| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 182/2020/02369/И |
| Дугаар | 210/МА2023/01712 |
| Огноо | 2023-09-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2023/01712
| 2023 оны 09 сарын 04 өдөр | Дугаар 210/МА2023/01712 |
2023 09 04 210/МА2023/01712
Ж К И Л-
компанийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 18-ны өдрийн 182/ШШ2023/01526 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ж К И Л- компани /төлөөлж Израиль улсын иргэн Я Ж П-/-ийн, хариуцагч Д.Р-ад холбогдуулан А-И- ХХК-д учруулсан хохиролд 268,116,253.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ариунзул, түүний өмгөөлөгч Ж.Майзориг, хариуцагч бөгөөд гуравдагч этгээд А-И- т- ХХК-ийн төлөөлөгч Д.Р-, хариуцагчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Британийн Виржинийн арлуудын Ж К И- Лимитед нь А-И- ГХО-тай ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг ба хариуцагч Д.Р- нар уг компанийг 2006 оны 06 сарын 14-ний өдөр үүсгэн байгуулсан. Компани байгуулагдсанаас хойш хариуцагч Д.Р- компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Тэрээр 2011 оноос хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах үүргээ хэрэгжүүлээгүй төдийгүй 2016 оны 05 сарын 10-ны өдөр А-И- т- ХХК гэх ижил үйл ажиллагаа бүхий адил нэртэй компанийг хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр байгуулж, өөрөө хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлаар нь бүртгүүлсэн байдаг. Энэ нь гүйцэтгэх захирал Д.Р- нь өөрт олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлж, компанийн эрх, ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулж, Компанийн тухай хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн.
1.2. Нэхэмжлэгч нь 268,116,253.93 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн тооцооллоор А-И- ХХК нь борлуулалтаас 46,442,628 төгрөгийн орлого олдог байсан ба хариуцагч нь хууль бусаар А-И- ХХК-ийн үйлчлүүлэгчдийг А-И- т- ХХК-д шилжүүлж 2016 - 2019 онуудад мөн дээрх хэмжээний орлогыг жил бүр олсон нь 185,770,512 төгрөг болсон гэж үзэж байна. Мөн арилжааны банкаас ирүүлсэн тодорхойлолт, дансны хуулгаас А-И- т- ХХК нь 2020, 2021 онд арилжааны банкуудад васко төхөөрөмж нийлүүлж орлого олсон борлуулалтаас (компанийн бусад үйл ажиллагааг оролцуулалгүйгээр) дунджаар 82,345,741.93 төгрөг (борлуулалтаас 41%-ийн ашигтай ажилладаг гэж үзвэл)-ийн орлоготой байсан гэж үзэж байна. Иймд хариуцагчаас 268,116,253.93 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Би Ж К И- компанитай хамтран А-И- ХХК-ийг үүсгэн байгуулж, хувьцааг 50/50 хувиар эзэмших, үйл ажиллагаа явуулах хугацаа 10 жил байхаар компанийн дүрэмдээ заасан. Би Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж байсан ба нэхэмжлэгч талаас хуралд оролцдоггүй. 2009 оноос эхлэн Ж К И- Лимитед компанийн хувьцаа эзэмшигч Израйль улсын иргэн Я Ж П- нь компанийн үйл ажиллагаанд саад хийж эхэлсэн.
2.2. Компанид их хэмжээний хохирол учирсан гэх боловч хохирол учирсныг нотлоогүй, энэ талаар баримтгүй байна. Компанийн дүрмийн 1.6-д Компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа нь 10 жил байна гэж заасан ба хамтарсан компанийн үйл ажиллагаа 2016 онд дуусгавар болсон. Иймд би Компанийн тухай хууль, хамтарсан компанийн дүрмийг зөрчөөгүй. Нэхэмжлэлд дурдсанаар 2015 оны 8 сараас арилжааны банкуудад Васко, түүний дагалдах үйлчилгээг нийлүүлэх үйл ажиллагаа нь хамтарсан компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа дуусгавар болсон үйл явц юм.
2.3. Ж К И- Лимитед компани нь хамтарсан компанийн үйл ажиллагаа явуулах хугацааг сунгуулсныг Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж өөрсдөө цуцлуулсан. Иймээс нэхэмжлэлийн дүн нь хууль зүйн үндэслэлгүй, баримтаар нотлогдохгүй байна. Хамтарсан компанийн дүрмийн дагуу үйл ажиллагаа дуусгавар болсон, хамтарсан компанийн дүрэмд хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлын аж ахуй эрхлэх талаар хориглосон, хязгаарласан заалт байхгүй. Учирсан хохирлын хэмжээг өөр нэг компанийн олсон орлогыг харж, түүнээс олох байсан ашиг нь 41 хувь гэж баримжаалан тооцох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д зааснаар хариуцагч Д.Р-ад холбогдох А-И- ХХК-д 2016-2021 онд учирсан хохиролд нийт 268,116,253.93 төгрөг гаргуулах тухай Ж К И- лимитед түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Израйль улсын иргэн Я Ж П-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,656,480.71 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 337,734 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, нотлох баримтыг бүх талаас нь бүрэн, бодитойгоор үнэлээгүй талаар:
а. Хариуцагч нь компанийн эрх бүхий албан тушаалтан бөгөөд хуульд заасан чиг үүргээ зөрчсөн эсэх, түүний үр дүнд хохирол учирсан эсэх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нэхэмжлэлд хамаарах асуудалд шүүх үнэлэлт өгөөгүй. Хариуцагч нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанийн мэдээллийг ашиглан компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, төөрөгдөхүйц ижил нэртэй "Амар инков т-" ХХК-ийг үүсгэн байгуулж А-И- ХХК-ийн гэрээнүүдийг өөрийн компанид шилжүүлэн авсан. Гэтэл шүүх А-И- т- ХХК нь бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан, васко төхөөрөмжийг банкуудад нийлүүлсэн үйл баримтыг талууд маргаагүй гэж дүгнэсэн ч А-И- т- ХХК-ийн васко төхөөрөмжийг нийлүүлж орлого олсон нотлох баримтыг үнэлээгүй, нэхэмжлэлийн үндсэн асуудлыг шийдээгүй орхисон.
б. Хариуцагч нь гүйцэтгэх захирал, эрх бүхий албан тушаалтан байхдаа Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйл, Компанийн дүрмийн 7.1-д ижил төстэй аж ахуй эрхлэгч хуулийн этгээдэд ажил албан тушаал нэгэн зэрэг хавсрахгүй бөгөөд хувийн ашиг сонирхлын үүднээс Компанийн нэрээр гэрээ хэлцэл байгуулахыг хориглоно" гэж заасныг тус тус зөрчсөн. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг үнэлээгүй, шийдээгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүй атлаа хэрэгсэхгүй болгосон нь хуульд захирагдах, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн.
4.2. Шүүх шийдвэртээ А-И- ХХК-ийн дүрэмд 10 жил гэж заасны дагуу А-И- ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх хугацаа дууссан гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн. Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох журамд зааснаар компанийн үйл ажиллагаа явуулах хугацааг тодорхойлох, дуусгавар болох зэрэг нь хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийн асуудал юм. Гэвч А-И- ХХК нь үйл ажиллагаа явуулах хугацаа нь дууссан гэх 2016 оны 06 сарын 14-ний өдрөөс хойш үйл ажиллагаа явуулж орлого олсон, хариуцагч нь компанийг төлөөлж байсан үйл баримтыг шүүх үнэлээгүй.
4.3. Мөн хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан гарсны дараа хариуцагч нь компанийн тамга, тэмдгийг авч, гүйцэтгэх удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байснаар нэхэмжлэгч нь компаниас мэдээлэл авах, шийдвэр гаргах боломжгүй болсон. Хариуцагч нь хууль бус материал бүрдүүлэн А-И- ХХК-ийг үйл ажиллагааны бүртгэлд өөрчлөлт оруулсныг мэдсэн даруй улсын бүртгэлд гомдол гарган хууль бус бүртгэл хийгдсэнийг хүчингүй болгуулсан.
Хариуцагч нь А-И- ХХК-ийн үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан гэж тайлбарладаг ч улсын бүртгэлд хандан 2020 оны 05 сарын 08-ны өдөр гомдол гаргаж байсан, мөн "А-И-" ХХК-ийн захирал Д.Р-ын нэхэмжлэлтэй хэрэгт Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 1948 дугаар шийдвэрт "А-И- ХХК-ийг Д.Р- төлөөлөх эрхтэй байна" гэж дүгнэсэн, мөн "А-И-" ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож шийдвэрлэсэн зэргээс гадна А-И- ХХК нь 2016 оны 04 сарын 14, 2016 оны 11 сарын 08-ны өдрүүдэд васко төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрүүдийг авч орлого олж байсан нь тус компанийн үйл ажиллагаа дуусгавар болоогүйг нотолно.
