Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн 1811027001082 дугаар 186/2019/0087/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Ц.Майбаяр,                             

Шүүгдэгч Т.Б, /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/

Хохирогч Н.С, түүний өмгөөлөгч И.Хонгор,

Гэрч Д.Баасанжав нар оролцов.  

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1965 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн технологич мэргэжилтэй, гэр бүлийн байдал 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Баатуд овогт Т.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 12 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 40 дүгээр байрны 30 дугаар орцны подвальд хамт ажилладаг Н.Стэй маргалдан 5 литрийн савтай ус шидэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                       

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би хот тохижилтын газар мастер ажил хийдэг. 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр цагийн баланс авдаг, цалингийн сүүлийн өдөр байсан ба үүнтэй холбоотойгоор хурал хийж нэг бүрчлэн ажилчдын талаар ярьж байсан. Хурлын үеэр Н.Сгийн ажлаас хоцорсон талаар ярихад миний хэлснийг эсэргүүцэж, би байнга хоцордоггүй гэх мэтээр намайг доромжилсон. Би гарч яваад цагийн бүртгэлийг аваачиж өгөөд цагийн мэргэжилтнүүдийг авчирч дахин хурал хийж байтал Н.С намайг та дандаа намайг ингэж гадуурхдаг гэж намайг доромжилсон, би хуралтай байна, гадаа байж бай гэхэд Н.С намайг хоолондоо цаддаггүй, хоол өгдөггүй гэх зэргээр доромжлоод байхаар нь чи гарч бай гээд хэлэхэд гарахгүй байсан. Тэгээд хажууд байсан усны сав байхаар нь шидэхэд Н.С бултах гэж байгаад оногдсон. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардлыг нөхөн төлсөн. Зээлийн төлбөрийг нь бас нөхөн төлсөн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг

Хохирогч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Миний биеийн байдал сайн байгаа. Шүүгдэгчид гомдол санал байхгүй. Өвчтэй байх хугацааны 10-11 дугаар сарын цалин нэхэмжилж байгаа... гэх мэдүүлэг

Гэрч Д.Баасанжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... ... Би шүүгдэгч, хохирогч хоёртой 5 жил хамт ажилласан. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байгаагүй. 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хурал болж байсан Н.С Т.Бг ажлаас хоцорсон талаар ярихад уурлан ёс бус үг хэллэг хэлж байсан. Т.Б нь би хурал хийж байна, дуугүй бай гэхэд огт тоохгүй ёс бус үг хэллэг хэлж доромжлоход Т.Б уурандаа усны сав аваад шидсэн. Тэгээд Н.Сгийн хэвлийн тус газар нь оносон... гэх мэдүүлэг  

Хохирогч Н.С мөрдөн байцаалтын шатанд: ...Тухайн өдөр өглөө ажилдаа ирэхдээ 10 минут хоцроод ирсэн. Ирцээ бүртгүүлчихээд ажлаа хийж байгаад 11 цагийн үед цайны цагаар манай ажилчид цайгаа уухаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 40 дүгээр байрны 3 дугаар орцны подвальд цуглаад цайгаа ууж байхад Б гаднаас 2 инженер ирчихсэн ажлын талаар танилцуулж байгаад намайг хоцорч ирсэн, энэ нөхөр байнга хоцордог гээд чичлээд яриад байхаар нь би босоод би “би ямар ганцаараа хоцордог юм уу, энэ олон ажилчид бүгд хоцордог гэж хэлсэн, ...хоол унд чинь хүрэхгүй байна. ажил хийж байгаа улсууддаа хоол ундаа хүргэмээр юм” гэхэд мастер Б зүүн талд газар дээр байсан хуванцар савтай 5 литрийн усыг аваад над руу шидэхэд зүүн талын бөөр хэсэгт оносон. ...эмнэлэгт очоод үзүүлэхэд 9, 11, 12-р хавирга хугарсан байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-17/,

Гэрч Д.Баасанжав мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 09 дүгээр сарын 21-ний 11 цаг цуглаад 12 цагт хурал эхэлсэн. Хурал дээр 13 ажилчдын цаг ашиглалтын талаар ярьсан. Сгийн талаар 1 хоног ажил тасалсан, 2 өдөр ажлаас хоцорсон гэж ярьсан чинь С босч ирээд “дандаа намайг хамт олноороо нийлж дарамталдаг, бусад хүмүүсийг хэлсэнгүй” гээд Бг хэл амаар доромжлоод байсан. ...Б ширээн дээр байсан аяга авч С рүү шидэхэд оноогүй, дахиад хэл амаар дормжлоод гарахгүй болохоор нь 5 литрийн цэвэр устай сав аваад шидсэн чинь Сгийн биеийн аль хэсэгт оносоныг мэдэхгүй байна. С ямар ч байсан газарт унасан. Сг Бгаас өөр хүн цохиогүй... гэсэн мэдүүлэг /хх-18-19/,  

 

Гэрч П.Агар мөрдөн байцаалтын шатанд: ...Санжаа тэр савтай усанд цохиулаад тонгойгоод зогсоод байхаар нь би наанаас нь очоод яасан Санжаа гэхэд юм дуугарч чадахгүй доошоо суусан. Цээжинд нь гараар тэмтэрч үзэхэд зүүн бөөрний доод талд дарсан чинь өвдөж байна гэж байсан. ...С Бг хэл амаар доромжлоод байхаар нь Б савтай ус авч шидсэн... гэсэн мэдүүлэг /хх-18-19/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №1182 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Н.Сгийн нэмэлтээр дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн ГССҮТ-н болон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хэвтэн эмчлүүлсэн гэх өвчний түүхээс үзэхэд цээжний зүүн IX, ХI, ХII-р хавирга шинэ хугаралтай гэмтэл оношлогдож эмчлэгдсэн байна.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсгэх боломжтой.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй.
  5. Н.Сгийн биед оношлогдож эмчлэгдсэн гэх 2 уушигны хатгаа, үрэвслийн шингэн хуралдалт нь гэмтэлтэй холбоогүй өвчин байна.

Шинжээч эмч С.Одончимэг гэсэн дүгнэлт /хх-46-47/,

Яллагдагчаар Т.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Би тухайн үед ажлын шаардлага тавихад С миний шаардлагыг эсэргүүцэж хоорондоо маргалдсан, маргалдсан уурандаа хажууд байсан савтай усыг аваад шидэхэд тэр оногдсон. Би түүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Би түүний эмчилгээний зардал, эм тариаг нь авч өгсөн. Мөн ажилгүй байх хугацаанд нь 1 сарын зээлийг нь төлсөн... гэсэн мэдүүлэг /хх-18-19/,

 

Натур эмнэлэг комьютерт томографийн оношлогоо /хх-26/, ГССҮТөв- өвчний түүхийн хуулбар /хх-32/, ЧДЭМТ-н өвчний түүхийн хуулбар /хх-34-44/, хохирлын баримт /хх-50-52/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-58/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-59/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-60/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-61/, ажлын үнэмлэхний хуулбар /хх-62/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-63/, иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-64/, зөрчлийн бүртгэл /хх-65-66/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 12 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 40 дүгээр байрны 30 дугаар орцны подвальд хамт ажилладаг Н.Стэй маргалдан 5 литрийн савтай ус шидэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.   

Шүүгдэгч дүгнэлтэндээ: Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Н.Сгийн эмнэлэгт хэвтсэн листний мөнгийг 3 удаа албан байгууллагаас өгсөн. Листний мөнгө нь банкны өрөнд авагддаг байсан. Би Н.Сд эмчилгээний бүх зардлыг нөхөн төлсөн, одоо дахин 500.000 төгрөгийг нөхөн төлөх боломжтой гэж үзэж байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Н.Сгийн өвчтэй байх үеийн цалин болох нийт 982.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 12 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 40 дүгээр байрны 30 дугаар орцны подвальд хамт ажилладаг Н.Стэй маргалдан 5 литрийн савтай ус шидэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн: ...Би тухайн үед ажлын шаардлага тавихад С миний шаардлагыг эсэргүүцэж хоорондоо маргалдсан, маргалдсан уурандаа хажууд байсан савтай усыг аваад шидэхэд тэр оногдсон. Би түүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Би түүний эмчилгээний зардал, эм тариаг нь авч өгсөн. Мөн ажилгүй байх хугацаанд нь 1 сарын зээлийг нь төлсөн... гэсэн мэдүүлэг, ...Тухайн өдөр өглөө ажилдаа ирэхдээ 10 минут хоцроод ирсэн. Ирцээ бүртгүүлчихээд ажлаа хийж байгаад 11 цагийн үед цайны цагаар манай ажилчид цайгаа уухаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 40 дүгээр байрны 3 дугаар орцны подвальд цуглаад цайгаа ууж байхад Б гаднаас 2 инженер ирчихсэн ажлын талаар танилцуулж байгаад намайг хоцорч ирсэн, энэ нөхөр байнга хоцордог гээд чичлээд яриад байхаар нь би босоод би “би ямар ганцаараа хоцордог юм уу, энэ олон ажилчид бүгд хоцордог гэж хэлсэн, ...хоол унд чинь хүрэхгүй байна. ажил хийж байгаа улсууддаа хоол ундаа хүргэмээр юм” гэхэд мастер Б зүүн талд газар дээр байсан хуванцар савтай 5 литрийн усыг аваад над руу шидэхэд зүүн талын бөөр хэсэгт оносон. ...эмнэлэгт очоод үзүүлэхэд 9, 11, 12-р хавирга хугарсан байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Баасанжав мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 09 дүгээр сарын 21-ний 11 цаг цуглаад 12 цагт хурал эхэлсэн. Хурал дээр 13 ажилчдын цаг ашиглалтын талаар ярьсан. Сгийн талаар 1 хоног ажил тасалсан, 2 өдөр ажлаас хоцорсон гэж ярьсан чинь С босч ирээд “дандаа намайг хамт олноороо нийлж дарамталдаг, бусад хүмүүсийг хэлсэнгүй” гээд Бг хэл амаар доромжлоод байсан. ...Б ширээн дээр байсан аяга авч С рүү шидэхэд оноогүй, дахиад хэл амаар дормжлоод гарахгүй болохоор нь 5 литрийн цэвэр устай сав аваад шидсэн чинь Сгийн биеийн аль хэсэгт оносоныг мэдэхгүй байна. С ямар ч байсан газарт унасан. Сг Бгаас өөр хүн цохиогүй... гэсэн мэдүүлэг, гэрч П.Агар мөрдөн байцаалтын шатанд: ...Санжаа тэр савтай усанд цохиулаад тонгойгоод зогсоод байхаар нь би наанаас нь очоод яасан Санжаа гэхэд юм дуугарч чадахгүй доошоо суусан. Цээжинд нь гараар тэмтэрч үзэхэд зүүн бөөрний доод талд дарсан чинь өвдөж байна гэж байсан. ...С Бг хэл амаар доромжлоод байхаар нь Б савтай ус авч шидсэн... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №1182 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 12 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 40 дүгээр байрны 30 дугаар орцны подвальд хамт ажилладаг Н.Стэй маргалдан 5 литрийн савтай ус шидэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.      

 

Шүүгдэгч Т.Б нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

 

Шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Бгаас нотлох баримтаар тогтоогдож байгаа 500.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Сд олгуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.