| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2021/01997/И |
| Дугаар | 210/МА2023/01722 |
| Огноо | 2023-09-06 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2023/01722
| 2023 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 210/МА2023/01722 |
2023.09.06 210/МА2023/01722
Х п-ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/02082 дугаар шийдвэртэй
Х п-ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Х ч- ХХК-д холбогдох,
254,310,156 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Х п-ХХК нь С д х м о- гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, гадна дулаан, цэвэр ус хангамжийн шугамын угсралтын ажлыг гүйцэтгэхээр Н х о-ын газар,МУХБтай 2014 оны 04 сарын 07-ны өдөр 3 талт гэрээ байгуулсан.
Улмаар тухайн ажлыг гүйцэтгүүлэхээр 2014 оны 03 сарын 26-ны өдөр Х ч- ХХК-тай түншлэлийн гэрээг байгуулсан. Бид гүйцэтгэгч Х ч- ХХК-тай 2015 оны 09 сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэх ажил нь төсвийн хөрөнгөөр санхүүжих байсан ч уг санхүүжилтийг хүлээхгүйгээр ажил гүйцэтгэгчид 439,913,414 төгрөгийн санхүүжилт олгосон. Х ч- ХХК нь төсвийн санхүүжилтыг авсны дараа манай компанийн урьдчилан олгосон мөнгийг буцаан өгөх нөхцөлтэйгөөр 214,510,414 төгрөгийн бараа материал, 225,403,000 төгрөгт тооцон 132.59 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, нийт 439,913,414 төгрөгийг хүлээн авсан.
Гэрээний дагуу гадна дулаан, цэвэр усан хангамжийн шугамын ажлыг хийж гүйцэтгэн 2017 оны 12 сард улсын комисст хүлээлгэн өгсөн.
1.2. Санхүүжилт нь улсын төсөвт хорооллын цэвэр усны төсөв гэсэн агуулгаар орсон байсан. Тэш өргөө ХХК-аас 2013 онд С д х м о- дахин төлөвлөлтийн дулаан ус дамжуулах төв, гадна ус хангамжийн иж бүрэн ажлын зураг-ийг зохиож батлуулсан бөгөөд энэ зургийн дагуу ажил хийгдсэн. Мөн уг ажлын зургийг үндэслэн төсөвчин Д.Ц- нь дээрх ажлын нийт төсвийг 948,604,537 төгрөгөөр баталсан ба гадна цэвэр ус, гадна дулаан хангамжийн ажлууд үүнд багтсан юм.
1.3. Гэтэл хариуцагч Х ч- ХХК гадна дулаан болон цэвэр усны шугамын ажилд Х п-ХХК-аас 439,913,414 төгрөг хүлээж авсан атлаа Н х о-ын газраас 763,131,079 төгрөгийн ажлын санхүүжилтийг мөн хүлээн авсан. Хариуцагчийн гүйцэтгэсэн бодит ажлын өртөг нь 412,389,049 төгрөг бөгөөд Х п-ХХК-иас авсан 438,000,000 төгрөгөөр Х ч- ХХК нь үндэслэлгүй хөрөнгөжсөн. Гэвч Х п-ХХК нь түншлэгчтэй анх тохиролцсон 1,009,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг 948,804,537 төгрөгөөр батлагдсан төсвийн хүрээнд гүйцэтгэхээр бослон. Гэтэл ажлын явцад хийгдсэн ажлын хэмжээнд тохируулан улсаас гэрээг шинэчлэн гэрээний үнийн дүнг 763,113,079 төгрөг болгож бууруулсан. Ийнхүү төсөвт өртөг буурсны зөрүү 200 орчим сая төгрөгийг анх өгсөн 439,913,414 төгрөгөөс хасч тооцон хариуцагч Х ч- ХХК нь 254,239,956 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, мөн хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 254,310,156 төгрөгийг Х ч- ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай компани нь Х п-ХХК-тай 2014-2017 онд хамтран ажил гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн дурдсан 948,804,537 төгрөгийн төсөв нь бидний хоорондын тохиролцоо бөгөөд улсын төсөвт өртөгт хамааралгүй. Учир нь 1,009,000,000 төгрөгөөр цэвэр усны шугам хийх гэрээ байгуулж, хоорондоо 948,804,537 төгрөгийн төсөвт өртгийг тохиролцсон ч уг мөнгийг улсаас гаргаж өгөөгүй, ажил нь бүтэн жил хийгдээгүй.
Дараа жил нь бид ярилцаад цэвэр усны шугам угсралтын ажлыг тусад нь тооцож салгая, дулааны хоёр хос шугамын ажлыг 424,000,000 төгрөгөөр хийхээр болж гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн урьдчилгаа гээд байгаа 424,000,000 төгрөг нь урьдчилгаа биш ажлын төлбөр бөгөөд манай компани гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн. Харин цэвэр усны шугамын угсралтын ажлын төлбөр 763,131,079 төгрөгийг Н х о-ын газраас манай компани авсан.
2.2. Нэхэмжлэгч анх гэрээний үүрэг шаардаж нэхэмжилснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч дэмжиж шүүх хуралдаанд оролцсон бол өмгөөлөгч нь нэхэмжлэлээ өөрчилж үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг гэж зөрчилтэй шаардлага гаргасныг анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч нь Н х о-ын газартай байгуулсан гэрээний үүргийг шаардаж байна уу эсхүл Х п-ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг шаардаж байна уу гэдэг нь ойлгомжгүй байна.
2.3. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад 2015 оны 02 сарын 16-ны өдөр өөрчлөлт орж, гэрээний 1-д барилга угсралтын ажлыг өөрчлөн гүйцэтгэх ажлын хэмжээ 3,216 метр байсныг 1,812 метр болгон багасгаж, төсвийг мөн бууруулсан. 2017 оны 09 сарын 08-ны өдөр барилга угсралтын ажил дууссан. Иймд Х п-ХХК-д төлөх өр төлбөргүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Х ч- ХХК-иас 254,239,956 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х п-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,200 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 1,429,501 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х ч- ХХК-иас 1,429,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х п-ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь анх хариуцагчаас гэрээний үүрэгт 254,239,956 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 254,310,156 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан гэрээний бус үүрэг буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
4.2. Х ч- ХХК нь Н х о-ын газартай 2014 оны 04 сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороо, Х м о-ын гэр хорооллын цэвэр усны ф100-300 мм-ийн 3216 м шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний гол нөхцөл нь цэвэр усны 3216 м шугамын ажлыг 1,009,000,000 төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэх байсан ч гэрээнд 2017 оны 09 сарын 08-ны өдөр өөрчлөлт оруулж, шугамын диаметр Ф100-250 мм, ажлын хэмжээ 1466 метр болсон. Төсөвт өртөг 763,131,079 төгрөг болж багассан. Х ч- ХХК гэрээний дагуу цэвэр усны шугамын ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын хөлсөнд 763,131,079 төгрөгийг авсан.
Харин манай компани "дулааны 2ф219 мм-ийн 892 метр шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэхээр Н х о-ын газартай гэрээ байгуулаагүй. Энэхүү дулааны шугамын угсралтын ажил нь Херо пропертийз ХХК-ийн гэрээний үүрэг ба энэхүү ажлыг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч нь манай компанид санал тавьж, гэрээний нөхцөлийг тохиролцон 2015 оны 09 сарын 01-ний өдөр ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, гэрээний үнэ 439,913,414 төгрөг байхаар тохиролцсон. Улмаар дулааны шугамын ажлыг захиалагчийн зааврын дагуу гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн.
Гэтэл анхан шатны шүүх дулааны шугам сүлжээний ажлыг цэвэр усны шугамын ажилтай хольж хутган дээрх гэрээний ажлууд нь хоёр тусдаа биш нэг гэрээний ажил гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
4.3. Хэрэгт авагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 1.1, 3.1-д зааснаар дээрх 439,913,414 төгрөг нь ажлын хөлс бөгөөд гэрээнд зааснаар буцаан төлөх нөхцөл байхгүй. Гэтэл шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг дүгнэхгүйгээр илт нэг талын барьж манай компанийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн, төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.
Манай компани цэвэр усны 1466 метр шугамын ажлыг гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн байхад 571 метр цэвэр усны шугамын ажил хийсэн гэж шүүх үйл баримтыг буруу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл 895 метр цэвэр усны шугамын ажлыг гүйцэтгээгүй мэт дүгнэсэн. 1466 метр цэвэр усны шугамын ажлаас дулааны 892 метр шугамын ажил нь тусдаа гэрээтэй, тусад нь хөрөнгө гаргаж ажилласан байхад анхан шатны шүүх баримтгүйгээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэлээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж өөрчилсөн. Гэрээ нь 2014 онд 948,804,537 төгрөгийн төсөв өртөгтэй байгуулагдаж, барилгын зураг батлагдсан. Талууд гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн. Барилгын ажил гүйцэтгэх явцад захиалагчаас шугамын уртыг багасгах, өөрчлөлт оруулахаар санал гарч 2017 онд гэрээнд өөрчлөлт оруулж, төсөвт өртөг нь 763,173,078 төгрөг болж багасч 1466 метр урттай шугамын ажил хийгдсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс Х ч- ХХК-д хүлээлгэн өгсөн бараа материалын жагсаалтад дулааны турба, тоноглолууд орсон, 242,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг хариуцагч хүлээн авсан. 2017 онд барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өгөх үед дулааны шугамын ажлын гэрээг тусад нь байгуулах шаардлагатай гэсэн тул гэрээг нөхөж байгуулсан. Гэрээг байгуулахдаа улсаас санхүүжилтээ авсны дараа талууд хувааж авахаар тохиролцсон ч Х ч- ХХК нь Н х о-ын газраас төлбөрөө авах хүсэлт гаргасан ч дулааны шугамын ажилтай холбоотой төлбөр олгохгүй гэх маргаан үүссэн.
Х ч- ХХК нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан нь хэрхэн шийдвэрлэгдсэнийг Х п-ХХК-д мэдэгдээгүй бөгөөд 763,173,078 төгрөгийг авсан болохыг нь хожим мэдсэн. Энэ талаар Х п-ХХК-аас Х ч- ХХК-д шаардлага хүргүүлсэн ч хүлээн аваагүй тул хариуцагч нь нэг ажлыг 2 санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Х п-ХХК нь хариуцагч Х ч- ХХК-аас 254,310,156 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хера пропертиез ХХК нь Х ч- ХХК-тай 2014 оны 03 сарын 26-ны өдөр түншлэлийн гэрээ байгуулж, Х м о-ын дахин төлөвлөлтийн гадна дулаан, ус дулаан дамжуулах төв, гадна ус хангамж, ариутгах татуургын ажлын тендерт хамтран оролцох, уг ажлыг хамтран гүйцэтгэхээр тохиролцсон байна.
Х м о-ын дахин төлөвлөлтийн дулаан болон цэвэр усан хангамжийн 3,216 метр шугамын барилга угсралтын ажлын төсөл хэрэгжүүлэгчээр Х п-ХХК 2014 онд шалгарч, түншлэлийг төлөөлж гүйцэтгэгч Х п-ХХК, захиалагч Н х о-ын газар, санхүүжүүлэгч МУХБ ХХК-ийн хооронд дээрх ажлыг гүйцэтгэх С-ДБ-Б 2014-40 тоот гурван талт гэрээ 2014 оны 04 сарын 07-ны өдөр байгуулагдаж, ажлыг 1,009,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.
3.1. Төсөл хэрэгжүүлэх явцад талууд гэрээнд хоёр удаа өөрчлөлт оруулж 2017 оны 09 сарын 08-ны өдрийн гэрээгээр гүйцэтгэх шугамын барилга угсралтын ажлын хэмжээ Ф100-250 мм-ийн 1,466 метр байх, ажлыг 2017 оны 12 сарын 31-ны өдрийн дотор гүйцэтгэх, ажлын хөлсийг 763,131,079 төгрөг байхаар эцэслэн тохиролцсон.
Уг ажлыг хариуцагч Х ч- ХХК хийж гүйцэтгэн, цэвэр усны (1-р хэлхээний 125 метр, 2-р хэлхээний 446 метр) 571 метр усан хангамжийн ажлыг 2016 оны 10 сарын 04-ний өдрийн 2016/390 дугаартай, мөн гадна дулааны ф219-273 мм, 446 метр урт 2 хос шугамын ажлыг 2018 оны 06 сарын 25-ны өдрийн 2018/217 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссийн дүгнэлт-ээр байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн талаархи үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
4. Дээрх дулааны шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай 439,913,414 төгрөгийн бараа материал, мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид урьдчилан шилжүүлснийг хариуцагч улсын төсвийн санхүүжилт олгогдсоны дараа нэхэмжлэгчид буцаан төлөх үндэслэлтэй эсэх, цэвэр усны болон гадна дулааны ажил нь нэг гэрээний хүрээнд хийгдсэн ажил эсэх талаар зохигч маргасан.
5. Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Х ч- ХХК нь Тэш өргөө ХХК-ийн 2013 онд зохиосон зураг төсөл (ажлын зураг)-өөр батлагдсан С-ДБ-Б 2014-40 тоот гурван талт гэрээнд заасан Ф100-250 мм-ийн 1,466 метр гадна дулааны болон цэвэр усны шугамын ажлыг хамтад нь 763,131,079 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэснийг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
6. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан Барилгын хөгжлийн төв-ийн 2014 оны 06 сарын 17-ны өдрийн Зураг төслийн баримт бичгийн Магадлалын ерөнхий дүгнэлт-д Дулаан хангамжийг Ус дулаан дамжуулах төвд бэлтгэн хангах ба ф133х4.5 мм-ээс ф325м 810 мм-ийн голчтой ган хоолойгоор дулааны сувагт явахаар төлөвлөсөн ба хэрэгцээний халуун, хүйтэн усны шугамтай хамт явна гэж тусгасны дагуу дахин төлөвлөлтийн усан хангамжийн шугам сүлжээний ажил нь гадна дулаан, цэвэр усны шугамын хамт төлөвлөж магадлагджээ.
Уг ажлын хүрээг Н х о-ын газрын 2015 оны 08 сарын 24-ний өдрийн техникийн зөвлөгөөний хурлаар хэлэлцээд цэвэр усны шугамын ажлыг дулааны шугамтай хамт хийхээр мөн шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн хариуцагч Х ч- ХХК нь дээрх ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр 2016 онд Нийслэлийн засаг дарга, Хөгжлийн банк, Сангийн яаманд тус тус гаргасан хүсэлтдээ С-ДБ-Б 2014-40 тоот гурван талт гэрээний дагуу цэвэр усны 3 хос шугамыг дулааны шугамтай хамт угсарч улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон ... зургийн даалгавар, магадлалаар баталгаажсан дүгнэлтэд хэрэгцээний халуун, хүйтэн ус нь дулааны шугамтай нэг сувагт явна гэж заасны дагуу бид цэвэр усны 3 хос 1380 м ф159-ф219мм-ийн цайрдсан ган хоолойг угсарсан гэх агуулгыг тусгажээ.
Иймээс хариуцагч Х ч- ХХК нь түншлэлийн гэрээ, гурван талт гэрээний дагуу дээрх усан хангамжийн шугамын барилга угсралтын ажилд хамаарах цэвэр усны 571 метр, гадна дулааны 892 метр, нийт 1,463 метр шугамын ажлыг тус тусдаа гэрээтэй, өөр ажил гэж маргасан нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
7. Цэвэр усны шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай С-ДБ-Б 2014-40 тоот гурван талт гэрээний зүйлийг цэвэр усны шугамын барилга угсралтын ажил гэж тодорхойлсон ч гэрээний 1.1, 3.1, 3.2-т зааснаар 1,466 метр шугамын ажил-ыг улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэхээр талууд тохиролцсон, улсын төсвөөс хариуцагч Х ч- ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд 763,131,079 төгрөгийн санхүүжилт олгосон нь хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлыг үгүйсгэж байна.
Иймд цэвэр ус, дулааны 1,466 метр шугамын ажил нь нэг бөгөөд дулааны шугамын 2ф219 мм-ийн 892 метр шугамын ажил гүйцэтгэх 2015 оны 09 сарын 01-ны өдрийн гэрээг улсын комисст зориулан хожим байгуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
8. Төсөл хэрэгжүүлэх гурван талт болон түншлэлийн гэрээний дагуу гэрээнд заасан ажлыг гүйцэтгэгч нар хугацаанд нь гүйцэтгэх үүрэгтэй тул нэхэмжлэгч Х п-ХХК-аас 439,913,414 төгрөгтэй тэнцэх санхүүжилтийг дээрх үүргийн хүрээнд хариуцагч Х ч- ХХК-д олгожээ. Хариуцагч нь улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн ажлын хөлсөө бүрэн авсан байх тул нэхэмжлэгч нь дээрх шалтгаанаар урьдчилан шилжүүлсэн төлбөрөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас буцаан шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь 254,239,956 төгрөгийг зохигчийн хооронд байгуулсан түншлэлийн болон гурван талт гэрээний дагуу хариуцагчаас шаардах эрхгүй, гэрээгээр ийм эрх үүсээгүй байна. Хариуцагч нь түншлэлийн гэрээний дагуу ажил гүйцэтгэхдээ нэхэмжлэгчээс 439,913,414 төгрөгийн санхүүжилт авсан ч улсын төсвөөс 763,113,079 төгрөгийн санхүүжилтийг авсны дараа нэхэмжлэгчийн урьдчилж олгосон санхүүжилтийг буцааж олгоогүй, нэхэмжлэгчийн шилжүүлсэн санхүүжилтийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.
Иймд гэрээний үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх зорилгоор хариуцагчид шилжүүлсэн хөрөнгөө нэхэмжлэгч шаардах эрхтэй ба хариуцагч буцаан төлөх үүрэгтэй. Анхан шатны шүүх хариуцагч Х ч- ХХК-ийг нэхэмжлэгчийн шаардаж буй 254,239,956 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, хариуцагчаас уг мөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Х п-ХХК-д олгохоор Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 гэж хуулийн ерөнхий заалтыг баримталсныг хууль хэрэглээний хувьд оновчгүй гэж дүгнэж, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж байна.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийг эрэн сурвалжлуулахтай холбоотой гарсан зардал 70,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.
10. Түүнчлэн, шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг дутуу бичсэн болон хуулийн холбогдох заалтыг 7 дугаар зүйлийн 7.1 гэж буруу бичсэнийг 7 дугаар зүйлийн 7.1.1 гэж залруулна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх байтал мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний алдаа гэж дүгнэж, давж заалдах шатны шүүхээс залруулж шийдвэрт тус тус өөрчлөлт оруулж байна.
11. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/02082 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчилж,
2 дахь заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 гэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 гэснийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,429,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЭНЭБИШ