Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 003

 

Л.Алмагүлийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэртэй, тус аймгийн Булган сумын 2 дугаар багт оршин суух Молхы овогт Лативын Алмагүлийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч Л.Алмагүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Тиянах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Л.Алмагүлийг ажлаас чөлөөлөх тухай Б/619 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус аймгийн Булган сумын Ёлт бага сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Би 1993 оноос эхлэн одоог хүртэл 23 жил тасралтгүй тус бага сургуулийн захирлаар ажиллаж байгаа. Гэтэл ажил олгогч болох аймгийн Засаг дарга 2015 оны 12-р сарын 23-ны өдөр Б/619 тоот захирамж гаргаж намайг Булган сумын Ёлт бага сургуулийн захирлын үүрэгт ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтуудыг үндэслэж ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Аймгийн Засаг дарга миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг дордуулсан хууль бус эрхийн акт гаргасан учир ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэл гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо талууд харилцан тохиролцоно гэж заасан. Гэтэл Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой харилцан тохиролцож цуцлах тухай хэлцэл хийгдээгүй, мөн хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан ажилтан 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэн гэсэн заалтыг баримталжээ. Миний бие 1960 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн. Одоо 55 нас өнгөрч байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарах 60 насанд хүрээгүй учир ажил олгогч хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Миний бие 55 нас хүрсэн хэдий боловч, өөрөө сайн дураараа өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтийг ажил олгогчид гаргаагүй юм. Хэрэв ажил олгогч намайг 55 насанд хүрсэн гэж үзэж өндөр насны тэтгэвэрт гарах болзол хангасан гэж үзэж ажлаас чөлөөлөх бол Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтыг баримтлах бус, харин нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримталж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох учиртай. Иймд намайг Булган сумын Ёлт бага сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Л.Алмагүл 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган сумын Ёлт бага сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлт гаргасан.

Л.Алмагүлийн Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж болох 22300560 төгрөгийг олгож өгнө үү гэсэн хоёр удаагийн хүсэлтийг үндэслэн түүнд олгох тэтгэмжийг бүрэн олгож ажлаас нь өөрийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлсөн юм. Гэтэл тэтгэмжийг авсны дараа ажилд эгүүлэн томилуулах хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Молхы овогт Лативын Алмагүлийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Л.Алмагүлийг ажлаас чөлөөлөх тухай Б/619 дугаар тушаалыг хүчингүй болгож, Булган сумын Ёлт бага сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай;

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Алмагүл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Би тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа болзол тавьж, нийт 36 сар одоо бэлнээр 33 сарын тэтгэмж өгсөн нөхцөлд өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлт өгсөн. Гэтэл ажил олгогч надад 30 сарын хугацаатай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож ажлаас чөлөөлсөн.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ...55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан. Би тухайн үед 55 настай байсан. Намайг Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй юм. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар би 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах ёстой. Засаг дарга миний тэтгэмжийн мөнгийг өөрөө дур мэдэн шилжүүлсэн. Би уг мөнгийг захиран зарцуулаагүй байгаа ба буцааж өгөх болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Баян-Өлгий аймгийн Булган сумын Ёлт бага сургуулийн захирлаар ажиллаж байсан Л.Алмагүлийн тус аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

 

Ажилтан Л.Алмагүлийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажил олгогчид хандаж ...миний бие энэхүү 33 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олговол, тэтгэмж авсан өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт тавьж байна. гэж гаргасан хүсэлтийг үндэслэж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/619 дүгээр захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, 43 дугаар зүйлийн 43.1.4.-т зааснаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ажилтан Л.Алмагүл нь ажил олгогчийн уг шийдвэрийг эс зөвшөөрч, Би 55 нас хүрсэн боловч өөрөө сайн дураараа тэтгэвэрт гарах хүсэлт гаргаагүй, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3.-т заасан зохицуулалтыг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг хэрэглээгүй гэж гомдол гаргажээ.

 

Ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө, сайн дураараа гаргаагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Тэрээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/619 дүгээр Л.Алмагүлийг ажлаас чөлөөлөх тухай захирамж гарсны дараа, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажил олгогчид гаргасан хүсэлтээ дэмжиж, ажиллаж байсан байгууллага нь болох Булган сумын Ёлт бага сургуулийн санхүүд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Миний бие Латив овогтой Алмагүл өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт тавьсан болно. Хүсэлтийн дагуу 30 сарын тэтгэмж болох 22023500 төгрөгийг авч, тэтгэвэрт гарахаар болсон тул тэтгэмжийг олгож өгнө үү. гэж хүсэлт гаргаж байсан нь баримтаар тогтоогджээ.

Үүнээс дүгнэвэл, Л.Алмагүлийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө, сайн дураараа гаргаагүй гэх гомдлын үндэслэл баримтаар үгүйсгэгдсэн ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Л.Алмагүл нь ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3.-т заасан зохицуулалтыг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж гомдол гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3.-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдгийг ажилтан иргэний үнэмлэхийн үндсэн дээр он, сар, өдрөөр тоолоход 60 насанд бүрэн хүрсэн байхыг ойлгох боловч хуулийн уг заалтыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нарийвчлан зохицуулж, (а) 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн, (б) 55 нас хүрсэн эмэгтэй (в) өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болох урьдчилсан нөхцлүүдийг хуульчилсан байна. Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дээрх заалтын дагуу өөрөө, сайн дураараа хүсэлт гаргасан Л.Алмагүлийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэсэн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3.-т заасан зохицуулалт нь хуульд зааснаар, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх буюу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах суурь зохицуулалт учраас хуулийн уг заалтыг хэрэглэж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр буруутгах боломжгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Л.Алмагүлийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

 

Л.Алмагүл нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4.-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгогдох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжтэй холбоотой гомдлоо шүүхэд нэхэмжлэл гаргах замаар мэдүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Л.Алмагүл нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т заасныг баримтлан, түүний давж заалдах гомдол гаргахдаа Төрийн сангийн 0020000941 дугаар дансанд тушаасан 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг буцаан гаргуулж, Л.Алмагүлд олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 163 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч Л.Алмагүлийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т заасныг баримтлан Төрийн сангийн 0020000941 дугаар данснаас 70200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Алмагүлд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

С.ӨМИРБЕК