Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 209/МА2023/00082

 

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  06 дугаар сарын 27-ны өдрийн 135/ШШ2023/00890 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмлэлийн шаардлага: “Зээлийн төлбөрийн үлдэгдэл 22,575,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Туул илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нэмэгдүүлсэн шаардлага:

           Миний бие хариуцагч *******ийн хүсэлтээр байр авах гэж байсан мөнгөнөөсөө 30,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлсэн. Хэдэн сар хүү өгч байгаад хугацаа чинь дууслаа, захиалсан байр ашиглалтад орох гэж байна мөнгөө авъя гэтэл намайг мөнгөний хүүг нь багасга, би сар бүр 5,000,000 төгрөгөөр төлж барагдуулна гэсэн. Гэтэл сүүлийн 2 сард үндсэн мөнгө болон хүүгээ өгөөгүй. ******* нь 7,000,000 төгрөгөөр машин авах гэж байна, та түр мөнгөө зээлээч гэхэд нь тусдаа гэрээ хийгээд мөнгө зээлсэн. Энэ талаар хоорондоо тохиролцоод дууссан ямар ч гомдол хэлэлцээр байхгүй. 30,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөг орчмыг нь өгсөн, үндсэн зээлээс 21,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд зээлдүүлсэн 21,500,000 төгрөг, 2 сарын хүү 1,075,000 төгрөг, нийт 22,575,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь зээлээ төлөх баталгаа болгож 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд уг гэрээгээр ******* ДАА улсын дугаартай тоёота харриер маркийн авто машин, *******ийн дотуур хувцасны төрөлжсөн барааны 9,10,11,12 дугаар чингэдэг буюу контейнер, барилгын материалын 40,41 дүгээр лангууг тус тус барьцаалсан. Иймд үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна  гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбарын агуулга:

Би *******оос 30,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 1 сарын хугацаатай зээлсэн нь үнэн.

Би 20,599,500 төгрөгийг эргүүлэн төлсөн. Нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Анхан шатны шүүхээс 10,925,000 төгрөгийг төлөх шийдвэр гаргасан. Үүнийг төлөхөд татгалзах зүйлгүй. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

  3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч *******өөс 17,148,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 5,427,000 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,030 /270,830+70,200/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс тэмдэгтийн хураамж 243,690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

             Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            ...Анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд “ өмнө “7,000,000 төгрөгтэй холбоотой баримт байна уу” гэсэн асуултад нэхэмжлэгч “устгасан” гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байгаа. / XX- 54/ Уг 7,000,000 төгрөгийг миний бие 2021 оны 06 сарын 11-ний өдөр бэлнээр төлж. нэхэмжлэгчид байсан зээлийн гэрээн дээр төлсөн гэсэн тэмдэглэлийг ******* гуай өөрөө бичиж тэмдэглэсний үндсэн дээр дараагийн зээл буюу 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдсэн. Хэрвээ 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээг ******* гуай гаргаж өгсөн бол 7,000,000 төгрөгийн зээл төлсөн болох нь уг гэрээн дээрх тэмдэглэлээр тодорхой болох учраас ******* гуай уг гэрээг устгасан гээд шүүхэд гаргаж өгөхгүй байгаа.

Нэхэмжлэгч нь 2021 оны 7 сарын 01-ний өдөр 23,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөгөөр 2 хувааж дээрх 30,000,000 төгрөгийг  шилжүүлснээ өмнөх 7,000,000 төгрөгийн төлж дууссан зээлтэй хольж хутгаж, надтай 37,000,000 сая төгрөгийн зээлийн тооцоотой гэдэг.

Миний бие нь дээрх 30,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг, нэг сарын зээлийн хүү 900,000 төгрөг буюу нийт 30,900,000 төгрөг төлөх ёстойгоос 2021 оны 08.07-ны өдрөөс 2022.07.31-ний өдөр хүртэл хугацаанд 19 удаагийн гүйлгээгээр 20,752,000 төгрөг шилжүүлж, 10,148,000 төгрөгийн зээлийн төлбөр үлдсэн.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлд хамааралгүй 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 7,000,000 төгрөгийн зээлийн үйл баримтад дүгнэлт хийж, ‘‘... хариуцагч *******ийг өмнө зээлж авсан 7,000,000 төгрөгийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул түүний төлсөн 20,752,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг хасаж тооцож үлдэх 13,752,000 төгрөгийг 2021 оны 17 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийг төлбөрт төлсөн байна гэж үндэслэлгүй дүгнэн 17,148,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрээр 7,000,000 төгрөгийг 2 удаа төлөхөөр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт буюу нэхэмжлэгчид төлсөн үнийн дүнгээс 7,000,000 төгрөг хасаж тооцсоныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

            5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

            1. Давж заалдах шатны шүүх хариуцагч *******ийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хэргээс судлан үзвэл :

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 22,575,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******өөс 17,148,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч ******* эс зөвшөөрч, давж заалдсан гомдол гаргажээ.

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд барьцаат зээлийн гэрээ гэх нэртэй гэрээ бичгээр байгуулагдсан ба уг гэрээнд ...зээлдүүлэгч ******* нь зээлдэгч *******, ******* нарт 30,000,000 төгрөгийг сар бүрийн 3 хувийн хүүтэй, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлдүүлэв... гэж,

Мөн Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч *******ын гэрчилсэн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд ...30,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар олгов. Барьцаагүй, үүргийн гүйцэтгэлийг хангах арга байхгүй... гэж тус тус тусгажээ.

5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансанд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 23,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж хуульд заасны дагуу *******, ******* нарын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч ******* нь үндсэн зээл 30,000,000 төгрөг, түүний нэг сарын хүү 900,000 төгрөгийг төлөх үүргийг нэхэмжлэгч *******ийн өмнө хүлээжээ.

6. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансанд нийт 20,752,000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч ******* нь ...зөвхөн 30,000,000 төгрөгийн зээлийн хүү болон үндсэн зээлийн төлөлт биш, өмнө нь буюу зээлж аваад төлөөгүй байсан зээл 7,000,000 төгрөгийн хүү болон үндсэн зээлийн төлөлтийг 2021 оны 07 дугаар сараас хойш хугацаанд төлж дуусгасан учир 7,000,000 төгрөгийг нэхэмжлээгүй, 7,000,000 төгрөгийг сүүлд зээлдүүлсэн 30,000,000 төгрөгт оруулан тооцохгүй... гэх агуулгаар тайлбарлаж,

харин хариуцагч ******* нь ...2021 оны 06 дугаар сарын сүүлээр өмнө зээлж авсан 7,000,000 төгрөгийг бэлнээр *******т аваачиж өгсөн. 7,000,000 төгрөгийн 3 хувийн хүүг *******ийн өөрийнх нь хажууд дансаар шилжүүлж, баримтанд гарын үсэг зурдаг байсан ... гэсэн тайлбарыг гаргаж маргажээ.

7. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансны хуулгаас үзэхэд хариуцагч ******* нь 7,000,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлж авсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлээгүй боловч тухайн зээлж авсан 7,000,000 төгрөгийг хэзээ төлж дуусгасан үйл баримт нь уг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээр байна.

Хариуцагч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч *******оос зээлж авсан 7,000,000 төгрөгийн зээлийн 3 хувийн хүү болох 210,000 төгрөгийг 3 сарын 11, 4 сарын 09, 5 сарын 10, 6 сарын 11-ний өдрүүдэд тус тус төлсөн үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд 2021 оны 06 дугаар сарын сүүлчээр 7,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж хариуцагч ******* нь маргадаг боловч 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан хэлцэлд “...7,000,000 төгрөгийг 3,500,000 төгрөгөөр 2 удаа төлж, 2021 онд багтааж барагдуулахаар тохиролцов...” гэж тусгажээ. /хэргийн 65/

8. Дээрх хэлцлийн төгсгөл хэсгийг нэхэмжлэгч ******* нь нөхөж бичсэн гэж маргадаг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хэлцэл гэх баримтан дээр гарын үсэг зураагүй гэж маргаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаартай дүгнэлтээр ...*******ийн гарын үсэг мөн байна гэх дүгнэлтийг гаргасан байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.”,

мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан бөгөөд хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, 7,000,000 төгрөгийг төлж барагдуулсантай холбоотой нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй байна.

Иймд хариуцагч *******ийг нэхэмжлэгч *******оос 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлж авсан 7,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ээс хойших хугацаанд төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй тул түүний 2021 оны 07 дугаар сараас хойш төлсөн 20,752,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 13,752,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт хариуцагч төлсөн байна гэж дүгнэж, хариуцагч *******өөс 17,148,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

10. Нэхэмжлэгч ******* нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд  нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээндээ үүргийн гүйцэтгэлийг хангах арга байхгүй, барьцаа байхгүй гэж заасан боловч бичгээр байгуулсан зээлийн гэрээндээ дээрх барьцаа хөрөнгийн талаар тусгасан боловч барьцаа хөрөнгө гэх ******* ДАА улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашин, Дархан-Уул аймгийн 5 дугаар багт Дархан захад байрлах *******ийн дотуур хувцасны төрөлжсөн барааны 9, 10, 11, 12 дугаартай чингэлэг буюу контейнер, тус захын барилгын материалын 40, 41 дүгээр лангуу зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд нь хариуцагч *******ийн өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******ийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  06 дугаар сарын 27-ны өдрийн 135/ШШ2023/00890 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА                                      

                                            ШҮҮГЧИД                                 Г.МЯГМАРСҮРЭН                                              

                                                                                                    Я.ТУУЛ