Шүүх А-И- ХХК-ийн үйл ажиллагаа дууссан гэж үзэхдээ дээрх үйл баримтыг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй бөгөөд А-И- ХХК-ийн хугацаа нэгэнт дууссан тул А-И- т- ХХК-ийг үүсгэн байгуулсан нь А-И- ХХК-д хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж буруу дүгнэсэн.
4.4. Компанийн үйл ажиллагаа дууссан гэх үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл буюу гүйцэтгэх захирал, эрх бүхий албан тушаалтны буруутай, хууль зөрчсөн үйлдлээс А-И- ХХК-д учирсан хохирол шаардах эрхийг үгүйсгэх шалтгаант холбоо биш юм. Анхан шатны шүүх компанийн үйл ажиллагаа зогссон гэж хууль зүйн үндэслэлгүй. Компанийн эрх хүйн чадвар дуусгавар болохгүй байхад үйл ажиллагаа явуулж болохгүй гэж буруу дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
5.1. Талууд А-И- ХХК-ийг үүсгэн байгуулж хамтын үйл ажиллагаа явуулж байхад 2009 оноос Яар Жэкоб Порат компанийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр гэрчилгээг авснаас маргаан үүссэн. Я Ж П- 2015 онд Монгол Улсаас гарахдаа компанийн оффисыг өөр хүнд итгэмжлэл өгч, худалдан борлуулахаар зар тавьсанаас шүүхэд хандсан. Мөн компанийн имэйл хаягийн домин эрхийг хувьдаа авсан нь харилцагч нарын санхүүгийн мэдээлэл, санхүүгийн тооцоо, цагийн бүртгэл хийсэн учраас и-мэйлээр ирдэг байсан харилцааг бүрэн тасалж бүх ажилтнуудын и-мэйлийн нууц үгийг сольж, бид харилцагч нартай харилцах боломжгүй болсон.
5.2. Хамтарсан компанийн гэрээ 2014 онд дуусгавар болж, дүрмээр 2014 онд үйл ажиллагаа явуулах хугацаа нь дууссан. Хохирогч гэх А-И- ХХК-ийг уг хэрэгт гэрчээр эсхүл гуравдагч этгээдээр татах хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан ч хүлээн аваагүй.
5.3. Белги улсын Васко компани нь Монгол Улсад хэдэн ч дистрибьютортэй байж болох ба Амар- Инкон ХХК ганцаараа онцгой эрхгүй. Бизнесийг нь хэрхэн шилжүүлж авсан талаархи баримтгүй. Нэхэмжлэгч нь А-И- т- ХХК-ийн орлогыг шүүхийн журмаар банкуудаас татан авч ашиг 41 хувь буюу 268,116,253.93 төгрөг гэж тооцон тайлбарлаж, А-И- т- ХХК-ийн олсон орлогыг А-И- ХХК олох ёстой байсан гэсэн нь ойлгомжгүй ба нэхэмжлэлийн үндэслэлээ одоог хүртэл тодорхойлоогүй.
5.4. Нэхэмжлэгч тал нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж үйл ажиллагааг үргэлжүүлье гэхэд үргэлжлүүлдэггүй. Ийм гэрээний тал миний эсрэг намайг компанийг хохироосон гэж шүүхэд хандсаныг ойлгохгүй байна. Харин нэхэмжлэгчийн хууль бус үйлдлийн улмаас А-И- ХХК болон хувьцаа эзэмшигч хохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:
6.1. Нэхэмжлэлийн үндэслэл нь хариуцагч хууль зөрчсөнийг заагаагүй. Нэхэмжлэгч үндэслэлээ тодорхойлоогүй байхад шүүх хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй тул гомдлын шаардлага үндэслэлгүй. Ямар нотлох баримтыг шүүх бодит байдлаас зөрүүтэй үнэлсэн, хэрхэн үнэлсэн тухайд гомдолдоо дурдаагүй учраас үгүйсгэсэн тайлбар гаргах боломжгүй.
6.2. А-И- ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Р- нь компанийн үйл ажиллагаа явуулах хугацааг сунгуулсныг нэхэмжлэгч тал өөрөө гомдол гаргаж хүчингүй болгуулсан атлаа үйл ажиллагаа явуулах хугацаа дуусаагүй хэмээн маргаж, шүүхэд хандсан нь үндэслэлгүй.
6.3. Хэрэгт А-И- т- ХХК-ийг оролцуулахаас өмнө санхүүгийн баримтуудыг нь шүүгчийн захирамжаар татан авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил юм. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг шүүх шалгаж тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг анхан шатны шүүх хангуулах үүрэгтэй. Нэхэмжлэлийг гаргасан этгээд нь тухайн үед А-И- ХХК-ийн гүйцэтгэх захирал байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгчийн захирамжаар шаардсан ч гаргуулаагүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Их Британийн Виржинийн аралд үүсгэн байгуулагдсан Ж К И- Лимитед компани нь А-И- ХХК-ийн энгийн хувьцааны 50 хувийн эзэмшигч байх бөгөөд Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчийг төлөөлж Израиль улсын иргэн Я Ж П- нь Д.Р-ад холбогдуулан А-И- ХХК-д учруулсан хохиролд 268,116,253 төгрөг гаргуулна гэж маргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1-р хх 6-11, 14-15/
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байхад түүнийг тодруулаагүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлж, эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
4. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Р-ыг А-И- ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчээр ажиллаж байхдаа тус компанид 268,116,253 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргажээ.
Шаардах эрх нь хуульд зааснаар болон гэрээгээр үүсдэг. Гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүссэн бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь хариуцагч ямар гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний зөрчил нь юу болох, үүрэг гүйцэтгэгч гэм буруутай эсэх, зөрчлийн хэр хэмжээ, үр дагавар зэрэгт зохигч мэтгэлцсэн байх шаардлагатай. Шаардах эрх хуульд зааснаар үүссэн бол хариуцагч ямар хуульд заасан тодорхой зөрчлийг гаргасан хийгээд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ хэрхэн тодорхойлж хариуцагчийг гэм буруутай болон хохиролд шалтгаант холбоотойг өөрөө тодорхойлох үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг Компанийн эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Компанийн тухай хуулийг зөрчиж компанид хохирол учруулсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан байх боловч зохигчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсгэж буй шаардах эрхийн эрх зүйн үндэслэлээ тодорхойлоогүй, шүүх энэ талаар тодруулаагүй, эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагчтай эрх зүйн харилцаа үүссэн гэх шаардах эрхээ тодорхойлсон байх, шүүх шаардах эрхийг зөв тодорхойлох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу явуулахад ач холбогдолтой болно.
5. Хэргийн баримтаас үзэхэд зохигч /Ж К И- лимитед компани болон Д.Р-/ А-И- ХХК-ийг 2004 онд үүсгэн байгуулж, бизнес санхүү, татвар, нягтлан бодох бүртгэл, нягтлан бодох үйлчилгээ, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар дүрэмдээ заасан. Хариуцагч нь мөн 2016 онд А-И- т- ХХК-ийг үүсгэн байгуулж мөн адил үйл ажиллагаа явуулсан байна. /1-р хх 10-13/
Нэхэмжлэгчээс А-И- ХХК-д учирсан хохирлыг А-И- т- ХХК-ийн үйл ажиллагаа явуулж 2016-2019 онд олсон 185,770,512 төгрөгийн, мөн 2020-2021 онд олсон 82,345,741 төгрөгийн орлогын 41 хувиар тооцон хохирлын хэмжээг тодорхойлжээ. Нэхэмжлэгч уг хохирлын үнийг хэрхэн, ямар аргачлалаар тооцож гаргасан үндэслэлээ анхан шатны шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбарлаагүй, нотлоогүйгээс зохигч энэ талаар мэтгэлцээгүй, шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ. /1-р хх 1-4, 61-63, 2-р хх 53, 3-р хх 131-132/
6. Нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар А-И- ХХК-д компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй боловч эрх ашиг нь хохирсон гэх А-И- ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг зохигчоос шүүх тодруулах, чиглүүлэх үүргээ биелүүлээгүй, энэ талаар тодорхой ажиллагаа явуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь А-И- ХХК-д 268,116,253 төгрөгийн бодит хохирол учирсан эсэх, уг хохирол нь нэхэмжлэгчийн тодорхойлсон цаг хугацаанд хамаарах болон хохирлын хэмжээний талаарх тус компанийн байр суурийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой.
7. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцээх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 18-ны өдрийн 182/ШШ2023/01526 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,656,480.71 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЭНЭБИШ