙГ56122716/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Бадамгарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Бадамгарав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Бадамгарав миний бие нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Бадамгарав нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Д.Бадамгарав нь 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 305 дугаартай архивын лавлагааны хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Занашир овогтой Чунагийн Баатар нь “...Д.Бадамгарав нь 1977 онд цэргээс халагдаж ирээд “Саруул зам” нэгдэлд мал маллаж байсан. Нэгдэл 1990-ээд онд хувьчлагдаж тарахад гарсан. Бид 2 хамт 1 оны цэрэг нэг онд ажилд орж байлаа. Нэгдэл тарснаас хойш өнөөдрийг хүртэл нутагтаа мал маллаж амьдарч байна. Д.Бадамгарав нь хонь малладаг байсан. 1 хонийг 33 мөнгөөр тооцож хариулдаг байсан. Ер нь хийснээрээ цалин хөлс авдаг байсан. Төрийн дээд одон медаль авч байгаагүй. Сайшаалын үнэмлэх, баярын бичиг авч байсныг үгүйсгэхгүй...” гэж, мөн Очирдайчин овогтой Жанцангийн Дармаабал нь “...Би 1982 оноос эхлэн “Саруул зам” нэгдэлд худалдагчаар ажилд орсон түүнээс өмнө нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг анх ажилд ороход энэ хүн мал малладаг байсан. Аав ээжийнхээ хамт байж байгаад цэрэгт яваад, цэргээс 1977 онд халагдаж ирсэн. Түүнээс хойш нэгдэл тартал бид хамт ажиллаж байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Дээрх нотлох баримтуудаар Д.Бадамгарав нь 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Д.Бадамгаравын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хиа овогтой Далайн Бадамгаравыг 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Бадамгаравын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА